Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р овогт Б-н П-д холбогдох эрүүгийн 2217000130007 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 19... оны 09 дүгээр сарын 20-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Г аймаг, Ш сум,  дүгээр баг, тоотод оршин суух /Г аймгийн Ш сум, Г гэх газар түр оршин суух/, урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх Р овогт Б-н П, /РД:/

                                                              Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.П нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан усны 2-229 тоотод хамтран амьдрагч М.Т-тэй маргалдан түүний гарын баруун зүүн шууны хэсгээс базах, угзарч татах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг БП-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000130007 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч Б.П мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Т бид хоёр 2021 оны 7 дугаар сард танилцаад 9 дүгээр сараас эхлэн Сүмбэр сумын цагаан усны ......тоотод хамтран амьдрах болсон юм. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 19-20 цагийн үед байх гэртээ байж байтал Т намайг миний гар утас руу нэгж шилжүүлчих гэхээр нь би Т рүү шилжүүлэх гэж байгаад андуураад өөр хүн рүү нэгж шилжүүлчихсэн байсан. Гэтэл Т уурлаад чи одоо наад утсаараа тоглоод нэг зөв дугаар луу нэгж явуулчихгүй гээд уурлаад байхаар нь би утсаа шидээд тэр нэгжний 6000 төгрөгийг чинь олоод өгье гэж хэлээд гэрээсээ гарч явсан. Тэгээд хүнээс мөнгө асуусан боловч мөнгө олдохгүй байхаар нь буцаад гэр лүүгээ ортол Т чамд юу олддог юм гээд хэрүүл өдөөд байхаар нь гэрээсээ гарч яваад дэнжид таньдаг айлындаа очиж хоносон юм. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой харанхуй болчихсон байхад хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед би нилээн архи уусан согтуу байсан, гэрийн түлхүүр байхгүй даараад байсан болохоор гэрийнхээ цонхыг хагалаад гэртээ орсон юм. Тэгээд гэртээ ороод унтаад өгсөн. Нэг харсан чинь Т ирчихсэн хажуу орон дээр унтаж байсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний 7 цагийн үед босоод байж байтал Т цонх хагалсаныг харчихаад уурлаад юмаа аваад зайлаарай гэхээр нь би тэгнэ гэж хэлээд гэрээсээ гараад тэгээд дахиж архи уугаад гэртээ 17 цагийн үед Баянмөнхийн хамт гэрт иртэл Т дахин гэр цоожлоод яваад өгсөн байхаар нь би хаалганыхаа цоожийг эвдээд гэр лүүгээ Б цуг ороод 0.5 литрийн Хараа нэртэй архи уугаад байж байтал нар жаргах үед Т хүрч ирсэн ба Б төд удалгүй яваад өгсөн. Тэгээд архиа ганцаараа уугаад байж байтал Т над руу уурлаад гэрээс явна гэсэн явахгүй яасан юм гээд хөөгөөд над руу дайраад байхаар нь би болио гээд Тийн мөр лүү түлхэх гэж байгаад гар хальтраад дагз руу нь түлхчих шиг болсон. Т арагш толгойгоорой саваад хана мөргөчих шиг болсон. Тэгээд би гэрээсээ зурагтаа аваад гараад явсан ба зурагтаа дэнжид таньдаг Түмэнбаатарынх гэдэг айлд үлдээсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 04 цагийн үед гэртээ иртэл Т гэртээ ганцаараа байсан ба гэртээ ороод унттал цагдаа дуудчихсан байсан. Тухайн өдөр би шал согтуу байсан болохоор Тийг янз бүрийн хараалын үгээр хараасан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг (хх-ийн 58-59 дүгээр хуудас),

 

1.3. Хохирогч М.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би П-тай 2021 оны 07 дугаар сард танилцаад 10 дугаар сарын 28-наас эхлэн П-тай хамт Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан усны ...........  тоотод амьдрах болсон. Бид 2 дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр цахим бараа захиалах гээд П-ыг интернет банкнаас нэгж аваад цэнэглээд өг гэж хэлсэн. Тухайн үед П нь тоглоомонд хэтэрхий анхаараад өөр хүний дугаар луу нэгж явуулсан байсан. Тэгэхээр нь би чи өдөржин тоглоомоо тоглож байж хэдэн дугаар зөв хараад хийчихгүй гэсэн чинь утсаа аваад хаалга руу шидээд гараад явсан. Гарч яваад 22 цагийн үед буцаж орж ирээд би маргааш өглөө юм аа авна гэж хэлээд гараад явсан. 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед гэрт ирэхэд П согтуу гэрт ирсэн. Байшингийн хаалга эвдсэн. Үүдний амбаарын хаалга эвдсэн, гэрийн цоожнуудыг эвдсэн. Галт тогооны өрөөний цонхыг нь хагалсан. Гэрт байгаа бүх тавилга эд хогшлыг нураасан байсан. Би Паас чи хаалга үүд эвдчихсэн юм уу гэсэн чинь тийм би эвдсэн гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн үед П босоод ирэхээр нь хамаг юм эвдээд яаж байгаа юм бэ, өнөөдөр хамаг юм аа аваад манайхаас яваарай гэж хэлтэл за би унаа олоод юм аа аваад харина гэж хэлчихээд гараад явсан. Би 9 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй байхаар нь ажилдаа яваад өгсөн. Би 15 цагийн үед Улаанбаатар хот явах гээд гэрт ирэхэд дээлтэй үл таних эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Архи дундаасаа доогуур орж байхад дээлтэй залуу гараад явчихсан. Тэгэхээр нь би П-д чи намайг яагаад элэг бариад байгаа юм гэж хэлтэл П надад уурлаад гэрт байгаа эд хогшлууд болох аяга шаазан зэрэг зүйлсийг эвдэж эхэлсэн ба архины шилээрээ намайг цохино гээд байхаар нь би архины шилийг нь булааж авах гэж Птай нилээн ноцолдсон. П-тай ноцолдож байх үед миний зүүн гарын бугалга, шуун дээрээс базаад угзарч татаж байсан. Тэгээд удалгүй П зурагтаа аваад 19 цагийн үед гэрээс гарсан. 21 цагийн үед над руу залгаад миний архи гарчихлаа уучлаарай би яваад очиж болох уу гэхээр нь би чамтай хэрүүл хийж он гаргаж чадахгүй шүү битгий ирээрэй гэж хэлсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гараад үүрийн 4 цагийн үед П гэрт орж ирээд гэнэт миний нүүр лүү гараараа 1 удаа алгадаад авсан. Миний чих шуугиад сонин болоод цохиод чамайг ална шүү гэх мэтээр хараагаад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд П-ыг аваад явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дугаар хуудас),

 

1.4. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед Баянбулагийн эгнээний ойролцоо би П-тай таарсан ба П манай гэрт ганц юм байгаа, очиж уух уу гэхээр нь дагаад явсан. Тэгээд Цагаан Усны нэг хашаа руу очиход цонх нь хагархай байшин байсан ба хаалга нээлттэй байсан. Тухайн үед П энэ манайх гэж танилцуулж байсан бөгөөд чи яагаад цонхоо хагалчихсан юм гэж асуухад П харин өчигдөр эхнэр хаалга түгжээд явчихсан болохоор гэр лүүгээ орж чадахгүй даараад цонхоо хагалаад гэр лүүгээ орсон юм гэж хэлсэн. Тэгээд гэр лүү нь ороод 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй архи лонхны талаар байхаар нь тэр архийг П-тай хамт хувааж уусан ба П-н эхнэр төд удалгүй гэртээ ирэхээр нь би гэрээс нь гараад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас),

 

1.5. Гэрч Д.Ал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Т П нар нь 2021 оны 7 дугаар сард танилцаад 9 сараас хамт амьдраад манай гэрээс ойр зуурын ор зурагт аваад явсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед байх Т над руу залгахад П архи уучихаад агсам тавиад болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би наадахаа ханддаг газар луу нь хандаад эрүүлжүүлэх арга хэмжээ ав гэсэн. Өөр юм хэлээгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),

 

1.6.  Гэрч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын эхээр байх гэж санаж байна. Т эгч Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаас-Усны  тоотод байх манай хашаа байшинг түрээслэн сууж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай байрны хаалганы цүү нь эвдэрч цонх нь хагарсан байхаар нь би Т эгчээс юу болсон талаар асуухад Т эгчийн хамтран амьдрагч П шөнө гэрийн түлхүүргүй даараад байсан болохоор хаалга цонх эвдээд орсон талаар надад хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас),

 

1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтэд:

- М.Т-ийн биед баруун бугалганд, зүүн бугалганд, зүүн тохой орчимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.01.01-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 41-42 дугаар хуудас),

 

1.8. Шинжээч  Л.Ж нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

М.Т-ийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Тийн биед учирсан гэмтлүүд нь баруун зүүн гарнаас татах, базах үед үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас),

 

1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22-24 дүгээр хуудас),

 

1.10. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 48-50 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.П нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан усны 2-229 тоотод хамтран амьдрагч М.Т-тэй маргалдан түүний гарын баруун зүүн шууны хэсгээс базах, угзарч татах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

            Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.П нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан Усны 2-229 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч М.Т-тэй маргалдан түүний гарын баруун зүүн шууны хэсгээс базах, угзарч татах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.П нь хохирогч М.Т-ийн гарын баруун шууны хэсгээс базах, угзарч татах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун бугалганд, зүүн бугалганд, зүүн тохойн орчимд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Т, гэрч Э.Б, Д.А, Э.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.П нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.П-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.П нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.П-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

П архи дарс огт уудаггүй байсан. Яагаад архи уусныг асуутал эхнэртэйгээ муудсан болохоор гэж П хэлж байсан. Олон таван үггүй бусадтай эвтэй найртай зөв боловсон харьцдаг тийм л хүн байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас),

 

2.2. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

П нь дуу цөөтэй, олон таван үггүй, шулуун шударга, ажилсаг хөдөлмөрч хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл огт уудаггүй... гэх мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас),

 

2.3. Шүүгдэгч Б.П-н эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63 дугаар хуудас),

 

2.4. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-68 дугаар хуудас) зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.П нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.П-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Р овогт Б-н П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ