Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0258

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Төрийн албаны тухай хуулийн 24.2-т заасны дагуу төрийн алба хаах дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ удаа дараа танилцуулж, үргэлжлүүлэн ажиллах тухай удирдлагын зөвлөлийн хурал дээр илэрхийлж байсан. Гэтэл төрийн алба хаах дээд хязгаарт хүрсэн гэж, 65 насанд хүрээгүй байхад төрийн албанаас халсан нь үндэслэлгүй. Мөн ээлжийн амралт эдэлж байхад цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон нь хууль зөрчсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн а/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үүү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3-т цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаар ахлах офицер 50 нас хүртэл, 19.4-т цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн офицер, ахлагчийг цэргийн албанаас бэлтгэлээр хална гэж тус тус заасан. Д.Г нь улсад 25 жил ажиллаж, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, цэргийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул дээрх хуулиудад заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 4, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасныг тус тус баримтлан Д.Гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн а/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх-ээр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 53 тоот шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Г дараахь гомдлыг гаргаж байна.

Шүүх Д.Гийн нэхэмжлэлийг 2 дахь удаагаа шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн Магадлалд заасан... Д.Гийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гарсан байх магадлалтай байх тул үзлэг хийх замаар дээрх байдлыг тогтоох, мөн...амаар гаргасан хүсэлтийг нь баталгаажуулж авсан эсэх, уг хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэж ямар хариу өгсөн болох, 2014 оны 11-р сарын 6 хүртэл ажилласан тул энэ хүртэлх хугацаанд ямар ншйдвэр гарсан эс гарсан зэрэг олон асуудлыг тогтоож тодруулж ЗХХШТ хуулийн 31-р зүйлийн 31.1-д заасан шаардлагыг биелүүлээгүй байна гэсэн дүгнэлтийг анхаарч, биелүүлээгүй дахин шийдвэрлэсэн нь учир дутагдалтай боллоо.

Д.Гийн нэхэмжлэлд ээлжийн амралтын асуудлыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдсан байхад шүүх,... Д.Гийн ээлжийн амралтаа хэзээ ямар хугацаанд эдэлсэн талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ..." гэж дүгнэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.4-д заасан ... амрах... эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийн 79.1-д заасан... Ажилтны ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ..., Төрийн Албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.6-д заасан Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх, Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4-т Офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч жил бүр ажлын 15 өдөр амралтыг биеэр эдэлнэ... зэрэг холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж Д.Гийн эрх ашгийг үл хүндэтгэж, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн дүгнэлт гаргасан байна.

ШШГЕГ-ын даргын 2014.07.07-ны А/119 тоот тушаалаар Д.Гт ээлжийн амралтыг 2014.08.06-аас олгохоор зааж өгсөн ба улмаар түүнд ээлжийн амралтыг 2014.11.06-ны өдрөөс олгож 2014.12.16 хүртэл амрах мэдэгдэл өгсөн. Гэтэл хариуцагчийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа Д.Гийг халсан Б/1325 тоот тушаал нь 2014.11.10-ны өдөр гарсан байна. Иймд ШШГЕГазрын Б/1325 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.2-д заасныг зөрчсөн байна. Шүүх энэ зөрчилд дүгнэлт хийгээгүй, дүгнэх шаардлагагүй гэж үзсэнд нэхэмжлэгч нь гомдолтой байна.

ШШГЕГазрын даргын зөвлөлийн 2014.8.20-ны өдрийн хуралдаанд Д.Г нь цаашид энэ албандаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан уг хурлын 5 тоот тэмдэглэл, мөн тухайн үеийн ШШГЕГ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж хурлыг даргалж байсан С.Баяндалайгийн .,... уг хуралдааны тэмдэглэлд дурдсан зүйл бүгд үнэн" гэж мэдүүлсэн мэдүүлгээр бүрэн нотлогдож байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдалд хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрийн хянаж, хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/1275, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалинг олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дах хэсэгт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөхөөр заасан бөгөөд цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хуульд заасан насны хязгаарт хүрсэн[1] гэж үзэж, нэхэмжлэгч Д.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргасан хариуцагчийн тушаал хуульд нийцсэн байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй гээд, мөн хэсгийн 5 дахь заалтад ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч, түүнчлэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн блон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад офицерын албыг ахлах офицер 50 нас хүртэл хааж болно гэж тус тус заасны дагуу Д.Г нь Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ахлах офицер ангилалд хамаарч байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/1325 дугаар тушаалыг гарах үед 50 настай[2] байжээ.

Нэхэмжлэгч Д.Г болон түүний өмгөөлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Д.Г нь цаашид энэ албандаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан уг хурлын 5 тоот тэмдэглэл, мөн тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж хурлыг даргалж байсан С.Баяндалайгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

Уг хуралдаанаар[3] хурандаа Д.Гт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/977 дугаар тушаалаар цэргийн цолны мөнгийг 1 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан бөгөөд Д.Гийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллахаар хүсэлт гаргасныг хэлэлцсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаар буюу 50 нас хүрсэн ахлах офицерын алба хаах хугацааг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаарт багтаан сунгахад Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалт саад болохгүй талаар Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тогтоосон байдаг бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн өндөр мэргэжил, дадлага сайтай, цаашид зайлшгүй үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай гэж үзсэн цэргийн албан хаагчийн алба хаах хугацааг сунгах асуудлыг эрх бүхий албан тушаалтан буюу захиргааны санаачилгаар шийдвэрлэхээр хуульчилжээ.

Иймээс нэхэмжлэгчийн үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран хариуцагчид энэхүү асуудлыг шийдвэрлэх эрх олгогдсон байх тул хуулиар олгогдсон хариуцагчийн бүрэн эрхэд шүүх халдах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн давж заалдах гомдолдоо ... Д.Гт ээлжийн амралтыг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс олгож, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл амрах мэдэгдэл өгсөн. Гэтэл ... Д.Гийг халсан б/1325 дугаар тушаал нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан байна. Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн. Шүүх энэ зөрчилд дүгнэлт хийгээгүй, дүгнэх шаардлагагүй гэж үзсэнд гомдолтой байна гэжээ.

Анхан шатны шүүх ээлжийн амралтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй мэтээр үзсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий акт нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр огноологдсон боловч тушаалын 1 дэх заалтаас үзвэл Д.Гийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлсөн байх байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн хуульд заасан ээлжийн амралтаа эдэлж байхад ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалаагүй гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Д.Г нь Удирдлагын зөвлөлийн хуралд гаргасан тайлбараас өөрөөр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллахаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон байх тул шүүхийг нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР