Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0008/Э |
Дугаар | 2022/ШЦТ/05 |
Огноо | 2022-01-03 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Пт холбогдох эрүүгийн 2138002720613 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Шивээ багийн төв” гэх газарт Мурона загварын 23-60 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б хэсэг, 3.7 дугаар зүйлийн А хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Оий биед хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2138002720613 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.П нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 23-60 ХӨН улсын дугаартай Мурона загварын тээврийн хэрэгсэл жолоодон Хөвсгөл аймгийн Их Уул сумаас Мөрөн сумын чиглэлд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б хэсэг, 3.7 дугаар зүйлийн А хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Их Уул сумын Шивээ багийн “Шивээ багийн төв” гэх газарт гүүрний сэвээнд цохигдон замаас гарч, замын хажуу талын цагаан бетонон шон мөргөж, онхолдон зорчигч Б.Оий биед хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пийн өгсөн: “Санаандгүй байдлаар явж байгаад болсон асуудал юм. Миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: Осол гарсан газар нь Хөвсгөл аймгийн Их Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Шивээ багийн төв” гэх нэртэй газарт Булган аймгаас Мөрөнгийн чиглэлийн асфальтан зам дээр Хөвсгөл аймгийн Их Уул сумаас Мөрөнгийн чиглэлд зорчиж явсан Мурона загварын 23-60 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойд зүгт далай хэсэг рүү онхолдсон... байв гэх тэмдэглэл /хх-ийн 11-14 тал/,
Эрх бүхий албан тушаалтны “хэргийн газрын үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 тал/,
Зам тээврийн ослын газарт нөхөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23-р тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уийн өгсөн: “...Манай хүү Оэ 2021 оны 10 дугаар сарын 22-ны үдээс хойш 16 цагийн үед ажил дээр байхад ирээд үеийнхэнтэйгээ уулзана оройтож магадгүй шүү ээж та эгчийнд хоноорой гэж хэлсэн. .. Өглөө 06 цагийн үед тэр осол болсон газрын дэлгүүрт ажилладаг Б над руу залгаад ярихдаа: Оэ энд машинтай осол орчихсон байна. Хоёр нь хүнд, хоёр нь гайгүй юм шиг байна гэж хэлсэн. Энд цагдаа, сумын эмч нар ирчихсэн байна. Эндээс эмч нар аваад шууд аймаг руу явахаар болчихлоо гэдгийг хэлсэн. ... Тэгээд эмнэлгийн машинтай осол болсон газарт ирэхэд бүгдийг нь гуанзанд оруулчихсан. Оийн баруун эрүүнд, Бын дух хэсэгт нь оёдол тавьж байсан. П, Л нар бол биеийн байдал гайгүй, орон дээр сууж байсан. Ингээд эмч нар тэр дөрвийг аваад аймаг руу гарсан. Оэ замд явж байхад амь нь тэмцээд байхаар нь Боо эмчээр нэг тариа хийлгэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж шинжилгээ өгсөн. Шинжилгээ өгч дуусаад 1 дэх өдрөөс хариу нь гарна гээд дундын бүсийн өрөөнд очиж хэвтсэн. Дундын бүсэд хэвтэж байхад мэс заслын эмч үзээд дахин шинжилгээ өгсөн. Шинжилгээний дүгнэлтээр тархи няцралтай, нүүр нь тэр чигээрээ хөх алаг, уушги унжилттай, 6 дугаар хавирга хугаралтай гэсэн оноштой байсан. Уушгины унжилт нь эмчилгээ хийгээд гайгүй болсон болохоор хагалгаанд ороогүй. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 13 хоног хэвтээд гарсан. Одоо гэртээ эмчийн хяналтад хөдөлгөөнгүй байлга гэсэн... Одоогоор ой санамж нь алдагдсан. Хамт явсан хүүхэд нараа танихгүй. Осолд орсноо ерөөсөө санахгүй байна. Осол орсныг нь асуухаар нь юу яриад байгаа юм гээд уурлаад байгаа. Энэ жолооч Пийг гэрт орохоор нь хамт яваад осол орсноо ерөөсөө санахгүй. Сайн уу гэхээр сайн гэж хэлчихээд л юу ч санахгүй байгаа. Осолд орсныг нь шууд хэлэх юм бол ухаан санаанд нь муугаар нөлөөлж магадгүй гэж эмч зөвлөсөн болохоор хэлэхгүй байгаа. Би эмчээс аваарт орсон гэж хэлээд утсаар ярихаар Оэ ээж одоо юугаа яриад байгаа юм, аваарт орсон гэнэ үү гэж хэлээд байгаа юм. Осолд орсноо бол бүр санахгүй, мэдүүлэг өгөх чадваргүй байгаа... Б над руу залгаад ярихдаа л машинтай явж байгаад замын хажуу руу онхолдсон гэдгийг л хэлсэн. Намайг очиход машин нь замын хажуу онхолдчихсон л байсан. Машиныг хэн барьж авсныг Поос асуухад би өөрөө жолоодож явсан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
Гэрч П.Дийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 03 цагийн үед гэртээ унтаж байхад гаднаас Оэ, Бааска, Жангаа, Цэхээнээ гэх залуучууд согтуу орж ирсэн. Манай гэрт орж ирээд удаагүй 10 гаруй л минут болсон байх, тэд нарыг ээж загнаад хөөгөөд гаргасан. ..Тэд нар манайд удаагүй дөнгөж орж ирээд л гараад явсан. Тэд нартай хамт явсан Оэ гэх залуу бол манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд юм. Бусад нь түүний найзууд нь юм... Тэд нар согтуу биш гайгүй л харагдсан. Тэд нар хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би тэд нарыг явахад гэрээс гарч хэн машин жолоодож, барьж явахыг бол хараагүй болохоор мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
Гэрч Л.Лгийн өгсөн: “...Өчигдөр орой П, Б, Оэ нарын хамт Их-Уул сумын төвд таньдаг эгчийндээ архи уусан. Тэгээд нэлээд согтсон байсан. Нэг мэдэхэд машинд жолооч Пийн хажууд суугаад засмал замаар явж байсан. Хойд суудалд Оэ, Б нар сууж явсан. Би хаачих гээд явж байснаа санахгүй байна. Согтсон байсан. Тэгээд явж байтал манай машин дайвалзах шиг болоод замын хажуугийн далан руу давсан. Тэгээд би машин дотор байж байхад П намайг машинаас гаргасан. Оэ, Б нар гадаа байсан гэсэн. Машинаас гараад П бид хоёр ойрхон айлд очиж эмч дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,
Гэрч Б.Бын өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний оройн 18-цагийн үед найз Бийн гэрт очсон. Бийн гэрт Бтэй архи уусан. Тэндээ архи ууж сууж байгаад шөнийн 22 цагийн үед Л найз ирсэн юм. Б, Л бид гурав архи ууж сууж байгаад шөнийн хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тэр үед хашааны ар талд гудамжинд машинтай хоёр хүн ирчихсэн том том дугаралцаад байхаар нь хашаанаас гараад очиход П, Оэ нар согтуу хоорондоо маргалдаад байгаа байдалтай зогсож байсан. Тэр хашааны үүдэнд байсан айл руу ороход Хишгээ гэдэг айлынх байсан. Тэр айл руу бүгдээрээ орсон уу? Би ганцаараа орсон уу гэдгээ сайн санахгүй байгаа юм. Тэр айлаас гараад машинд суугаад явснаа ч мэдэхгүй байгаа. Би архи их уусандаа тасралттай л байсан юм шиг байгаа юм. Нэг мэдсэн чинь П л дуудаад байсан. Ухаан ороод сэрэхэд хээр хэвтэж байсан. Тэгээд харахад надаас 10 гаруй метрийн цаана, далангийн хажуу руу онхолдож, эвдрэл үүссэн машин харагдаж байсан. П намайг дуудчихаад гуанзны айл руу Л нар явцгаасан. Тэгээд мэдэхгүй буцаад л ухаан алдаад уначихсан юм шиг байсан. Гуанзны хүн намайг машинтай ирж авсан. Хэвтэж байсан газартаа хэр удаан байсныг мэдэхгүй байна. Тэр хүний гуанзанд байж байхад л эмч ирсэн байх. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд л ухаан орсон. Шинжилгээ өгөхөд тархи, толгойны гэмтэлтэй гэж эмч хэлсэн. Аймгийн эмнэлэгт 7 хоног хэвтээд эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад гэртээ харьж хоёр хоноод Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явсан. Хотод очоод шинжилгээ өгөхөд тархины гэмтэл, нүд, хамрын хугаралтай байна гэж хэлсэн... Би өөрөө архи их ууж тасарчихсан явсан болохоор мэдэхгүй байна. Поос яах гээд осол гарсан газар луу явсныг асуухад архи авахаар Шивээ багийн төв рүү явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,
Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Тухайн үед намайг үзэх үед биеийн байдал харьцангүй гайгүй, ухаан санааны хувьд орон гаран асуултад үнэн зөв хариулах чадваргүй байсан.... Оий эмчилгээний байдлаас хамаарч үнэн зөв мэдүүлэг өгнө. Цаашид ухаан санаа энэ чигээрээ байх нь мөн адил эмчилгээнээс хамаарна. Эмчилгээ муу бол энэ чигээрээ ч үлдэж магадгүй... Би энэ дүгнэлтийг гаргасан. Бас П болон бусад хүмүүсийн биед үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгээ надад хэлсэн. Харин над руу шинжилгээнд илгээсэн цуснаас спирт илрээгүй. Миний бодлоор цусыг тухайн хэрэг болсон гэх цагаас хойш 1-2 цагийн дараагаар авсан байж болох юм. Энэ хугацаанд эмчилгээ тариа хийгдээд спирт цуснаас арилсан байж болно гэж бодож байна... Одоо шинжилгээ хийхэд спирт илрэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50, 52-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 526 дугаартай: “...Б.Оий биед цээжний битүү гэмтэл болон тархины эдийн няцрал, гайморын өмнөд хана, зүүн шанаа ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Б.Оий биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-д тус тус зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-62-63 тал/,
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн: “...Ниссан мурона маркийн 2360 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”...гэсэн заалт, 2. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалт, 3. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4,Б-д “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. 5. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...” гэх магадлагаа /хх-ийн 97-98-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдийн 170 дугаартай: “...Иргэн Б.Пийн биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 86-р тал/
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89-92-р тал/,
Шүүгдэгч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...2021 оны 10 сарын 22-нд оройны 20 цагийн орчимд Оэ намайг найзындаа байна чи энд хүрээд ирээч гэжхэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн 2360 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийгунаад Оийн найзынд очсон. Тэгээд Оийн найзынд архи хувааж ууж байгаад оройны 22 цагийн үед Оэ бид хоёр тэр айлаас гараад явсан. Тэгээд Оэ бид хоёр Их-Уул сумын засмал зам дагуу байдаг цайны газар орж архи аваад Оэ бид хоёр миний машинд авсан архиа хувааж уусан. Архиа ууж дуусахад шөнийн 02 цаг болж байсан байх. Тэгээд би машинаа унаад Оэтэй хамт Хишгээ гэдэг айлын гадаа очоод байж байхад урдаас Л, Б хоёр гараад ирсэн. Тэгээд Оэ бид хоёр Л, Б хоёртой хэсэг юм сууж байгаад бид дөрөв Шивээ баг руу явсан. Миний санаж байгаагаар засмал зам дээр жоохон хурдтай явж байгаад гүүрний сэвээн дээр цохиулж жолоодлогогүй болж замын хажуу талын цагаан бетонон шон мөргөж замын хажуу тал руу унасан байсан. Тэгээд осолд орсныхоо дараа би хамт явж байсан хүмүүсээ дуудаад дараа нь Л бид хоёр замын хажуу талд байсан цайны газар орж эмч дуудуулсан... Миний санаж байгаагаар 110 км/ц хурдтай явж байсан... Хишгээ гэдэг нь Оийн хамаатны хүн байгаа юм. Тэгээд унтах гэж очсон... Л жолоочийн эсрэг талын урд суудалд, Оэ, Б хоёр хойно сууж байсан... Жолоо бариад 6-7 жил болсон байх. В ангиллын жолооны үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-р тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шинжээч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч Б.Пийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.П нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзлээ.
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн магадлагаагаас үзэхэд зам тээврийн осол гарахад шүүгдэгч Б.П нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэн, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.
Шүүгдэгч Б.П нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Пийн үйлдэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хүндрүүлэх шинжийг асугуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Пийг нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23-60 ХӨН улсын дугаартай Мурона загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б хэсэгт заасан “автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэгт заасан “согтууруулах ундаа... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хурдыг ...тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Шивээ багийн төв гэх газарт зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Оий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Пийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оий биед хүнд хохирол учирч эмчилгээний зардалд 4865000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүгдэгч 2.000.000 төгрөгийг төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нь Птын зүгээс 2 сая төгрөг өгсөн болно. Цаашид гарах болон үлдсэн эмчилгээний зардлыг харилцан тохиролцсон тул хүү Б.Оэ болон миний зүгээс гомдол санал байхгүй гэх эвлэрлийн гэрээг бичгээр илэрхийлсэн /хх-ийн 155 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гомдол саналгүй байхгүй, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.Пийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Пийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Пийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.П нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт оршин суудаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 111-118 дугаар талд авагдсан, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Пийн 1223809 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.П нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Пт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Пт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Пт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Б.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ут 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн 2138002720613 дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Пийн 1223809 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН