Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06580 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Алтайбаатар, Б.Тулгабат, “Донж Хацу” ХХК нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 295 055 793 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн төлөөлөгч Т.Алтайбаатарын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ууганбаяр

Хариуцагч Т.Алтайбаатар, Б.Тулгабат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Золзаяа,

Хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Т.Алтайбаатар, Б.Тулгабат, “Донж Хацу” ХХК нар нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хас банктай 1010014024 дугаартай Хөгжлийн зээлийн гэрээ байгуулж, 1010014024-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 239 600 ам.долларын зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 18.50 хувийн хүүтэй, Баянзүрх дүүрэг, Гачууртад баригдаж буй 14 айлын амины орон сууцны хотхоны гадна тохижилт, сангийн ажлыг дуусгах, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Алтантариан урд байрлах газартаа 80 автомашины гарааш барих зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө Г-84 хаягтай, 648 м.кв талбай бүхий гарааш, Ү-2205020237, ГД-000155582, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээний орон сууцны зориулалттай, 648 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 168012/0061 дугаартай, ГД-0231911, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, төмс хүнсний ногооны зориулалттай, 5101 м.кв/га газар, нэгж талбарын 000473313 дугаар бүхий, ГД-2201023476, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Ногоочин 2 гудамж, 27 тоот 144 м.кв/га талбайтай 000281905 дугаар бүхий Ү-2201034060 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Ногоочин 2 гудамж, 27 тоот 144 м.кв/га талбайтай 000281903 дугаар бүхий Ү-2201034058 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Ногоочин 2 гудамж, 27 тоот 95,9 м.кв/га талбайтай 000281904 дугаар бүхий Ү-2201034059 тоот гэрчилгээтэй агуулахууд, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Алтантариа ХХК-ийн чанх урд байрлах 2 300 м.кв/га талбайтай аж ахуйн зориулалтаар эзэмших эрхтэй газар, ГД-000473017, Г-2201023522, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар НТ:3057/20233, ГД-0356567, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар НТ:3057/20237, ГД-0356571, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар НТ:3057/20238, ГД-0356572, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар НТ:3057/20239, ГД-0356573, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар НТ:3057/25251, ГД-0356761, Эргэлтийн хөрөнгө: Барилгын материал /ОХУ-аас оруулж ирсэн мод, палк, Германы барилгын гадна өнгөлгөөний материал, туслах материалууд/

Зээлдэгч Т.Алтайбаатар, Б.Тулгабат, “Донж Хацу” ХХК нар нь 1010014024 тоот Зээлийн шугамын гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарын дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2015 оны 06 дугаар сараас хойш огт төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч Т.Алтайбаатар, Б.Тулгабат, “Донж Хацу” ХХК нарын төлбөл зохих зээлийн төлбөр үндсэн төлбөр 102 677.36 ам.доллар, хүү 4 971.28 ам.доллар, хуримтлуулсан хүү 20 421.93 ам.доллар, нийт 132 154.97 ам.долларыг төгрөг буюу 295 055 793 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 295 055 193 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч “Донж Хацу” ХХК нь нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, Т.Алтайбаатар, Б.Тулгабат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, түүнээс гарах үр дагавартай танилцсан байна.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Донж Хацу” ХХК, Т.Алтайбаатар нараас зээлийн гэрээний төлбөрт 295 055 793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан хөрөнгө болох Баталгаат ипотекийн гэрээнд заагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө Г-84 хаягтай, 648 м.кв талбайтай, Ү-2205020237, ГД-000155582 дугаар бүхий гараж, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээний орон сууцны зориулалттай, 648 м.кв/талбайтай, нэгж талбарын 168012/0061 дугаартай, ГД-0231911 дугаар бүхий газар, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, төмс хүнсний ногооны зориулалттай, 5101 м.кв/га, нэгж талбарын 000473313 дугаар бүхий, ГД-2201023476 дугаартай газар, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Ногоочин 2 гудамж, 27 тоот 144 м.кв/га талбайтай 000281905 дугаар бүхий Ү-2201034060 тоот гэрчилгээтэй агуулах, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Ногоочин 2 гудамж, 27 тоот 144 м.кв/га талбайтай 000281903 дугаар бүхий Ү-2201034058 тоот гэрчилгээтэй агуулах, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Ногоочин 2 гудамж, 27 тоот 95,9 м.кв/га талбайтай 000281904 дугаар бүхий Ү-2201034059 тоот гэрчилгээтэй агуулах, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Алтантариа ХХК-ийн чанх урд байрлах 2 300 м.кв/га талбайтай аж ахуйн зориулалтаар эзэмших эрхтэй газар, ГД-000473017, Г-2201023522 дугаар бүхий газар зэрэг үл хөдлөх хөрөнгө болон Барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалсан эргэлтийн хөрөнгө зэрэг хөдлөх, үл хөдлөх хөрөнгөөс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:3057/20233, ГД-0356567/, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:3057/20237, ГД-0356571/, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:3057/20238, ГД-0356572/, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:3057/20239, ГД-0356573/ болон Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхид байрлах 698 м.кв/га талбайтай эзэмших эрхтэй газар /НТ:3057/25251, ГД-0356761/ зэрэг газруудаас хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 633 229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Донж Хацу” ХХК болон Т.Алтайбаатараас 1 633 229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн төлөөлөгч Т.Алтайбаатар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “Донж Хацу” ХХК хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон шүүх хуралдаанд оролцуулах, шүүх хуралдааны явцад үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гарган өгөх, шинжлэн судлахад оролцох, мэтгэлцэх эрхээ эдлэж чадаагүй. Шүүх нь хуралдааныг хэзээ, хэдэн цагт болохыг талуудад заавал мэдэгдэж, тэдний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу хүлээдэг. Гэтэл шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мэдэгдэх хуудсыг гардуулаагүй, хариуцагчийн хаягаар шуудангаар илгээгээгүй бөгөөд шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлээгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, хариуцагчийн эрх ашгийг хөндсөнд гомдолтой байна.

Тодруулбал нэхэмжлэгч Хас банк нь шүүхэд “Донж Хацу” ХХК, Т.Алтайбаатар, Б.Тулгабат нарыг хариуцагчаар татан, эдгээр 3 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Харин шүүх хариуцагч Т.Алтайбаатар, Б.Тулгабат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн хаягаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хуудсыг шуудангаар илгээсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдлийг гардан аваагүй. Шүүхэд мэдэгдэх хуудас буцаж ирсэн байгаа нь баримтаар хэрэгт авагдсан. Мөн шүүгчийн туслах нь хариуцагч Т.Алтанбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа нарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх баримтыг үйлдэн хэрэгт хийсэн байх боловч шүүгчийн туслахын үйлдсэн энэхүү баримтыг баталгаажуулсан хариуцагчийн гарын үсэг болон бусад баримт байхгүй, шүүгчийн туслах энэхүү баримтыг хэдийд ч ямар ч нөхцөлөөр бичиж үйлдэх боломжтой.

Улсын дээд шүүхийн 2002.07.24-ны 263 дугаар тогтоолын 28 дугаарт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь заалтын “зохиогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэдэгт шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдэнд хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, мэдэгдсэн ч хүрэлцэх ирэх боломжтой хугацааг харгалзаагүй, шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэх үзэх /өвчлөх, хорио цээрийн дэглэмд орох гэх мэт/ шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг авч хэлэлцээгүй зэрэг тохиолдол хамаарна” гэж заасан байдаг.

Хариуцагч “Донж Хацу” ХХК, Хас банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 239 600 ам.долларыг 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 7.5 хувийг нэмсэнтэй тэнцүү 18.5 хувийн хувьсах хүүтэй 24 сарын хугацаатайгаар 1010014024 дугаар “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан авсан.

Харин талууд 1010014024 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-р зээлийг гэрээний хугацаанд эргэн төлөх хуваарь буюу зээлийг эргэн төлөх он, сар, өдөр, үндсэн зээл, үндсэн зээлд тооцох хүүгийн төлбөрийг хувиарласан хуваарийг тогтоогоогүй. Тогтоогоогүй болох нотлох баримтаа нэхэмжлэгч Хас банк шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн “Зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарь” гэсэн нотлох баримтаараа баталдаг.

Нэгэнт талууд зээлийн эргэн төлөх хуваараа харилцан тохиролцон тогтоогоогүй болохоор хариуцагч “Донж Хацу” ХХК зээлийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан “...Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” хэмээн заасны дагуу үндсэн зээл, хүүг гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлөх үүрэг хүлээсэн. Харин “Донж Хацу” ХХК 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөөс үндсэн зээл, хүүгийн хамт нийт 427 313 ам.долларыг Хас банкинд төлсөн. Энэ талаарх баримтыг нэхэмжлэгч “Дансны хуулга” гэсэн баримт шүүхэд гарган өгсөн байдаг.

Гэтэл шүүх хариуцагч “Донж Хацу” ХХК гэрээний дагуу хариуцвал зохих хуульд заасан хэмжээг зөв тодорхойлоогүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг зөв үнэлэлгүй Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл хариуцагч “Донж Хацу” ХХК Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан “...Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” хэмээн заасны дагуу “Донж Хацу” ХХК үндсэн зээл болон хүүг төлчихсөн үйл баримтанд дүгнэлт хийлгүй, харин хариуцагч “Донж Хацу” ХХК, хариуцагч Т.Алтайбаатар нар нь Иргэний хуулийн 451.1, 242.1, 242.3-т заасны дагуу нэхэмжилж байгаа мөнгийг бүрэн хариуцах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ингэж шийдвэрлэсэн нь Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Донж Хацу” ХХК, Т.Алтайбаатар, Б.Тулгабат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 295 055 793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 44 дүгээр талд хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн захирал Т.Алтайбаатар нь “нэхэмжлэл гардан авах” эрхийг Р.Мөнхжаргалд олгосон итгэмжлэл авагдсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлох бөгөөд итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно” гэсэнтэй нийцжээ.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Хас банк ХХК, хариуцагч Т.Алтайбаатар, Б.Тулгабат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлгийг огт танилцуулаагүй, тэдэнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан гэх баримт үйлдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан хэргийн оролцогч нарт “...шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” үүргээ биелүүлээгүйгээс мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр явуулах зарчим хэрэгжээгүй байна.

 

Шүүх уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхжаргалд  нэхэмжлэлийг гардуулсан ажиллагаа явуулсан нь зөв боловч түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан нь буруу болжээ. Учир нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон эрх нь нэхэмжлэл гардан авах үйлдлээр хязгаарлагдсан байгааг анхаараагүй.

Харин шүүх хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн эрх бүхий этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаагүй гэж үзнэ. /хх 49-51/

 

Шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Т.Алтайбаатар, Б.Тулгабат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, нэхэмжлэл түүнд хавсаргасан баримттай танилцуулсан байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай хэргийн оролцогч нарыг огт  танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

            Түүнчлэн шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” ерөнхий шүүгчийн захирамж, мөн өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжуудад хариуцагч нарыг “Т.Алтайбаатар нар” гэж тодорхойлсноос хариуцагч “Донж Хацу” ХХК болон Б.Тулгабат нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хамааралтай эсэх нь эргэлзээтэй болжээ.

            Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/06580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 633 229 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН