Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0001/Э |
Дугаар | 2022/ШЦТ/01 |
Огноо | 2021-12-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 2115002810316 дугаартай, 163/2022/0001/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт О-ын Э, Улаанбаатар хотод 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, *** оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй, урьд 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 06 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:,,,/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг, ... амралтын газарт хохирогч О.Э нүүрэн тус газар цохиж баруун хөмсөг хэсэгт язрал бүхий гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2115002810316 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг, ... амралтын газарт хохирогч О.Э нүүрэн тус газар цохиж баруун хөмсөг хэсэгт язрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Олонбаярын Э*******аас гаргасан Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... амралтын баазад 2021 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө зүс таних хүмүүст зодуулсан... гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогч О.Э өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Улаанбаатар хотоос эхнэр, 2 хүүхдийн хамт тэмцээнд оролцохоор Орхон аймгийг зорьж 17 цагийн үед Булган аймгийн Хангал сумын ... амралтын баазад ирж байрласан.... тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэмцээн дуусаж 21 цагийн үед хүлээн авалт бүжиг болж шөнийн 01 цагийн үед тарсан. 05 цагийн үед Д******* 08 тоот өрөөнд орно гэхээр нь би дагаж ороход Эрдэнэбаяр гэдэг залуу унтаж байхаар нь би зургийг дараад гарах гэхэд тухайн өрөөнд байсан гурван залуу намайг цохиж хөшиглөөд удалгүй миний баруун хөмсөгнөөс цус гарахаар нь салаад Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж баруун хөмсөг орчим 8 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,
Гэрч Т.*******ын өгсөн: Тэмцээндээ орж чадалгүй тэмцээнээ үзэж байгаад орой нь байрласан 8 тоот өрөөндөө өөрийнхөө хүмүүстэй хэдэн пиво ууж байгаад ******* гэдэг хүүхэнтэй Д******* Э******* нарын байсан өрөөнд орж юм ярьж байхад Д******* уурлаад “танай өрөөнийхөн юу гээд байна, одоо орж ална” гээд гараад ирэхээр нь би яах гэсэн юм хөгшөөн гээд зууралдаад манай 8 тоот өрөөнд ороход манай өрөөний хүмүүс унтаж байсан Д*******, Э******* ах дээр очоод дээрээс нь дарж сэрээгээд зууралдаад ноцолдоод эхлэхээр нь тэнд байсан хүмүүс салгахад Э*******ын нүдний хөмсөгнөөс цус гарахад зодолдож байсан хүмүүс болиод эмнэлэг рүү явуулсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Гэрч Б.*******ын өгсөн: Уянга хаалга тайлж өгөөд өрөөнд ороход Д*******, *******, Э*******, Э******* нар орж ирээд Д******* Э******* ах руу очоод босоод ир гээд маргалдаад нэг харахад зодолдож байсан.... удалгүй Э******* намайг цохичихлоо гээд духнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч Б.*******ын өгсөн: Тухайн үед тэнд байсан хүмүүс салгаж байхад Э******* гаднаас цагаан аяга барьж орж ирээд мөн Эрка ахтай маргалдаж Эрка ах босож ирээд Э*******ыг 2-3 удаа цохиж духаараа мөргөсөн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч А.Э*******ын өгсөн: Удалгүй хүмүүс орилохоор нь гүйгээд очиход урдаас Д******* цээж нүцгэн миний хажуугаар зөрөөд явсан. Би цааш 8 тоот өрөө рүү ороход Э*******ын хөмсөгнөөс цус гарсан байхаар нь цусыг нь тогтоох санаатай цаас наасан удалгүй Э******* эмнэлэгт үзүүлэхээр явсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай:
1. О.Э биед баруун хөмсөгний дээр сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хуучин гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь 2021 оны 11 сарын 07-нд үүссэн байх боломжтой.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Баруун хөмсөгний дээр сорви нь тухайн үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
Шүүгдэгч О.Э-нмөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Би Хангал сумын ... амралтын газар тэмцээнд оролцохоор явсан. Тэгээд ... амралтад тэмцээнд ороод орой 22 цагийн үед тэмцээн дууссаны дараа бид нар өрөө өрөөндөө амрахаар болоод би өөрийн амарч байсан өрөөнд эхнэр болон багийн 4 тамирчинтайгаа амрах гээд унтахынхаа өмнө хоол унд идэх гээд ширээн дээр хоол ундаа тавьчихсан мөн хэдэн шил пиво тавьчихсан сууж байсан чинь гаднаас нэрийг нь зүс таних бусдыг танихгүй 3-аас 4 залуу нэлээн согтуу орж ирээд хамт суух уу? гэхээр нь би таньж мэддэггүй хүмүүстэй суудаггүй юм тэглээч та нар согтуу байна гэж хэлсэн чинь өө за за харна гэж хэлээд гараад явсан. Тэгээд бид нар хоол ундаа идчихээд амраад унтаж байсан чинь нэг хүн намайг цохих шиг болохоор нь сэрээд хартал оройны зүс таних Давка гэх залуу миний унтаж амарч байсан орны хажуу талд байхаар нь би орноос боссон чинь зүс танихгүй дараа нь нэрийг мэддэг болсон Э******* гэх залуутай маргалдсан. Тэгээд маргалдаад Э*******ын нүүр хэсэгт 2 цохиод нэг удаа мөргөсөн чинь бид хоёрыг Э*******тай хамт орж ирсэн залуучууд салгаад Э*******ыг аваад гарсан гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаагаар 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Хангал сумын ... амралтын газарт Бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн болсон ба уг тэмцээнд шүүгдэгч О.Э , хохирогч О.Э нар оролцохоор очсон байна. Оройн 21 цагийн үед тэмцээн дуусаж, хүлээн авалт бүжиг болж шөнийн 01 цагийн үед тарсан ба тамирчид өөр, өөрсдийн өрөөнд орж амарцгаасан бөгөөд хохирогч О.Э нь өрөөндөө Д*******, Э******* нартай пиво ууж суугаад 05 цагийн үед Д******* нь 08 тоот өрөөнд оръё гэхэд нь дагаж ороход Д******* нь О.Э ыг сэрээж зууралдаж ноцолдох үед О.Э нь тэднийг салгах гэж О.Э тай барилцаж зууралдах явцад Э*******ын нүүр хэсэг рүү О.Э нь 2-3 удаа гараараа цохиод нэг удаа мөргөсний улмаас баруун хөмсөг хэсэгт язрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч О.Э*******, гэрч Т.*******, Б.*******, Б.*******, А.Э******* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт зэрэг нь шүүгдэгч О.Э-нгэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд байх ба эдгээр нотлох баримтаар шүүгдэгч О.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Э-нүйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.Э-ндээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч О.Э-нгэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь нотлогдон тогтоогдсон.
Хохирогч О.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 2870000 төгрөг нэхэмжилж шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Э ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/128 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч О.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчтэй тохиролцсон ялын санал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдалд эргэлзэх байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Э-нхөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч О.Э цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ