Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05828 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ти Си Ди” ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Г.Сүхбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Жаргалсайхан

Хариуцагчийн төлөөлөгч: А.Мөнхтүвшин

Хариуцагчийн өмгөөлөгч: П.Баярмагнай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би хариуцагч компанитай 2011 онд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, байрыг 43 000 доллараар авахаар тохирсон. Гэрээнд зааснаар байрны төлбөрийг 4 удаагийн төлөлтөөр төлөх байсан.Би эхний 3 төлөлтийг цаг тухайн үед нь графикийн дагуу төлж байрны төлбөрийн 90 хувийг төлж дуусгасан. Хамгийн сүүлийн төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр байсан. Гэтэл байрны гэрчилгээ тэр үед гараагүй, байр ашиглалтанд бүрэн ороогүй байсан. Байрандаа 2013 оны 1  дүгээр сард орсон. 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сүүлийн мөнгөө өгөх ёстой байсан боловч гэрчилгээ гараагүй учир өгөх боломж байгаагүй. Учир нь би гэрчилгээ гарахаар барьцаанд тавиад зээл аваад төлье гэсэн боловч байр ашиглалтанд ороогүй. Мөнгө бэлэн байсан боловч хэл ам гараад гэрчилгээ гарахгүй, байрны засвар хийгдээгүй учир би төлбөрөө төлөөгүй.Манайх байрандаа засвар бүрэн хийгдээгүй байхад орсон учир засвараа бүрэн хийж өгөхийг хариуцагч байгууллагаас хүссэн боловч засвар хийж өгөөгүй. Тиймээс засварын мөнгө 3 963 800 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөр 10 хувиас хасч тооцохоор тохирсон. Мөн метр квадратын зөрүү 684 200 төгрөг, алданги 282 500 төгрөгийг 10 хувиас хасч өгье гэж хариуцагч байгууллагын захиралд хэлсэн боловч хасч өгөөгүй. Би 10 хувийн төлбөрөө тухайн үеийн буюу гэрээ хийх үеийн Монгол банкны ханшаар тооцоод үүнээс засварын мөнгө 3 963 800 төгрөг, квадрат метрийн зөрүү 684 200 төгрөг, алданги 282 500 төгрөгийг хасаад зөрүү 736 212 төгрөгийг төлөөд, байрны гэрчилгээгээ гаргуулж авах хүсэлтэй байна, мөн намайг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, The hill side pesidences хотхоны D дугаар байрны 9 давхарын 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Сүхбаатар “Ти Си Ди” ХХК-ийн The hill side pesidences хотхоны 9-В байрны 9 давхрын 2 тоот 43 метр квадрат орон сууцыг захиалж 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 0/40 дугаартай орон сууц борлуулалтын гэрээ байгуулсан. Ингэхдээ 1 м.кв талбайг 1 000 доллараар буюу 43 м.кв талбайг 43 000 ам.доллараар тохирсон.Тухайн үеийн ханшаар 16 303 930 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 1 275 ам.доллароор 1 736 800 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, мөн 12 823 000 доллар буюу 16 898 660 төгрөгийг төлж 10 хувь үлдсэн, орон сууцыг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгасан боловч хариуцагч тал хугацаанаас хэтэрч 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан. Нэхэмжлэгчийн хувьд одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй. Үлдэгдэл 10  хувийг бүрэн төлөх боломжтой байсан. Орон сууцанд орсоны дараа үлдэгдэл төлбөрөө тухайн үе буюу гэрээ хийсэн үеийн ханшаар төлье гэсэн боловч хариуцагч тал одоо үеийн ханшаар төл гэдэг шаардлага тавьсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үеийн ханш гэдэг нь үүрэг үүссэн үеийн ханш буюу 1 317.84 ам.доллар буюу 5 666 712 төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс нэхэмжлэгч нь хариуцагч компанитай ярилцаж тохиролцоод засварын мөнгө 3 963 800 төгрөг, квадрат метрийн зөрүү 684 200 төгрөг, алданги 282 500 төгрөгийг 10 хувийн төлбөрөөс хасч тооцохоор хариуцагч байгууллагын захирал бичиг хийж өгсөн байдаг. Үүний дагуу дээрх мөнгийг хасаад үлдэгдэл нь 736 212 төгрөг бөгөөд энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд “Ти Си Ди” ХХК-ийн The hill side pesidences хотхоны 9в байрны 9 давхрын 2 тоот 43 метр квадрат орон сууцны гэрчилгээг гаргуулж, жинхэнэ өмчлөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. ...Тус байранд нэхэмжлэгч 3 жил амьдарч байна. Гэтэл байрны гэрчилгээ одоо хүртэл гараагүй. Компанийн зүгээс тус байр нь нэхэмжлэгчийн өмч гэдэг талаар маргадаггүй боловч үлдсэн 10 хувийн төлбөрийг ямар ханшаар тооцож төлөх талаар маргадаг.Хуулиар доллараар гэрээ байгуулахыг хориглодог. Гэхдээ бид энэ талаар маргахгүй, харин үүрэг үүссэн үеийн ханшаар тооцоод төлье гэж байгаа.Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөрийг 90 хувиас дээш төлсөн бол 5 хувь хөнгөлнө гэсэн боловч энэ заалтаа яагаад хэрэгжүүлэхгүй байна” гэжээ. 

Хариуцагч “Ти Си Ди” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Бидний хооронд хийгдсэн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний дагуу Г.Сүхбаатар 9 148 000 төгрөг төлөхөөс алданги 282 500 төгрөг, метр квадратын зөрүү 684 200 төгрөгийг хасаж 8 463 800 төгрөг төлөх байсныг Г.Сүхбаатартай харилцан тохиролцож 3 963 800 төгрөгийг хасаж өгөхөөр болж, 4 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасан. Манайх Г.Сүхбаатартай ярилцаж эцсийн үлдэгдэл болох 4 500 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгов.Г.Сүхбаатар 2013 онд өөрийн дураар, компаниас зөвшөөрөөгүй байхад байрандаа нүүж орсон. Г.Сүхбаатарыг гэрээний үүргээ биелүүлэхийг хүсэж үлдэгдэл 10 хувь болох 4 273 ам.долларыг төлбөр хийх үеийн Монгол банкны ханшаар төлөхөөр, мөн байрны метр квадратын зөрүүг хасаж үлдэгдэл төлбөр 8 463 800 төгрөгийг, мөн 2013 оноос өнөөдрийг хүртлэх үлдэгдэл төлбөр төлөөгүй үеийн алданги 4 714 000 төгрөг бүгд 13 177 800 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Г.Сүхбаатарын хүсэлтийн дагуу D байрны 902 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 43 метр квадратаар гарах боломжгүй, 42,69 метр квадратаар гарах боломжтой” гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сүхбаатар гэрээнийхээ үлдэгдэл 10 хувийг өгчихвөл гэрчилгээ гарахад бэлэн байгаа. Төлбөрөө төлөөгүй хэдэн айл л үлдсэн. Бусад айлууд бүгд гэрчилгээгээ авчихсан. Гэрчилгээ гарахад асуудал байхгүй. Нэхэмжлэгч 10 хувийн төлбөрөө төлөөгүй учир гэрчилгээ гарахгүй байгаа. Төлбөрөө төлчихвөл манай байгууллагаас өр төлбөргүй гэсэн бичиг хийгээд үл хөдлөх эд хөрөнгийн газарлуу явуулаад уг байрны гэрчилгээ Г.Сүхбаатарын нэр дээр гарах боломжтой. Манай компани нэхэмжлэгчтэй харилцан ярилцаад квадрат метрын зөрүү 684 200 төгрөг, байрыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй алданги 282 500 төгрөгийг төлөөгүй үлдэгдэл 10 хувийн төлбөрийг одоо үеийн Монгол банкны ханш болох 4 273 ам.доллар 9 048 108 төгрөгөөс хасаад үлдэх 8 463 800 төгрөг төлвөл байрны гэрчилгээг гаргаж өгч болно гэж тохирсон байгаа” гэжээ.

 

Хариуцагч “Ти Си Ди” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч А.Мөнхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компани Г.Сүхбаатартай 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Хилл сайд хотхоны тухайн үеийн D байрны 2 дугаар орцны 9 давхарын 2 тоотод байрлах, 43 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 43 000 ам.доллараар барьж гүйцэтгэхээр тохирсон. Г.Сүхбаатар 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 20-ны хооронд байрны 90 хувийн төлбөр 38 469 ам.долларыг төлсөн, үлдэгдэл 10 хувь буюу 4 273 ам.долларыг байраа хүлээн авсны дараа, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө төлөхөөр талууд тохирсон. Г.Сүхбаатар гэрээнд заасан байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөлгүйгээр, компанийн зөвшөөрөлгүйгээр 2013 оны 1 дүгээр сард дур мэдэн байрандаа орсон. Тухайн үед орон сууцны хотхоны барилга ашиглалтад орж дулаан, цахилгаан авч цэвэр бохир усны шугам ашиглалтад орсон байсан ч улсын комисс албан ёсоор авч акт гаргаагүй байсан. Иймд Г.Сүхбаатарыг үлдэгдэл 10 хувийн төлбөрөө төлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авах шаардлага тавьсан боловч хэл ам хийж үлдэгдэл төлбөрөө төлөхгүй  байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичгийг төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байгаа. Г.Сүхбаатар нь ам.долларын ханшийн зөрүү, алданги, засвар үйлчилгээний төлбөр зэргийг хасуулж байж үдэгдэл төлбөрийг төлнө гэж маргаад байсан учир манай компанийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Г.Сүхбаатарын хүсэлтийг хүлээн авч гэрээгээр дүгнэж тооцоо нийлсэн. Энэ тооцоо нийлсэн баримтаар байрны үлдэгдэл төлбөр 9 148 000 төгрөгөөс Г.Сүхбаатарын хүсэлтийн  дагуу тодорхой төлбөрүүдийг хасч 4 500 000 төгрөгийг байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрт Г.Сүхбаатар манайд төлөхөөр болж харилцан тохиролцсон боловч Г.Сүхбаатар өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд хэрэв дээрх төлбөрийг төлсөн нөхцөлд бидний зүгээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхөд асуудал байхгүй. Иймд Г.Сүхбаатараас байрны үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би “Ти Си Ди” ХХКомпанитай орон сууц борлуулалтын гэрээ байгуулж, 42 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг 1 000 ам.доллар, нийт 43 000 ам.доллар байхаар тохиролцсон. Гэтэл “Ти Си Ди” ХХКомпани гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, чанаргүй материалаар барьсан гэж хэл ам гарсан. Мөн барилгыг зургийнх нь дагуу анх захиалахад хүүхдийн тоглоомын талбайтай байсан боловч бодит байдал дээр хүүхдийн тоглоомын талбайгүй байсан. Би гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлөлгүйгээр, компанийн зөвшөөрөлгүйгээр 2013 оны 1 дүгээр сард байрандаа орсон тухай үед орон сууцны хотхоны барилга ашиглалтад орж, дулаан, цахилгаанаа авч, цэвэр бохир усны шугам ашиглалтад орсон байсан ч улсын комисс албан ёсоор хүлээж аваагүй байсан нь барилгын тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна.Би үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөхгүй байсан нь “Ти Си Ди” ХХКомпани 4 300 ам.долларыг одоо үеийн буюу долларын ханш дээд цэгтээ хүрсэн үеийн ханшаар бодож авах гэж байгаа зөвшөөрөхгүй байгаа тул үлдэгдэл төлбөрийг тухайн үеийн буюу үүрэг үүссэн үеийн ханшаар төлөхөд татгалзахгүй” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ззасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхарын 2 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг “Ти Си Ди” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Сүхбаатараас 700 630  төгрөгийг гаргуулан “Ти Си Ди” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 799 370 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Г.Сүхбаатарын төлсөн 70 200 төгрөг, “Ти Си Ди” ХХКомпанийн төлсөн 86 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Сүхбаатараас 21 365 төгрөг гаргуулан “Ти Си Ди” ХХК-д, Ти Си Ди ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан Г.Сүхбаатарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Манай компани нь нэхэмжлэгч Г.Сүхбаатартай 2011 оны 09 сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх” гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр “Хилл сайд” хотхоны тухайн үеийн D байрны 2 дугаар орцны 9 давхарын 2 тоотод байрлах 43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 43 000 ам.доллараар барьж гүйцэтгэхээр талууд тохирсон. Г.Сүхбаатар нь 2011 оны 09 сарын 29-ний өдрөөс 2012 оны 04 сарын 20-ны хооронд байрны 90 хувийн төлбөр 38 469 ам.долларыг төлсөн байдаг. Байрны үлдэгдэл төлбөр 10 хувь буюу 4 273 ам.долларыг байраа хүлээн авсны дараа, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө төлөхөөр талууд тохирсон.

Манай компани 2012 оны 08 сарын 31-ний өдөр дээрх хотхоныг ашиглалтад оруулсан. Ингээд гэрээ байгуулсан айлуудаас үлдэгдэл төлбөрийг авч өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгч байгаа.

Г.Сүхбаатар нь гэрээнд заасан байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөлгүйгээр компаний зөвшөөрөлгүй 2013 оны 01 сард өөрөө дур мэдэн хүчээр байранд орсон. Тухайн үед орон сууцны хотхоны барилга ашиглалтанд орж дулаан болон цахилгаан авч, цэвэр бохирын шугам ашиглалтад орсон байсан ч улсын комисс манай хотхоныг албан ёсоор хүлээн авсан акт гаргаагүй байсан.

            Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичгийг төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. Г.Сүхбаатар манай компанид хандаж “би одоо үлдэгдэл төлбөрт 4 500 000 төгрөг төлөөд байрныхаа гэрчилгээг авмаар байна” гэдэг санал тавьсан бөгөөд манай компанийн удирдлага ярилцаад саналыг хүлээн авч 2016 оны 09 сарын 02-ны өдөр Г.Сүхбаатар эцсийн байдлаар тооцоо хийсэн.

            Энэхүү тооцоо нийлсэн баримтаар байрны үлдэгдэл төлбөр 9 148 000 төгрөгөөс Г.Сүхбаатарын хүсэлтийн дагуу тодорхой төлбөрүүдийг хасч 4 500 000 төгрөгийг байрны үлдэгдэл 10 хувийн төлбөрт Г.Сүхбаатар манай компанид төлөхөөр болж бид харилцан гарын үсэг зурсан.

            Г.Сүхбаатар тооцоо нийлсэн баримтанд засвар үйлчилгээний төлбөр гэж 3 963 800 төгрөгийг хассан нь бодит байдал дээр нэхэмжлэгчийн яриад байгаа ам.долларын ханшийн зөрүүний төлбөр байсан. Учир нь манай компани БНХАУ-ын төрийн өмчийн компани бөгөөд бид өөрсдөө дур мэдэж байрны төлбөрөөс ханшийн зөрүү гэж хасах боломж байхгүй. Энэхүү ханшийн зөрүүг тухайн үед засвар үйлчилгээний зардал гэдэг нэрээр оруулсан.

            Бидний барьж ашиглалтад оруулсан төсөл нийт 388 айлын орон сууцны барилга бөгөөд эдгээр айлуудаас Г.Сүхбаатар шиг үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэж маргаж байгаа хүмүүс байхгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөрөө төлөлгүй 3 жил болсон асуудал нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Г.Сүхбаатар нь үлдэгдэл 10 хувийн төлбөрөө 2012 оны 08 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр байсан. Тухайн үед төлсөн бол ам.долларын ханшийн зөрүү гарахгүй байх боломж байсан бөгөөд төлбөр гүйцэтгэх хугацаа өнгөрсөн байхад Иргэний хуулийн дээрх заалтыг үндэслэл болгож байгаа нь буруу юм.

Мөн шүүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон. Иргэний эрх зүйн харилцаа, үүний дотор гэрээ байгуулсан хоёр тал өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний үнийн талаар харилцан тооцоо нийлж үлдэгдэл төлбөрөө баталгаажуулан гарын үсэг зурсан баримт үйлдсэн байхад шүүх талуудын тооцоо нийлсэн баримтын доторх агуулгад ямар нэг дүгнэлт өгч гэрээ байгуулсан талуудын дотоод асуудалд орж шийдвэр гаргах шаардлага байгаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 3 799 370 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан манай компанид олгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь хариуцагч “Ти Си Ди” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “The hill side pesidences” хотхоны D байрны 9 давхрын 2 тоот, 43 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Г.Сүхбаатараас орон сууцны үлдэгдэл төлбөр 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №040 дугаартай “Орон сууц борлуулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь дээрх орон сууцыг 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтанд оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ 43 000 ам.долларыг хуваарийн дагуу төлж, орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон, гэрээний дагуу орон сууцын төлбөрийн 90 хувийг төлж, 2013 оны 01 дүгээр сард орон сууцыг хүлээн авсан, орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоох тухай үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Талуудын байгуулсан гэрээний 1.3-т “...захиалагч тал төлбөрийг 100 хувь төлсний дараа орон сууцыг хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 4 273 ам.доллар төлөөгүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үнийн дүнгийн үлдэх 10 хувийг гаргуулах талаарх хэсгийг хангаж, орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй. 

 

            Харин шүүх нэхэмжлэгчийг гэрээний үндсэн дээр өмчлөх эрх олж авсан гэж дүгнэсэн атлаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах талаар зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу боловч давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

            Түүнчлэн хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх эрх бүхий этгээд биш байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, хариуцагч “Ти Си Ди” ХХК-иас маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгэх, гэрчилгээ гаргуулахтай холбоотой “Ти Си Ди” ХХК-иас хамааралтай нотлох баримтуудыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

            Хэргийн 16 дугаар талд авагдсан “Тодорхойлолт” гэх баримтад талууд орон сууцны үлдэгдэл төлбөрийг 4 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон ба боловч нэхэмжлэгч уг хэлцлээс татгалзсан, хариуцагч уг хэлцлийг цуцалсан тайлбарыг тус тус гаргасан тул уг хэлцлийн дагуу нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хариуцагч нь шаардах эрхгүй байна. 

 

            Харин нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10 хувь буюу 4 273 ам.долларыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ти Си Ди” ХХК-д төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь монгол төгрөгийн гадаад улсын валюттай харьцах ханш өөрчлөгдөх тохиолдолд хамаарахгүй юм. Иймд ам.долларыг тооцохдоо үүрэг үүсэх үеийн ханшийг баримтлан төгрөгөөр гүйцэтгэх үүргийг тодорхойлох ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар болон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            Иймд хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөр ханшийн зөрүү 1 ам.долларыг 2 140.88 төгрөгөөр тооцож үлдэгдэл 10 хувь болох 4 273 ам.доллар буюу нийт 9 147 980 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх ба үүнээс хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зардал болох 4 930 500 төгрөгийг хасч тооцвол нэхэмжлэгч Г.Сүхбаатарын орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг 4 217 480 төгрөгийн хэмжээгээр тогтоогдож байх тул уг үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 282 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05828 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо The hill side pesidences хотхоны D байрны 9 давхрын 2 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр Г.Сүхбаатарыг тогтоож, хариуцагч “Ти Си Ди” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай Г.Сүхбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...700 630...” гэснийг “...4 217 480...” гэж “...3 799 370...” гэснийг “...282 520...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...21 365 төгрөг...” гэснийг “...82 430 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Ти Си Ди” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 800 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Э.ЗОЛЗАЯА

 

                            ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН