Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясгалангийн Баттулга |
Хэргийн индекс | 165/2022/0007/Э |
Дугаар | 2022/ШЦТ/07 |
Огноо | 2022-01-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Ш.Батсүх,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Б-т холбогдох эрүүгийн 2117000990124 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Б /РД: /, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн ...... тоотод оршин суух, урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэх,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 4-401 тоот хашааны гадна Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хацар луу гараараа алгадах, зүүн нүдний орчим нь самардах, толгой үснээс нь гараараа зулгааж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Б нь өөрөө намайг үсдэж чи муу гөлөг минь, архичин минь гээд толгой руу чичилсэн, ямар ч хүний уур хүрнэ шүү дээ, урд нь бас цагдаа дуудаж өгч цагдаагаар намайг зодуулж байсан. Юу ч хэлэлгүй дуугүй яваад байхаар хийгээгүй үйлдлүүдийг хийсэн болгосон. Тэр өдөр би ард талын айлынхаа Я гэдэг эгчтэй 1.5 хэмжээтэй том пиво 2 ширхэгийг хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвар байсан. Хүүхдийн 108-ийн Болормаа гэж мэднэ. Бусдаар сайн танихгүй. Б-ийг яах гэж манайд ирснийг мэдэхгүй. Б намайг занасан байдалтайгаар харьцсан мөн доромжилсоноос болж Б-ийн үснээс нь зулгаасан. Би өөрийн буруугаа зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Б-ын толгой руу цохиж, хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Б нь хашааны гадаа миний хувийн амьдрал, нэр төрд халдсан зүйл ярьж хашхираад байхаар нь чи боль яасан их далжганадаг юм бэ гэсэн. Одоо миний нүүрний будгийг арилгаад харахад самардсан мөр нь байгаа. Мөн толгой руугаа хүчтэй цохиулснаас үүссэн тархины хаван одоо хүртэл буугаагүй, байнгын өвчин намдаах эм уудаг. Б нь удаа дараа хэл амаар доромжлох үйлдэл гаргаж байсан болохоор миний хувьд гомдолтой байна. Тухайн өдөр Б-ын нөхөр Б над руу 17:40 минутад утсаар залгаад манайд хүрээд ирж болох уу, Б архи уучихлаа гэхээр нь Б архидан согтуурсан үедээ хүүхдээ шидэх, хаяад явах үйлдэл гаргадаг учраас дахин тийм үйлдэл гаргуулахаас урьдчилан сэргийлж Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст дуудлага өгөөд багийн Засаг дарга болон нийгмийн ажилтны хамт очиход Б нь зөрөөд хойд айл руугаа орсон байсан. Араас нь Г, Б хоёр яваад Б айлаас гаргаж ирэхдээ намайг хараад та нар намайг архинаас гаргахгүй шүү, ар гэрийнхээ амьдралыг авч явч чадахгүй байж чи надтай харьцахгүй шүү гэх зэргээр хашхираад байсан. Миний нүүр лүү аргадсан, үстэхдээ зүүн талын хацар хэсэгт маажсан, үснээс зулгаасан. Толгойны MRI зураг авахуулах шаардлагатай гэж эмч зөвлөсөн. Хүний биед гэмтэл учруулаад уучлалт гуйх ёстой байтал миний хувийн амьдралыг элдвээр яриад байгаа нь сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Эмчилгээнд зарцуулсан 368 000 төгрөг болон цаашдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд шаардагдах 500 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Баянбулагийн 4-401 тоот хашаанаас Б нилээд архи уусан байдалтай согтуу гарч ирсэн. Б Б-т хандан чи яагаад архи уучихаа вэ гэж хэлтэл Б миний амьдарал чамд ямар хамаатай юм бэ, чамайг нөхөр чинь хаяж яваа биз дээ, танай гэр чинь 15 дугаар байранд байдаг гэдгийг чинь мэднэ шүү, чи хүн амьтантай явалддаг биз дээ гэх мэтээр хэл амаар доромжилж орилж хашгирч байгаад түүний зүүн шанаа орчим нь нэг удаа гараараа цохих шиг болоод /маажсан байсан/ Б би ерөөсөө чамайг зодоод алчихъя л даа гэж хэлээд түүний хувцаснаас зуураад авсан. Г, Б нар тэднийг салгах гээд дундуур ороход Б Б-ийн үснээс зулгаагаад доош нь дарсан. Б түүнийг барьж аваад газар унагаагаад цээжин дээр нь гараараа дараад суусан. Б Б-ын биед халдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/
4. Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Б нэлээд архи уусан байдалтай согтуу нөгөө хашаанаас гарч ирээд миний амьдрал чамд ямар ч хамаагүй шүү, чамайг нөхөр чинь хаяж явсан биз дээ, чи Говьсүмбэр аймагт биеэ үнэлдэг биз дээ гэх мэтээр Б-ийг хэл амаар доромжилж, орилж хашхираад байсан. Б миний амьдрал чамд хамаагүй, чи дуугүй бай гэж хэлтэл Б гэнэт Б дээр явж очоод түүний нүүр хэсэг буюу зүүн шанаа орчим гараараа нэг удаа маажаад дахиад дайрахаар нь би тэдний дундуур ороход Б Б-ийн үснээс зулгаагаад толгой орчимд гараараа нэг удаа цохисон. Тэр үедээ Б Б-ийг тасралтгүй хэл амаар доромжилж, орилж хашхирч байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд Б-ыг аваад явсан. Б Б-ын биед халдсан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/
5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”...Баянбулгийн 4-401 тоот хашааны гадна эхнэр Б-тай Г, Б нар уулзаад зогсож байсан. Намайг яваад очтол Б ч мөн адил хүрч ирээд манай эхнэрт хандан Б-аа битгий давраад байгаарай эмчилгээнд явуулж өгөөд байхад архи уулаа гээд загнатал Б өөдөөс нь миний ууж идэх чамд хамаагүй, би ууж идэхээ хэнээр ч заалгахгүй гэж хэлтэл Б надад хандан Б ээ чи энэ Б-аас сал, энэ угаасаа чамд хань болохгүй гэж хэлтэл Б чи ч гэсэн нөхрөөсөө салсан гэсэн биз дээ чамайг хүмүүс тэгж ярьдаг юм билээ гэж хэлтэл Б чи архи уухаараа ярьдаг хов чинь миний амьдралынх биш шүү, намайг битгий оролдоод байгаарай гэж хэлээд хуруугаараа Б-ын толгой руу чичлэсэн. Тэгсэн чинь Б уурлаад Б-ийг гараараа алгадах гээд дайрсан. Тэр үед Б-г хориход тэр чигээрээ дайрч байгаад Б-ийн үснээс гараараа зулгааж татаад дахин дайрч байгаад Б-ийн үснээс нь дахин зулгааж татсан. Тэгээд Г дундуур нь орж салгатал Б, Б нар хоорондоо хэрэлдэж байгаад Бочоод Б-ийн үснээс зулгаатал зөрүүлээд Б Б-ын үснээс зулгаасан. Тэгтэл Б бас дундуур нь салгасан. Тэгээд хэрэлдэж байхдаа дахин Б Б рүү дайртал манай дүү Б Б-ыг барьж аваад мушгиж унагаагаад хоёр гарыг нь цээжин дээр нь дараад хажууд нь суусан. Манай эхнэр Б, Б гэх эмэгтэйг цохиж зодоогүй. Харин үснээс нь гурван удаа зулгааж татсан нь үнэн. Б-ын үснээс Б л нэг удаа зулгаасан. Манай эхнэр Б архи дарс уугаагүй эрүүл үедээ гэр орондоо энгийн л ажил төрлөө хийгээд гэр бүл, үр хүүхдээ асраад байж байдаг хүн. Мөн гэр орондоо ажилсаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, даруухан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/
6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр М-ийн хамт машинтайгаа гэрийн ар талын гудамжаар ороод хартал Баянбулагийн 4-401 тоот хашааны гадна Б эгчтэй Г, Б нар уулзаад зогсож байхаар нь яваад очтол Б ч мөн адил бидний араас явган алхаад ирээд Б эгчид хандан би чамайг гэж бодоод эмчилгээд явуулж байхад архи ууж идээд байх юм гэж загнатал Б өөдөөс нь чи намайг олон удаа архичин гэж хэлсэн дээ гэхэд Б архичин хүнийг архичин л гэж хэлсэн. Тэгээд Б эгч та нар намайг архины эмчилгээнд хүчээр авч явсан шүү гэж хэлээд Б-ийн үснээс зулгаагаад татахад нь Б бид 2 дундуур нь орж салгатал Б дахиж дайраад Б-ийн үснээс зулгаагаад гараараа үсийг нь ороогоод тавихгүй байх үед нь Г, Б бид нар дундуур нь орж салгасан. Б чи хүүхдүүдээ бодсонгүй архи дарс уулаа гэж хэлээд Б эгчийн толгой руу хуруугаараа чичлэхэд Б эгч уурлаад Б-ийн үснээс зулгаатал Б ч мөн үснээс нь зулгаахаар нь би тэдний дундуур орж салгатал Б эгч Б-ийг янз бүрээр хэлээд дайраад байхаар нь би түүний 2 гарыг цээжин дээр нь дараад хажууд нь сууж байгаад жаахан тайвширхаар нь босгосон. Манай бэр эгч Б архи дарс уугаагүй үедээ гэр орондоо ажил төрлөө хийгээд байж байдаг, үг дуу цөөтэй, даруухан, ажилсаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41-42 хуудас/
7. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэд нар дээр яваад очтол Б ч мөн адил бидний араас явган алхаад ирсэн. Б Бэгчид хандан чи яагаад эмчилгээнд явж ирээд архи уугаад байгаа юм бэ гэж хэлтэл Б өөдөөс нь миний ууж идэх чамд хамаагүй гэж хэлээд хоорондоо хэрэлдэж маргалдсан. Би тухайн үед машин дотроо сууж байсан болохоор болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Миний харснаар Б эгч Б-ийн үснээс нь 2 удаа үсдээд зулгааж байгаа харагдсан. Тэр болгонд нь манай эхнэр дундуур нь ороод салгаад байсан. Харин Б нь Б-ыг үгээр идээд архичин хүнийг архичин гэж л хэлнэ биз дээ гээд байсан. Б эгч болохоор Б-ийг янз бүрийн хэл амаар доромжлоод орилж хашхираад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44-45 хуудас/
8. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б.Б-ийн биед үзлэг хийхэд толгойн дагз хэсэгт 3,5х2,5 см хуйхан дор цус хуралттай. Амбулторын картад: Тархи доргилт оноштой ирсэн. Дээрх үзлэгийг үндэслэн Б.Б-ийн биед тархи доргилт, дагзанд цус хуралт гэмтэл учирчээ, дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тархи доргилт, толгойн дагз хэсгийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг дор үүсэх боломжтой гэмтлүүд юм. Уг 2 гэмтэл нь хамтдаа үүсч байгаа учраас тус тусад нь гэмтлийн зэргийг үнэлэх боломжгүй. Мохоо зүйл толгойд нь үйлчлэхэд хүч үйлчилсэн газрын хуйханд цус хуралт үүсч, гавал дотор байгаа тархинд доргилт 2 хамтдаа үүссэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57-58 хуудас/
9. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 360 дугаар дүгнэлтэд: Б.Б-ийн биед тархи доргилт, дагзанд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 11 дүгээр сарын 19-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 49-50 хуудас/
10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 4 хуудас/
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 71, 91-94 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 4-401 тоот хашааны гадна Б.Б-тэй хэрүүл маргаан үүсгэн харилцан маргалдаж улмаар түүний хацар луу гараараа алгадах, зүүн нүдний орчим нь самардах, толгой үснээс нь гараараа зулгааж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Б.Б-т учирсан хор уршгийн тухайд эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 360 дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Л.Б, Т.Г, Б.Б, Б.Б, Ц.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 360 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа. Мөн шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд хохирогч Б.Б нь хэдийгээр албан үүргээ гүйцэтгэж явсан боловч өөрийн эрхэд хамааралгүй үйлдэл, үйл ажиллагаа явуулж өөрийгөө хянах чадваргүй болтол архидан согтуурсан шүүгдэгч Д.Б-тай хувийн байдлаар харьцаж хэн аль нь хэрүүл маргаан үүсгэсэнээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Ш.Батсүхээс шүүгдэгч Д.Б-ын цалин хөлс орлого нь тодорхой бус байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, бага насны хөхүүл хүүхэдтэй учир цаашид хүүхдээ эрүүл өсгөж бойжуулах эхийн асрамж зайлшгүй шаардлагатай тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Бын нөхөр нь ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгох ялыг оногдуулах боломжтой. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, мөн хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Д.Быг согтуугаар өөрийгөө хянах чадваргүй үедээ хохирогчид халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нөхцөл байдал, архины байнгын хамааралтай, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхдээ асарч хайхардаггүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзаж улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлэх боломжтой талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгээс шүүгдэгч Д.Быг бага насны хүүхэдтэй болохыг харгалзан үзэх санал гаргасныг хүлээн авч түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Хохирлын тооцоо: Хохирогч Б.Б нь эмчилгээ хийлгүүлэхэд гарсан зардалд нийт 368 000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэн нь хавтаст хэргийг 18-19 хуудсанд авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогч Б.Б нь толгойны MRI зураг авахуулах шаардлагатай гэж мэргэжлийн эмч зөвлөсөн, одоо болтол толгойны хаван сайн буугаагүй байгаа тул цаашдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх 500 000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлгийг үндэслэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Баас 368 000 /гурван зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 15 дугаар байрны 5-74 тоотод оршин суух хохирогч Б.Бт олгож, хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА