Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 717

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Насандэлгэр, шүүгч Д.Халиуна, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгч Б.Б, Б.И, Ц.И нарыг онлайнаар, нэхэмжлэгч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч  Б.Б, Б.И, Ц.И нарын өмгөөлөгч Н.Э, нэхэмжлэгч Б.Б, Б.И, Ц.И нарын өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Д.Б, /РД:/, Б.И, /РД: /, Ц.И, /РД:/, Ж.Гг, /РД: /,

Хариуцагч: МУ СД,   

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан арга хэмжээ аваагүй нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох,

Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэл оногдуулахыг МУ СД У.Хүрэлсүхэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, Б.И, Ц.И нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“Монгол Улсын иргэн Ц.И нь Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын, Д.А нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын даргын, Д.Б нь Баянхонгор аймгийн Боловсрол, Соёлын газрын даргын, Б.И нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн, Г.Н нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг тус тус гүйцэтгэн ажиллаж байсан бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б захирамжаар хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн бид Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тусдаа хандан өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Баянхонгор аймгийн засаг дарга Г.Б төрийн захиргааны албан хаагчдыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоож өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон.

Хэдийгээр шат шатны шүүхээр Засаг дарга Г.Б дээрх захирамжуудыг хууль зөрчсөн үндэслэлгүй болохыг тогтоож ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, удаашруулан, дүр эсгэж томилоод буцааж ажлаас нь халж хуулийг үл биелүүлж, үл тоомсорлох байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нь хуулиар олгогдсон үүргээ умартан иргэдээ нам, улс төрөөр ялгаварлан гадуурхаж, төрийн албан хаагчдыг улс төрийн зорилгоор өөрийн шийдвэрээр болон аймгийн Засаг даргын шууд удирдлагад ажилладаг байгууллагын дарга эрхлэгч нарт сэм үүрэг өгч, хууль зөрчин ажлаас халах явдал газар авлаа. Одоогийн байдлаар 2016 оны сонгуулиас хойш манай аймгийн хэмжээнд бүрэн бус тоогоор 60 гаруй төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь халсан.

Дээрх иргэдийн ихэнх нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдох, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан. Энэ нөхөн олгох төлбөрийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-дахь хэсэгт заасан.

Гэтэл Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Д.Б 18,0 сая, Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга Т.О-д 12,0 сая төгрөг, Засаг даргын Тамгын газрын ажилтан Ё.Л-д 6,8 сая төгрөгийн нийт 36,8 сая төгрөгийн нөхөн төлбөрийг аймгийн төсвөөс төлж төсөвт их хэмжээний хохирол учрууллаа. Цаашид хууль бусаар халагдсан 20-иод хүний нөхөн төлбөр 200- аад сая төгрөгийг мөн төсвөөс төлж аймгийн төсөвт хохирол учруулах магадлалтай байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нь төрийн албыг улс төржүүлж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хангалттай үндэслэлээр тогтоогдсон.

Бидний зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно.., ’’ гэж заасны дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хариуцлага тооцуулахаар аймгийн Засаг даргыг томилох эрх бүхий албан тушаалтан болох МУ СДад хандсан боловч Засгийн газрын 2018 оны 4 сарын 12-ны өдрийн ХЭГ/749 дугаартай “Хариу хүргүүлэх тухай’’ албан бичгээр төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримталж ажиллах талаар Г.Б-д чиглэл хүргүүлэв” гэсэн хариуг ирүүлсэн. Энэ хариунаас харахад Засгийн газар, ерөнхий сайдын зүгээс Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргалд хариуцлага тооцоогүй, цаашид ч хариуцлага тооцохгүй гэдэг нь тодорхой болсон учраас хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийг харгалзан үзэж мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-т заасан шийтгэлийг оногдуулахыг МУ СД У.Х-д даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.И шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “ МУ СД У.Хүрэлсүхэд 2018 оны 02 дугаар сард ажлаасаа хууль бусаар халагдсан 61 хүн гомдол гаргасан. Г.З даргаас төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглосон албан бичиг ирүүлсэн. Гэтэл Г.Бгэдэг хүн хууль бус үйл ажиллагааг зогсоогоогүй. Ар араас нь хүмүүсийг халж эхэлсэн. Дараагаар нь мөн Ерөнхий сайд сануулах арга хэмжээ авсан. Гэтэл мөн адил төрийн албан хаагчийг халах ажлыг зогсоогоогүй. 61 хүнээс 13 хүн шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс 13 хүн хууль бусаар халагдсан байна гэж үзээд улмаар эдгээр хүмүүсийг буцааж ажилд нь томилохоор шийдвэр гарсан. Хууль бусаар ажлаас халах энэ үйл ажиллагаа дахин давтагдаж байгаа учраас МУ СДад хандсан. Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлд шийтгэл оногдуулахад харгалзах нөхцөл байдлын тухай заасан. 106.1-д шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон дараах нөхцөл байдлыг харгалзана гэж заасан. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоосон хүмүүсийн ажилгүй хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлж улс орон нутгийн төсөвт 71,200,000 төгрөгийг төлсөн. 71,200,000 төгрөгийн хувьд ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүсийн авсан нөхөн олговор. Үүний цаана хууль бусаар томилогдсон хүмүүс нь цалин авсан. Үндсэндээ 342,4,00,000 төгрөгийн хохирлыг гаргасан. Мөн дээрх хүмүүсийг сэтгэл санаагаар унгаж эрүүл мэндэд хохирол учруулсан. Жишээ нь цэцэрлэгийн эрхлэгч н.Хүрэлтогоо гэх хүн 2018 оны 3 сарын 07-ны өдөр халагдсан шийдвэрээ аваад тархинд нь цус харваж маш хүнд мэс ажилбарыг хийлгэсэн. Одоо болтол биеийн байдал хүнд байдалтай байна. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.2-т санаатай үйлдсэн эсэх гэж заасан. Энэ олон хүмүүсийг ажлаас халах нь санаатай үйлдэл юм.

2016 оноос өмнө ажиллаж байсан бүх хүмүүсийг ажлаас нь халах бодлого барьж байгаа гэж хэлэх юм. Г.З болон Ерөнхий сайд У.Х нар бичгээр сануулсаар байтал хууль зөрчиж үйл ажиллагааг улам идэвхжүүлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3-д давтан үйлдсэн эсэх гэж заасан. 4 хүнийг хууль бусаар ажлаас нь халаад байж байна. Шүүхийн шийдвэрээр тус 4 иргэн томилогдох шийдвэр гарсан хэдий ч хүмүүсийг ажилд нь авахгүй байна. Б.И болон н.А гэдэг хүмүүсийг ажилд нь мөн адил авахгүй байна. Мөн 3 дугаар сургуулийн захирлын шүүхийн шийдвэр гараад 6 сар болж байна. Гэтэл мөн адил ажилд эгүлэн томилохгүй байна. Эдгээр асуудлууд маш их байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална гэж заасан. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг үндэслэн хүчингүй болгож мөн хуулийн 106.2.4-д заасан шийтгэлийг Засаг дарга Г.Б ногдуулж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“2016 онд Боловсрол соёлын газрын дарга хийж байгаад 2016 онд хууль бусаар ажлаасаа халагдсан. 2017 оны 10 дугаар сард Улсын дээд шүүхийн шийдвэр гарч 12 дугаар сард ажилдаа орсон. Шүүхийн шийдвэрээр бүх тэтгэмжээ бүрэн авсан хэдий ч эрх нь зөрчигдсөн хүмүүсийн төлөөлөл болж оролцож байна. Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас тэтгэвэр бага тогтоосон үр дагавар гарсан. Манай аймагт шүүх болон хуулиас дээгүүр хүмүүс маш их байна” гэв.

Нэхэмжлэгч Б.И шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний хувьд 20 жил цэцэрлэгийн багш хийсэн. 2015 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 2017 оны 3 сарын 07-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. 2018 оны 2 сард Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэрийн дараа 2018 оны 10 сард Г.Батжаргал болон Засаг дарга нар хамт өрөөндөө дуудаад надтай хамтарч ажиллахгүй учир нь чи Ц.Идэрмөнхтэй хамт намайг шүүхэд өгсөн. Миний хувьд шүүхийн шийдвэрийн биелүүлэх ёстой гэж үзэж байна. Намайг ажилд оруулсан юм чинь хална гэх тайлбар өгсөн. Миний хувьд 3 жил ажилгүй мөн манай амьдралын хувьд сэтгэл санааны болоод эдийн засгийн хохирол өгч байна. Миний хувьд түр орон тоо дээр ажиллах байранд тэнцсэн. Тэнцсэний дараа дарга нар ар араасаа өрөөндөө дуудаж уулзсан. Ер нь бол нэхэмжлэлээ аваарай гэсэн. Миний хувьд 3 жил ажилгүй байна. Хууль бус шийдвэрийн улмаас миний эрхийг удаа дараа зөрчсөн. Иймд нэхэмжлэл гаргах болсон” гэв.  

Нэхэмжлэгч Б.И, Д.Б, Ц.И нарын өмгөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Засаг дарга сануулах шийтгэл оногдуулсан ерөнхий сайдын 2018 оны 7 сарын 09-ний өдрийн шийтгэл оногдуулах тухай 133 дугаар захирамж байгаа. Тус захирамжийг хоёр үндэслэлээр хууль бус шийтгэх тогтоол гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална гэж заасан. Гэтэл ямар нэгэн хувийн хэрэг байхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хариу мэдэгдэл хүргүүлэхдээ Б.И, Д.Б, Ц.И нарын гомдлын дагуу Г.Б шийтгэл оногдуулсан хариу ирсэн. Шийтгэл нь оногдуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь хувийн хэрэг үүсгээгүй байгаа нь хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд хариуцлагын тухай оруулж ирсэн. Захиргааны ажилтанд хууль бус шийдвэрийн улмаас хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Хэрвээ захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учруулсан тогтоогдсон улмаар дээд шатны албан тушаалтан нь хариуцлага тооцоогүй тохиолдолд тухайн эрх ашиг нь зөрчигдсөн этгээд тус албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний үндсэн дээр бид нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд тухайн шийтгэлийг оногдуулах 4 зохицуулалттай. Шийтгэлийг оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлд 4 зүйлийг зааж өгсөн. Үүнд зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар, санаатай үйлдсэн эсэх, давтан үйлдсэн эсэх, ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй гэх талаар тус тус зааж өгсөн. Бид 2018 оны 5 сарын 13-ны өдөр анх нэхэмжлэлээ гаргасан. Бид ерөнхий сайдад нийт 14 хүний гарын үсэгтэй гомдол хүргүүлсэн. Гэтэл бидэнд чиглэл өгсөн гэх байдлаар хариу өгсөн. Нэхэмжлэл гаргаснаас хойш хаалттай сануулах шийтгэлийн оногдуулсан байдаг. Нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүсийн нэхэмжлэлийг буцаахын тулд хаалттай сануулах шийтгэлийн оногдуулсан. Энэ тухай юугаар нотолж байгаа вэ? гэхээр шийтгэл оногдуулахдаа холбогдох ажлуудыг хийгээгүй зэрэг нь нотолж байгаа. Энэ хэргийг хаахын тулд хохирч байгаа хүмүүсийг чимээгүй байлгаж тус ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Хаалттай сануулах шийтгэл хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид гомдол гаргаж байж ажилдаа буцаж орсон. Гэтэл удалгүй сахилгын шийтгэлийг оногдуулаад явдаг. Б.И-ийн хувьд цэцэрлэгийн эрхлэгч байгаа. Гэтэл ажилд аваад 14 хоногийн дараа халдаг. Ажилд нь аваад халдаг нь санаатай үйлдэл юм. Төрийн албыг хувийн алба шиг ажиллаж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

 “Миний бие Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2016 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 сарын 2-ны өдрийн №Б/129 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.

Уг захирамжаар намайг эрхэлсэн ажилдаа хайнга хандсан, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ажлаас халсныг би эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 7-ны өдрийн №111/ШШ2017/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 6-ны өдрийн 221/МА2017/0857 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 сарын 2-ны өдрийн №149 дүгээр тогтоол зэрэг шийдвэрүүдээр миний нэхэмжлэлийг хүлээн авч "ажил олгогч ямар нэгэн дотоодын хяналт шалгалтаар тогтоосон нотлох баримтад үндэслээгүй, тус сумын өөр төрийн эрх бүхий байгууллага буюу Бууцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт хуулиар олгогдсон эрх үүрэг байхад сургуулийн захиралд хамаатуулсан, мөн захирамж гаргахдаа буруу хуулийг үндэслэл болгосон" гэж дүгнэж намайг өмнө нь эрхэлж байсан ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрүүдээр Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 сарын 2-ны өдрийн №95/129 дүгээр захирамж нь зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон.

Миний бие 2016 оны 2 сарын 2-ны өдрөөс, 2017 оны 9 сарын 7-ны өдөр хүртэл нийтдээ нэг жил долоон сарын хугацаанд ажилгүй, ажиллаж байсан бол үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал зэрэг ажиллаж байсантай холбоотой нэмэлт боломжуудыг эдлэх байсан боловч энэ боломжуудыг эдлүүлээгүй.

Харин Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар миний зөрчигдсөн эрх сэргээгдсэн боловч тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтан ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй үлдсэн нь миний хууль шүүхийн өмнө тэгш байх эрх зөрчигдөхөд хүрч цаашид миний ажиллах, хөдөлмөрлөх эрхэд сөргөөр нөлөөлж байна.

Тухайн орон нутагт хууль тогтоомжийг хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлэх үүрэгтэй Засаг дарга нь энэ мэтээр хууль зөрчин шийдвэр гаргаж, улмаар шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа ороход хууль бус үндэслэлээр дахин сахилгын арга хэмжээ авах зэргээр миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, улмаар цаашид ажил хийх боломжгүй байдал үүсэж байна.

Миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн дагуу ажиллаж эрх зүйт нийгэмд амьдарч байгааг харгалзан үзэж аливаа хууль тогтоомж хэлбэрэлтгүй биелэх учиртай гэж үзэж байгаа.

Зөвхөн намайг ажлаас чөлөөлснөөс болж нэг жил зургаан сар ажилгүй байсан, хугацааны 13,218, 000 /арван гурван сая хоёр зуун арван найман мянга/-н төгрөгний цалингийн хохирлыг төрд учруулсан, мөн хувь иргэнд хууль зүйн туслалцаа авах, ажилгүй болсноос болж сэтгэл санаагаар, эдийн засгаар маш их хохирсонг тоочиж баршгүй.

Энэ талаар би МУ СДад эрх хэмжээний дагуу Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан арга хэмжээг авч өгнө үү гэсэн гомдлыг явуулсан боловч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 12 сарын 6-ны өдрийн ХЭГ/ХЭГ2677 тоот хариу албан бичгээр миний хүсэлтэд "Ж.Г-ийн гомдлыг барагдуулахыг чиглэл болгож байна" гэх утгатай хариу ирүүлсэн.

МУ СДаас ирүүлсэн дээрх хариугаар зөвхөн миний шүүхэд хандаж эрхээ сэргээлгэсэн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буцаж орох нь тодорхой болсон зүйлийг биелүүлэхийг чиглэл болгосон болохоос Захиргааны Ерөнхий хуулийн 105-д заасан холбогдох хариуцлагыг хүлээлгээгүй хууль бус эс үйлдэл гаргасан нь миний дараах эрхийг зөрчсөн. Үүнд:

1. Хууль, шүүхийн өмнө тэгш байх эрх зөрчигдсөн. Намайг зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэл нь хууль бус бол тухайн албан тушаалтан иргэний хөдөлмөрлөх эрхэд халдсанаараа тохирох хариуцлагыг үүрэх ёстой. Энэ арга хэмжээ авагдаагүйгээр дээрх  эрх зөрчигдөхөд хүрсэн.

2.Миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Хуулиар нэгэнт хариуцлага хүлээлгэх үүрэг хүлээсэн дээд шатны албан тушаалтан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль бус тушаал шийдвэр гаргасан албан тушаалтанд зохих хариуцлагыг хүлээлгээгүй хууль бус эс үйлдэл гаргаснаар миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

Энэ арга хэмжээ авагдсанаар дахин хууль бус шийдвэр гаргахгүй байх эрх зүйн ухамсар албан тушаалтанд төрж бүх зүйлийг Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх эх үндэс бүрдэх ёстой.

Намайг шүүхийн шийдвэрийн дагуу буцаж ажилдаа орсон байхад дахин үндэслэлгүйгээр надад сахилгын арга хэмжээ авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй дахин дахин явуулж байсан нь намайг ажиллах боломжгүй болгож, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсгэсэн.

3. Миний төрийн байгууллагад хандаж өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн. Миний бие өөрт учирсан хохирол хийгээд бусад нөхцөл байдлыг тоочин бичиж "Баянхонгор аймгийн Засаг дарга нь хууль бус захирамж гаргаж тухайн шийдвэр нь шүүхээр хүчингүй болж эрх зүйн үр дагаваргүй болсон байхад энэ тухай мэдээлэл хүргэж үүнийг шийдвэрлүүлэх талаар гомдол хүргүүлсэн байхад миний гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан.

Би Ерөнхий сайдад хандаж гаргасан гомдолдоо хууль бус тушаал шийдвэр гаргасан албан тушаалтанд зохих хариуцлагыг хүлээлгэх тухай" байсан боловч энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж харин өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар чиглэл өгсөн нь миний гомдолд дурдсан асуудал шийдвэрлэгдээгүй орхигдсон гэж үзэх үндэслэл юм.

Энэ эрх чөлөө зөрчигдсөнөөр төрийн албанд шударга бус байдал бий болж, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй орхигдох нөхцөл байдал үүсэж дахин төрийн албанд хандан гомдол гаргах, өргөдөл гаргах итгэл үнэмшилгүй болж байна.

Энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдвэл миний төрийн байгууллагад хандан өргөдөл гомдол гаргах, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрх сэргэх юм.

МУ СДын хувьд миний гаргасан "Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 105-д заасан арга хэмжээ авах тухай" шийдвэр гаргавал миний хөдөлмөрлөх эрхэд халдсан зөрчлүүд байхгүй болж цаашид хууль тогтоомжийн дагуу ажлаа хийх нөхцөл байдал хэвийн хэмжээнд сэргэж, төрийн албанд шударга ёс тогтож аливаа шийдвэр тогтоол хуулийн дагуу гарах бодит нөхцөл байдал бий болно.

Мөн төрийн байгууллагад хандаж өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрх сэргэж цаашид аливаа албан тушаалтын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

Дээд шатны албан тушаалтнаас доод шатны албан тушаалтнаа хаацайлах, хуульд заасан зохих хариуцлагыг хүлээлгэхгүй байх нь Үндсэн хуульт, эрх зүйт ёсноос гажууд юм. Миний бие хувь хүнийг буруутгаж байгаа биш энэ тушаалыг хашиж байгаа албан тушаалтан ийм алдаа гаргаж болохгүй гэж үзэж албан тушаалынх нь хувьд гаргасан алдаанд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзэн Захиргааны Ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь 2019 оны 5 сарын 21-ний өдөр зөвтгөн өөрчилсөн нэхэмжлэлдээ:

“...1. Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан арга хэмжээ аваагүй нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох гэснийг Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105 дугаар зүйлийн 105.2-д заасан шийтгэлийн тохирох заалтаар арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэж,

2. Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах гэснийг Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасан тохирох шийтгэл оногдуулахыг хариуцагчид даалгах гэж тус тус зөвтгөн өөрчилж байна.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлд заасан үндэслэлүүд дээр нэмж дараах үндэслэлийг гаргаж байна. Ж.Г нь Баянхонгор аймгийн Засаг даргын шууд харьяалах албан тушаалтан болохын хувьд үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авах, хууль бусаар шахах, дарамтлах нөхцөл бүрдүүлдэг. Үүний нэг жишээ нь ажилд буцаан шүүхийн шийдвэрээр тогтоогдсоны дараа буюу 2018 оны 10 сарын 25-ны өдөр А/705 тоот "цалинг 2 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах арга хэмжээ авсугай" гэсэн арга хэмжээ авсан үйлдэл юм. Энэ талаар миний бие Захиргааны хэргийн шүүхэд хандаж одоо давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа болно.

Энэ мэтээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол цаашид ч хохирч, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд дээрх шаардлага үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч Б.И, Д.Б, Ц.И нарын өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Ж.Г нь нийтдээ 2017 оны 2 сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 сарыг хүртэл шүүхэд хандан шүүхээр асуудлыг хянан шийдвэрлэж эргээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар ажилгүй байх хугацааны цалин нэг хүний 15,952,812 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрээр гаргуулж авсан. Үүнийг эс зөвшөөрч халагдсан шийдвэрийн талаар гомдол гаргасан. МУ СДаас тухайн гомдлын талаар шийдвэрлэсэн эсэх ямар нэгэн албан хариу ирүүлээгүй. Зөвхөн Баянхонгор аймгийн Засаг даргыг хууль биелүүлж ажиллахыг анхааруулж байгаа талаарх албан бичгүүд ирсэн байдаг. Аймгийн Засаг дарга бол төрийн албан хаагч юм. Улс төрийн албан хаагчийн хувьд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж хуулийг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Сонгуулийн дараа иймэрхүү асуудал үүсээд маш олон хүн хохирч байсан. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа Ж.Г гэдэг хүнийг шүүхийн шийдвэрээр буруу ажлаас халсантай холбогдуулаад тогтоогдсон байхад МУ СД арга хэмжээ аваагүй тухай үндэслэлийг гаргаж ирсэн. МУ СДаас ирсэн хариу албан бичигт тулгуурлаж байгаа. Хариу албан бичгийн хувьд хаалттай сануулсан бичгээс хойш ирсэн албан бичиг юм. Шийдвэртэй холбоотой арга хэмжээ аваагүй учир бид эс үйлдэл гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Ерөнхий сайдын захирамж дотор ямар зөрчилтэй шийдвэр гарсан талаар тодорхойлоогүй.  Хоёр өөр өнцгөөр нэг захирамж гаргаж тавьсан.

Ж.Г-тэй холбоотой гурван шүүхийн шийдвэр гарсан. Ажилд нь буцаан орох шийдвэр, сахилгын арга хэмжээг хүчингүй болгосон шийдвэр, ажилгүй байх хугацааны цалин гаргасан иргэний хэргийн шүүхийн тус тус шийдвэрүүд гарсан. Ж.Г-ийн хувьд төрийн бусад захиргааны байгууллагад энэ байдал нь эерэгээр нөлөөлөх үр дагавартай учир тус нэхэмжлэлийг гаргасан. Аймгийн Засаг даргын хяналт шалгалтын хэлтэс нь зөвхөн хүнийг ажлаас халахтай холбоотой хяналт шалгалт хийдэг талаарх байдлууд харагддаг. Энэ бүх байдал нь шүүхийн шийдвэрүүдээр харагдаж байна. Зарим шүүхийн шийдвэр дээр төрийн хяналт шалгалтын байгууллагын шийдвэр хүчингүй болсон байдал харагддаг. Иймд бид Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу арга хэмжээ нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, мөн хуулийн 105.2-т заасан тохирох арга хэмжээ авахыг ерөнхий сайдад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З 2018 оны 8 сарын 20-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Б.И, Д.Б, Ц.И нарыг Баянхонгор аймгийн Засаг даргын шийдвэрээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосны дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б холбогдох шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, Б.И, Д.Б, Ц.И нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн төрийн албан хаагч нарын эрхийг сэргээсэн байх тул “Шийтгэл ногдуулах тухай" Ерөнхий сайдын 2018 оны 7 сарын 9-ний өдрийн 133 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д дахин ийм асуудал гаргахгүй, хууль биелүүлж ажиллахыг үүрэг болгож, хаалттай сануулах шийтгэл ногдуулсан.

Захиргааны ерөнхий хуульд шууд заагаагүй боловч Төрийн албаны тухай хуульд заасан нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулахгүй байх хариуцлагад хамаардаг эрх зүйн үндсэн зарчим үйлчилдэг.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаалтанд хариуцлагыг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг нэгэнт тусгасан учир тухайн зарчмыг баримтлах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З 2019 оны 6 сарын 18-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...1. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д МУ СДын ногдуулсан “хаалттай сануулах” шийтгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

МУ СДын 2018 оны 7 сарын 9-ний өдрийн “шийтгэл ногдуулах тухай" 133 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д заасны дагуу хаалттай сануулах шийтгэл ногдуулсан.

Г.Б-д хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь нэхэмжлэгч нарт болон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан нэр бүхий иргэдтэй холбоотой эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн байдал зэргийг нь харгалзан үзсэн.

МУ СДын 2018 оны 7 сарын 9-ний өдрийн “шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамж нь Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан буюу түүнд чиглэсэн акт юм.

Өөрөөр хэлбэл тухайн актын улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд нь Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд нэхэмжлэгч Б.И, Д.Б, Ц.И нарын эрх, ашиг сонирхлыг хөндсөн, нэхэмжлэгч нарт чиглэсэн акт биш.

Тодруулбал МУ СДын 2018 оны 7 сарын 9-ний өдрийн “шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамжийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч нарын ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна.

2. “Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуульд заасан тохирсон шийтгэлийг ногдуулахыг МУ СД У.Х-д даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд: МУ СДаас Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн байдал зэргийг нь харгалзан үзэж, дахин эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргаж Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байж, хуульд нийцсэн шийдвэр гаргаж байхад анхаарч ажиллах чиглэл болгож хаалттай сануулах шийтгэлийг ногдуулсан.

Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, түүний гаргасан эрх зүйн зөрчилтэй шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн төрийн албан хаагч нарын эрхийг сэргээсэн байсан тул түүнд хаалттай сануулсан бөгөөд тухайн сахилгын шийтгэл нь Баянхонгор аймгийн Засаг даргад тохирсон сахилгын шийтгэл гэж үзэж байх тул түүнд дахин сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2018 оны 3 сарын 20-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Иргэн Ж.Г-ийн тус шүүхэд хандаж гаргасан ... нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. “...Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 17-ны өдрийн Б/578 дугаар захирамжаар түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсноор тэрээр одоо ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.

Харин МУ СДаас Баянхонгор аймгийн Засаг даргад эрх зүйн зөрчилтэй захирамж гаргасан үйлдэлд нь холбогдуулж түүнд 2018 оны 7 сарын 9-ний өдрийн 133 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 105.2.1-д заасны дагуу хууль биелүүлж ажиллахыг үүрэг болгож, хаалттай сануулах шийтгэлийг ногдуулсан болно.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гэж заасны дагуу авсан арга хэмжээ юм.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 -д заасны дагуу Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, хэрэв тухайн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг сэргээх чиг үүрэгтэй.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 105.2-т заасны дагуу зөрчил гаргасан Засаг даргад шийтгэл оногдуулах эрх нь хуулиар дээд шатны буюу түүнийг томилсон албан тушаалтан болох Ерөнхий сайдад хадгалагдаж байна.

Тиймээс Ерөнхий сайд уг эрхийнхээ хүрээнд дээр дурдсанчлан хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах шийтгэлийг Баянхонгор аймгийн Засаг даргад оногдуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “... Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Засаг даргад хуульд заасан арга хэмжээ аваагүй эс үйлдэл гаргасан...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул түүнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2019 оны 10 сарын 8-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Г-ийн нэхэмжлэлтэй, МУ СДад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулсантай холбоотой дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан.

Гэвч МУ СДаас Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасны дагуу арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд холбогдох арга хэмжээг авсан.

“...МУ СД 2018 оны 7 сарын 9-ний өдөр “Шийтгэл оногдуулах тухай” 133          дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1- т заасны дагуу хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэгэнт Баянхонгор аймгийн Засаг даргад гаргасан зөрчилд нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулсан тул зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.

“...Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу албан тушаалын цалинг 6 сар, хорь хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд: Баянхонгор аймгийн Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах эрх нь МУ СДад хадгалагддаг. Захиргааны хэргийн шүүх төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн эсэхийг хянах чиг үүрэгтэй шүүх болохоос төрийн албан хаагчид шийтгэл оногдуулахыг даалгадаг чиг үүрэг бүхий шүүх биш.

Иймд нэхэмжлэгчийн өөрчилж, тодруулсан шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх гэдэг тохиолдол байгаа. 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд гэж заасан. Иймд сонсох ажиллагаа хийлгүйгээр захиргааны актыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон дараах нөхцөл байдлыг харгалзана гэж заасан. Бид зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар, санаатай үйлдсэн эсэх, давтан үйлдсэн эсэх, ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй гэх заалтуудыг харгалзаж үзсэн.

Бид зөрчлөөс үүдсэн хохирлыг үр дагаврыг авч үзсэн. Шүүхийн шийдвэрүүдийг Баянхонгор аймгийн Засаг дарга хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарыг буцаан ажилд нь томилсон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.1-д заасныг харгалзан хаалттай сануулах сахилгын арга хэмжээ авсан. Мөн хуулийн 106.1.4-д ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй гэж заасан. Аймгийн засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Нэхэмжлэгч нар тухайн үед Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт тавьж байгаагүй. Тохирох шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Тус хүсэлтийг тухайн үед харгалзан захирамж гаргаж Баянхонгор аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Нэхэмжлэгч нарын хэлж байгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэлийн ногдуулах эрх зүйн үндэслэл үүсээгүй. Зөрчилтэй шийдвэр гарсан талаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Түүнийг залруулж нэхэмжлэгч нарыг буцаан ажилд нь томилсон. Иймд бид нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нараас эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Ерөнхий сайдаас нэхэмжлэгч нарын гаргасан өргөдөл, гомдлыг тухайн үед шийдвэрлээд тохирох шийтгэлийг нь ногдуулсан. Ямар нэгэн байдлаар хүсэлт шийдвэрлэхгүй зайлсхийсэн асуудал байхгүй. Энэ маргааныг эс үйдэхүй гэж үзэх боломжгүй.

Тохирох шийтгэл оногдуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заасан. Захиргааны хэргийн шүүх сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юу? үндэслэлгүй юу? гэдэг дээр холбогдох дүгнэлтийг өгч хэргийг шийдвэрлэдэг чиг үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл оногдуулахыг даалгах чиг үүрэг байхгүй. Өөрөөр хэлбэл эрх хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны актын улмаас зөрчигдсөн этгээд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж түүнийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг. Гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг даалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нар тохирох шийтгэл гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4 заасан төрийн албанд 10 жилийн хугацаанд буцаж орохгүйгээр халах гэдэг талаар үндэслэж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Энхжаргал нь халах асуудал нь хохирол биш юм байна. 20 хувиар цалингийн хэмжээ бууруулах нь зөв юм гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Тохирсон шийтгэл гэдгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд өөр өөрөөр тайлбарлаж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг харгалзан үзэх зүйтэй байх.

Маргааны хувьд 2016, 2017 онуудын маргааныг тайлбарлаж ярьж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Энэ зохицуулалтаар Баянхонгор аймгийн Засаг даргад өнөөдрийн маргаж байгаа зүйлтэй холбогдуулан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа.  2018 оны 7 сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамж нь Г.Б уруу чиглэж гарсан захиргааны акт байгаа. Ерөнхий сайдын захирамжтай холбогдуулаад Баянхонгор аймгийн Засаг даргаас нэхэмжлэл гаргаж маргаагүй хууль биелүүлж ажиллаагүй хаалттай сануулах сахилгын шийтгэл үндсэндээ хүлээн зөвшөөрч тус акт өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр болсон. Ерөнхий сайдын 133 дугаар захирамж нэхэмжлэгч этгээдрүү чиглэсэн захиргааны акт биш байгаа. Захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа талаар харгалзан үзэх нь зүйтэй байх. Мөн нэхэмжлэгч нарын ямар эрх сэргэх талаар тодорхой харагдахгүй учраас нэхэмжлэгч нар маргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно гэж заасан. Ерөнхий сайдын гаргасан шийдвэрүүд хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2019 оны 4 сарын 15-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Гурван шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 8 сарын 17-ны өдрийн Б/578 дугаар захирамж гарган Ж.Г-ийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлаар томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, 5.140.570 төгрөгийг түүнд олгож тус тус биелүүлсэн бөгөөд дээрх байдлаар түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол сэргэсэн тул хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх үйл баримт үндэслэлгүй.

“...Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан зохицуулалт нь сонгох санкци бүхий хэм хэмжээ тул Ерөнхий сайдын зүгээс хуулийн заалтад заасан шийтгэлээс чухам алийг нь сонгон ногдуулах нь түүний бүрэн эрхийн асуудалд хамаарна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэн, энэ талаар хариу мэдэгдсэн байхад миний гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэсэн нь үндэслэлгүй байна.

 “...Ж.Г нь Төрийн албаны тухай хууль болон Авилгын эсрэг хуульд зааснаар өмнөх албан тушаалдаа эгүүлэн томилогдсоноос хойш 30 хоногийн дотор өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтанд ирүүлэх үүрэгтэй байсан боловч хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан тул Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2 дахь хэсэгт заасны дагуу түүнд 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/705 дугаар захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар 30 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан.

Дээрхээс үзэхэд МУ СДаас ирүүлсэн хариу нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдсан гэдэг нь эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2019 оны 5 сарын 29-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан албан тушаалтанд шийтгэл оногдуулахыг үүрэг болгосон боловч чухам ямар шийтгэлийг сонгон оногдуулах нь тус зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар дээд шатны захиргаанд олгосон бүрэн эрхийн асуудал юм. Энэхүү хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд МУ СДаас 2018 оны 7 сарын 9-ний өдрийн 133 дугаартай захирамжаар “хаалттай сануулах” шийтгэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д оногдуулсан.

Эс үйлдэхүй гэдэг нь Захиргааны Ерөнхий хуулийн 37.3 дах хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

Гэтэл ерөнхий сайд нь хуульд заасан чиг үүргээ биелүүлсэн буюу Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан байхад дээрх байдлаар эс үйлдэхүй болохыг тогтоолгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан Ерөнхий сайд нь Баянхонгор аймгийн Засаг даргыг эрх зүйн зөрчилтэй акт гаргасан гэж үзэж түүнд хаалттай сануулах шийтгэлийг оногдуулсан бөгөөд өөрөөр хэлбэл нэгэнт шийтгэл ногдуулсан байхад дахин шийтгэл оногдуулахыг даалгахаар шаардаж байгаа нь “нэг үйлдэлд нэг удаа шийтгэл оногдуулна” гэх шударга ёсны зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дах хэсэгт заасан “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц2019 оны 6 сарын 10-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 “...Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хэд хэдэн нэхэмжлэгч хамтран нэхэмжлэл гаргаж болохоор заасан боловч нэхэмжлэгч Б.И, Д.Б, Ц.И нар нь тухайн захиргааны акт нь эрх зүйн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байснаар тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгааг нэхэмжлэлдээ тодорхой тусгах ёстой.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ МУ СДын зүгээс Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д “хаалттай сануулах” шийтгэл ногдуулснаар нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа мэтээр, ерөнхий байдлаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасан шаардлагад бүрэн нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тусгаагүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу нэхэмжлэл ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, буцааж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2019 оны 10 сарын 8-нд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...МУ СДаас 2018 оны 7 сарын 9-ний өдөр 133 дугаар захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг, 105.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд “хаалттай сануулах” шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэлд дурдсан эрх зөрчилтэй акт гаргасан албан тушаалтанд нэгэнт хариуцлага хүлээлгэсэн байхад дахин “цалинг зургаан сар, хорь хүртэл хувиар бууруулах” шийтгэлийг оногдуулахаар шаардаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “... Нэхэмжлэгч нарын хувьд ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай болсны үндсэн дээр сахилгын шийтгэл авсан. Шүүхийн шийдвэрийг тухай бүрт нь биелүүлж байсан. Г.Б-ын хувийн үзэмжээр биелэгдэхгүй зүйл байхгүй. Ажилгүй байх хугацааны цалин олгохгүй удаасан гэдэг нь төсөвт энэ талаар төлөвлөөгүй зардал учраас боломжгүй байгаа талаар тухай бүр Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулж байсан. Энэ талаар Хууль зүйн яам болон Сангийн яаманд хүсэлт гаргаж байсан. Үүний дагуу 2018 оны 10 сарын 04-ний өдөр хууль зүйн сайдын тушаал гарч нэхэмжлэгч нарын ажилгүй байх хугацааны цалин олгосон. Ажилд томилохгүй удсан нь санаатай үйлдэл биш юм. Хаалттай сануулах шийтгэлийг эс үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Шийтгэл оногдуулсан байхад тохирох шийтгэлийг оногдуулна уу гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэг үйлдэлд хоёр удаа шийтгэл оногдуулж болохгүй гэсэн зарчмыг зөрчиж байна. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр хэлсэн дүгнэлтэндээ:  “...Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй гэж заасан байдаг. Төрийн албан хаагч ч гэсэн мөн адил эрх тэгш эрхтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Б.И, Д.Б, Ц.И нарын нэхэмжлэлтэй, МУ СДад холбогдох 128/2018/0508/з индекстэй хэрэгт, Ж.Г-ийн нэхэмжлэлтэй МУ СДад холбогдох 128/2019/0129/з индекстэй хэргийг нэгтгэсэнээр[1] нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар, нэхэмжлэгч Б.И, Д.Б, Ц.И нарын “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д МУ СДын оногдуулсан “хаалттай сануулах” шийтгэл хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэл ногдуулахыг МУ СДад даалгах” гэх, нэхэмжлэгч Ж.Г-ийн “Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан арга хэмжээ аваагүй нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасан арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбартай харьцуулан үзэж, маргаан бүхий акт болон хууль бус эс үйлдлийн талаар дүгнэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.И нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           Тэмдэглэхэд, нэхэмжлэгч Ц.И нар нь 2019 оын 4 дүгээр сарын 30-ны өдөр[2] нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж ирүүлсний хоёр дахь шаардлага буюу  “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуульд заасан тохирсон шийтгэл ногдуулахыг МУ СДад даалгах” гэснийгээ шүүх хуралдаан дээр “Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэл ногдуулахыг МУ СДад даалгах” хэмээн тодруулсан, түүнчлэн нэхэмжлэгч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр[3] нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж ирүүлсэн шаардлагуудаасаа “Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.2-т заасны  дагуу тухай албан тушаалтны цалинг 6 сар 20 хүртэлх хувиар бууруулах арга хэмжээ авах хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

   Шүүх ийнхүү нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан нь Н.Энхжаргалд олгогд сон итгэмжлэлийн[4] эрхийн хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх бүрэн эрхийг олгосон ба ингэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгогдсон гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нь гуравдагч этгээдийн болон бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн Арван нэгдүгээр бүлэг, 105-107 дугаар зүйлд хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх харилцааг зохицуулсан ба Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д: “эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д: “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна”, мөн хуулийн 105.2-т: “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гээд 105.2.1: “хуудь биелүүлж ажиллахыг нээлттэй болон хаалттай сануулах”, 105.2.2: “албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 105.2.3: “ажлаас халах”, 105.2.4: “нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэжээ.

Тэгэхээр нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрх дээр дурдсанаар буюу Захиргааны ерөнхий хуулийн 107.1-д зааснаар үүссэн. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа, мөн нэхэмжлэгч нарын ямар эрх сэргэх талаар тодорхойгүй,  нэхэмжлэгч нар маргах эрхтэй этгээд биш, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулах боломжгүй” гэх тайлбарууд үндэслэлгүй, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байх” урьдчилсан нөхцөл үүссэн байхыг шууд шаардахгүй, харин захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны оролцогч болохынхоо хувьд гомдол гаргаснаар эхлэх урьдчилсан нөхцөлтэй байна.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхийн тулд мөн хууль, зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан урьдач нөхцлүүд болох маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон байх, тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчил байх гэхчлэн нөхцөл байдлууд тогтоогдсон байхыг хуульчилжээ

Тэгвэл, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.И нарын тухайд.

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0037 дугаар шийдвэрээр[5] Баянхонгор аймгийн Засаг даргын Б/634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.И-ийг Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар эгүүлэн томилж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинд 15.771.833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0007 дугаар шийдвэрээр[6] Баянхонгор аймгийн Засаг даргын Б/688 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Б-г Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар эгүүлэн томилж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинд 7.112.460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэ шүүхийн шийдвэрийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0453 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 408 дугаар тогтоол тус тус гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0029 дүгээр шийдвэрээр[7] Баянхонгор аймгийн Засаг даргын Б/199 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.И-г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинд 5.642.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0823 дугаар магадлалаар хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Г-ийн тухайд.

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0028 дугаар шийдвэрээр[8] Баянхонгор аймгийн Засаг даргын Б/129 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Г-ийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын ажлын албан тушаалд эгүүлэн томилж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинд 5.140.570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэ шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0857 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор тус тус хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ж.Г-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 0254 дүгээр шийдвэр[9]-ээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 10.812.244 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан эдгээр баримтууд /шүүхийн шийдвэрүүд/ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасанд хамаарч, эдгээрийг дахин үнэлж нотлохгүй, харин захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, ийнхүү зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон талаар нотолж, тогтоосон шүүхийн шийдвэрүүд байна.

Ийм учраас эдгээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтууд нь нэхэмжлэгч нараас одоо шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой, нэхэмжлэгч Ц.И нар нь эрх зүйн зөрчилтэй албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 105.2.1-т зааснаар хаалттай сануулах шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар, нэхэмжлэгч Ж.Ганцэцэгийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан арга хэмжээ аваагүй нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгохоор шаардлагаа тодорхойлж маргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Идэрмөнх нарын зүгээс  2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр[10] Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан арга хэмжээ авахуулахаар Ерөнхий сайд У.Х-д хандсан ба тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын гарын үсэг бүхий 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  ХЭГ/749, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Б-ийн гарын үсэг бүхий 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн  ХЭГ/763 хариуг тус тус хүргүүлж байжээ.

Нэхэмжлэгч Ж.Г нь “Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан арга хэмжээ авч өгнө үү” хэмээн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр[11] Ерөнхий сайд У.Х-д хандсан ба хариуг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 12 дугаар сарын 06-ны ХЭГ/2677 тоотоор[12] хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгч Ц.И нар нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандсан, тэдний нэхэмжлэлээр Ерөнхий сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн ба ийнхүү хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ерөнхий сайд У.Х-ийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамж гарсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д: “Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон дараах нөхцөл байдлыг харгалзана”, 106.1.1: “зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар”, 106.1.2: “санаатай үйлдсэн эсэх”, 106.1.3: “давтан үйлдсэн эсэх”, 106.1.4: “ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй” гэж зохицуулснаар хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2125 албан бичгээр[13] ирсэн нийт 46 хуудас нотлох баримт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ХЭГ/1286 албан бичигт[14] дүгнэлт хийхэд, түүнчлэн захиргааны зөрчилтэй шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарт 44.480.087 төгрөгийг хохиролд тооцож, төсвөөс гаргуулахаар шийдвэрлэснээс үзэхэд, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан байна, ийнхүү зөрчилтэй шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтын дагуу бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх Захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлж гараагүйгээрээ маргаан бүхий хариуцагч Ерөнхий сайдын захирамж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар 37.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г-ийн хуульд заасан эрхээ хамгаалуулахаар хандсан гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулснаараа хариуцагч Ерөнхий сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг шүүхээс тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д: “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” хэмээн зааснаар эрх зүйн зөрчилтэй албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг даргад ямар төрлийн хариуцлага хүлээлгэх нь хариуцагч Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал байна.

Иймд нэхэмжлэгч Ц.И нарын “Засаг дарга Г.Батжаргалд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэл ногдуулахыг МУ СДад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын 105.2.4 буюу “нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэл оногдуулах гэснийг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан албан тушаалтан захиргааны шийдвэр гаргахдаа ямар алдаа гаргасныг өөрийн эрх хэмжээний хүрээнд шалган тогтоож, уг зөрчилд хариуцлага хүлээлгэн, Захиргааны ерөнхий 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шийтгэлүүдээс аль тохирохыг оногдуулахыг шүүхээс даалгав.

Хариуцагчийн сонгох боломжийг хязгаарлаж, шүүх захиргааны албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилаж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ хэдийгээр нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэж буй боловч, Б.И, Д.Б, Ц.И нар тус бүртээ өөрсдийгөө нэхэмжлэгчээр тодорхойлон маргаж байгаа учраас дээрх хуулийн зохицуулалтын дагуу урьдчилж тэмдэгтийн хураамж төлөх байсан ба ийнхүү төлөөгүй дутуу төлбөрийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулахаар зааж шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э “... Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.2-т заасны дагуу албан тушаалын цалинг зургаан сар хүртэл 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, МУ СДын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Ерөнхий сайдын Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Засаг даргад “Захиргааны ерөнхий хуулийн 105.2.4-д заасан арга хэмжээ авахыг даалгах” гэснийг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан арга хэмжээ авахыг буюу тохирох шийтгэл ногдуулахыг хариуцагч МУ СДад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И нар болон нэхэмжлэгч Ж.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 нийт 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.И нарт 70200, нэхэмжлэгч Ж.Г-т 70200 төгрөг тус тус олгуулж, нэхэмжлэгч Б.И, Д.Б, Ц.И тус бүрээс 46800 төгрөг нийт 140400 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          У.БАДАМСҮРЭН

                                                                    ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР

                                                                    ШҮҮГЧ                           Д.ХАЛИУНА


[1] Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хэргийг нэгтгэх тухай” 128/ШЗ2019/7153 дугаар шүүгчийн захирамж.

[2] Ц.Идэрмөнх нарын нэхэмжлэлтэй 2-р хавтаст хэргийн  93-95-р хуудас

[3] Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийн 191-193-р хуудас

[4] Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийн 7-р хуудас

[5]  Ц.Идэрмөнх нарын нэхэмжлэлтэй 1-р хавтаст хэргийн 48-70-р хуудас

[6] Ц.Идэрмөнх нарын нэхэмжлэлтэй 1-р хавтаст хэргийн 83-88-р хуудас

[7] Ц.Идэрмөнх нарын нэхэмжлэлтэй 1-р хавтаст хэргийн 92-96-р хуудас

[8] Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хавтаст хэргийн 14-19-р хуудас

[9] Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хавтаст хэргийн 81-82-р хуудас

[10] Ц.Идэрмөнх нарын нэхэмжлэлтэй 1-р хавтаст хэргийн 119-120-р хуудас

[11] Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийн 20-р хуудас

[12] Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийн 21-р хуудас

[13] Ц.Идэрмөнх нарын нэхэмжлэлтэй 2-р хавтаст хэргийн 33- р хуудас

[14] Ц.Идэрмөнх нарын нэхэмжлэлтэй 2-р хавтаст хэргийн 141-р хуудас