Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: А.Болор;

улсын яллагч: Б.Мөнх-Од;

шүүгдэгч: Б.Оюунбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Баатарын Оюунбаатарт холбогдох эрүүгийн 201625020721 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:    

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 21 дүгээр гудамжны 627 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ЖВ95033112 регистерийн дугаартай, Шарайд овогт Баатарын Оюунбаатар.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Оюунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Багшийн хөгжлийн ордны” орчим хохирогч Ц.Үржинхандын халааснаас “Ай Фоне-5” загварын гар утас хулгайлж 260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв номын сангийн орчим автобусан дотор зорчиж байсан хохирогч Б.Нарантамирын халааснаас “Самсунг Хавай” загварын гар утас хулгайлж 200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б.Оюунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Үржинханд /хх-ийн 20-22/, Б.Нарантамир /хх-ийн 43-45/, гэрч Б.Эрдэнэхүү /хх-ийн 46/, Н.Наранбаатар /хх-ийн 47/ нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10, 42/, эд зүйл хураан авсан тухай баримт /хх-ийн 17, 40/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 18, 41/, Б.Оюунбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/, Б.Оюунбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69-73/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Оюунбаатар нь давтан үйлдлээр буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Багшийн хөгжлийн ордны” орчим хохирогч Ц.Үржинхандын халааснаас “Ай Фоне-5” загварын гар утсыг хулгайлж 260.000 төгрөгийн хохирол,

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Төв номын сангийн” орчим автобусан дотор зорчиж байсан хохирогч Б.Нарантамирын халааснаас “Самсунг Хавай” загварын гар утсыг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 460.000 төгрөгийн буюу  бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ц.Үржинхандын /хх-ийн 21-22/: “… 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед найз Жавзанпагмын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Багшийн хөгжлийн ордны” орчим явж байхдаа куртикны халааснаас “Ай фоне-5” маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед миний куртикны халаасанд хүн хүрэх шиг болсон. Эргээд харахад миний ард нэг эрэгтэй хүн алхаж байсан. Тэр эрэгтэй хүнийг хулгай хийсэн гэж сэжиглэж байна. Намайг Багшийн дээд сургуулийн автобусны буудлын орчим явж байхад миний араас дагаад байсан залууг авчихлаа гэж бодоод цагдаад хандсан…” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Нарантамирын /хх-ийн 45/: “… Би “120”-ийн автобусны буудлаас автобусанд суугаад “Төв номын сангийн” ойролцоо иртэл автобусанд явсан нэг хүн “тэр хүүхэд чиний гар утсыг хулгайлчихлаа” гэж хэлсэн. Гэтэл нөгөө хүүхэд намайг харчихаад миний гар утсыг буцаагаад надад өгсөн. Тухайн үед автобуснаас ямар ч хүн буулгалгүй байж байгаад цагдаа дуудсан. Гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Эрдэнэхүүгийн /хх-ийн 46/: “… 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ахлах дэслэгч Наранбаатарын хамт “Тамир 113” прольтой машинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Өглөөний 11 цаг 30 минутанд “Тамир-10”-аас “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв номын сангийн автобусны буудал дээр автобусан дотор гар утсаа хулгайд алдлаа” гэх дуудлагыг хүлээн авч шалгахад өөрийгөө Оюунбаатар гэх эрэгтэй хүн иргэн Нарантамирын загвар нь мэдэгдэхгүй цагаан өнгийн гар утсыг хулгайлж аваад эзэнд нь буцааж өгсөн байдалтай байсан. Оюунбаатар гэгчээс болсон асуудлын талаар асуухад “энэ хүний гар утсыг хулгайлж аваад буцаагаад өгчихсөн” гэж хэлж байсныг хэлтэс дээр авчирч саатуулсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Наранбаатарын /хх-ийн 47/: “… 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Тамир 113” прольтой машинтай цагдаагийн дэслэгч Эрдэнэхүүгийн хамтаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд “Тамир-10”-аас “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв номын сангийн автобусны буудал дээр автобусан дотор гар утсаа алдсан иргэн байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад 20 орчим насны, махлагдуу залуу автобусанд сууж байсан. Гар утсаа алдсан гэх эмэгтэй уг залууг сэжиглэж зааж байсан. Тухайн залуугаас болсон асуудлын талаар асуухад өөрийгөө Оюунбаатар гэж хэлээд “би энэ эмэгтэйгийн гар утсыг нь аваад буцаагаад өгчихсөн” гэж хэлж байсан. Оюунбаатар гэгчийг “Тамир-10” жижүүрийн бүрэлдэхүүнд хүргэж өгсөн…” гэх мэдүүлэг,

 

Б.Оюунбаатарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 54-57/: “… 2016 оны 02 дугаар сард санагдаж байна, би гэрээсээ гараад “Багшийн хөгжлийн ордон” орсон. Ордоны урд алхаж байсан 2 охины зүүн талд явж байсан охины баруун халааснаас нь цагаан өнгийн “Ай Фоне-5” маркийн гар утсыг нь хулгайлсан. Дараа нь 2016 оны 03 дугаар сарын эхээр бил үү, дундуур бил үү он сараа сайн санахгүй байна. …”120”-ийн автобусны буудал дээрээс автобусанд сууж байсан нэг охины халааснаас “Самсунг Хавай” маркийн гар утас хулгайлж аваад автобусанд суусан. Тэр автобусанд суугаад явж байсан нэг залуу нөгөө гар утасны эзэнд “энэ хүүхэд утсыг чинь хулгайлчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь буцааж өгөөд цагдаад баригдаад ирсэн…” гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтууд /хх-ийн 10, 42/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, Б.Оюунбаатараас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17, 40/, хохирогч Ц.Үржинханд, Б.Нарантамир нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18, 41/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Оюунбаатарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

Б.Оюунбаатар нь давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Оюунбаатар нь хулгайлсан эд зүйлээ хохирогч Ц.Үржинханд, Б.Нарантамир нарт биет байдлаар буцаан өгсөн, хохирогч Ц.Үржинханд, Б.Нарантамир нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Оюунбаатар нь урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцогдсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Оюунбаатарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт Баатарын Оюунбаатарыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунбаатарыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Шүүгдэгч Б.Оюунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

  

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оюунбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Оюунбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ