Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Н-н Э-т холбогдох эрүүгийн 2117000000121 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Н-н Э /РД:............./, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1962 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын .............. тоотод оршин суух, “Баяннексус” ХХК-нд харуул ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/ Яллагдагч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансар гудамжны 119 тоот хашаанд байрлах өөрийн эзэмшлийн монгол гэрт Н.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн далны доод хэсэгт хутгаар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Н.Э нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансар гудамжны 119 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ Н.Э-тай маргалдаж  улмаар түүний зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гадаа машинаа янзлаад байж байтал Эрдэнэбаатар 1 шил 0.75 литрийн Хараа архи авч ирээд бид хоёр хувааж уусан. Өмнө нь би айлд архи уугаад ирсэн байсан. Тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байгаа. Манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор би хутгалсан байх. Эрдэнэбаатарыг хутгалсан хутга нь миний ажилдаа хэрэглэдэг хутга байсан. Би юунаас болж хоорондоо маргалдсанаа санахгүй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна гэв.

1.2. Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим өөрийн найз Эрдэнэ-Очирын хамт түүний гэрт нь 1 шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хувааж уугаад бид хоёр бага зэрэг маргалдсан. Би их хэмжээний архи уусан байсан учраас юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Маргалдаж байх үед Э гэнэт босож ирээд миний нурууны зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалсан. Их хэмжээний цус гараад байж байтал манай эхнэрийн дүү О Э-ын гэрт орж ирээд түргэн дуудаж өгсөн. Тухайн үед Э бид хоёр л байсан. Намайг ямар хутгаар хутгалсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

1.3. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр харанхуй болсон байх үед Э-ын гэрийн үүдээр явж байтал гэрэлтэй байхаар нь ороод гаръя гэж бодоод ороход Э, Э нар уугаад сууж байсан. Эрдэнэбаатар надад цагдаа дуудаарай гэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэхэд намайг хутгалчихлаа гэж хэлээд нурууг нь харахад зүүн далан доороос нь цус гарч байсан. Би эмнэлэг, цагдаа хоёрт дуудлага өгсөн. Тэр хоёр их согтсон байсан. Надад ямар нэгэн юм хэлээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

1.4. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 351 дүгээр дүгнэлтэд: Н.Э-ын биед зүүн далны доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр 2021 оны 11 дүгээр сарын 18-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 34 хуудас/

1.5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-19 хуудас/

1.6. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /х.х-ийн 47-50 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Э нь шүүхэд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан ба гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдлаа.

ХОЁР. Шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

2.2. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь гайгүй сайхан зан араншинтай, хүнтэй муудаад хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хэл амаа сайн ололцдог, хүүхдүүддээ халамжтай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

2.3. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь даруу төлөв зан араншинтай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хэлсэн амандаа хүрдэг, ажилсаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

2.4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /х.х-ийн 53-54 хуудас/

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Э-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гаргасан, шүүгдэгч Н.Эдэнэ-Очир нь эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болохыг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өөрийгөө хянах чадваргүй болтлоо архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, бусдын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Н.Э-ын сард олдог орлогын хэмжээг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн учир шүүгдэгч Н.Э-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12.8 см урт ажлын хэсэгтэй, 12.5 см урт бариултай мөнгөлөг өнгийн 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаарзүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Н-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12.8 см урт ажлын хэсэгтэй, 12.5 см урт бариултай мөнгөлөг өнгийн 1 ширхэг хутгыг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.БАТТУЛГА