Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                       

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Д-н Б-т холбогдох эрүүгийн 2117000000115 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 15-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машинист мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 1, Г аймгийн С сумын 3 дугаар баг Б ......... тоотод албан ёсны хаягтай, Г аймгийн С сумын 3 дугаар баг Б-ны  дугаар гудамжны ............. тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, 

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 390 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 05 жил 03 сарын хугацаагаар тогтоосон,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан, эдлэх ялыг бүгд 05 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж оногдуулсан 05 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 02 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 07 жил 03 сарын хугацаагаар тогтоосныг биечлэн эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт эдлэх хорих ялыг 02 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны тэнсэн сулласан 01 жил 08 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 03 жил 08 сар 12 хоногоор тогтоосныг биеэр эдэлж байгаад 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,  

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 жил 07 сарын хугацаагаар тогтоосныг биечлэн эдэлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулиар дүйцүүлэн суллагдсан,

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор /2015 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /2021/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б-н цагдан хоригдсон 324 хоногийн 1 хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож нийт 324 хоногийг түүнд оногдуулсан ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 11 хоногийг хугацаагаар тогтоосон гэх И овогт Д-н Б /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 2-211 тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохих, биеийн бусад хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, толгойн духны хэсгийн шарх, зүүн хөлийн өсгий ясны хугарал бүхий хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн 2117000000115 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Гэртээ 21 цагийн үед би унтах гэж байсан. Хашааны хаалга цоожтой, гэрийн хаалга онгорхой байсан. Удалгүй манай гэрт нэг согтуу хүн орж ирсэн. Орж ирчихээд танайд хоноё, ажил дээр хонох гэсэн чинь хонуулахгүй байна гэж орж ирсэн. Би тэр хүнийг огт танихгүй. Өмнө нь манай хашаанд орж ирээд архи ууж байсан гэдгийг нь санаж байна. Таны төрсөн өдөр болж байгаа гэж ажилчдаасаа мэдсэн гэсэн. Чи тэгвэл хоол идчихээд баруун орон дээр гараад унтаарай гэсэн. Тэр өдөр манай найз, дүү нар ирж магадгүй гээд надад нэг шил архи байсан. Тэрийг би гаргаж өгөөд хамт сууж уусан. Би гадуур хонох газаргүй хүн байна гэж бодоод гэртээ хонуулсан. Би гэртээ хамаагүй хүн хонуулдаг хүн биш. Миний гаргаж ирсэн Соёрхол гэх архийг жоохон ууж байгаад унтах болсон. Тэр архинаас их уугаагүй. Намайг шөнө 4 цагийн үед унтаж байхад миний нуруу руу хүн нударсан уу эсхүл өшиглөсөн үү мэдэхгүй миний утас хаана байна гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ энэ гэрт чи бид хоёроос өөр хүн байгаагүй. Би чамайг гэртээ хонуулж байж гар утсыг чинь авна гэж байхгүй гэхэд өвгөн минь би чамайг цохиж ална гээд байсан. Би болортой нүд рүүгээ цохиулахгүйн тулд цаашаа ор луу түлхсэн. Тэр ор луу түлхэгдээд буцаж босож ирэхдээ тэнцвэр алдаад пийшэн мөргөсөн. Би тэгэхээр нь чи гэмтчихлээ эмнэлэг юм уу цагдаа дууд гэхэд үгүй би өөрөө уначихсан юм чинь танд хамаагүй гээд цагдаа эмнэлэг дуудаагүй. Тухайн үед пийшэн мөргөөд толгойгоо хагалчихсан болохоор би толгой дээр нь нойлын цаас тавиад усаар шавшиж өгчихөөд чи утсаа олсон уу чи утсаа сайн хайгаад үз гээд тэр хайсан боловч олоогүй. Би ороо нааш нь сайн татаж үзэхэд орны араар утсаа унагаачихсан байсан. Тэр өөрөө орны араас утсаа олж авчихаад унтчихсан. Өглөө 7-8 цагийн үед тэр намайг унтаж байхад гэрээс явчихсан байсан. Тэр өдөр өөрийнхөө гутлыг бас хайгаад байсан. Дараа нь би гутлыг нь олж өгөөд маргааш нь гутлаа ирээд аваад явсан. Тухайн өдөр ийм л үйл явдал болсон. Би толгойноос нь цус гараад байхаар нь эмнэлэг цагдаа дуудая гэхэд дуудуулаагүй гэв.

           

1.2.  Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Би Сүмбэр сумын 3 дугаар баг, Гандангийн баруун талын хашаанд баригдаж байгаа 2 давхарын барилгын ажилд туслах ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр орсон. Орохдоо барилга бариулж байгаа хүнтэй амаар цалин хөлсөө ярьж тохироод шавар зуурах болон бусад туслах ажилд туслахаар болсон юм. Гэрээ байгуулаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би хамт ажиллаж байсан 3 хүний хамт баригдаж байгаа барилгын арын эгнээнд байх Б гэх айлд очсон. Надтай хамт орсон хүмүүс түүнийг таньдаг гээд орсон. Би хамт дагаад орсон. Гэрт нь ороход Б ганцаараа байсан бөгөөд тэдний хашаан дотор нь Н, Т, Ж, Б бид 5 хоёр шил архи уухад би Б-тай танилцсан. Өмнө нь таньдаггүй байсан. 2 шил архи уучихаад бүгдээрээ гараад би гэртээ харьсан. Маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би барилга дээр ажил дээрээ ирчихээд шартчихсан байсан болохоор ажлаа хийлгүй, хонхорт 8-р байранд Улаанаатай хамт 1 шил архи уусан. Тэгээд гэртээ харьчихаад эргэж ажил дээрээ 19 цагийн үед ирэхэд ажилчид ажлаа хийж байсан бөгөөд Нараа надад Б-н төрсөн өдөр нь өнөөдөр болж байгаа гэж хэлсэн. Би хонхороос ажил дээрээ ирэхдээ тал шил 0.5 литрийн Хараа архитай ирсэн. Талыг Хонхорт гэртээ уучихсан байсан. Б-н төрсөн өдөр гэж сонсчихоод баригдаж байсан барилга дээрээс ганцаараа гараад тэдний гэрт ороход Б гэртээ ганцаараа байсан. Монгол гэрт амьдардаг бөгөөд хаалгыг нүдэхэд тэр өөрөө хаалгаа нээж өгсөн. Тэгэхээр нь би орж болох уу, таны төрсөн өдөр гэж сонсоод ирлээ гэхэд ор ор гээд намайг гэртээ оруулсан. Тэгээд тал шил Хараа нэртэй архиа бид хоёр хувааж уусан. Тэдний гэрийн баруун хэсэгт сууж байгаад уусан. Намайг ороход Б архи уусан согтуу байсан бөгөөд гэрт нь хэн ч байгаагүй. Тэгээд тал шил архи уугаад дуустал Б гэрийнхээ баруун хойд хэсгээс нэг шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд тэр архийг задлаад дээрээс нь ганц нэг татаад сууж байтал миний баруун орон дээр нь тавьсан байсан гар утас алга болчихсон байсан. Тэгэхээр нь би түүнээс миний гар утас хаана байна, гаргаад өгчих гэж түүнд хэлэхэд тэр уурлаад би юу гэж чиний гар утсыг авч байдаг юм гэж хэлээд намайг гэрийн баруун орон дээр сууж байхад миний толгойны зулайн зүүн хэсэг орчимд цохиод авсан. Тухайн үед яг юугаар цохисныг нь бол мэдээгүй. Цохиулаад би манарсан. Түүнээс гар утас хаана байгаа талаар асуугаад сууж байтал Б гэнэт уурлаад л миний толгой руу анзаараагүй байхад цохиод авсан. Уг нь тэдний гэрэл асаалттай байсан. Цохиулсны дараа миний толгойноос буюу түүний цохисон хэсгээс их хэмжээний цус гараад дух нүүр рүү урссан. Тэгэхээр нь би түүнд яаж байгаа юм бэ гэж хэлээд гэрээс гарах гэтэл миний гутлыг тэр нуучихсан байсан. Би тэднийд орж ирээд гутлаа тайлаад баруун урд хэсэгт тавьчихсан байсан юм. Тэгээд би түүнд гэртээ харьлаа гээд гарах гэтэл чамайг гаргахгүй цагдаа дуудвал ална шүү гээд хаалгаа дотроос нь түгжчихээд байсан. Би архи уугаад нилээн согтсон байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаад байгаа юм. Тэгээд гаргахгүй болохоор нь дахиад өөрийнхөө гар утсыг хайхад Б надад чиний гар утас чинь энэ байна шүү дээ гээд баруун орны доор хайж байгаад гаргаж ирсэн. Гар утас орон дээрээс доошоо уначихсан юм билээ. Тэгээд би гар утсаа түүнээс авчихаад гэртээ харъя гэсэн чинь тэр гэрээс гаргахгүй хаалга дотроос нь түгжчихээд чамайг цагдаа дуудвал ална шүү гээд байсан. Би түүнд уучлаарай ахаа, би утсаа олчихлоо гэртээ харъя гэхэд чи муу намайг утасны хулгайд сэрдлээ, би хулгай хийдэг хүн биш гээд намайг гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Миний зүүн хөлийн шагайнаас доош тэр гуталтай хөлөөрөө намайг гуталгүй байхад өшиглөөд байсан. Тэгээд тэр намайг ерөөсөө явуулахгүй байсан. Чи явах юм бол цагдаад дуудлага өгнө гээд явуулахгүй байсан. Би цагдаад дуудлага өгөхгүй гэж зөндөө гуйсан боловч явуулахгүй байсан. Тэр задлаад үлдсэн байсан архиа ганцаараа өөрөө уугаад улам согтоод над руу агсраад байсан. Би тэгээд тэднийд хоноод маргааш өглөө нь тэднийхээс гутлаа өмсөлгүй гарч зугтаад баригдаж байгаа барилга дээр ажил дээрээ очсон. Ажлаасаа гутал олж өмсөөд гэртээ хариад өргөдөл бичиж цагдаад өгсөн. Эмнэлэг орж үзүүлж толгойдоо оёдол тавиулсан. Миний толгой руу яг юугаар цохисныг мэдэхгүй. Утсаа хайгаад байж байтал тэр гэнэт хүчтэй цохисон. Архины шилээр цохисон байх гэж бодож байна. Миний толгой хагарсан байсан. Гараар цохиход тэгж хагарахгүй байх гэж бодож байна. Миний толгойг цохиж хагалсны дараа толгой дээр ус хийгээд 00-н цаас наагаад цусыг цэвэрлэж өгсөн. Түүнд зодуулсны улмаас баруун долоовор хуруу атгаж болохгүй хөндүүр орж хавдсан, толгойн зулай хэсэгт хагарч 3 оёдол тавиулсан. Зүүн хөлийн шагайны доод хэсэгт хавдсан, хөндүүртэй, баруун далны доод хэсэгт хатгуулж өвдөөд байна. Зүүн баруун талын бөөр өвдөнө. Миний биед учирсан гэмтлүүдийг Б учруулсан. Би тэднийд очихдоо зүв зүгээр байсан.

Б намайг цагдаад өгсний дараа надтай уулзаад ах нь бугуйн гавтай ял эдлэж байгаа хүн 2 жилийн ялтай байгаа. Хэрэв чиний энэ асуудал шүүхээр орвол ах нь шоронд орно. Тийм учраас өргөдлөө буцаагаад авчих гомдолгүй гээд хэлчих, 12 сарын 1-нд группээ авахаараа хэдэн төгрөг өгье гэж хэлсэн. Би бас эсрэг гомдол гаргавал чи өөрөө хохирно шүү, ах нь бол хуулиа мэднэ гээд байсан. Эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээний зардал болон бусад зардлыг Баас нэхэмжилнэ. Эмчилгээний төлбөр мөнгөө авчихвал ямар нэгэн гомдол байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 4-5 дугаар хуудас),

 

1.3. Гэрч Я.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт барилгын ажил хийхээр бригадаараа 7-лаа ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө манайд ажиллаж байсан Б гэх Чойрын залуу ажилдаа ирэхдээ архи үнэртүүлчихсэн халамцуу ирсэн. Тэгэхээр нь би түүнд чи согтуу байна, согтуу хүнээр ажил хийлгэхгүй явж амар гэж хэлээд явуулсан бөгөөд тэр өдөр нь ажил дээрээ ирээгүй, орой 22 цагийн үед Б эргэж ирээд ажил дээр хоночихъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чи энд хонож болохгүй. Гэртээ харьж амар гэж хэлээд явуулсан. Тэр ирэхдээ өглөө ирсэнтэй адилхан халамцуу архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгэхэд манай ажлын Н болон бид нар хоорондоо Б-н төрсөн өдөр өнөөдөр болж байгаа юм билээ гэж ярьж байхыг Б сонссон. Бид Б-г ажил дээрээ хонуулахгүй гэхэд тэр гараад явчихсан. Хаашаа явсныг мэдэхгүй. Тэгж ирэхдээ бие хаа нь зүгээр, ил харагдах шарх гэмтэлгүй байсан. Манай барилга дээр тэр хэн нэгэнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Тэгээд маргааш өглөө нь 8.30 цагийн үед Б ажил дээрээ хүнд зодуулчихлаа гээд хувцас хунар болон нүүр ам нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад хэнд хаана зодуулснаа надад хэлээгүй, ажил дээр ирж нэг гутал өмсчихөөд харьлаа гээд явсан. Тэр өдөр зодуулчихлаа гээд ирэхдээ гуталгүй оймстой ирсэн. Түүнээс 2-3 хоногийн дараа түүнтэй уулзахад барилгын арын гудманд байдаг Б-т зодуулсан гэж надад хэлсэн. Намайг зуух руу унасан гэж яриад байна лээ, тэр өвгөн цохиж зодсон л байхгүй юу гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас),

 

1.4. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 344 дугаартай дүгнэлтэд:

- Э.Б-н биед зүүн хөлийн өсгий ясны далд хугарал, тархи доргилт, толгойн духны хэсэгт шарх, зүүн мөрөнд, өвчүүнд, 2 далны хооронд, баруун бугалганд, баруун гарын 2-р хурууны угт, зүүн бөөрний байрлалд, баруун бөөрний байрлалд, зүүн хөлийн тавхайн дотор доод хэсэгт тус тус цус хуралт, духанд, аюулхайд зулгаралт гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.11.15-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн хөлийн өсгий ясны далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Толгойд духны хэсгийн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн мөрний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Өвчүүний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Хоёр далны хоорондох цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун гарын 2-р хурууны угийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн бөөр орчмын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун бөөр орчмын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн хөлийн тавхайн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Духны зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Аюулхайд зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 16-17 дугаар хуудас),

 

1.5. Хохирогч Э.Б-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 1 дүгээр хуудас),

 

            1.6. Хохирогч Э.Б-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-ийн 18-24 дүгээр хуудас),

 

1.7. Хохирогч Э.Б-н гаргасан хохирлын баримт (хх-ийн 46 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохих, биеийн бусад хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, толгойн духны хэсгийн шарх, зүүн хөлийн өсгий ясны хугарал бүхий хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Батчимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Б-н хувьд зүйлчлэлийг зөвшөөрөөгүй. Гэм буруугийн асуудлаар маргаж байгаа. Шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Мөн энэ хэрэг дээр зөвхөн хохирогч Э.Б, гэрч Я.Ш-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр яллаж байгаа нь учир дутагдалтай байна. Иймд шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд ”би Э.Б-г зодоогүй, тэр манайд орж ирэхдээ нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Би урьд нь дандаа өмчийн эсрэг гэмт хэргээр ял шийтгүүлж байсан. Би хүн зоддог хүн биш...” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 2-211 тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохих, биеийн бусад хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, толгойн духны хэсгийн шарх, зүүн хөлийн өсгий ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Б, гэрч Я.Ш нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 344 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд “...миний толгойны зулайн зүүн хэсэг орчимд цохиод авсан. Тухайн үед яг юугаар цохисныг нь бол мэдээгүй. Цохиулаад би манарсан. Түүнээс гар утас хаана байгаа талаар асуугаад сууж байтал Б гэнэт уурлаад л миний толгой руу анзаараагүй байхад цохиод авсан... ...чи муу намайг утасны хулгайд сэрдлээ, би хулгай хийдэг хүн биш гээд намайг гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Миний зүүн хөлийн шагайнаас доош тэр гуталтай хөлөөрөө намайг гуталгүй байхад өшиглөөд байсан...” гэж мэдүүлдэг ба уг мэдүүлэг нь гэрч Я.Ш-ын “...Тэгээд маргааш өглөө нь 8.30 цагийн үед Б ажил дээрээ хүнд зодуулчихлаа гээд хувцас хунар болон нүүр ам нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад хэнд хаана зодуулснаа надад хэлээгүй, ажил дээр ирж нэг гутал өмсчихөөд харьлаа гээд явсан. Тэр өдөр зодуулчихлаа гээд ирэхдээ гуталгүй оймстой ирсэн...” гэх мэдүүлэг болон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 344 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдтэй тохирч байх тул шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Д.Б-н үйлдлийн улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролын аль хүнд хэсгээр нь хохиролыг тооцож зүйлчилсэн нь зөв байна. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-д хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Б нь шүүгдэгч Д.Б-аас эмчилгээний зардалд 1 016 000 /нэг сая арван зургаан мянга/ төгрөг нэхэмжилснээс эмнэлгийн байгууллагад үзүүлсэн зардал болох 50 000 /тавин мянга/ төгрөг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Баас 50 000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Харин хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (хх-ийн 42 дугаар хуудас),

 

2.2. Шүүгдэгч Д.Б-н эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49 дүгээр хуудас),

 

2.3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 85-87 дугаар хуудас),

 

2.4. Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 52-55 дугаар хуудас),

 

2.5. Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-ийн 56-58 дугаар хуудас),

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 59 дүгээр хуудас),

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 62-63 дугаар хуудас),

 

2.8. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-71 дүгээр хуудас),

 

2.9. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 380 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 72-74 дүгээр хуудас),

 

2.10. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 79-83 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 хоногийн ялыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 жил 2 хоног хорих ял болгож уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоох саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр маргасан учир өмгөөлөгчийн зүгээс хэлэх санал байхгүй. Гэхдээ хувийн байдлыг нь харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа дүгнэлтэд дурдсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Д.Б-н хувийн байдалд дүгнэлт хийхэд тэрээр урьд нь 7 удаа эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байсан бөгөөд өөрийнхөө засрал хүмүүжилд дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул улсын яллагч болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн;” гэж заасан ба энэ нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан байна. Мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солино.” гэж заажээ.

            Гэтэл шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж уг ялаа эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх тул түүнд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б-д “чамайг гаргахгүй. Гарвал чи цагдаад дуудлага өгнө” гэж хэлэн гэрээсээ гаргалгүй түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгаагүй ба хувийн байдлын тухайд урьд нь 7 удаа ял шийтгүүлсэн, түүнчлэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

            Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Б-н хорих ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч И овогт Д-н Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2, 170.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-т Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            6. Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б+аас 50 000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгож, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Д.Б-н хорих ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

   9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ