Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;

шүүгдэгч: Б.Мөнхсүлд, түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Мөнхсүлдэд холбогдох эрүүгийн 201625021330 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин, цахилгаан засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 хороо, Хандгайтын 35-746 тоотод оршин суух, “Скай Ресорт” цанын баазад үйлчилгээний ажилтан ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УШ91052131 регистерийн дугаартай, Боржигон овогт Баатарын Мөнхсүлд.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Мөнхсүлд нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын 35-734 тоотод иргэн Э.Төмөрбаатарыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхсүлд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Төмөрбаатар /хх-ийн 10-14/, гэрч А.Бурмаа /хх-ийн 15-17/, С.Баатар /хх-ийн18-20/, М.Оюунтөгс /хх-ийн 21-22/, Б.Нандинчимэг /хх-ийн 23-24/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5780, 801 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26, 31-32/, Б.Мөнхсүлдийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-44/, Б.Мөнхсүлдийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, Б.Мөнхсүлдийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, Э.Төмөрбаатарын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 50-58/, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, Б.Мөнхсүлдийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-63/, хохирол төлсөн баримт /хх-ийн 69-70/, шинээр “Скай ресорт” ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас, Мөнхсүлдийн Мөнххүслэнгийн төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаа 1 хуудас, Мөнхсүлдийн Тэргэлийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Мөнхсүлд нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжны 734 тоотод “ээжийг зодох гэж хөөлөө” гэх шалтгаанаар хохирогч Э.Төмөрбаатарыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Э.Төмөрбаатарын мэдүүлсэн /хх-ийн 10-14/: “....Би 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө Мөнхсүлдийн аав Баатар, Төгсөө нарын хамт 0,75 литрийн “Хараа” нэртэй архи 2 шилийг Төгсөөгийн гэрт уусан юм. Тэгээд Баатартай Төгсөөгийн гэрээс 17 цагийн үед гарах гээд байж байтал Баатарын эхнэр орж ирээд бид нарыг “архи уухаа боль” гэж хэлсэн. Бид тэндээсээ тараад гэр гэртээ орсон. Би хүүхдээ хараад  гэртээ байж байтал гаднаас Мөнхсүлд хашааны хаалга өшиглөж орж ирээд үгийн зөрүүгүй нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Би хойшоо ор руугаа саваад уначихсан. Мөнхсүлд шууд гараад явчихсан. Би араас нь Баатарын гэрт очтол Мөнхсүлд ээжтэйгээ хамт байж байсан. Би ээжид нь “намайг танай хүү зодчихлоо” гэтэл ээж нь намайг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний эрүүг хугарсан байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн ...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Бурмаагийн мэдүүлсэн /хх-ийн 15-17/: “...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Баатар хашаандаа машинаа засаад байж байсан. Би Мөнхсүлдийн том хүүг хараад гэртээ байж байгаад гараад иртэл Баатар хашаандаа байхгүй байсан. Тэгэхээр нь би хажуу айл Төгсөөгийнд ортол Баатар, Төмөрбаатар, Төгсөө 3 архи уугаад сууж байсан. ...Би 17 цагийн үед гэртээ иртэл Баатар, Төмөрбаатар хоёр “гэрийн түлхүүр байхгүй” гээд хашаанд сууж байсан. Тэр хоёр их согтуу байсан. Би уурлаад “Төмөрбаатарыг нийлж архи уулаа” гээд хашаанаасаа хөөж гаргасан. Тэгтэл буцаж орж ирээд “юун сүртэй юм архи уугаа л биз дээ” гээд намайг цээж рүү түлхээд байхаар нь би хашаанаасаа гүйгээд гарсан. Гэтэл араас чулуу шидээд байсан. Тэгэхээр нь би хүү Мөнхсүлд рүү “Баатар, Төмөрбаатар 2 архи уучихаад намайг зодох гээд дайрч давшилаад байна, хүрээд ир” гэж утсаар ярьсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Нандинчимэгийн мэдүүлсэн /хх-ийн 23-24/: ...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн үед Баатар ахын хашаанд хүмүүс орилолдоод байсан. Тэгтэл Баатарын эхнэр Бурмаа эгч уйлаад хүнтэй хэрэлдээд байх шиг байсан. Бурмаа хашаанаасаа гараад гүйгээд явчихсан. Араас нь Төмрөө “пизда” гээд хараагаад чулуу шидээд байсан. ...Би өөрийн дүүгийнх рүүгээ явж байтал гудамжинд Мөнхсүлдтэй тааралдсан. Би Мөнхсүлдэд “ээж чинь уйлаад явж байна Төмрөө ахтай маргалдаад байх шиг байна” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Мөнхсүлдийн хохирогчийг зодсон гэм буруутай үйлдлийн улмаас Э.Төмөрбаатарын биед “суурь ясны зүүн далавч сэртэн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хугарал засах мэс заслын дараах байдал, эрүү ясны далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний булгарал, бүсэлхийд зулгаралт” бүхийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасан амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5780 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/,

 

Мөн хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар дахин бүрэлдэхүүнтэй хийсэн 801 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 31-32/: “…Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5780 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Э.Төмөрбаатарын биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт, доод баруун 1-р шүдний булгарал, бүсэлхийд зулгарал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2016.04.26-ны өдөр учирсан байх боломжтой. 2016.04.27-ны өдрийн болон 2016.0.5.02-ны өдрийн 1 ширхэг рентгэн зураг, 3 ширхэг КТГ-ын зураг, 1 ширхэг СД-г дүрс оношилгооны эмчээр давтан уншуулахад зүүн талын суурь ясны их далавчны шугаман хугарал гэмтлийн хугарлын ирмэг нь зузаарсан хуучин хугарал байх боломжтой гэжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал гараар цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 28 хоногоос дээш хугацаанд эдгэрэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун доод 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 % нөлөөлнө” зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнхсүлдийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч Б.Мөнхсүлд нь “ээжийг зодох гэж хөөлөө” гэх шалтгаанаар Э.Төмөрбаатарыг буруутган зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхсүлдэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоов.

 

Хохирогч Э.Төмөрбаатар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрт нийт 1.572.424 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт хавсаргуулжээ.

 

Үүнээс шүүгдэгч Б.Мөнхсүлд 2.100.000 төгрөгийг (хх-ийн 69-70) хохирогч Э.Төмөрбаатарт төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Э.Төмөрбаатар нь хойшид эмчилгээтэй холбогдож гарах 5.000.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийг 246.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Мөнхсүлдийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсүлдийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсүлд албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Мөнхсүлд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Э.Төмөрбаатар нь хойшид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхсүлдэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ