| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2022/0006/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/09 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-ийн А-д холбогдох 2217000000005 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн А /РД:ЗН/, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн .......... тоотод оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 137 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Отэй архидан согтуурч байхдаа хүүхдээ харж чаддагүй гэх шалтгаанаар харилцан маргалдан хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр гэрт 0.75 литрийн савалгаатай 1 шил архи уусан, багийн өдөрлөг дээр олуулаа 3-4 шил архи уусан, манай эхнэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би болсон үйл явдлыг хагас дутуу санаж байгаа. Эхнэрийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд бэлнээр 500 000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хүүхдээ харж хандахгүй байгаагаас болж маргаан үүссэн. О нь хүүхэддээ анхаарал тавихгүйн улмаас энэ тэнд байгаа ирмэгтэй зүйл рүү унаад толгойгоо хөдөлгөх асуудал гардаг. Манай хүүхэд 1 нас гарантай. Одоо эхнэр бид хоёр тусдаа амьдарч байгаа. 600 000 төгрөг торгоно гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэв.
2. Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр малчдын шинэ жил болж 22 цагт дуусч гэртээ өөрийн нөхөр А, бэр эгч Д-гийн хамт ирээд Агийн ах Х, эгч О нарыг дуудаж 0,75 литрийн савалгаатай 1 шил Болор нэртэй архи уугаад талдаа орж байтал А гэнэт босож ирээд ууж байсан Болор архийг газар цохиж хагалаад намайг чи хүүхдээ харж чаддаггүй гэх зэргээр над руу дайраад агсраад байхаар нь би босоход эгч Оюунцэцэг нь миний ард сандал дээр сууж байгаад араас миний 2 гарыг бариад авсан. А миний хоолойг 2 гараараа багалзуурдаж байгаад баруун гараараа зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд намайг унагаж байгаад 2 гараараа миний цээж, толгой, ар дагз, хавирга хэсэгт олон удаа цохисон. А нь тогтмол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсан тавьдаг учир надад хэцүү байдаг. Намайг зодсон асуудалд би гомдолтой байна. Би Агээс 500 000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12, 14, 17-18 хуудас/
3. Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн төрсөн дүү Агээс идэш авах зорилгоор Говьсүмбэр аймагт ирээд гэрт ороход эхнэр О нь шинэ жилд орсон гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Болор нэртэй архи ууж байсан. Гэрт нь А, О, Д, О, авто тээвэрт ажилладаг гээд нэг хүн байсан. Би авто тээвэрт ажилладаг хүнийг Хонхорт гэрт нь хүргэж өгөөд ирэхэд Агийн дээр О гараад суучихсан ноцолдоод маргалдаад байж байхаар нь дундуур нь ороод тэр хоёрыг салгаж Аг аваад хөдөө гэрлүү нь явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
4. Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4 дүгээр багийн шинэ жилийн баярт ороод 22 цагийн орчимд А-ийн гэрт ирээд бид нар 0,75 литрийн савалгаатай Болор архи хуцааж уугаад талдаа орж байх үед А О нар хүүхдээ яриад муудалцаад эхэлсэн. А- О нар муудалцаж байгаад босоод ирэхээр нь би А бариад О- О-ийг бариад авсан. Гэтэл А миний гарыг тавиулаад О-ийг барьж аваад орон дээр хэвтэхэд би гараад явсан. Хоорондоо зууралдаад ноцолдоод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
5. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “О их согтсон байсан учраас унтуулах гээд орон дээр хэвтүүлэхэд үглээд элдвийн юм яриад байсан. Тэгээд гэнэт босоод А- хоёр удаа цохиод авсан. Тэр үед би салгах гээд дийлээгүй. Би гэрээс нь гараад гэр лүү явсан. Сүүлд нь А ирээд Х-тай хамт хөдөө гэр лүүгээ явлаа, О-ийн нүд рүү нь цохичихсон юм шиг байна гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
6. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “О-ийн биед 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийхэд толгойн ар хэсэг, дагз хэсгээр ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. Ж.Оийн нүдэнд гэмтэл учруулахад тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44-45 хуудас/
7. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтэнд: Ж.Оийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун бугалганд, зүүн тохой, цээжинд баруун 6-8-р хавирга орчимд, баруун хөлийн шагай хэсгээр тус тус зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 12 дугаар сарын 19-нд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн тохой орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл, цээжинд баруун 6-8-р хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 34-35 хуудас/
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-8 хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 87 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Д.А нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 137 тоотод байрлах гэртээ эхнэр Ж.Отэй архидан согтуурч байхдаа хүүхдээ харж чаддагүй гэх шалтгаанаар харилцан маргалдан хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг олон удаагийн үйлдлээр цохиж бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Д.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Агийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.О, гэрч Д.Х, Ц.Д, Д.О нарын мөрдөн шалгах ажидллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.
Мөн шүүгдэгч Д.А нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хүсэлтийг нь хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч хоорондоо гэр бүлийн асуудлаар хэрүүл маргаан үүсгэн өөр хоорондоо зууралдан зодолдсоноос үүдэлтэй байна.
Шүүгдэгч Д.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Д.А нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Аг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, өөрийгөө хянах чадваргүй үедээ хохирогчид халдаж олон тооны шарх гэмтэл учруулсан байдал зэргийг тус тус харгалзаж улсын яллагчаас гаргасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: Би Агээс 500 000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Д.Аг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА