Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 858

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Б-ийн Г

Хариуцагч: БЗД ИТХ.     

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗД ИТХ-ын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны “Б.Г-ийг Д ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулах” тухай” 26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“... Маргаан бүхий захиргааны актыг хариуцагч нь нэхэмжлэгчид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, мэдэгдээгүй ба Б.Г нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр энэ талаар анх мэдсэн. Д ИТХ-ын ажлын албаны даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/88 дугаартай албан бичигт тусгагдсанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 11 дүгээр нэгдсэн хуралдаан болсон гэх хэдий ч тус хуралдаан нь хууль бусаар явагдсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Маргаан бүхий захиргааны актыг хариуцагчийн зүгээс гаргахдаа холбогдох  хууль, тогтоомжийн заалтуудыг зөрчсөн байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж байна.

Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг болон холбогдох журмыг хариуцагч нь зөрчсөн.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Хуралд асуудал оруулах эрхийн талаар зохицуулсан бөгөөд 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж тодорхой заасан боловч нэхэмжлэгч Б.Г-ийг огцруулах санаачлага хуульд заасан журмын дагуу гараагүй гэж үзэж байна. Дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Хурлын Тэргүүлэгчид нь “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх эрхтэй” гэж заасан бөгөөд 23 дугаар зүйлийн 23.3-д “Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” гэж заасан, мөн 23.4-д хуралдаан хуралдуулах журмыг заахдаа “... Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасныг зөрчиж хуралдаан хуралдуулсан болно.

Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасан ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4-д зааснаар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн тоо нь 41 бөгөөд хуралд 21 төлөөлөгч хүрэлцэн ирснээр хурал хүчинтэйд тооцогдохоор байгаа. Гэтэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 301, 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 273 дугаартай тогтоолуудаар Х.Ө, А.Э нар дүүргийн иргэдийн төлөөлөгчийн эрхгүй болохыг эцэслэн тогтоосон байхад маргаан бүхий захиргааны актыг батлах хуралдаанд хурлын төлөөлөгчийн эрхгүй Х.Ө, А.Э нар нь оролцсоныг хурлын ирцэнд тооцохооргүй байгаа ба Монгол Ардын намын төлөөлөгч нар нь хуралдааны дэг зөрчиж зарласан мөн бүлгийн хурал явуулах бололцоо олгоогүй хуралдаанд оролцоогүй бөгөөд хуралд оролцсон эрх бүхий төлөөлөгчийн тоо нь хурлын ирцэд хүрэхгүй тул хурлаас гарсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн БЗД ИТХ-ын хуралдаанаар Б.Г-ийг Д ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулсан. 2019 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр торгуулийн ял авсан гэх тогтоолыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг товлон зарлаж, нийт Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн нэхэмжлэгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тодорхой заалтыг зөрчсөн мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир гэм буруутай, төлөөлөгч байх эрхгүй гэж үзэн иргэдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулсан тогтоол гаргасан. Тухайн Хурлын шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Ардын намын бүлэгт ирсэн албан бичгийн хавсралтаас мэдсэн. Захиргааны актад холбогдож байгаа этгээд нь өөрөө оролцох, мэдэх ёстой.

 Мөн 19 дүгээр тойргоос сонгогдсон Х.Ө*******, 10 дугаар тойргоос сонгогдсон А.Э нар нь таслах эрхтэй оролцсоноор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ирц бүрдэж байгаа юм. 2017 онд дахин сонгууль зарласан. Дахин сонгууль зарласан тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ба захиргааны хэргийн шүүх сонгууль зарласан тогтоол хүчин төгөлдөр байна гэж үзсэн.

Иймд Х.Ө, М.Э хоёр нь БЗД ИТХд таслах эрхтэй оролцох боломжгүй учир 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн БЗД ИТХ-ын хуралдааны 26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 Хариуцагч БЗД ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Б.Г******* нь 2018 оны 9 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад иргэн П.Ц цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлсэн байна.

Дээрх шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргаагүй ба энэ тухай мэдээллийг БЗД ИТХд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Б.Г нь гэмт хэрэгт холбогдсон тухайгаа Д ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтан, ажлын албаны дарга нарт мэдэгдээгүй. Нийтийн албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл гаргасан. Ингэснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 зүйлийн 13.1-д “Аймаг, нийслэл, сум, Д ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно”, 13.1.4-д “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор” заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн “а”-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудлыг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд хуралдан шийдвэрлэх эрхтэй” гэж хуульчилсан.

Дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлж, Баянзүрх дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар Б.Г-ийг төлөөлөгчөөс огцруулах тухай тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гэмт хэрэг үйлдсэн болохыг хууль хяналтын байгууллага тогтоож хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсан учир БЗД ИТХ-аар нэхэмжлэлд дурдсан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар тус Д ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаад “Хог хаягдлын хураамжийг судалж, шинэчлэн тогтоож, түр хороо байгуулах” тухай хуулийн хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн хуралдаан зарласан. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б.Г*******од холбогдох 275 дугаар шийтгэх тогтоолыг иргэдийн Хуралд ирүүлсэн. Иймд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид хуралдаад хэлэлцэх асуудалдаа нэмэлт өөрчлөлт оруулсан, Нэмэлт өөрчлөлт оруулсан асуудал нь төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд хандан “БЗД ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны “Б.Г-ийг Д ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулах” тухай” 26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага бүхий нэхэмжлэл өөрчлөгдөөгүй болно.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “захиргаа мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүйгээр, Хуралдааны ирц бүрдээгүй байхад буюу төлөөлөгчийн бүрэн эрхгүй этгээдийг оролцуулж хуралдсан нь хууль бус болсон” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хэргийн шүүхээс нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан, уг шийтгэх тогтоолд нэхэмжлэл гаргагч нь давж заалдах гомдол гаргаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг Хурлын төлөөлөгч байх эсэхийг шийдвэрлэх онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүх хуралдааны оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар, шинжлэн судалсан бичгийн болон бусад баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

БЗД ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдааныг хуралдуулах тухай мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/16 дугаар тогтоол[1] гарснаар, түүнчлэн энэхүү 11 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/20 дугаар тогтоолыг[2] Хурлын Тэргүүлэгчдээс гаргаж шийдвэрлэснээр  маргаан бүхий захиргааны акт[3] болох 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны “Б.Г-гийг Д ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулах тухай” 26 дугаар тогтоолыг баталсан ба ингэхдээ “Төлөөлөгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор батлагдсан” гэж үзэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 “а”, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоол зэргийг үндэслэжээ.

Маргаан бүхий захиргааны актанд дурдагдсан гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримт нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор[4] нотлогдож байна. Энэхүү шийтгэх тогтоолыг Б.Гг нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гардан авсан ба түүний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, харин уг хэргийн хохирогч нь давж заалдах гомдол гаргасан ба гомдлоосоо татгалзсан, торгуулийн ялыг гүйцэтгэж, төлбөр төлсөн гэх баримтууд[5] хэрэгт авагдсан байна. Ингэснээр дээрх 275 дугаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргах үеийн огноо нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх огноотой хугацааны хувьд зөрүүтэй байгаа боловч энэ үндэслэл нь уг маргаан бүхий актыг шүүхээс хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан нэр бүхий хоёр төлөөлөгч нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхгүй байсан гэсний тухайд. БЗД ИТХ нь нийт 41 төлөөлөгчтэй байна. Маргаан бүхий захиргааны акт гарч буй огноо болох 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 22 төлөөлөгч хүрэлцэн ирсэн, нэр нь дурдагдсан Х.Ө, А.Э нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон шийдвэр гараагүй байсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” төлөөлөгчийн бүрэн эрхийг шууд үгүйсгэсэн баримт байхгүй байна.

 Энэ байдал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Хэрэв дээрх нэр бүхий хоёр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон, эрх зүйн байдал нь төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзвэл, тухайн Хурлын нийт төлөөлөгч 39 байхаар байна, энэхүү төлөөлөгч нарын тооноос тооцож үзвэл 20 төлөөлөгч хүрэлцэн ирсэн, мөн хуралдааны ирцийг 53,6 хувьтай байсан байна гэж үзэхээр байгаа нь хуралдааныг олонхийн бус ирцтэйгээр хуралдуулсан гэж үзэхэд учир дутагдалтай болж байна.

Хамгийн  гол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а-д зааснаар “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал”-ыг тухайн Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр байна. Тэгвэл, дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” гэснээр маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчаас огцруулах тогтоол гаргаж, нэхэмжлэгч Б.Г-ийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон байх ба түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсан байна.

Иймд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу хариуцагч захиргааны байгууллага нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хурлын төлөөлөгчийг огцруулах нөхцөл байдал бий болсон гэж үзэж, өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх онцгой чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 105.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.2, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а-д заасныг баримтлан иргэн Б.Г-ийн “БЗД ИТХ-ын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны “Б.Г-ийг Д ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулах” тухай” 26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          У.БАДАМСҮРЭН


[1] Хавтаст хэргийн 30-р хуудас

[2] Хавтаст хэргийн 31-р хуудас

[3] Хавтаст хэргийн 32-р хуудас

[4] Хавтаст хэргийн 39-44-р хуудас

[5] Хавтаст хэргийн 117-129-р хуудас