Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Солонгын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч  Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05470 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ё.Батцэнгэл, Э.Номиун нарт холбогдох

38 036 250 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Пүрэвпунцагтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Номиуны гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Энхжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Өлзийбаяр

Хариуцагч : Э.Номиун

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Мөнхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.Солонго нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Э.Номиунтай зээлийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр 24 200 ам.долларыг 3 сарын хугацаатай, 1 сарын 2,5 хувийн хүүтэй, зээлдүүлсэн. Ингээд сар бүр хүүгээ төлж байхаар тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 21 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ё.Батцэнгэл, Э.Номиун нар 30 000 000 төгрөгийг өгсөн ба энэ мөнгийг анх зээл өгөх үеийн ханшаар бодож авсан. Энэ мөнгөнөөс 21 хоногийн хүү, алданги хасахад нийт 12 415 ам.долларын өр үлдсэн ба энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Алданги нь хуульд заасан 50 хувиас хэтрэхгүй байх ёстой тул бид 50 хувиар бодож 18 623 ам.доллар буюу үүнийг Монгол банкны ханш болох 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1 952.72 төгрөгөөр тооцож үзэхэд 36 365 504 төгрөг болсон. Үүнийг хариуцагч Э.Номиун, Ё.Батцэнгэл нараас гаргуулахаар шаардаж байна. Тухайн үед зээлийн гэрээг Э.Номиунтай байгуулсан ба Э.Номиун нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч тал анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 38 036 250 төгрөг болж байгаа ба  хариуцагч тал мөнгө төлөлгүй удсан учраас 38 036 250 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Ж.Солонго нь 38 036 250 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтын хүрээнд гарсан. Хариуцагч Ё.Батцэнгэл нь өмнөх 3 шатны шүүхэд гаргасан өөрийнх нь тайлбар байдаг ба тайлбартаа хариуцагч Ё.Батцэнгэл нь тухайн гэрээг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрээ хийсэн хүн нь Э.Номиун ба би гэрээ байгуулж мөнгө аваагүй гэсэн зүйлийг хэлээд 3 шатны шүүхээр ороод хэргийг буцаалгасан. Гэтэл өнөөдрийн шүүх хурал дээр Ё.Батцэнгэл, түүний өмгөөлөгч нар өөр зүйл яриад байгаа нь ойлгомжгүй байна. Харин нэхэмжлэгч Э.Солонго нь өөрөө шүүхэд хариуцагчаар хэн оролцох ёстойг сонгосон байгаа. Анх 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг Э.Солонго нь Э.Номиунтай хийсэн. Харин яагаад хамтран хариуцагчаар Ё.Батцэнгэлийг татсан тухайд зээл авсан өдрөөс хойш нэг ч удаа мөнгө төлөгдөөгүй ба Ё.Батцэнгэл нь би зээл авсан мөнгөө төлнө Э.Номиуныг зээлээс чөлөөлчих гэж амаар болон бичгээр гаргаж өгсөн хүсэлт хэрэгт одоо хүртэл байдаг.  Мөн тухайн зээлийг би өөрийн хөрөнгөөрөө хариуцна гэж хэлсэн бичлэг нь хүртэл хэрэгт авагдсан ба өөрөө хариуцлага хүлээнэ гэж хэлдэг болохоор нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар нь татсан. Хариуцагчийн өмгөөлөгч тухайн зээлийн гэрээний мөнгөн дүнгийн задаргаа  тайлбарлаж өгсөнгүй гэж байна. Нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ханшаар зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийн дүнг хэрхэн тодорхойлох талаар заасан. Тийм учраас нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 1 952,72 төгрөгөөр бодож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 12-нд хариуцагч талаас өгсөн 30 000 000  төгрөгийг тухайн өдрийн ханшаар нь бодоод ам.долларт шилжүүлээд 16 140 ам.долларыг өгсөн гэж үзсэн. Зээлийн 3 сарын хүү 1 815 ам.доллар, 21 хоногийн алданги 2 541 ам.долларыг хасаад үндсэн зээлээс 12 416 ам.долларын үлдэгдэлтэй үлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй. 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд хүү, алданги тооцохоор заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги бодно гэж заасан нь талуудын хооронд байгуулсан гэрээнд байдаг. Тийм учраас 18 624, ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 1 952.72 төгрөгөөр тооцож 36 365 504 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч тал яагаад 38 036 250 төгрөгийн үнийн дүн багасахгүй гэхээр нэхэмжлэгч Э.Солонго хэлэхдээ би хариуцагч нараас 2 жилийн турш шүүхэд нэхэмжлэл гарсны зардал,  өмгөөлөгчийн зардал  зэргийг хасахгүй, хасахаар бол шүүх шийдэх байх гэж хэлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж үзэхгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн тайлбар хийх, хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

            Хариуцагч Ё.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 38 036 250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэгч талд миний бие нь 29 768 189 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн манай эхнэр болох Э.Номиуныг хамтран хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            Хариуцагч Ё.Батцэнгэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “2014 оны 12 сарын 24-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ц.Пүрэвпунцаг нь зээлдэгч Ё.Батцэнгэлд 24 150 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний үндсэн хүү, алданги зэргийг хамтад нь нэхэмжилж 38 036 250 төгрөгийг нэхэмжилсэн. Энэхүү зээлийн гэрээ нь бодит байдлаар хийгдээгүй, зээлдүүлэгч Ц.Пүрэвпунцаг нь Ё.Батцэнгэл надад 24 150 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөөгүй. Учир нь 2014 оны 08 сарын 21-ний өдөр манай эхнэр Э.Номиун нь нэхэмжлэгч Ц.Пүрэвпунцагийн эхнэр 24 200 ам.долларыг тухайн үеийн ханш гэх 1 858 төгрөгт тооцон 44 963 600 сарын 2,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн юм. Ингээд 2014 оны 12 сарын 12-нд гэрээний үндсэн мөнгөнөөс эхнэр Э.Номиун нь Ц.Пүрэвпунцагт 30 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн. Тухайн үед Ц.Пүрэвпунцаг нь манай эхнэрт зээлүүлсэн 24 200 ам.долларыг 45 000 000 төгрөг гэж тооцоод өгсөн 30 000 000 төгрөг хасвал 45 000 000 төгрөг, үүнээс хүү  нийлээд 55 000 000 төгрөг болсон. Одоо 25 000 000 төгрөг үлдлээ хэмээн өөрөө тооцоо гаргаж, үлдсэн мөнгөн дээр зээлийн гэрээ хийе гэж гэрээ хийсэн. Уг зээлийн төлбөрт төлөгдөөгүй үлдсэн 25 000 000 төгрөгийн асуудал дээр эхнэртэй чинь биш чамтай үлдсэн 25 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ хийе гээд шахаж, шаардаж дахин зээлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн энэхүү нэхээд байгаа зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгө нь Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ бодит байдлаар байгуулагдаагүй, урьд байгуулсан гэрээний төлөгдөөгүй үлдэгдлийг Ё.Пүрэвпунцаг өөрөө тооцож байх тул 2014 оны 12 сарын 24-ний өдрийн Ц.Пүрэвпунцаг, Ё.Батцэнгэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Э.Номиун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн зээлийн гэрээг Ё.Батцэнгэлтэй байгуулсан учраас надад хамаагүй гэж хэлмээр байна. Мөн тухайн зээлийн гэрээг  би өөрөө  байгуулсан зүйл байхгүй учраас  шүүх хуралдаанд хариуцагчаар оролцмооргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Батцэнгэлд даалгаж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талд 2014 оны 12 дугаар сарын 12-нд 30 000 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Ё.Батцэнгэл нь төлсөн байдаг. Харин нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үнийн дүн тухайн өдрийн Монгол банкны ханшаар зөв бодогдсон гэдэг нь эргэлзээтэй байна. Бид нарын тооцоолж байгаагаар 1 ам.долларын ханш 1 853 төгрөг байсан ба үүнийг бодож үзэхээр тооны зөрүү гараад байна. Нэхэмжлэгч талаас болохоор шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшийн зөрүүгээр мөнгө тооцсон гэж яриад байна. Бид нарын тооцоолол бол төлөх төлбөр 29 768 189 төгрөг болж байгаа. Харин хариуцагч Ё.Батцэнгэлийн хувьд Э.Солонго, Э.Номиун нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба Ё.Батцэнгэл нь тухайн зээлийг хамт ашигласан нь үнэн. Хэдийгээр тухайн хэрэг маргаан нь Улсын Дээд Шүүхээс буцаж ирсэн боловч тухайн гэрээн дээр хэнээс хэдэн төгрөгийг аль зээлийн гэрээн дээр шаардаад байгаа нь ойлгомжгүй байна гэж буцаж ирсэн байдаг. Мөн анхны гэрээн дээр хүү алданги зэргийг нь бодох байдал, 2 дахь гэрээн дээр хийсэн нь алдаатай гэж үзэж байна. Анх талуудын хооронд Э.Номиун, Э.Солонго нарын хооронд гэрээ хэлцэл байгуулагдаад явсан боловч үндсэн мөнгийг нь авсан хүн нь Ё.Батцэнгэл байсан. Үүнийг нэхэмжлэгч тал мэдэж байсан ба анхнаас Ё.Батцэнгэлийг шүүхэд татсан асуудал байдаг. Мөн тухайн гэрээний нэмэлт гэрээн дээр хариуцагч Э.Номиун нь  байгуулаагүй ба анх Ё.Батцэнгэл нь байгуулсан байдаг. Ингээд бид хариуцагч талын хувьд тухайн зээлийн гэрээг төлбөрийн асуудлыг Ё.Батцэнгэл нь хариуцах ёстой гэж үзэж байна. Тийм учраас хариуцагч Э.Номиун нь хэргийн оролцогч биш, хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид 29 768 189 төгрөгийг манай талаас төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үүнийг Ё.Батцэнгэл нь өөрөө төлнө. Харин Э.Номиун нь төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Э.Номиунаас 33 886 526 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Солонгод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 149 723 төгрөг гаргуулах, хариуцагч Ё.Батцэнгэлд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ё.Батцэнгэл, Ц.Пүрэвпунцаг нарын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Ё.Батцэнгэлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 140 /гурван зуун дөчин найман мянга нэг зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Батцэнгэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 700 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж хариуцагч Ё.Батцэнгэлд буцаан олгож, хариуцагч Э.Номиунаас 327 382 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Э.Солонгод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Номиун давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Э.Солонго нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Э.Номиунтай зээлийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр 24.200 ам.долларыг 3 сарын хугацаатай, 1 сарын 2.5 хувийн хүүтэй, зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 21 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ё.Батцэнгэл, Э.Номиун нар 30 000 000 төгрөгийг өгсөн ба энэ мөнгийг анх зээл өгөх үеийн ханшаар бодож авсан. Уг мөнгөнөөс 21 хоногийн хүү, алдангийг хасч нийт 12.415 ам.долларын өр үлдсэн ба энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Алданги нь хуульд заасан 50 хувиас хэтрэхгүй байх ёстой тул бид 50 хувиар бодож 18.623 ам.доллар буюу үүнийг Монгол банкны ханш болох 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1 952,72 төгрөгөөр тооцож үзэхэд 36 365 504 төгрөг болсон. Тухайн үед зээлийн гэрээг Э.Намуунтай байгуулсан ба Э.Номиун зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч тал анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 38 036 250 төгрөг болж байгаа.

...Э.Солонго, Э.Номиун нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба Ё.Батцэнгэл нь тухайн зээлийг хамт ашигласан нь үнэн. Хэдийгээр тухайн хэрэг маргаан Улсын Дээд шүүхээс буцаж ирсэн боловч тухайн гэрээн дээр хэнээс хэдэн төгрөгийг аль зээлийн гэрээн дээр шаардаад байгаа нь ойлгомжгүй байна гэж буцаж ирсэн байдаг. Мөн анхны гэрээн дээр хүү, алданги зэргийг тооцох байтал хоёр дахь гэрээн дээр хийсэн нь алдаатай гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.Солонго нь хариуцагч Э.Номиунтай 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Үүрэг дуусгавар болгох тухай” гэрээ байгуулан тухайн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болгосон. Энэ талаар шүүхээс ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Мөн түүнчлэн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээ”-нд зээлдүүлэгч Э.Номиун, зээлдэгч Э.Солонго гэсэн байх атал зээлдэгч буюу Э.Солонго нь мөнгөө зээлүүлсэн болоод, зээлийн төлбөрийг шаардаж нэхэмжлээд байгаа талаар шүүх тодруулаагүй байдаг. Зээлийг Ё.Батцэнгэл авсан учир гэрээг зөвтгөж Ц.Пүрэвпунцагтай гэрээ байгуулсан гэж зохигчид тайлбарлаад байхад зээлийн зүйл болох 24 200 ам.долларыг хэний мөнгө болохыг тогтоогоогүй. Зээлийн зүйлийг Батцэнгэл хүлээн авч захиран зарцуулсан талаар тодруулаагүй байна. Зохигчид хэн алиндаа 45 000 000 төгрөг зээлэх талаар тохиролцож тухайн үеийн ханшаар бодож /1 ам.доллар=1 858 төгрөг/ 24 200 ам.доллар зээлснээ хүлээн зөвшөөрдөг. Үүнийг нотлох баримт нь зээлийн гэрээний ард хаалтан дотор 1 858 төгрөгөөр бодохоор 45 000 000 төгрөг болж байна. Зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл 45 000 000 төгрөг зээлэх хүсэлтэй байсан нь хангалттай нотлогдож байхад шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг ам.доллараар тооцож шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажиллагааг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Пүрэвпунцаг нь хариуцагч Ё.Батцэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 036 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ц.Пүрэвпунцагтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад нэхэмжлэгч Ц.Пүрэвпунцагийг Э.Солонгоор сольсон ба нэхэмжлэгч Э.Солонго нь Ц.Пүрэвпунцагийн нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Э.Солонго, Э.Номиун нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 38 036 250 төгрөг гаргуулахаар өөрчлөхдөө хариуцагчаар Э.Номиуныг нэмж татсан байна.

 

            Нэхэмжлэгч Э.Солонго, хариуцагч Э.Номиун нар нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч нь 24 200 ам.долларыг сарын 2.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээсэн, хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн төлбөрөөс 30 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 44, 52, 244-246/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Шүүх хариуцагчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 30 000 000 төгрөгийг тухайн үеийн Монголбанкны 1 ам.долларын ханшаар тооцон 16 140 ам.долларыг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 8 060 ам.доллар, 3 сарын зээлийн хүү 1 815 ам.доллар, нийт гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүн 9 875 ам.доллар гэж тооцсон нь зөв болжээ.

 

            Харин шүүх хариуцагчаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны алданги 2 541 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 4 937.5 ам.долларыг давхардуулан тооцсон нь буруу байх тул хариуцагчаас гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг 9 875 ам.доллар, гэрээний хугацаа дууссан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /9 875 ам.доллар/-гийн 50 хувиар тооцон 4 937.5 ам.доллар, нийт 14 812.5 ам.доллараар тодорхойлж, нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны 1 ам.долларын ханш /1 925.72 төгрөг/-аар тооцон 28 524 727 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Хариуцагч Ё.Батцэнгэл нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний нэг тал биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Батцэнгэл нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05470 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...33 886 526 төгрөг...” гэснийг “...28 524 727 төгрөг...” гэж, “...4 149 723 төгрөг...” гэснийг “...9 511 523 төгрөг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...327 382 төгрөг...” гэснийг “...300 574 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Номиуны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 392 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Э.ЗОЛЗАЯА

 

                            ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН