| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2018/02168/и |
| Дугаар | 001/ХТ2019/00687 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00687
“Ю Э Б” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03638 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 168 дугаар магадлалтай,
“Ю Э Б” ХХК-ний нэхэмжлэлтэй
“Н К” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 000 000 төгрөг, бараа материалын үнэ 13 949 870 төгрөг, өмгөөллийн хөлс 4 000 000 төгрөг, нийт 104 949 870 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 111 357 549 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бархасбадьхүүгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа, Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н К” ХХК нь Угалз холдинг ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бараа материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсны улмаас “Ю Э Б” ХХК-д хандаж, гэрээний 1.1-т зааснаар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 54 дүгээр барилгын 11 дүгээр давхрын 130 м.кв, оффисын 15 м.кв, талбай 2 ширхэг буюу 30 м.кв талбайнуудыг барьцаанд тавьж, мөнгө зээлэх болон өөрийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д бараа материал нийлүүлж өгөх талаар хүсэлт гаргасан Уг хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Н К” ХХК болон “Ю Э Б” ХХК-иуд зээлийн гэрээ байгуулж, 58 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар хариуцагч байгууллагад зээлсэн. “Ю Э Б” ХХК нь “Н К” ХХК-ийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д нийт 13 949 870 төгрөгийн цахилгаан холболтын бараа материалыг нийлүүлсэн. Гэтэл “Н К” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, бараа материалын үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй атлаа зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгөө иргэн Б. Гантүвшинд худалдсан байна. Иймд “Н К” ХХК-иас үндсэн зээл 58 000 000 төгрөг, хүү, алдангид 29 000 000 төгрөг, бараа материалын үнэ 13 949 870 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4 000 000 төгрөг, нийт 104 949 870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 58 000 000 төгрөгийг зээлсэн үнэ. Зээлийн төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5020231653 дансанд Хасу финанс ББСБ ХХК-аас 30 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг тушаасан. Зээлийн хүүгээс 2016 оны 10 сарын хүүд 2 900 000 төгрөгийг нягтлан бодогч н.Оюун-Эрдэнийн данснаас нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн. Одоо зээлээс 26 000 000 төгрөг төлөөгүй байгаа тул нэг сарын хүү 2 900 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг, нийт 41 900 000 төгрөг төлөх ёстой. Барааны үнэ 13 949 870 төгрөгөөс 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 945 000 төгрөгийг бараа авсан Содноонал ХХК руу шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр самбарын үнэ 5 000 000 төгрөгийг баримтаар нэхэмжлэгчид өгсөн тул 5 945 000 төгрөг төлсөн учир 8 004 570 төгрөг төлөх ёстой. Өмгөөлөгчийн хөлс 4 000 000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 49 904 870 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Н К” ХХК-ийн захирал А.Рэнцэн-Од шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Н К” ХХК-ийн Угалз холдинг ХХК-тай байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бараа материал нийлүүлэх гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутагт барьсан 54 дүгээр барилгад цахилгаан, холбоо дохиоллын материалыг нийлүүлсэн. Нийлүүлсэн эдгээр материалыг угсрах, суурилуулахаар Угалз холдинг ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. ”Ю Э Б” ХХК нь манай нийлүүлсэн материалыг хүрээгүй, дутсан гэсэн яриа гаргасан тул захиалагч нарт манайх зураг төсвийн дагуу нийлүүлсэн, дутах ёсгүй гэхэд барилгын захиалагч нь нийлүүлсэн материалаараа уг ажлыг хийгээд үзүүлээдэх гэсэн. Иймд манай байгууллага угсралт, суурилуулалтын ажлыг хийх болсон. Гэтэл “Ю Э Б” ХХК ийн зүгээс манай байгууллагад хандаж, манай компанид 54 дүгээр барилга болох Компьютер центр төвийн барилгын материалыг угсрах, суурилуулахад ажиллах мэргэжлийн хүмүүс байхгүй тул ажиллах хүч өгөөч гэж хүссэн. “Ю Э Б” ХХК нь бүх ажиллах хүчний зардал, нийгмийн даатгал, унаа, хоол, ажлын хөлс гээд бүгдийг нь төлнө гэж амаар ярилцаж тохирсны дагуу “Н К” ХХК-иас нийт 6 мэргэжилтэн буюу инженер техникийн ажилтан Г.Амармөрөн, Г.Батбаатар, Ж.Лувсанжамц, Н.Аранжин-Од, С.Энхтүвшин, Б.Эрдэнэбилэг нарыг уг барилгад 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Манай ажилтнууд тус барилгын В1 давхар, 1, 2, 4 ,6, 8, 10,12 давхруудын цахилгааны ажлыг болон цахилгааны өрөөнд цахилгааны тоолуур тавих, унтраалга хийх, гэрэл тавих, цагаан хоолой суурилуулах зэрэг ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэсэн. Иймд “Ю Э Б” ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу-54, Компьютер центр төвийн барилгад “Н К” ХХК-иас нийлүүлсэн цахилгаан, холбооны бараа материалыг угсрах, суурилуулахад ажилласан ажиллах хүчний зардалд 111 357 549 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үндэслэл огт бий болоогүй бөгөөд “Ю Э Б” ХХК болон “Н К” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, мөн бараа материалын үнэ гаргуулах тухай юм. “Н К” ХХК нь 54 дүгээр барилгад ажил гүйцэтгэсэн бол төсөл хэрэгжүүлэгч Угалз холдинг ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. “Н К” ХХК болон Угалз холдинг ХХК-ийн хооронд бараа материал нийлүүлэх тухай гэрээтэй болно. Тиймээс уг сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй тул зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03638 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Н К” ХХК-иас 68 804 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 36 145 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-иас 58 626 309 төгрөгийг гаргуулан хариуцагч “Н К” ХХК-д олгохоор тогтоож, сөрөг нэхэмжлэлээс 57 731 240 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 682 700 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 714 738 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас төлвөл зохих хураамжийг харилцан тооцож, зөрүү 50 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 168 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/03638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...68 804 870 гэснийг ...67 354 870 гэж, ...36 145 000 гэснийг ... 37 595 000 гэж, 2 дахь заалтын ...50 893 гэснийг ...46 357 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 451 082 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бархасбадьхүү хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Учир нь: 1-рт: ““Ю Э Б”” ХХК болон “Нирваанкинг” ХХК-ний хооронд Ажил гүйцэтгэх тухай, Хамтран ажиллах тухай, Туслан гүйцэтгэх тухай зэрэг ажил гүйцэтгэхтэй холбоотой ямарваа нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд аман хэлцэл ч хийгээгүй болно. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 347.1, 351.1 дэхь заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. 2-рт: ““Ю Э Б”” ХХК-наас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Нирваанкинг” ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангуулахтай холбоотой шаардлага гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ" гэж заасан атал шүүгч үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, “Нирваанкинг” ХХК нь ““Ю Э Б”” ХХК-наас өөрсдийн ажилчдын 2018 оны 1,2,3-р сарын цалин, НДШ, ХАОАТ зэргийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхдээ “Угалз Холдинг” ХХК болон “Нирваанкинг” ХХК-уудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэсэн актуудыг үндэслэн ““Ю Э Б”” ХХК-наас 58 626 309 төгрөг гаргуулж “Нирваанкинг” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн нь ““Ю Э Б”” ХХК-ний эрхийг ноцтой зөрчсөн байна. Мөн “Нирваанкинг” ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн давж заалдах шатны хурлын хэлэлцүүлэгт “Нотлох баримт болох гэрээ хэлцэл байхгүй. Найз нар амаар тохирсон гэнэ лээ гэж хэлсээр байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр”-ийг хэвээр баталж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан байна. Иймд ““Ю Э Б”” ХХК-аас 58 626 309 төгрөг гаргуулан “Нирваанкинг” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Ю Э Б” ХХК нь “Н К” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87 000 000 төгрөг, бараа материалын үнэ 13 949 870 төгрөг, өмгөөллийн хөлс 4 000 000 төгрөг, нийт 104 949 870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлээс зээлд 41 900 000 төгрөг, бараа материалын үнэд 8 004 870 төгрөг нийт 49 904 870 төгрөг төлөхийг зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 111 357 549 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 68 804 870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 58 626 309 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 68 804 870 төгрөг гэснийг 67 354 870 төгрөг гэж багасган, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.
Шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээ, гэрээний төрөл, гэрээгээр хүлээх хариуцагчийн үүргийн хэмжээг хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлийн талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн, давж заалдах шатны шүүх зээлийн үүргийг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч сөрөг нэхэмжлэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.
Хариуцагч “Н К” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, алдангид нийт 59 350 000 төгрөгийг төлөх, өөрийн нэрийн өмнөөс Угалз холдинг ХХК-д барааны нийлүүлэх үүрэг өгснийг “Ю Э Б” ХХК биелүүлсэн байхад барааны үнийг бүрэн төлөөгүй, үлдэгдэл төлбөр 8 004 570 төгрөг нийт 67 354 870 төгрөгийг “Ю Э Б” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Харин хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т нийцээгүй, энэ талаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.
“Н К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч “Ю Э Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, өөр өөр эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байхаас гадна сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд зохигчоос гадна захиалагч буюу Угалз холдинг ХХК-ийн оролцоогүйгээр уг маргааныг шийдвэрлэх боломжгүй болохыг шүүх анхаараагүй нь буруу байна. “Н К” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажил нь Угалз холдинг ХХК-ийн захиалгат ажил болохыг зохигч маргаагүй ба харин уг ажлыг “Ю Э Б” ХХК эсвэл “Н К” ХХК гүйцэтгэсэн эсэх асуудал маргааны зүйл байхад уг ажлыг захиалсан, ажлыг хүлээн авсан талын оролцоогүйгээр хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийх боломжгүй юм.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулаагүй болохыг давж заалдах шатны шүүх залруулах үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүх шийдвэрийн 3 дах заалтад улсын тэмдэгтийн хураамжийн талаар өөрчлөлт оруулсан атлаа шийдвэрийн ...2 дах заалтад... гэж заасан нь буруу болсныг зөвтгөв.
Энэ шийдвэр нь “Н К” ХХК уг нэхэмжлэлийг шүүхэд гаргахад саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 168 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...2 дахь заалтын...гэснийг 3 дахь заалтын...гэж, ...тус тус өөрчлөн...гэсний өмнө шийдвэрийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 65 дугаар зүйлийн 65.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан “Ю Э Б” ХХК-иас 111 357 549 төгрөг гаргуулахыг хүссэн “Н К” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч “Н К” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 714 738 төгрөгийг буцаан олгосугай.” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 082 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА