Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 825

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “К” ХХК  

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М*******ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “К” ХХК-ийн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/2244 дүгээр Хуулийн хэрэгжилтийг хангуулан хамтран ажиллах тухай албан бичгээр тус газрын Авто замын хяналтын улсын байцаагч В.М-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг ирүүлсэн.

Тус албан бичгийг манай компани Улаанбаатар шуудангийн 106 дугаар салбараас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан ба энэ талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж, Шийтгэл ногдуулсан талаар мэдсэн.

Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны авто замд зөвшөөрөлгүй орц гарц гаргасан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулжээ.

Манай компаниас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Э” хотхон барих барилгын ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, зохих журмын дагуу барилга болоод орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Бид ямар нэгэн байдлаар хууль зөрчин, зөвшөөрөлгүйгээр орц, гарц гаргасан зүйл байхгүй. Гэтэл манай компанид 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагаа болсон байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас манай компанид хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж буй талаар огт мэдэгдээгүй бөгөөд бидэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д заасан холбогдогчийн эрхээ хэрэгжүүлж, тайлбар, мэдүүлэг өгч, зөрчил үйлдээгүй талаар нотлох баримтыг гаргах боломжоор хангалгүйгээр шийтгэл ногдуулсан байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.М-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Зөрчил шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, холбогдогч этгээдэд зөрчлийн хэргийн талаар мэдэгдээгүй хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Зөрчил шалгах ажиллагааны хүрээнд эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй. Улмаар төлөөлөх эрхгүй этгээдээс мэдүүлэг авсан байдаг. ”К” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирал нь Б.Т. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар зөрчлийн хэрэгт явуулсан ажиллагааны хүрээнд “К” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдэд зөрчлийн хэргийн талаар мэдэгдээгүй гэж үзэж байна. Мэдүүлэг нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн өгсөн мэдүүлэг байна. Мэдүүлгийг үндэслэж шийтгэлийн хуудсыг оногдуулсан тул энэхүү шийтгэлийн хуудас нь хүчингүй юм.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь анхнаасаа процессын зөрчилтэй, журмаа зөрчсөн, мэдүүлэг авах ёсгүй этгээдээс мэдүүлэг авсан. Уг мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн гэх зөрчлүүд байна. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байна гэж заасан. Үүний дагуу 2015 онд тухайн барилгыг барихдаа төлөвлөгөөнд тусгасан, орц, гарц хийхэд шаардлагатай зай талбай хэрэгтэй болсон тул 2019 онд тухайн зай талбайг томсгосон байдлаар төлөвлөгдсөн. Зөрчил нь Зөрчлийн тухай хуульд зааснаар тодорхойлогдоод, зөрчилд шийтгэл оногдуулж байгаа хэлбэр нь гаргасан зөрчилд нийцсэн байх ёстой. Гэтэл “К” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.5 дүгээр зүйлийн 14.5.7 дахь хэсэг буюу Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Гэхдээ энэ хуулийн үндсэн зорилгоор тодорхойлсон буюу инженерийн шугам сүлжээг өргөтгөх зорилго байгаагүй. Энэ нь ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн орон сууцанд гаргаж байсан орц, гарцын асуудал. Зорилго нь байхгүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 14.5.7 дахь хэсэгт заасан зөрчлийг цагдаагийн байгууллагын албан хаагч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8.6.8  мөн хуулийн 1.8.6.10 дахь хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяалалын дагуу явуулахаар зохицуулсан. Гэтэл замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэдгийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагын албан хаагчийн эрхийн асуудал. Дүгнэх эрхтэй эрх бүхий этгээд нь цагдаагийн байгууллагын алба хаагч. Яг энэ тохиолдолд Цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран шалгаад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа явуулсан гэдэг зөрчлийг Цагдаагийн байгууллагын алба хаагч явуулсан байна гэж дүгнэсэн тохиолдолд 5000 нэгжээр тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох байсан. Анхнаасаа зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдүүд хамтарч шалгахаас эхэлж энэ процесс бүхэлдээ хууль бус зөрчилтэй явсан. Зөрчил тохирсон шийтгэлийг оногдуулаагүй зэрэг алдаатай нөхцөл байдал байдаг тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нөхцөл байдал үүсч байна” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.М шүүхэд гаргасан тайлбартаа: “... Авто замын тухай хуулийн 29.2.6-д “барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх” гэснийг зөрчсөн.

3өрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь заалтад  “Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”  гэж заасан бөгөөд дээрх үндэслэлээр шийтгэл ногдуулсан бөгөөд үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зөрчлийн хэрэгт явуулсан ажиллагаа зэргээр нотлогдоно” гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Урьдчилан шалган шийдвэрлэх тухай хуулиа баримтлан очиж үзсэн. Тухайн үед Б.Т*******, Э.А******* нартай уулзах гэж очсон боловч утсаа авахгүй, уулзахгүй байсан бөгөөд манай газрын дарга болон дэд даргын гарын үсэгтэй албан бичгүүд явуулж байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 58 хоногийн хугацаа дуусах хүртэл тухайн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд шийтгэлийн хуудас бичсэн. Зөрчил арилсан гэж үзэж байгаа хэдий ч тухайн үед гаргасан зөрчил дээр торгуулийн арга хэмжээ авах ёстой” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан өмгөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т: “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12, ... 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, ... 7.1, 7.2, 7.3, .... 14.1, 14.2, ... 14.5, ... 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулж өгчээ.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэсэн болох нь 1802000225 дугаартай зөрчлийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал түүнд авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчлийн хэргийн хугацаа сунгах тухай Прокурорын тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэрэгт зөрчил гарсан бодит байдлын талаар тодорхой дурдсан байна.

Гомдол гаргагч “К” ХХК-ийн захирал Э.А-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Д-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 02-03/2130 албан бичиг[1], мөн газрын дарга Л.Э-ны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/224 албан бичгээр[2] тус тус зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д заасан зөрчлийн талаар удаа дараа мэдэгдэж, хариуцсан ажилтныг холбогдох бичиг баримтын хамт ирүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад болж буй талаар хандсан ба энэхүү албан бичгүүдийг баталгаат шуудангаар хүргүүлж байсан байна. Энэ тохиолдолд компанийг төлөөлөх эрх бүхий биш этгээдээс холбогдогчоор татаж мэдүүлэг авсан гэх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, тайлбар гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох гэхчлэн хуульд заасан эрхээ гомдол гаргагч нь өөрөө хэрэгжүүлээгүй, улмаар мөн зүйлийн 3-д зааснаар эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүй байгаа нь одоо шүүхийн шатанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий улсын байцаагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6: “... зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авах”, 29.3.2: “зохих зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулах” зэргээр авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрх, үүргээ зөрчсөн, үүнд нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлсэн, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, шийтгэл ногдуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 14.5 дугаар зүйлийн 7-д заасныг  баримтлан “К” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, Авто замын хяналтын улсын байцаагч В.М-ын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН


[1] Хэргийн 63-р хуудас

[2] Хэргийн 65-р хуудас