Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2017/00730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00703/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгой 2-39 тоотод оршин суух ******* ******* овгийн ******* ******* /РД: ********/-гийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 229 дүгээр тушаалаар 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар томилогдсон боловч 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд харуулын цагдаагаар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Б.******* намайг тухайн үед хамт ажиллаж байсан Цагдаагийн дэд хурандаа, *******, эмчээр ажиллаж байсан Цагдаагийн дэд хурандаа Р.Гантулга, цагдаа ******* нар гэрчилнэ. Иймд шүүх дээрхи хүмүүсийг гэрчээр асууж Б.******* миний Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны харуулын цагдаагаар 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан 16 жил 5 сар 14 хоног хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл харуулын цагдаагаар 16 жил, 5 сар 14 хоног ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

 

Б.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрбайхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 229 дүгээр тушаалаар 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар томилогдсон боловч Б.******* нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл харуулын цагдаагаар ажиллаж байсан болох нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 50 жилийн ойд зориулан гаргасан Дарханы цагдаа хагас зууны түүх номны 92-93 дугаар талд эрүүлжүүлэх баривчлах байрны хамт олонтой авхуулсан фото зураг/ хх9-10/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байрны фото зураг, танилцуулга /хх-11/, гэрч *******... Би 1994-2005 оны 10 дугаар сар хүртэл Эрүүлжүүлэх байранд эмч, даргаар ажиллаж байсан. 1996 онд Б.******* эрүүлжүүлэхийн цагдаагаар томилогдон ирж ажилласан, Б.******* эрүүлжүүлэх байранд 2013 он хүртэл ажилласан гэсэн мэдүүлэг /хх17/, гэрч Р.Гантулга... Би Д.*******тай хамт 1997 оноос 2013 он хүртэл Дархан-Уул аймгийн Эрүүлжүүлэх байранд жижүүрийн цагдаагийн ажил үүргийг гүйцэтгэж байсан гэсэн мэдүүлэг /хх 18/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд түүнийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл харуулын цагдаагаар 16 жил, 5 сар 14 хоног ажиллаж байсан байдлыг тогтоов.

 

Хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овгийн ******* ******* /РД: ОЕ73040318/-г Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл харуулын цагдаагаар 16 жил, 5 сар 14 хоног ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хас банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ