Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-н С-д холбогдох эрүүгийн 2017001940122 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1987 оны 06  дугаар сарын 01-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа айлын мал малладаг, ам бүл 1, Ө аймгийн А дүгээр баг, Ө-н тоотод оршин суух /одоо Г аймгийн С ......... дүгээр баг, ....... гэх газар айлын мал маллаж түр оршин суудаг/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Г-н С /РД:........./,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.С нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэн Т.О-т “Даагатай гүү зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 450 000 төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Г.С нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэн буюу хохирогч Т.О-т “Даагатай гүү зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 450 000 төгрөг авч залилсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2. Шүүгдэгч Г.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2020 оны 8 дугаар сараас Өвөрхангай аймгийн Гучин Ус суманд нутаглах Б гэдэг айлд туслах малчин хийж эхэлсэн юм. Тухайн үед 400-500 гаруй мал байгаа сарын 350 000 төгрөгийн хөлстэй маллуулна гэж амаар тохиролцсон боловч яг малыг маллаад эхлэхээр 1000 гаруй мал байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын сүүл үеэр Б гэж айлынх Говьсүмбэр аймаг руу нүүхээр болсон ба би Б-тай хамт Говьсүмбэр аймагт малыг нь маллахаар ирсэн юм. Ирээд Чойрын төвөөс баруун хойд зүгт 10 орчим км зайтай газарт буусан ба би тухайн газрынх нь нэрийг мэдэхгүй байна. Манай буусан газрын урд зүгт 500 орчим метр зайд О гэх залуугийнх нутаглаж байсан бөгөөд саахалт байсан учраас би О-ын гэрээр орж гарч байгаад түүнийг таньдаг болсон. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр билүү 07-ны өдөр билүү би гэртээ байж байтал манай гэрт О ирээд надаас зарах адуу мал байгаа юу гэж асуухаар нь би түүнд нэг даагатай гүү байгаа, чи түүнийг сонирхох юм бол 450 000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгтэл О би тухайн гүүг чинь харъя, гайгүй бол худалдаж авая гэхээр нь би түүнийг Бямбын адуун дээр дагуулж очоод зээрд даагатай хязаалан зээрд байдас үзүүлтэл О тухайн гүүг худалдаж авахаар болсон. Би тухайн үед О-т зээрд даагатай зээрд гүүг миний эзэмшлийн адуу байгаа юм гэж хэлээд зарчихсан. О надад 50 000 төгрөг бэлнээр авч өгөөд 400 000 төгрөгийг Чойр орж АТМ-с авч өгнө гэхээр нь би О-ын хамт Чойрын төв дээр ирсэн. Тэгээд О надад бэлнээр 400 000 төгрөг аваад надад өгсөн. Тэгэхээр нь би О-т “би Улаанбаатар хот явах гэж байгаа юм, ирэхдээ нүүрс авч ирнэ, намайг унаанд суулгаад өгөөч” гэж хэлтэл О намайг Улаанбаатар хот руу явдаг таксины зогсоол хүргэж өгсөн бөгөөд би тэндээсээ нэг таксинд суугаад хот руу явсан. Тэгээд би дахиж ирээгүй. Улаанбаатар хот орчихоод тэндээсээ шууд Өвөрхангай аймаг руу явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас),

 

1.3. Хохирогч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын сүүл үеэр буюу мөнгө өгсөн өдрөөс 10 хоногийн өмнө ирсэн. Говьсүмбэр аймгаас баруун зүгт 15 орчим км зайд Хашаат Ус гэх газар манай хөдөө гэртэй ойрхон отрын айл ирж буусан. Тэр үед С гэх малчин залуу манай гэрээр орж гардаг байсан бөгөөд уг хугацаанд С-тай танилцсан. Намайг С гэдэг, Өвөрхангай аймгаас ирсэн гэдгээс өөр зүйл яриагүй. Б гэж манай ах байгаа юм. Өвөлжилт хүндрээд арга ядаад отроор явж байна. Энэ малны тал нь миний мал, тал нь Б ахын мал байгаа юм гэж хэлсэн. Тэгээд надаас 450 000 төгрөгөөр унагатай гүү авчих гэж гуйгаад байсан. Тэр үед нь би үзэж байж болно гэж хэлсэн.

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С над руу залгаад нөгөө унагатай гүүг авах уу гэж асуусан. Тэгээд би өглөө эрт очиход 450 000 төгрөг өгчих гэсэн. Одоо мөнгө алга бэлэн 50 000 төгрөг байна гэж хэлээд 50 000 төгрөгийг С-д өгсөн. Тэгээд бид хоёр хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төв рүү орж ирээд Төмөр замын соёлын төвийн урд талын Хаан банкны АТМ-с би өөрийнхөө Хаан банкны 5990386895 дугаартай данснаас 400 000 төгрөгийг авч С-д өгсөн. Тэгээд бид хоёр гарч яваад С Петровис колонкын тэнд бууж үлдээд намайг хөдөө түрүүлээд явж бай, би араас чинь нүүрс аваад очно гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө хөдөө гэртээ ирээд байж байгаад 13 цагийн үед С-гийн хөдөө гэрт очиход хүнгүй байсан бөгөөд тэр үед П гэж ах ирсэн. Тэгээд би П ахад болсон явдлыг хэлэхэд С-д унагатай гүү байхгүй, яах гэж 450 000 төгрөг өгсөн юм бэ гэж байсан. Ахиж би С гэдэг хүнтэй холбогдож чадаагүй. Хөдөө маллаж байсан малыг хаяад тэр чигтээ явчихсан байсан. Ахиж ирээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),

Би даагатай гүү авч чадаагүй. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надад С 450 000 төгрөг өгсөн. Надад 450 000 төгрөгийн хохирол учирсан. Миний хохирлыг С бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас),

 

1.4. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 11-12 цагийн орчим манай хүү О над руу залгаад би бууцан дээрээ ирсэн байна, та хоёр хаана байна машин авах гэсэн юм, даагатай гүү ачиж явах гэсэн юм гэж хэлсэн. Би юун гүү юм гэхэд манай хүү айлаас авсан юм гэхээр нь би ямар айлаас ямар үнээр авсан юм бэ гэхэд Өвөрхангайн айлаас авсан, тэднийх түлээ нүүрсгүй болчихоод өчигдөр манайхаас шуудай нүүрс зээлсэн. Өнөөдөр нүүрс татна гэсэн, мал эцэнхий авах хүн олдохгүй, зарахад хэцүү унагатай гүү зарна гэхээр нь манай хүү О очиж үзээд онд орохоор унагатай гүү байхаар нь манай хүү 450 000 өгсөн гэсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

 

1.5. Гэрч С.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын 06-ны 13 цагийн орчим Говьсүмбэр аймгаас 15 км орчим зайд байдаг ах Б-д нүүрс аваачиж өгөх гээд очиход малчин С байхгүй байсан. Тэгээд удалгүй О хүрээд ирсэн. Тэгээд малчин С-г харсан уу гэж асуухад сая төв рүү хүргээд өгчихлөө гэж байсан. Яах гээд явчихав гээд О-аас асуухад нүүрс авах гээд явсан, надаас 400 000 төгрөг аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад чамаас 400 000 төгрөг аваад явчихав гэсэн чинь О С надад унагатай гүү зүсэлж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад хүнд чинь унагатай гүү байхгүй, та нар өөрсдөө учраа олоорой гэж хэлсэн. Тэгээд О утсаар яриад яваад өгсөн. Би хонин дээрээ үлдсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

 

1.6. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манайх Ө аймгийн Г сумын  дугаар баг Т гэх газар нутагладаг. 2020 оны зун ногоо муутай, мал таргалаагүй тул намар хүйтэн ороход отроор нүүхээс аргагүй болсон. Тэгээд Г аймгийн С сумын -р баг Ж гэх газар отроор ирсэн. Нүүдэл хийхээс өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ө аймгийн Г суманд Хөөвөр гэх газар хүний мал туугаад явж байхад нь анх удаа С-тай таарч байсан. Тэр үед С-тай танилцахад тууж явж байгаа малаа айлд нь буцааж өгөх гэж байгаа, цаашдаа айлын туслах малчинаар ажиллана гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утасны дугаарыг С-д өгч тэмдэглүүлээд ахиж холбогдоогүй байсан. 2020 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдөр С над руу залгаад би айлын малыг буцаагаад өгсөн, одоо мал маллах гэсэн юм, та ирээд намайг авах боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би найдвартай юм бол хүрээд ир, Г суманд би байна гэж хэлсэн чинь 2020 оны 09 дүгээр сарын 05-нд хүрч ирсэн. Тэгээд би С-г аваад хөдөө гэртээ очсон. С-г туслах малчинаар ажилуулахаар тохиролцоод сард 300 000 төгрөгийн цалин өгөхөөр болсон. Тэр үед гэрээ хэлцэл хийгээгүй. Аман байдлаар хоорондоо тохиролцсон байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тал малаа ачаад Говьсүмбэр аймагт ирсэн. Би өөрөө буцаж үлдсэн ачаа машинаа авчирхаар Өвөрхангай аймар руу явсан. С-г малаа харж байгаарай гэж хэлээд 18 адуу 300 гаруй хонь, 400 гаруй ямаатай ганцааранг нь үлдээсэн. Миний төрсөн дүү П Говьсүмбэр аймагт ажиллаж амьдардаг бөгөөд хааяа очиж эргэж байгаарай гэж хэлээд захиж орхисон. Би буцаад Өвөрхангай аймаг руу явсан. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр П над руу залгаад С малыг чинь эзэнгүй хаяад адуунаас чинь нэг гүү зарна гэж хүнд хэлчихээд 450 00 төгрөг аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Өвөрхангай аймгаас гараад 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 6 цагт Говьсүмбэр аймагт отрын гэртээ ирсэн. Тэгээд тэр өдрөө малаа тоолоход 18 адуу бүрэн байсан. Хоньноос 7, ямаанаас 6 нийт 13 тооны бага мал дутсан. Тэр өдөр О гэх залуутай очиж уулзаад С хаашаа явсан юм бэ гэхэд С өглөө Говьсүмбэр аймгийн төв рүү ороод нүүрс авна гэж хэлээд надаар хүргүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь С мөнгө байхгүй, хаанаас ямар нүүрсээ авдаг юм бэ гэж хэлсэн чинь О надад эр хонь зараад 100 000 төгрөг аваад явсан. Бас унагатай гүү зарна гэж хэлээд өнөөдөр 450 000 төгрөг надаас авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь юун унагатай гүү, наад С гэдэг хүнд чинь ямар ч мал байхгүй, манай малнаас 13 тооны мал дутаасан байна гэж хэлээд О-н хариулж явсан хонь дотор харсан чинь манай хар толгойтой нас гүйцсэн эр хонь байсан. Энэ манай хонь байна гэж хэлсэн чинь С надад зарчихаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-ыг наад хонь чинь манай хонь байна, чи наад хонио байлгаж байгаараа гэж хэлсэн. С-г олж ирж байгаад учрыг нь олно гэж хэлээд орхисон... гэх мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс манай малыг маллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум руу малаа ачаад тэнд оторлосон. Эхнэр А-н хамт Сүмбэр суманд 2 хоног малаа буулгаж С-д малаа тоолж хүлээлгэж өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мал хаяад явчлаа гээд Чойрт байдаг манай дүү П над руу залгаад малыг чинь маллаж байсан С малыг чинь хаяад хот руу явсан байна гэж ярьсан. Тэгээд манай дүү П манай малыг тоолж үзсэн чинь 7 хонь, 6 ямаа нийт 13 бог мал дутсан байна гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбэр суманд очиж малаа тоолж үзэхэд бүрэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас),

 

1.7. Хохирогч Т.О-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 3 дугаар хуудас),

 

1.8. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (хх-ийн 82-92 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.С нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэн Т.О-т “Даагатай гүү зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 450 000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч Г.С нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дүгээр багийн иргэн буюу хохирогч Т.О-т “Даагатай гүү зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 450 000 төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.С нь хохирогч Т.О-т даагатай дүү зарна гэж хэлэн 450 000 төгрөг авсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Түүнчлэн шүүгдэгч Г.С нь хохирогч Т.Оаас 450 000 төгрөг залилан мэхэлж авсан болох нь хохирогч Т.О-ын мэдүүлэг, гэрч Ц.Б, С.П нарын мэдүүлэг, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.О-т 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан ба уг хохиролыг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.С нь бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г.С эхнэр хүүхэд байхгүй. Эцэг нь олон жилийн өмнө нас барсан. Ээж нь Энхтуяа гэдэг хүн байдаг. Би хаана байгааг нь мэдэхгүй. Холбоо бариагүй олон жил болж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас),

 

2.2. Шүүгдэгч Г.С-гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Шүүгдэгч Г.Сгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үйлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоолоо.

 

            Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Т овогт Г-н С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

            2. Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ