| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0080/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/10 |
| Огноо | 2022-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Э, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б овогт Б-ын Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б овогт Б-ийн Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2117000000090 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын Э /РД:ЕЙ90090815/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1990 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 13-1307 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, ахын хамт амьдардаг, урьд 2010 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Б Э/РД:.............../, Улаанбаатар хотод 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 13-1307 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, урьд 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 19 жилийн хорих ялаар шийтгүүлсэн
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 38-1 тоотод байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Самсунг С-7, Самсунг С-4, All Call маркийн нийт 3 ширхэг утас хулгайлж Б.Э-т 736 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллагаа явуулдаг “Эс Би” төвийн 6 давхарт байрлах “Улаанбаатар ариутгал” ХХК-ний агуулахад нэвтэрч 600 ширхэг ягаан, ногоон өнгийн алчуурыг хулгайлж Ч.О-д 600 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-2” худалдааны төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч бэлэн 160 000 төгрөг, Кент нэртэй тамхи 2 пачкыг /20 ширхэг/ хулгайлж 226 000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 125 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Уул Баян Сүмбэр” хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 389 500 төгрөгний үнэ бүхий эд зүйлс, бэлэн 209 765 төгрөгийг тус тус хулгайлж нийт 599 265 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр найзындаа очихоор явж байгаад төмөр замд байрлах цагаан б а й ш и н г и й н ц о н х ы г т ү л х с э н ч и н ь о н г о й с о н . Б а й ш и н д о р о о д х ү ү х д и й н тавиур дээр байсан 3 утсыг аваад гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах байр луу хаалгаар нь ороод вакум хаалгыг түлхэхэд онгорхой байхаар нь барилгын материалын ногоон, ягаан алчуурыг аваад гарсан. 2021 оны 08 дугаар сарын 25-ны шөнө “Чандмань-2” дэлгүүр лүү баруун талаасаа 2 дахь цонх ороод бэлэн мөнгө болон тамхи авсан. 2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө “Уул баян сүмбэр” гээд дэлгүүр лүү ахтай явж байгаад би төмөр цоожийг нь эвдээд орсон. Тэгсэн ах араас орж ирээд яах гээд байгаа юм бэ гаргая гээхээр нь наанаа байж бай гэж хэлсэн. Манай ах намайг болиулах гэж орсон. Зарим хохирлоо төлсөн, зарим хохирлоо төлөөгүй. Хулгай хийх зорилго байхгүй, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглээд хулгай хийсэн. 2018 оноос хойш үйлдсэн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дараагийн үйлдэлдээ анхаарч хичээн гэж бодож байна гэв.
2. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би согтууруулах ундаа хэрэглээд унтаж байтал Энхжаргал дуудаад хамт гаръя гээд гэрээс гарснаа санаад нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Аваарт орж байсан учраас ойр зуурын зүйлийг мартаад байдаг. Дэлгүүрт орсон, гарснаа санахгүй байгаа. Бусдын эд зүйл хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэгт холбогдсоноо мэдэж байгаа гэв.
3. Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 25-26-ныг шилжих шөнө Улаанбаатар хотоос 01 цаг өнгөрч байхад ирээд Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “Чандмань-2” дэлгүүрийнхээ хажуугаар өнгөрсөн чинь дэлгүүрийн хойшоо харсан цонхнуудын баруун талаасаа 2 дахь цонх нь нээлттэй харагдахаар нь машинаасаа буугаад хартал дэлгүүрийн цонхыг нээгээд хүн орсон бололтой дотор талд нь байсан хөргөгчийг цааш нь түлхээд гараараа дарсан мөр тоосон дээр үүссэн байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Дэлгүүр лүү ороод цагдаа нартай хамт камер шүүж үзэхэд 22 цаг 50 минутын үед нэг залуу дэлгүүрийн хойшоо харсан цонхнуудын баруун талаасаа 2 дахь цонхыг оролдож байгаад нээгээд дэлгүүрт ороод шууд кассын машин дээр очиж нээгээд мөнгө атгаад хажуу талын лангуун дээрээс хоёр блок тамхи аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Кассын машинд байсан 160 000 төгрөг, 2 блок буюу 20 ширхэг Кент нэртэй тамхи алдагдсан байсан. Нийт надад 226 000 төгрөгийн хохирол учирсан. Би дэлгүүрт учирсан хохирол болох 226 000 төгрөгөө бүрэн хүлээн авсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 23-28 хуудас/
4. Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө манай худалдагч Нарантуяа над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэсэн. Манай худалдагч, эхнэр бид гурав 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бараагаа тоолоход Gold Chingis 1 литр, Gold Chingis 0,75, Сүүн Чингис 0,75, Тайга 0,75, Ауруг 1 литрийн архинууд, хар өнгийн давуун биеийн тамирын өмд, Парламент тамхи 2 хайрцаг, Doubles тамхи 6 хайрцаг, Euro тамхи 3 хайрцаг, Газар шим салад 3 шил, Golden milk хуурай сүү 3 уут, Алх хадуурт цай 3 ширхэг, ногоон цай 1 хайрцаг, Түмний удаа 1 ширхэг, утас цэнэглэгч 2 ширхэг, Palmolive гар нүүрийн саван 5 ширхэг, нүүрийн пүдэр 2 ширхэг, Schauma шампунь 1 ширхэг, Syoss шампунь 1 ширхэг, Тор саван 3 ширхэг, сахлын татуурга, Mentos бохь 12 ширхэг, гялгар уут, Popular саван 3 ширхэг, ариун цэврийн цаас 2 ширхэг зэрэг нийт 389 500 төгрөгний бараа, мөн дэлгүүрийн кассанд байсан 200000 төгрөгийг тус тус хулгайд алдсан. Алдсан эд зүйлүүдээс Тайга 0,75 архи, Mentos бохь 12 ширхэг, Газар шим салад 2 шил, Doubles тамхи 6 хайрцаг, ногоон цай 1 хайрцаг, сахлын татуурга, утас цэнэглэгч 2 ширхэг, нүүрийн саван 5 ширхэг, нүүрийн пүдэр 2 ширхэг, Schauma шампунь 1 ширхэг, Syoss шампунь 1 ширхэг, Тор саван 3 ширхэг, Golden milk хуурай сүү 3 уут, Алх хадуурт цай 3 ширхэг, 5 ширхэг гялгар уут зэргийг буцаан хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгай хийсэн хүмүүс нь хийсэн хэрэгтээ тохирсон ялаа авна биз. Надад тэд нараас нэхэмжлээд байх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 202-208/
5. Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс-Би” төвийн агуулахад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хулгай орж цэвэрлэгээний материал болох 6 ширхэг уутан дотроо 100 ширхэгтэй жижиг ягаан болон ногоон өнгийн алчуур 600 ширхэгийг хулгайд алдагдсан. Манай төвийн 9 давхарт байгууллагын оффис, 6 давхарт нь агуулах байдаг. Манайх харуул хамгаалалтай давхар болгондоо камертай. Харуул тухайн үед байсан боловч анзаараагүй гэсэн. Манай агуулахын вакум хаалга 2 давхар цоожтой, 2 давхар хаалгатай, хаалгыг эвдэж орсон байсан. Тус алчуурууд нь айлын гал тогоонд ихээр хэрэглэдэг олон нүхтэй жижиг дөрвөлжин алчуур байсан. Би нийт 600 ширхэг алчуурнаас 378 ширхэгийг буцаан авч 222 ширхэгийг хулгай хийсэн хүнээс авч чадаагүй. Надад 222 000 төгрөгний хохирол учирсан. Би учирсан хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 72-77 хуудас/
6. Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би нөхөр Батцоож, 3 хүүхдүүдийнхээ хамт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед хөдөө гэр лүүгээ цагаан сарынхаа буузыг хийхээр Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах 38 дугаар байрны 01 тоот байрныхаа хаалгыг цоожлоод явсан бөгөөд орой 17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байрны жижиг өрөөний цонхыг хагалчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Жижиг өрөөнд байх хүүхдийн хувцасны шүүгээ, номын шкафны хаалгуудыг онгойлгосон, хүүхдийн хувцасыг эмх замбараагүй болгоод хаясан байсан. Жижиг өрөөний хувцасны цагаан шүүгээн дээр байсан манай том охины Самсунг С-7 маркийн гар утас, мөн өрөөнд байсан бага охины Самсунг С-4 маркийн гар утас, гал тогооны өрөөний ширээн дээр байсан манай хүүгийн “All call” маркийн 3 ширхэг гар утас алга болсон байсан. Самсунг С-7 маркийн гар утасны шилэн наалт нь хагархай, шаргал өнгийн 2018 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос Америкаас оруулж ирсэн гээд хувь хүнээс худалдаж авсан. Самсунг С-4 маркийн гар утас нь бамбаруушны хэлбэртэй хар, бор гэртэй, утасны ар талын таг нь зурагдсан цагаан өнгийн, “All call” маркийн хар өнгөтэй 2 сим ордог утаснууд байсан. Хулгайд эд зүйлээ алдсандаа гомдолтой байна. Самсунг С-7 маркийн гар утсыг 500 000 төгрөгөөр саяхан авсан. Самсунг С-4 маркийн гар утсыг 100 000 төгрөгөөр, “All call” маркийн гар утсаа 150 000 төгрөгөөр худалдаж авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгай хийсэн хүн нь хийсэн хэрэгтээ тохирсон ялаа авна биз дээ” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 218-225/
7. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Улаанбаатар хотоос 2021 оны 8 дугаар сарын 26-ны шөнө бараа ачсан ачааны машинтай Говьсүмбэр аймагт ирээд эхнэрийгээ хүлээгээд байж байтал манай эхнэр шөнийн 2 цаг өнгөрч байхад миний гар утас руу залгаад дэлгүүрийн цонх онгорхой байна, хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь би дэлгүүр дээрээ иртэл “Чандмань-2” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талаасаа 2 дахь цонх онгорхой байсан. Ингээд цагдаагийн газраас хүмүүс ирээд байж байтал худалдагч нар ирээд дэлгүүр рүү хамт орсон. Тухайн үед дэлгүүр рүү орохоос өмнө дэлгүүрийн онгорхой цонхоор харахад цонхыг нь дагуулаад тавьсан хөргөгч цаашаа түлхэгдсэн байсан. Хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг 53 минутанд цонх онгойж нэг үл таних хүн орж ирээд шууд кассын машин дээр ирээд мөнгөний хайрцаганд байсан бүх мөнгийг тэр чигээр нь авч, мөн кассын эсрэг талд байрлуулсан тамхинаас 1-2 блок аваад шууд орж ирсэн цонхоороо буцаад гарч байгаа бичлэг үлдсэн байсан. Надад тухайн өдөр ажилласан худалдагч нар кассын мөнгөний хайрцаганд 165 000 төгрөг байсан гэсэн. Манай дэлгүүрийн цонх түгжээтэй байсан, гадна талд хамгаалах тор байхгүй, цонх металь материалаар хийгдсэн, түгжээ сайн, барагтай онгойхгүй гэж хийлгэсэн. Би тэр хүнийг Бямбын Эхнжаргал гэдэг хүн байх гэж бодож байна. Би тэр хүний хэлбэр, хэмжээ өмссөн хувцасаар нь Э-ыг болов уу гэж таамаглаж байна. Ер нь Э кепик малгай, пүүзэн гуталтай байнга архи уугаад манай дэлгүүрийн орчмоор эргэлдэж байдаг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 29-31 хуудас/
8. Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр кассан дээр суусан ба тухайн өдөр бэлэн мөнгөний 1 010 000 төгрөгийн орлого орсон. Тухайн өдрийн бэлэн мөнгөний орлого болон мобайл банкаар шилжүүлсэн, пост машинд уншуулсан зэрэг орлогоос кассын машинд 55 000 төгрөг тогтмол үлддэг. Орлого тоолоод дууссаны дараа худалдан авалт хийсэн 105 000 төгрөг байсан. Нийтдээ 160 000 төгрөг үлдсэн байсан. Тухайн кассын машинд байсан мөнгө болон тамхины лангуунаас 2 блок тамхи аваад гарсан байсан. Хулгайд алдсан гэх Кент нэртэй тамхи 1 хайрцаг нь 3300 төгрөгөөр худалддаг. Тэр өдөр шөнө 02 цагийн үед манай дарга О залгаад дэлгүүрийн цонх онгорхой байна гэхээр нь яваад очиход цагдаа ирсэн байсан. Дэлгүүрийн хойшоо харсан цонхнуудын ертөнцийн зүгээр баруун талаасаа 2 дахь цонх нь онгорхой байсан. Б, О хоёр цагдаа нартай камер шүүж үзээд кассын машинд байсан мөнгийг аваад тамхи өрсөн лангуугаас тамхи авч гарсан байна гэсэн. Тэгээд тамхины лангууг үзэхэд дээр нь өрөөтэй байсан тамхинаас 2 блок Кент нэртэй тамхи байхгүй байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан. 160 000 төгрөг нь ихэнх нь 5 000 төгрөгийн дэвсгэртээр байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 37-42 хуудас/
9. Гэрч У.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бид нар ажилтай байж байгаад орой 21 цаг өнгөрөөж хаагаад хариад амарсан. Маргааш өглөө 08 цагт ажилдаа ирсэн чинь дэлгүүрт хулгай орсон талаар сонссон. Ямар ч байсан кассын хажуугаас тамхи аваад, касснаас мөнгө авсан гэж Ганбиш ярьж байсан. Кассын машинд тогтмол 55000 төгрөг үлддэг. Кассанд хэдэн төгрөг үлдсэнийг Ичинхорлоо сайн мэдэж байгаа. Тухайн өдөр дэлгүүрийн бүх цонх хаалттай байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 43-44 хуудас/
10. Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бид нар ажилтай байж байгаад орой 20 цаг 30 минутын үед хаагаад гэртээ хариад унтаж байтал дэлгүүрийн эзэн Одонтуяа эгч шөнийн 1 цагийн үед манайд ирээд дэлгүүрт хулгай орсон байна гээд намайг дагуулаад дэлгүүр дээр ирэхэд худалдагч И, Б, О, цагдаа нар ирсэн байсан. Дэлгүүрийн хойшоо харсан цонхнуудын баруун талаасаа 2 дахь цонх нь нээлттэй харагдаж байсан. Цонх төмөр хаалтгүй байсан. Камер дээрээс кассны хажуунаас тамхи аваад кассны машинаас мөнгө аваад гарч байгаа харагдсан. Кассын машинд тогтмол 55 000 төгрөг үлддэг. Харин кассын машин хааснаас хойш орлого орвол тэрийг нь бас хийж үлдээдэг. Кассанд хэдэн төгрөг үлдсэнийг Ичинхорлоо сайн мэдэж байгаа. Тухайн өдөр дэлгүүрийн бүх цонх хаалттай байсан. Би өөрөө нүдээр харж шалгасан. Тухайн цонхоор хүн багтах бүрэн боломжтой” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-48 хуудас/
11. Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн орчим би дэнжийн Андууд дэлгүүрийн үүдэнд зогсож байтал Энхжаргал ирэхдээ задлаагүй 0,75 литрийн Хар чингис гэх архи авч ирсэн. Тэр архийг нь бид нар хувааж уусан. Энхжаргал халааснаасаа дан зуут, тавьтын тдэвсгэртүүд гаргаад ирсэн. Ойролцоогоор 20 000 төгрөг байсан гэж бодож байна. Тэр мөнгөөр нь баривчилгаанд байгаа найздаа 1 ширхэг ундаа, 1 ширхэг тараг авч Энхжаргалтай цуг хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 209-211 хуудас/
12. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 125 тоотод байх өөрийн ажилладаг “Баян уул” хүнсний дэлгүүрийг 09 цагт нээхээр ирэхэд дэлгүүрийн гадна камерын утас салчихсан үүдний амбаарт байж байхаар нь гайхаад онгойлгоод ороход касс бага зэрэг нээлттэй байсан. Би кассаа онгойлгоод үзтэл задгай мөнгөнүүд нь байхгүй байсан, дахин доод талыг нь нээж үзтэл бүхэл мөнгөнүүд байж байсан. Мөн кассын хажууд байдаг тамхины лангууны тамхинууд эмх замбараагүй болчихсон байсан. Би дэлгүүрийн баруун талд байх хаалга руу очиход тухайн хаалга хаалттай байсан бөгөөд түлхэхэд онгойсон. Тухайн хаалга нь гаднаасаа цоожтой байсан юм. Би цоожийг нь хайгаад ололгүй цагдаад дуудлага өгсөн. Миний мэдэж байгаагаар архи, тамхи, ундаа, мөнгө алдагдсан гэж бодож байгаа хэдэн төгрөг болох, хэдэн төгрөгний юу юу алгадсан талаар сайн мэдэхгүй байна. Би ээлжинд ажиллах хугацаандаа нийт 35 536 313 төгрөгний бараа хүлээж авсан байсан. Намайг ажиллах хугацаанд нийт 13 572 110 төгрөгний орлого ороод би ээлжээ хүлээлгэж өгөхдөө 21 364 938 төгрөгний бараа өгсөн. Барааны үнийг хооронд нь нэмэхээр 34 937 048 төгрөг болж байна. Энэ мөнгийг анх хүлээж авсан барааны үнэ болох 35 536 313 төгрөгнөөс хасахаар манай дэлгүүрт нийт 599 265 төгрөгний хохирол учирсан байна гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 212-217 хуудас/
13. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө гэртээ байж байтал манай төрсөн дүү Дуламсүрэн над руу залгаад манай дэлгүүрт хулгай орчихсон юм шиг байна, худалдагч Нараа дэлгүүр дээр байна, та очоод үзээдхээч гэхээр нь би Малхын Эгнээний үзүүрт байх дэлгүүр дээр нь очиход худалдагч Нараа байж байсан. Тэгээд Нараагийн хамт дэлгүүрт ороод хяналтын камер шүүж байтал цагдаа нар ирсэн. Яг юу алга болсон талаар би сайн мэдэхгүй байна. Худалдагч Нараагаас асуухад хашааны дотор байх хаалгыг эвдэж орсон юм шиг байна гэж хэлсэн. Тухайн хаалганы хажууд лоом байсан. Дэлгүүрийн кассын мөнгөний хайрцаганд байсан задгай мөнгө буюу 1000, 500, 100, 50 төгрөгийн дэвсгэртүүд байхгүй байна гэж байсан. Би хяналтын камерийн бичлэгийг үзэхэд 2021 оны 10 дугаар сарын 21-ний 00 цаг 31 минутад 2 эрэгтэй хүн орж ирээд хэдэн шил архи, тамхи, ундаа, ус, хувцас зэрэг 4 тор зүйл аваад гарч байсан. Тэдгээр хүмүүс нь согтуу бололтой харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 218-219 хуудас/
14. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би “Эс-Би” төвд харуулаар 7 жил ажиллаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харуулын байран дээрээ үүрэг гүйцэтгэж байхад манай байгууллагын 6 давхарт байрлах “Улаанбаатар ариутгал” компанийн хүн ороод гарах шиг болохоор нь би 3 давхарт Астрекс компанийн оффисын байранд орж ажилчдаас нь асуухад манай ажилтан биш гэхээр нь цагдаагийн байгууллага дуудсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 82-83 хуудас/
15. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед манай “Эмээгийн зоог” нэртэй цайны газарт намайг байж байтал гурвалжин барилгын материал дээр ачаа буулгаад хөлсөнд нь авсан юм гээд цэвэрлэгээний ягаан өнгийн 1 том боодолтой алчуур 20 000 төгрөгөөр авчих гээд шар куртиктэй 30 гаруй насны, 2 дахь нь хар хувцастай 30-35 насны 2 эрэгтэй орж ирж зарсан. Би тоолж үзэлгүй аваад далд хийсэн байгаа. Урд нь манайхаар орж ирдэг, энэ хавиар байнга явж байдаг, орж ирээд бууз, хуушуур иддэг хүн байсан. Удалгүй 1 цаг орчмын дараа цагдаа нар хулгайд алдагдсан алчуур гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 85-88 хуудас/
16. Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хувцасны цагааншүүгээнд байсан том охины Самсунг С-7 маркийн гар утас, бага охины Самсунг С-4 маркийн гар утас, гал тогооны өрөөний ширээн дээр байсан манай хүүгийн “All call” маркийн гар утас тус тус алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 226-228/
17. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байрны цонх хагалаад манай гэрийн жижиг өрөөний хувцасны шүүгээн дээр байсан миний Самсунг С-7 маркийн гар утас, мөн манай дүүгийн Самсунг С-4 маркийн гар утас, гал тогооны өрөөний ширээн дээр байсан манай ахын All call маркийн гар утас алга болсон байсан. Самсунг С-7 маркийн шаргал өнгийн гар утсны хамгаалалтын шилэн наалт нь хагархай, ар талын корпус нь ямар нэгэн сэв байхгүй, ар талын таг дээр ямар нэгэн бичиглэл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 230-231/
18. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би үнэн эсэхийг нь мэдэхгүй манай дүү Э архи ууж байхдаа шоронд орохоосоо өмнө төмөр зам орчмоос нэг айлаас 3 ширхэг гар утас хулгайлсан гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 79-80/
19. Шинжээч А.Азжаргал мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э-ын гарын хээний дардас нь 2007-2014 оны хугацаанд гарын хээний санд нийт 9 удаа бүртгэгдсэн байна. М-ы Э нэрээр 5 удаа, М-ын Энхжаргал нэрээр 1 удаа, Э-ы Э нэрээр 1 удаа, Б-ын Э нэрээр 1 удаа бүртгэгдсэн байна. Э-ын нэр нь 1 боловч овгууд нь өөр өөр байсан учраас өөр овог бүхий маягт 1 шинжээчийн дүгнэлтэнд хавсаргасан. Энэ бүгд нэг хүний гарын дардас” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 102-105 хуудас/
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний дөрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 2 дугаартай гарын мөр санд 81275 дугаарт бүртгэгдсэн Пүрэвдоржийн Ганчулууны зүүн гарын дунд хуруу, 9 дугаартай гарын мөр санд MN000710005282, MN005010004354, MN000710001567, 116824 дугаараар 5 удаа бүртгэгдсэн Мэндсайханы Энхжаргалын баруун гарын алганы үүсгэгдсэн байна. Шинжилгээнд тэнцсэн 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй. Дүгнэлт гаргасан мэргэшсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа А.Азжаргал гэжээ. /2-р х.х-ийн 107-122/
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гэх 1, 2, 3 дугаартай 3 ширхэг гарын мөр гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн” тогтоолд дурьдсан Б овогтой Э /ЕЙ90090815/, С-ын О /ЗМ64112738/ нарын гэх гарын хээний дардас, шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN005010004354 дугаартай Бямбаа овогтой Энхжаргал нэрээр, MN0000ГОС00482 дугаартай Б овогтой Эл нэрээр, MN003210000147 дугаартай С овогтой О гэсэн нэрээр, 2712171 дугаартай М овогтой Э нэрээр, MN003210002218 дугаартай Б овогтой Э нэрээр, MN005210003132 дугаартай Мэндсайхан овогтой Э нэрээр, MN000710005071 дугаартай Мэндсайхан овогтой Э нэрээр, MN000710005282 дугаартай М овогтой Э нэрээр, MN000710001567 дугаартай Э овогтой Э нэрээр тус тус бүртгэгдсэн байна. Мөн шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд 2018-002-ГСА, 2019-006ГСА, 2019-4019ГСА дугаараар тус тус бүртгэгдсэн байна. Дүгнэлт гаргасан ахлах шинжээч, цагдаагийн хошууч Х.Бат-Эрдэнэ гэжээ. /3-р х.х-ийн 160-162/
22. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 5-11, 184-198, 2-р х.х-ийн 65-68, 212-215 хуудас/
23. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-ийн 12-21, 199, 227-229, 2-р х.х-ийн 99-100 хуудас/
24. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р х.х-ийн 22, 235, 238 хуудас/
25. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-921/2075 дугаартай
шинжээчийн дүгнэлт /1-р х.х-ийн 50, 240 хуудас, 2-р хх-ийн 127-128, 3-р х.х-ийн 98,102 хуудас/
26. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 62-65 хуудас/
27. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р х.х-ийн 73, 76-97, 2-р х.х-ийн 29-40, 47-48, 136/
28. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолууд, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1-р х.х-ийн 54-55, 175-178, 2-р х.х-ийн 8-11, 17-20, 51-53, 138-140, 161, 3-р х.х-ийн 133-135, 140-141 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 38-1 тоотод байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Самсунг С-7, Самсунг С-4, All Call маркийн нийт 3 ширхэг утас хулгайлж Б.Эт 736 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллагаа явуулдаг “Эс Би” төвийн 6 давхарт байрлах “Улаанбаатар ариутгал” ХХК-ний агуулахад нэвтэрч 600 ширхэг ягаан, ногоон өнгийн алчуурыг хулгайлж Ч.Од 600 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 08 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-2” худалдааны төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч бэлэн 160 000 төгрөг, Кент нэртэй тамхи 2 пачкыг /20 ширхэг/ хулгайлж 226 000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Малхын 125 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Уул Баян Сүмбэр” хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 389 500 төгрөгний үнэ бүхий эд зүйлс, бэлэн 209 765 төгрөгийг тус тус хулгайлж нийт 599 265 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тус тус нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан ба энэхүү гэмт хэргийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, мөн бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан ба энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул шүүхээс тэдгээрийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э, Б.Э нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч С.Б, Б.Б, Д.Ог, Б.Б, Б.И, Б.И, Г.Н, Т.Б, Б.Э нарын мөрдөн шалгах ажидллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 565, 126 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Чандмань-2” дэлгүүрийн хяналтын камерын 32 минут 58 секундын бичлэг, “Уул баян Сүмбэр” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 8 минут 55 секундын бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа. Мөн шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон ба өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ амар хялбар аргаар мөнгөтэй болох хүслээс үүдэлтэй байна.
ХОЁР: Шүүгдэгч Б.Э, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Э.Нэргүйгээс шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 8 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сарын хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Э нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж дахин гэмт хэрэг үйлдсэн, мөн удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжээгүй, хувийн байдлыг харгалзаж үзнэ үү гэсэн саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч Б.Э, Б.Э нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Учир нь шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн, шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөр байхгүй, шүүгдэгч Б.Э нь хохирогч О-д 220 000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, мөн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ бага тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү. Шүүгдэгч нар нь үйлдлүүдийн тооны хувьд өөр учир ялгамжтай хандана уу. Тухайн хохирогч нар нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулинд зааснаар өөрийн эд хөрөнгөө тодорхой хамгаалалтад байлгах ёстой. Гэтэл гэмт хэрэг гарах эх үүсвэрийг бүрдүүлсэн нөхцөл байдал харагдаж байна гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Э, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдсэн, хэргийг бүлэглэж үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Эыг хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүхээс шүүгдэгч Б.Эыг 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, урьд нь 3 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял
шийтгүүлсэн, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирлын тооцоо: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд: хохирогч Б.Э гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч Э.О нь учирсан хохирол болох 226 000 төгрөгөө бүрэн бүрэн хүлээн авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч Д.Т зарим алдсан зүйлээ буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгүүдийг үндэслэж шүүгдэгч нарыг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ч.О надад 222 000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна гэж мэдүүлсэн ба “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-921/2075 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цэвэрлэгээний алчуурын үнэлгээг тогтоосныг үндэслэж шүүгдэгч Б.Эаас 222 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Од олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжуудаар /1-р х.х-ийн 138-139, 168-172, 3-р х.х-ийн 182-183/ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 88 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байх тул түүний эдлэх ялд оруулан тооцохоор тогтоолоо.
Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Чандмань-2” дэлгүүрийн хяналтын камерын 32 минут 58 секундын бичлэг бүхий CD 1 ширхэг, “Уул баян Сүмбэр” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 8 минут 55 секундын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, мөнгөлөг өнгийн төмөр цоожийг 1 ширхэгийг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тус тус нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Эыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Эыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Эад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Чандмань-2” дэлгүүрийн хяналтын камерын 32 минут 58 секундын бичлэг бүхий CD 1 ширхэг, “Уул баян Сүмбэр” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын 8 минут 55 секундын бичлэг бүхий CD 1 ширхэгийг тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, мөнгөлөг өнгийн төмөр цоож 1 ширхэгийг устгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 222 000 /хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 26 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хохирогч Ч.Од олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА