Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0280

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Агбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 210183 тоот актанд холбогдох 570.229.500 төгрөгийн нөхөн татвар, 319.594.020 төгрөгийн торгууль, 137.315.900 төгрөгийн алданги, 217.218.700 төгрөгийн хүү нийт 1.244.358.120 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3562 тоот чиглэл өгөх тухай албан тоотоор ...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр гараагүй татварын албадад бүртгэлтэй татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хяналт шалгалтын өрөөс нөхөн татвараа төлсөн болон татвар төлөгчийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар тухайн татварын албаны даргын тушаалаар актаар ногдуулсан хариуцлагыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэнэ" гэжээ. ...Маргаан таслах зөвлөлөөс татвартай холбоотойгоор шүүхээр маргаж байгаа иргэн, хуулийн этгээдүүдийн асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, харин маргаан таслах зөвлөлд хандаагүй иргэн, хуулийн этгээдийг хүү, торгуулийг хүчингүй болгохоор чиглэл өгсөн. Өнөөдрийг байдлаар дээрх өгсөн чиглэлээсээ татгалзаж байгаа. Одоогийн байдлаар тушаал, шийдвэр нь гараагүй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу өршөөлд хамрагдаж байгаа асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр чиглэл өгсөн. ...Өршөөлийн тухай хуульд хүү, торгууль, алданги яригдах байх. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өршөөх тухай асуудал яригдахгүй байх. Үүнтэй холбоотойгоор шүүхэд анх удаа маргаж байна. Татварын байгууллагаас аж ахуй нэгжээс ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор материал шаардах, хяналт шалгалт явуулахыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар хориглосон. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аар төлүүлэхээр тогтоосон 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү нийт 674,128,620 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аар төлүүлэхээр тогтоосон 570,229,500 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг баримтлан нийт 674,128,620 төгрөгийн хүү, торгууль, алдангийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсэн боловч нөхөн татвар 570,229,500 төгрөгийн нөхөн татварын төлбөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүхийн үндэслэсэн хуулийн заалтуудад нөхөн татварыг өршөөлд хамруулахгүй гэсэн зохицуулалт байхгүй ба шийдвэрийн үндэслэлд ...нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй... гэжээ. Эндээс нөхөн татвар нь захиргааны шийтгэл биш хохирол байна. Тэгвэл Өршөөлийн хуулийн 8 дугаар зүйлд хохирол нөхөн төлөх тухай заалт байгаа ч энэ заалт нь Захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамааралгүй заалт юм. Хуулийн 8 дугаар зүйлд заасан хохирол нөхөн төлөх асуудал нь уг 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх болон гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй... байхаар зохицуулагдсан. Харин хуулийн 4.3-д заасан захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдэд хохирол нөхөн төлөх заалт хамаарахгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Нөгөө талаар татварын актаар хариуцлага хүлээлгэж шийтгэл ногдуулахдаа /2008 оны Татварын ерөнхий хуулийн/ 74 дүгээр зүйл, 13 дугаар зүйлүүдийг үндэслэж ногдуулсан байх ба энэ нь онолын хувьд 74 дүгээр зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 13 дугаар зүйл. Татвар төлөгчид хүлээлгэх хариуцлага буюу санкц болж байна.

2. Анхан шатны шүүх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь нуун дарагдуулсан орлогыг ил тод болгоход чиглэсэн байх тул уг хуульд хамаарахгүй гэжээ.

Хуулийн дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 570,229,500 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлын тайлангаар тайлагнаж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татварын албанд мэдүүлсэн ба тайланг татварын байгууллага баталгаажуулан бар код олгосон.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд нуун дарагдуулсан гэдэг үг, агуулга байгаа. Энэ нь татвар болон татвар ногдох орлогыг санаатай нуусан ч хуульд хамрагдахаар байгаа.

Тэгвэл татварын мэдлэг чадваргүй, нягтлан бодох бүртгэл, тооцоогоо алдаатай хөтөлсөн гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж, болгоомжгүйгээр татвар болон татвар ногдох орлогыг нуусан бол яах вэ?

Өөрийн нуусан энэ алдаагаа тухайн хуулийн этгээд мэдэхгүй, мэдэх боломжгүй байж байгаад төрийн мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар илэрч болно. Энэ тохиолдолд болгоомжгүй нуун дарагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч сайн дураараа тайлагнах эрх нь нээлттэй гэж үзэж байгаа ба хуулиар ч ямар нэг хориглосон болохгүй гэсэн заалт байхгүй. Ялангуяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 100 хувь төрийн өмчит компани бөгөөд санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийх, татвар ногдох орлогыг нуух субъектив санаа зорилго байхгүй юм. Ийм байхад санаатайгаар нуун дарагдуулсан этгээд нь төлбөрөөс чөлөөлөгддөг, болгоомжгүй байсан нь төлбөрөө төлдөг шударга бус байж болохгүй.

Өнөөдөр татварын байгууллага Монгол Улс даяар татварын хяналт шалгалтыг зогсоож байгаа нь хуулиар олгосон эрхээ эдлэн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжоор иргэд, хуулийн этгээдийг шударга, эрхийг нь жигд хангаж байгаа явдал юм.

Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар уг хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлахаар заасан ба Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам-ын нэр томъёоны тодорхойлолтоор хяналт, шалгалт хийгдсэн бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах боломжгүй, харин хяналт шалгалт хийгдээгүй нь зөрчлөө ил болгосноор хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байгаа нь хуулиас давсан хэм хэмжээг уг журмаар тогтоож байгаа ба энэ нь Монгол Улсын Үндсэн Хуулийн шударга ёсны зарчим, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг батлах ёстойгоос бус хуулиар зохицуулах харилцаа, хуулийн үйлчлэх хүрээ, хамаарах этгээдийг тогтоох эрх байхгүй. Засгийн газрын журмын 2.1.1-д нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг гэжээ. Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар заавал тогтоогдсон байх гэсэн зохицуулалт байхгүйг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхэд шударга бус, тэгш бус нөхцөл байдал үүсч байгааг гагцхүү шүүх залруулах боломжтой тул дээрх хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн хэрэглэж, татвар төлөгчдийн тэгш байдлыг хангах, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой байх, татвар төлөгчдийг ялгаварлан үзэхгүй байх зарчмыг удирдлага болгон манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нөхөн татвар 570,229,500 төгрөгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 тоот актаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д шалгалтаар илэрсэн 43,241,411.4 мянган төгрөгийн зөрчилд 930,638.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 456,506.0 мянган төгрөгийн торгууль, 217,262.6 мянган төгрөгийн алданги, 488,115.5 мянган төгрөгийн хүү, нийт 2,092,522.5 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан байх ба Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор дээрх төлбөрийн хэмжээг багасгаж, 16,581,737.2 төгрөгийн зөрчилд ногдох 255,491.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 270,896.8 мянган төгрөгийн хүү, 105,436.7 мянган төгрөгийн торгууль, 42,322.7 мянган төгрөгийн алдангийг хасч 26,659,674.2 мянган төгрөгийн зөрчилд 1,418,374.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчлөн тогтоожээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 дугаар актаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ногдуулсан төлбөрийн хэмжээг 1,244,358.1 мянган төгрөгөөр тогтоосон байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 237 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр, магадлал гарсны дараа Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль-ийг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль-ийг тус тус баталсан байна.

Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1.244.358.100 төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль эсхүл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль-ийн үйлчлэлд хамрагдах ёстой гэж маргаж байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж тогтоогдсон төлбөрөөс 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү нь татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл хэмээн үзэж эсхүл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль-ийн үйлчлэлд хамруулж, өршөөн хэлтрүүлсэн нь мөн хуулийн зорилт болон 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн шүүх харин 570,229,500 төгрөгийн нөхөн татвар нь ...хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Учир нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөх нь татвар төлөгчийн үүрэг болохоос захиргааны шийтгэл биш юм.

Нэхэмжлэгчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль-ийн үйлчлэлд хамрагдах ёстой гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь уг хуулийн зорилт нь ... нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөд оршиж байна.

Хуулийн зорилтод тусгагдсан дээрх шинжүүд бүрэн хангагдаж байгаа тохиолдолд тухайн этгээдийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр байна. Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тухайд хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх шинж байхгүй, харин ч татварын улсын байцаагч 2012 онд дээрх зөрчлийг илрүүлж акт тогтоосон байжээ. Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль-ийн үйлчлэлд хамрагдах үндэслэлгүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль-ийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтад Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР