| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00394/и |
| Дугаар | 135/шш2017/00772 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 135/шш2017/00772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00394/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж,шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4-31 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/ -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг 59 брак гудамж 8 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох
Гэм хорын хохирол 2.299.970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой Соронз авто угаалгын газарт нөхрийн эзэмшлийн 41-65 УНБ дугаартай экс трейл маркийн автомашинаа хонуулаад өглөө нь угаалгахад машины сандал доогуур хадгалсан 2 ширхэг гадаад паспорт бүхий түрийвч дотроо 73,1 гр алтаа алдсаныг цагдаад мэдэгдсэнээр бүрэлдэхүүн ирж ******* гаргуулж авсан боловч эд мөрийн баримт болон хураан авсан. Энэ хугацаанд алт мөн эсэх сарьц тогтоох, үнэлгээ тогтоох зэргээр хайлуулах, таслах шинжилгээнд өгөх зэргээр ханшийн зөрүүнд нийт 73.1 гр 1.169.500 төгрөг, алт хайлуулахад 3.5 гр хасагдсан 308.000 төгрөг, сорьц тогтооход 1.5 гр 132.000 төгрөг, граж 100.000 төгрөг, бензин 552.870 төгрөг, гинжээ ломбардсан 169.600 төгрөг, хүний 50 гр алтыг өгөхөд 800.000 төгрөгийн алданги тооцож өгсөн зэргээс үүдсэн урсгал зардалаа нэхэмжилсэн болно. Тухайн үед 1 цэн алт 330.000 төгрөг болж унасан байсан. Нэг сарын ажил алдагдсан зэргийг харгалзан ******* нийт 2.299.970 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* нь ******* 2.299.970 төгрөг нэхэмжилсэн. Энэ хугацаанд алт мөн эсэх, сорьц тогтоолгох, үнэлгээ тогтоох зэрэг мөн хайлуулах, туслан шинжилгээ өгөх ханшийн зөрүү зэрэгт нийт 2.299.970 төгрөгөөр хохирсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* хариуцагч М.******* холбогдуулан гэм хорын хохиролд 2.299.970 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл, хариуцагч М.Жавхланбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соронз нэртэй авто угаалгын газарт ажлын байран дээрээ иргэн Ч.*******ийн Экс трейл маркийн 41-65 УНБ улсын дугаартай автомашиныг угааж байхдаа уг автомашин дотор байсан түрийвчийг нь хулгайлсан байх ба түрийвч дотор 73.1572 гр алт байсан нь 5.852.576 төгрөгөөр үнэлэгдсэн. М.Жавхланбаяр нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд хулгайлсан эд зүйлээ тэр даруй буцаан өгч гэм хорыг арилгасан, хохирогч Ч.******* нь яллагдагч М.*******ай сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь зохигчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 460 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх 4/ зэргээр тогтоогдож байна.
Дээрх баримтаас үзэхэд хариуцагч М.Жавхланбаяр нь нэхэмжлэгч Ч.*******ийн автомашинаас 73.1572 гр алтыг хулгайлсан үйл баримт тогтоогдсон боловч нэхэмжлэгчид алтны ханшийн зөрүүнд 1.169.500 төгрөг, алт хайлуулахад 3.5 гр хасагдсан хохирол 308.000 төгрөг, сорьц тогтооход 1.5 алт хасагдсан хохирол 132.000 төгрөг, гражийн төлбөрт 100.000 төгрөг, бензиний зардалд 552.870 төгрөг, гинж ломбарданд тавьсан төлбөр 169.600 төгрөг, хүний 50 гр алтыг өгөхөд тооцсон алданги 800.000 төгрөг, нийт 2.299.970 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Тухайлбал, Прокурорын дээрх тогтоолд ... М.Жавхланбаяр нь хулгайлсан эд зүйлээ тэр даруй буцаан өгч гэм хорыг арилгасан ... гэсэн үндэслэл бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч ... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр алтыг буцаан авсан ... гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул алтны ханшийн зөрүүнээс хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс ... алтыг хайлуулахад 3.5 гр хорогдож 308.000 төгрөг, сорьц тогтооход 1.5 гр алт хорогдож 132.000 төгрөг, нийт 440.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх 69/ гэх баримтад ... шинжилгээгээр гарсан хорогдол 58.37 мг ... гэж бичигсэн байхаас гадна уг баримт нь хулгайд алдсан тухайн алтны сорьцийг тогтоосон сорилтын дүн мөн эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгчийн алтнаас 5 гр хорогдож хохирол учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алтаа хэзээ буцаан авсан, алтыг хайлуулж, сорьц тогтоосон эсэх, алт хорогдсон эсэх нь баримтаар нотлогдохгүй байх ба бензиний зардал, гражийн төлбөр, ломбардны төлбөр, бусдын алтыг өгөхөд учирсан хохирол зэрэг нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд нь нэхэмжлэгч алтны ханшийн зөрүүнд 1.169.500 төгрөг, алт хайлуулахад 3.5 гр хасагдсан хохирол 308.000 төгрөг, сорьц тогтооход 1.5 алт хасагдсан хохирол 132.000 төгрөг, гражийн төлбөрт 100.000 төгрөг, бензиний зардалд 552.870 төгрөг, гинж ломбарданд тавьсан төлбөр 169.600 төгрөг, хүний
50 гр алтыг өгөхөд тооцсон алданги 800.000 төгрөг, нийт 2.299.970 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Гэтэл дээрх шаардлагын нийлбэр нь 3.231.970 төгрөг байх тул тооцооллын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад тодорхой хариулт өгөөгүй болно.
Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар ... нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ... үүргээ биелүүлээгүй байна.
Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан хариуцагч Ж.******* холбогдох эд хөрөнгөд учирсангэм хорын хохиролд 2.299.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгч Ж.Ниймаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан хариуцагч М.******* холбогдох 2.299.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
З.ТУНГАЛАГМАА