Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ны Бт холбогдох эрүүгийн 2217000000001 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 46 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “UB TRANS” ХХК-д харуул хамгаалалтын ээлжийн ахлах ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамж ..........  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг журамлан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б..............овогт Г-ы Б /РД:......../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 137 тоотод иргэн Д.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн баруун зулай хэсэгт, баруун өвдгөнд заазуураар зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 137 тоотод иргэн Д.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн баруун зулай хэсэгт, баруун өвдгөнд заазуураар зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  1. Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021

оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ юм угаагаад байж байтал манай гэрт  надтай хамт ажилладаг Н гэдэг залуу ирсэн. Тухайн өдрийн өмнөх өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд миний төрсөн өдрийг тэмдэглэж чадаагүй гээд Н 0,75 литрийн савалгаатай Тайга нэртэй нэг шил архи авчирсан. Тэр архийг Н бид 2 хувааж уусан. Манай эхнэр Г тухайн архинаас 2 хундага татсан. Тэгээд удалгүй манай эхнэр ажлынхантайгаа салхинд гарна гээд гараад явсан.Тэгээд нөгөө архиа ууж дуусгачихаад Н дахин 0,75 литрийн Тайга нэртэй архи авч ирээд бид 2 хувааж уусан. Тэгээд нөгөө архиа уучихаад Н харилаа гээд 16-17 цагийн үед гарч явчихаад 1 цаг гарангийн дараа Л гэх залуутай манай гэрт хүрээд ирэхээр нь би дэлгүүрээс 0,5 литрийн саалгаатай  Ерөөл нэртэй архи 1 шилийг худалдаж аваад уух гэж байтал манай эхнэр Г ирсэн. Ирэхдээ жоохон архи уусан байдалтай байсан.  Тэгээд сүүлийнхээ архийг Н, Л, манай эхнэр бид 4 хувааж ууцгаасан. Тэгээд би зарим зүйлээ санахгүй болтлоо согтсон бөгөөд нэг мэдсэн чинь Н миний толгойн баруун тал руу гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь би уурлаад Нтэй маргалдаж, зууралдаж байснаа санаад байгаа юм. Түүнээс хойш ерөөсөө юм санахгүй байгаа....гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р тал/

 

  1. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2021

оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед хамт ажилладаг Б гэдэг ахын гар утас руу залгаад хаана байгаа талаар асуутал гэртээ байна гэсэн. Тухайн өдрийн урьд өдөр нь Б ахын төрсөн өдөр болсон бөгөөд миний гар утас руу Б ах залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Тэгээд урд өдөр нь очиж чадаагүй юм чинь өнөөдөр төрсөн өдрийг нь тэмдэглэж өгье гэж бодоод дэлгүүрээс 0,75 литрийн савалгаатай Тайга нэртэй архи аваа Б ахын гэр болох Рэгцэгийн  1-137 тоотод 13 цагийн орчим очсон юм. Намайг очиход Б ах болон эхнэр Г нар нь архи дарс уугаагүй эрүүл байсан. Тэгээд би авчирсан архиа Б ахад өгөөд Г эгч бид 3 хувааж уусан. Тэгээд тэр архийг ууж дууссаны дараа Б ах дахиад дэлгүүрээс 0,75 литрийн Соёрхол архи авчирсныг бид 3 мөн хувааж уусан Тэгээд 19 цагийн үед Л Б ахын гэрт ирэхэд нь Б ах дахиад 1 шил архи авчирсан нэрийг нь санахгүй байна. Тэр архийг ууж байгаад би нилээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь Б ах эхнэртэйгээ муудаад хэрэлдээд байхаар нь болиулах гэж байсан санагдаад байгаа юм. Тэгтэл Б ах миний баруун өвдөг хэсэгт юмаар цохих шиг болсон бөгөөд би тухайн үед анзаараагүй нөгөө хоёрыг салгаад сууцгаасан. Тэгээд би гэрийн зүүн урд байх ширээний хажууд ирээд суутал миний баруун өвдөгнөөс цус гарчихсан байхаар нь би гайхаад юугаар цохичихсон юм бол гэж бодоод хартал Б ах гартаа заазуур барьчихсан зүүн орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би уурлаад та яаж байгаа юм бэ гээд Б ахтай барьцалдаж авах гээд босоод иртэл Б ахын эхнэр Г миний өмнүүр ороод хорих үед Г эгч бид 2 давхарлалдаад газар ойчсон. Тэр үед Б ах миний толгойн баруун хэсэг рүү гартаа барьж байсан заазуураар нэг удаа цохисон. Тухайн үед Л бие засах гээд гараад явчихсан байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би Б ахтай нэг байгууллагад ажилладаг, хуурай ах дүү нар шиг хүмүүс болохоор би түүнд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 23-24-р  тал/,

 

  1. Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тарчихаад гэрлүүгээ нөхөртэйгээ явж байтал манай нөхрийн төрсөн ах Л Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 137 тоотоос ирээд намайг аваач гэж утсаар ярихаар нь тэр айлд очтол манай нөхөртэй хамт ажилладаг Б ах түүний эхнэр Г, манай нагац ах буюу манай ээжийн төрсөн дүү Н нар байж байсан. Тэр үед манай ах Н гэрийн урд талд газар хэвтчихсэн байхаар нь очтол түүний баруун хөлний өвдөг орчмоос цус гарчихсан байсан. Би түүнийг босгоод эмнэлэг явья гэтэл Н ах би зүгээр байна гэртээ харьж амармаар байна, манай гэрт очоод хөл боогоод өг гэхээр нь тэр айлаас гараад Н ахын гэрлүү явсан. Тухайн үед Н ахыг хүргэж өгөх гээд явж байхдаа харахад түүний толгойноос нь цус гарчихсан байдалтай, мөн баруун өвдөгнөөс нь цус гарсан байхаар нь эмнэлэгт хандсан нь дээр юм байна гээд эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

 

  1. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

...Тэгээд эхнэрээ машиндаа үлдээчихээд тухайн хашаа руу ороход Б ахын гэрийн үүдэнд манай хадам ах Н, Б ахын эхнэр Г нар зогсож байсан. Н ах надад хандаад намайг Б ах заазуурдчихлаа гэхээр нь хартал түүний баруун өвдөгний өмд нь цус болсон харагдсан. Тэгэхээр нь би гэрт нь ортол Б ахыг баруун орон дээр Л ах дарчихсан хэвтэж байсан бөгөөд Б ах орилж хашгираад агсан тавиад байгаа бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

 

  1. Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

...Тэгээд намайг гэрт ороход нөгөө архиа задлаад Н, Б гэх хүн түүний эхнэр бид нар тэр архийг хувааж уусан. Архи дуусахаар нь би гадагшаа гарч 00 орж бие засчихаад өөрийнхөө дүү Г-д намайг ирж аваарай би одоо явах гэж байна гэж хэлчихээд буцаад гэрт орох гээд явж байтал гэрт хүмүүс муудалцаад байгаа бололтой орилолдоод байхаар нь гэрт яваад ортол гэрийн баруун талын орны өмнө Б ах Н 2 муудалцаад зууралдаад зогсож байсан бөгөөд тэдний дундуур Б ахын эхнэр орчихсон байж байхаар нь би тэд нарыг салгаад Батаа ахыг зүүн талын орон дээр дараад хэвтсэн. Тэгээд харахад Батаа ах гартаа заазуур барьчихсан байхаар нь би аваад газар шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

 

  1. Гэрч Ө.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

...Манай нөхөр гэр орондоо байхдаа ажилсаг, аливаа хүнд тусархуу хүн байгаа юм. Мөн архи дарс нэг их уугаад байдаггүй, хааяа хааяахан л уудаг ч тэр үедээ ямар нэг зан ааш гаргаад байдаггүй зүгээр унтаад өгдөг хүн байгаа юм. Жаахан огцом ууртай ч уур нь амархан гарчихдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

 

7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:

- Д.Нгийн биед толгойн баруун зулай хэсэгт, баруун өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.  

- Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр 2021 оны 12 дугаар сарын 11-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Толгойн баруун зулай хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун өвдөгний шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р тал/

 

 8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэд:

- Г.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй.

 Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 53-р тал/

 

 9.  Шүүгдэгч Г.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Н, гэрч Н.С, Б.Г, Б.Л, Ө.Г нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №08 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2217000000001 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч Д.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Г-ы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

        4. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ