Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бат овогт Б-ын Бт холбогдох эрүүгийн 2117000000112 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо Цэргийн хотхоны ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж тэнсэгдсэн,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногийн хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүлйийн 17.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 03 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 318 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээүй үлдсэн  02 жил 08 сар 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 356В тоотоос 500 метрээс илүү холдох, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/2852 дугаартай шүүгчийн захирамжаар 02 жил 08 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 01 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож 02 жил 08 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн Б овогт Б-ын Б /РД: .........../ 

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн Буман Ундарга” гэх хүнсний дэлгүүрт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлчлүүлэхээр орохдоо барааны тасгаас Lenovo маркийн зөөврийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж иргэн Н.От 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн Буман Ундарга” гэх хүнсний дэлгүүрт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлчлүүлэхээр орохдоо барааны тасгаас Lenovo маркийн зөөврийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж иргэн Н.От 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би найз Н, У, Соёлсайхан нарын хамт Дорноговь аймгийн Хүслийн ууланд очиж мөргөчихөөд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймагт ирсэн. Бид хэд Улаанбаатар хот орох гэж явсан юм  тэгээд замаараа тухайн аймгийг сонирхоё гэж бодоод аймгийн төв рүү ирсэн. Тэгээд засмал замаар явж байтал нэг дэлгүүр байхаар нь архи авах санаатай Ныг очоод зогсчих гэж хэлэхэд эхнэр У нь ундаа авна гээд надтай хамт орсон. Тухайн дэлгүүр оронгуут баруун гар талд онгорхой модон хаалга байсан тэр хаалгаар ороход хувцас зардаг жижиг өрөө байсан. Тэр өрөөнд ороод цаад мухар талд нь модон ширээн дээр нөүтбүүк буюу зөөврийн компьютер байхаар нь аваад нуруундаа хийгээд гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

2. Хохирогч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 302 тоотод Түм буман ундарга нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг ба өдөр болгон дэлгүүр дээрээ байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутын үед Геологийн зааланд болсон Сүмбэр сумын 1 дүгээр багийн хуралд оролцоод 20 цагийн үед дэлгүүр дээрээ ирсэн. Намайг дэлгүүр дээр ирснээс хойш 10 орчим минутын дараа Эрдэнэзаяа гэх хүн гар утаснаасаа юм хэвлүүлье гээд ирэхээр нь хүү Хийг дуудаад Э-ийн юмыг нь хэвлээд өг гээд явуултал ээж зөөврийн компьютер байхгүй болчихсон байна гэж надад хэлсэн. Би тухайн үед дэлгүүртээ цэвэрлэгээ хийх гээд зогсож байсан. Тэгээд нөгөөдөр нь камераа шүүж байгаад цагдаад дуудлага өгсөн. Хулгайд алдсан компьютерээ олоод авчихвал надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

3. Насанд хүрээгүй гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчим хичээлийнхээ материалыг хэвлэж гаргаад хичээлдээ явсан. Хичээлээ тараад 18 цаг 50 минутын орчим гэртээ ирэхэд манай ээж компьютер дээрээс юм хэвлээд хүнд өгчих гэхээр нь дэлгүүрийн барааны хэсгийн хойд тал руу ортол компьютер алга болсон байсан. Тэгээд би компьютер алга болсон талаар ээжид хэлэхэд ээж камер шүүгээд юм олж чадаагүй. Манай компьютерын содон шинж тэмдэг нь дэлгэцэн дээр нь арилдаггүй палмастараар цэг тавьсан байгаа, W үсэг дээр нь толбо шиг юм болсон байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

4. Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Түм буман ундарга хүнс барааны дэлгүүрт худалдагч хийдэг учраас өглөө 8 цагт онгойгоод ажлаа хийж байсан. Манай дэлгүүрийн захирал О намын хуралтай гээд 15 цаг 40 минутын орчим гараад явсан. Манай захирал барааны дэлгүүртээ өөрөө суудаг учир надад захиж үлдээгээд явсан. Тэгээд ажлаа хийж байтал манай захирал 19 цагийн орчим ирээд хүнсний дэлгүүрт бараа янзалж байтал гаднаас хүн юм хэвлүүлэх гээд ирсэн. Тэгээд зөөврийн компьютер алдсан талаараа мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар хуудас/,

 

5. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Намайг Улаанбаатар хотод байж байтал Б гэх залуу Дорноговь аймагт байдаг Хүслийн уул гэх газар мөргөх гэсэн юм хамт яваад өгөөч гэхээр нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатараас гараад орой 17 цагийн үед Дорноговь аймагт очиж Цэцэн хан зочид буудалд ороод 2 хоносон. Тэгээд ажлаа амжуулчихаад 18-ны  өдөр Улаанбаатар хот руу буцаж явахад Говьсүмбэр аймагт 16 цагийн үед ирээд сонирхох санаатай явж байхад хамт явж байсан Б төмөр замтай ойролцоо нэг дэлгүүрийн гадаа зогсчих нэг ундаа авья гээд дэлгүүрлүү манай эхнэр Уг дагуулаад орсон. Тэгээд удалгүй гараад ирэхээр нь ундаагаа авахгүй яасан бэ гэхэд хүнсний дэлгүүр биш байна барааны дэлгүүр байна гэж хэлсэн. Тэгээд бид хэд Улаанбаатар хот руу гарсан. Би тухайн үед Быг хулгай хийсэн талаар мэдээгүй, Улаанбаатар хотод очоод мэдсэн, ар нуруунаасаа зөөврийн хар саарал өнгөтэй компьютер гаргаж ирээд гялгар хар цүнхэнд хийгээд зарна гэж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

 

6. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Бид хэд Улаанбаатар хот орох гээд явж байсан. Тэгээд замаараа тухайн аймгийг сонирхоё гээд аймгийн төв рүү орж ирсэн, тэгээд төмөр замтай ойрхон газраар явж байтал 1 дэлгүүр байхаар нь  Б ундаа авья гээд би хамт ундаа авах гээд дэлгүүрлүү ортол тухайн дэлгүүр нь хүнсний дэлгүүр биш барааны дэлгүүр байхаар нь буцаад гарсан. Тухайн дэлгүүр дотор оймс, малгай зэргийг зарж байсан тэгээд би дотор нь ороход хүн байхгүй болохоор нь гарах гээд явж байхад Б цаад талынх нь өрөө рүү орсон. Тэгээд намайг тухайн дэлгүүрээс гараад явж байхад араас Б гарч ирсэн. Тэгээд би нөхөртөө ундаа байхгүй, хүнсний дэлгүүр биш байна гэж хэлсэн чинь Б явах явахгүй нь мэдэгдэхгүй байхаар нь би нөхөртөө уурлаад хурдан явья гэж хэлээд Говьсүмбэр аймгаас хөдөлсөн. Быг хулгай хийсэн талаар Улаанбаатар хотод очоод мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

 

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9, 15-16 дүгээр хуудас/

8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 78, 80-114, 121-124-р хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж шүүхээс түүний эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 12 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Иймд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 23 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж хэрэгт эд мөрийн браимтаар хураагдан ирсэн дэлгүүрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

                                   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бат овогт Б-ын Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил,  06 /зургаа/ сар,  23 /хорин гурав/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

             6. Шүүгдэгч Б.Бын хорих ял эдлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ