Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Г-н Г-д холбогдох эрүүгийн 2117001070002 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Монгол Улсын иргэн, 19... оны 07 дугаар сарын 30-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, У хот, Б дүүргийн  дугаар хороо, Монелийн .......... тоотод оршин суух албан ёсны хаягтай /Б дүүргийн  дугаар хороо Ус  дугаар байр ............. тоотод түр оршин суух/, урьд

- Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан,

- Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх Д овогт Г-н Г /РД:............../,

                                                             

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Г нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг Хувийн байрны 10-2-9 тоотод иргэн Ц.Э-ийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн бугалганы цус хуралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2117001070002 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын дундуур А, Э хоёртой таараад ганц, хоёр шил архи уух гээд хөлдүү 12 орсон. Очоод Б-ыг дуудсан. Хотоос 2 залуу ирсэн байсан. Тэгээд согтоод Ц.Э-ийг зодсон байсан. 2, 3 удаа цохьсон. Тэрийгээ бол санаж байгаа цаашаа юу болсныг санахгүй байна. Маргааш нь Ц.Э-ээс чатаар уучлал гуйсан гэх мэдүүлэг,

 

1.2. Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өглөө 2 дугаар сургуулийн ойролцоо явж байгаад А-ай таараад Э-ийн байгаа айл руу явсан. Тэгээд Сүмбэр сумын 2 дугаар баг Дэнжийн нэг айлд Э нар байхаар нь очоод Э-тэй уулзаад ойр зуурын юм ярьчихаад буцаад гарах гэтэл Э намайг дагаад гараад ирсэн ба намайг хаачих гэж байгаа юм гэж асуухаар нь би Хөлдүү 12 луу Б-ын гэр лүү явлаа гэж хэлсэн. Тэгээд Бын гэрт орой 21 цагийн үед байх О, Б, Б бид 4 хоёр шил 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хувааж уугаад Э согтчихоод орилж хашхираад байхаар нь би Эийн нүүр лүү 2 удаа гараараа алгадсан. Тухайн үед би бас нилээн согтуу байсан болохоор цаашаа юу болсныг огт санахгүй байна. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө сэрэхэд Э, А нь гэрт байгаагүй ба гэрээс гараад явсан байсан. Тэгээд маргааш нь Э-тэй ярьтал Э-ийн нүүр хөхөрчихсөн байна гэж хэлэхээр нь би Эээс уучлалт гуйсан... гэх мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас),

 

1.3. Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед байх би Сансарын 101 тоотод байж байтал манай найз залуу А гаднаас ороод ирсэн ба А-ыг дагаад Г ороод ирсэн. Тэгээд Г А бид 2-г хөлдүү 12 дугаар байр луу явж хамт архи ууя гэж хэлсэн. Тухайн айлд очиход танихгүй 2 залуу мөн Б нар байсан. Г, А бид 3 очоод 6-лаа болсон. Тэгээд бид хэд 2-3 шил архи уусан. Г гэнэт согтоод ямар ч шалтгаангүйгээр гэнэт миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би Г нүүр лүүгээ цохиулаад манараад ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Тухайн үед манай найз залуу А намайг хамгаалаад Г-г болиулах гэтэл Аыг Г зодоод байсан. Нөгөө хоёр танихгүй залуу газар унтаж байсан.

Би Г-д зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

Тухайн хэрэг гардаг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г намайг алаад булна гэж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Мөн өмнө нь айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг манай эгч Г бичсэн. Эгчээрээ өргөдөл бичүүлж байхдаа жоохон балмагдаад буруу зүйл яриад болоогүй зүйлийн талаар өргөдөлд тусгуулсан байна лээ. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт болон гэмтлийн эмнэлгийн урд талаас харсан хувийн эмнэлэгт толгойны зураг авахуулсан. Ямар нэгэн гэмтэл гараагүй хэвийн байна гэсэн. Тухайн эмнэлгийн шинжилгээний баримтыг би таксинд гээчихсэн байна лээ... гэх мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас),

 

1.4. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тоотод байх эмэгтэй бариач руу Эийг дагуулж яваад толгойгоо бариулсан. Бариач Э-ийн толгойг барьж үзээд нилээн доргичихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэр лүүгээ Э, А нарыг дагуулж яваад яагаад Э-ийн толгой тархи нь хөдөлсөн, мөн нүүр 2 нүд нь хөхөрч няцарсан байсан талаар асуухад Э А нар зүгээрээ гээд ямар нэгэн юмнаас айгаад байгаа бололтой хэлэхгүй байсан. Тэгэхээр нь Э, А нарт хандан толгой тархины гэмтэл чинь эвгүй шүү, нууж байгаад гэмтлээ хүндрүүлэв гэж хэлтэл А болсон явдлынхаа талаар ярьсан. А хэлэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г гэх хүн намайг хөлдүү 12 дугаар байр луу Э бид 2-г дагуулж яваад архиар шахаад архи уулгасан ба тухайн үед миний хажууд Б болон танихгүй 2 залуу байсан. Тэгээд гэнэт Г Э-ийн нүүр лүү цохиод байсан ба би Эийг хамгаалах гэтэл Б болон нөгөө танихгүй 2 залуу намайг барьчихаад хөдөлгөхгүй байсан, бас намайг зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас),

 

1.5. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед байх би өөрийн найз охин болох Э дээр очихоор явж байгаад замдаа Г-тэй 2 дугаар сургуулийн ойролцоо таарсан юм. Тухайн үед манай найз охин Э Сансарын . тоотод байсан. Тэгээд Гтэй хамт Эийн байгаа газар луу явсан. Г Э бид хоёрыг хөлдүү 12 дугаар байранд дагуулан ирээд 2 дугаар орцны 1 давхарын айл руу орсон. Тэр айлд ороход Б хоёр танихгүй залуугийн хамт байсан ба Г Э бид 3 ирээд зургуулаа болсон. Тухайн үед Г, Э бид 3-г айлд ороход Б, нөгөө 2 танихгүй залуутай архи уучихсан согтуу байсан ба намайг архи уу гээд архиар шахаад байсан. Тэгээд цуг байсан хүмүүстэй 3-4 шил 0.5 литрийн савалгаатай Хараа нэртэй архи хувааж уусан. Гэтэл Г архиндаа согтоод гэнэтхэн Э-ийн толгой тархи руу гараараа болон хөлөөрөө цохиод байсан. Яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Ямар ч байсан Г Эийн бие рүү, толгой руу нь маш олон удаа гараараа болон хөлөөрөө цохисон. Тухайн үед би Г-г болиулах гэсэн боловч Б нөгөө 2 танихгүй залуутайгаа нийлчихээд намайг бариад ерөөсөө хөдөлгөхгүй байсан. Би Г-г болиоч гэж хэлсэн боловч Г над дээр ирээд миний нүүр лүү болон цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн нөгөө танихгүй гэх 2 залуу бас над дээр ирээд миний нүүр лүү нэг удаа цохиод нэг нь намайг боосон. Хэн нь цохиж боосныг мэдэхгүй байна. Тэгээд би арай гэж тэднийхээс гарсан ба Хөлдүү 12 дугаар байрны гадаа хоносон... гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас),

 

1.6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэдэн цагийг нь санахгүй байна. Б-ын гэрт Б, О нарын хамт 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн савалгаатай архи хувааж уугаад байж байтал гаднаас Э, А нар орж ирсэн. Гэрт орж ирэхдээ Э нилээн согтуу А-аар түшүүлсэн байсан. А харин эрүүл байсан. Тэгээд Б, Г, О, Э, А бид зургаа 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн савалгаатай архи хувааж уусан. Би нилээн согтсон байсан болохоор тасраад унтаад өгсөн. Тухайн үед шөнө юу болсныг санахгүй байна. Маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө сэрэхэд гэрт Б, Г, О бид 4 байсан ба Э, А нар гараад явчихсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

 

1.7. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэдэн цагийг санахгүй байна. Ямар ч байсан гэгээ тасарчихсан байсан. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар байр Хувийн байрны 10-2-9 тоотод Б, Г, О нарын хамт нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн савалгаатай архи хувааж уугаад байж байтал гаднаас Э, А нар орж ирсэн. Э манай гэрт согтуу орж ирсэн ба А-ыг архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед би өглөөнөөс хойш архи уучихсан байсан болохоор нилээн согтуу байсан. Тэгээд А Э нарыг гаднаас орж ирсний дараа би ганц хундага архи уугаад унтаад өгсөн байсан. Цаашаа юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө сэрэхэд Эийн эрүү нь хөхөрч хавдсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас),

 

1.8. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансарын 105 тоотод Э, ээж Б, дүү Б, хүү Б нартай хамт байсан. Э урьд шөнө согтуу унтаж байсан. 13 цагийн үед манай гэрт Э-ийн найз залуу А орж ирсэн ба араас нь Г орж ирээд Эийг аваад гарсан. Тэгээд цаашаа юу болсныг би огт мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас),

 

1.9. Хохирогч Ц.Э-ийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 2 дугаар хуудас),

 

1.10. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 дүгээр хуудас)

 

1.11. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 356 дугаартай дүгнэлтэд:

- Ц.Э-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд, баруун нүдний доод зовхинд, доод эрүүнд, зүүн бугалганд, зүүн гуянд, баруун гуянд, баруун өгзгөнд, баруун мөрөнд, цээжинд өвчүүний дунд хэсэгт, доод хэсэгт, зүүн хөхний дээд хэсэгт цус хуралт, нуруунд L1-L2 нугалам орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2021.11.15-нд үүсгэгдэх боломжтой.

- Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун гуяны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Доод эрүүний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн гуяны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун өгзөгний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун мөрний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цээжинд өвчүүний дунд хэсэгт, доод хэсгийн цус хуралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн хөхний дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Нуруунд L1-L2 нугалам орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох  гэжээ. (хх-ийн 37-39 дүгээр хуудас),

 

1.12. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 363 дугаартай дүгнэлтэд:

- Д.А-ын биед баруун 3, 4-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаар, зүүн бөөрний байрлал орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.11.15-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун 3, 4-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаар зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн бөөрний орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох  гэжээ. (хх-ийн 45 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг Хувийн байрны 10-2-9 тоотод иргэн Ц.Э-ийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн бугалганы цус хуралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Хувийн байрны 10-2-9 тоотод хохирогч Ц.Э-ийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн бугалганы цус хуралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Э-ийн нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт зүүн бугалганы цус хуралт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Э, гэрч Г.Г, Д.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 356 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Г-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Г.Г, хохирогч Ц.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн, хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Г-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Ц.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г.Г Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус 15 гудамж 3-р байр 100-02 тоотод ганцаараа амьдардаг. Зан байдлын хувьд цайлган цагаахан сэтгэлтэй шударга шулуун хүн байгаа юм. Одоогоор ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас),

 

2.2. Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Г нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус 15 дугаар гудамж 3 дугаар байр 100-02 тоотод ганцаараа амьдардаг. Зан байдлын хувьд хүнд тусч, нийтэч, ажилсаг хүн байгаа юм. Одоогоор ямар нэгэн эрхэлсэн ажилгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

 

2.3. Шүүгдэгч Г.Г-н эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69 дүгээр хуудас),

 

2.4. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хх-ийн 122-124 дугаар хуудас),

 

2.5. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 22-ны 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 115-121 дүгээр хуудас),

 

2.6. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 80-83 дугаар хуудас),

 

2.7. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 109-114 дүгээр хуудас),

 

2.8. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 74-76  дугаар хуудас),

 

2.9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 84-102 дугаар хуудас),

 

2.10. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/128 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 104-105 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.Г-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-с эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Г.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний сарын дундаж орлогыг тодорхойлсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч Г.Г нь хувийн байдлын тухайд урьд нь зургаан удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 /найм/ цагаар тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Д овогт Г-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

            2. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ