Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч: Ц.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн *************** тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр *********аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 00000 ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хилчин 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Ц-ийн А /РД:000000000/,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ...ундаа ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдалын зам, “Бумант” хүнсний дэлгүүрийн хойд талын замд “Toyota Ist” маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн хуулийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Ж.Б Б.Н нарыг мөргөж, Ж.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                     

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ...ундаа ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдалын зам, “Бумант” хүнсний дэлгүүрийн хойд талын замд “Toyota Ist” маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн хуулийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Ж.Б Б.Н нарыг мөргөж, Ж.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

 Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

Хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед эхнэрийн хамт хоёр ихэр хүүхдийнхээ эмийг авахаар гэрээсээ гараад манай ойролцоо эмийн сан байдаггүй учир Орбитын тойрог явахаар замруу алхсан. Ингээд автобусны буудал дээр ирээд замын цаана такси байхаар нь хоёулаа такси бариад явчих уу гэж хэлээд бид хоёр Найрамдалын замын баруунаасаа зүүн зүгт зам хөндлөн гарахаар болоод эхлээд хоёр тийшээ харахад ямар ч машин байхгүй болохоор алхаад зам хөндлөн гараад явж байтал ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд нэг машин цаанаа хурдтай ирж байхаар нь манай эхнэр “наадах чинь согтуу юм шиг байна ямар сонин явдаг юм хурдан гарья” гэж хэлээд бид хоёр хурдан алхаад зам хөндлөн гараад шороон зам дээр гараад амжчихлаа гээд би баруун гар талруугаа харахад тэр машины намайг эхлэж мөргөөд эхнэрийг би түлхээд давхар мөргүүлээд түүнээс хойш юу болсоныг би санахгүй байгаа нэг сэрэхэд тэнд байдаг таксины жолооч Тулгаа ах “Б ахын дүү сэрээрэй” гэж хэлээд нүүрлүү алгадаж байсан. Намайг тэр ах газар булсан дугуйн дээр суулгаад байж байтал түргэн ирээд эхнэр бид хоёрыг суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ийм л зүйл болсон”... гэх мэдүүлэг /хх-27-28/,

Иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... “Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад нөхөр Ж.Б-ы хамт эмийн сан орохоор гэрээсээ 19 цагийн үед гараад 20 орчим минут алхаад автобусны буудал дээр ирээд автобус байхгүй ирэхгүй болохоор нь такси барихаар Найрамдалын замын ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт гарахаар нь хоёр тийшээ хараад машин байхгүй болохоор нь алхаад замын голд ирээд дахиад машин байгаа эсэхийг урдаасаа хойшоо чиглэлтэй явдаг эгнээрүү харахад цаанаас нэг машин хурдтай согтуу хүн барьж байгаа юм шиг яваад байхаар нь нөхөр бид хоёр хурдан гарахаар гүүгээд замаар гарахын даваан дээр тэр машин бид хоёрыг мөргөөд би эхлэж газар унаад нүдээ нээтэл манай нөхөр унаж байгаа харагдсан. Би тэр машины баруун урд хэсгийн буферний харалдаа унасан байсан бөгөөд манай нөхөр машины голын хэсгийн доор орсон ухаангүй байтал хэвтэж байхад нь тэрүүгээр явж байсан хоёр эрэгтэй хүн манай нөхрийг татаж гаргаж ирээд сэргээх гэж сэгсрээд байсан. Удалгүй 5 минутын дараа манай нөхөр ухаан ороод босоод надруу алхах гэтэл хөл нь өвдөөд ёолоод газар унасан. Нөгөө хоёр хүн манай нөхрийг цаанаа байсан шороонд булсан дугуйн дээр суулгаад намайг дараа нь босгоод дугуйн дээр суулгаад байж байтал түргэний машин ирээд бид хоёрыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... “Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг 30 минутын орчим Орбитын 1 дүгээр буудпын зогсоол дээр автобус хүлээгээд машинтайгаа зогсож байтал манай тэнд амьдардаг Б, Н хоёр такси авах гээд замын баруун талаас зам хөндлөн гарч ирж яваа харагдсан. Тэгсэн чинь замын урдаас хурц гэрэлтэй жижиг тэрэг хурдтай ирээд тэр хоёрыг хүүе гэхийн завдалгүй мөргөөд унагасан. Тэгээд би машинаасаа буугаад очтол Б машины урд буферний доор хоёр хөл нь орсон жирэмсэн эхнэр нь хажууд нь хэвтэж байхаар нь Н-ээс “хамаагүй хөдөлж болохгүй шүү бие чинь гайгүй юу” гэж асуухад “толгой эвгүй болоод байна Б-ыг гаргаарай" гэж хэлэхээр нь би Б дээр очиход шоконд орсон байдалтай ямар нэгэн дуу гаргахгүй байхаар нь замын хажууд байсан залуугаас “ахдаа энийг дэмжилцээд гаргаад өгөөч" гэж хэлээд тэр залуу бид хоёр Б-ыг гаргаад би араас нь өргөөд сэгсэрхэд Б “манай эхнэр гайгүй юу, хөл эвгүй болчихлоо” гэж хэлэхээр нь тэнд суугаагаар нь үлдээгээд удалгүй цагдаа ирээд дараа нь түргэний машин ирээд эмч нь тэр хоёрыг үзээд машиндаа суулгаад аваад явсан. Тэр машины жолооч манай тэнд байдаг А гэгч жолоодож явсан. Ашоконд орсон байдалтай машинаасаа бууж ирээгүй суугаад байсан. Түүнээс хойш юу болсоныг мэдээгүй”... гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч Ц.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... “Манай эгч 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Бид нар эцэг эхээс 5-лаа А эгч айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Говь-Аптай аймгийн 10 жилийн сургуулийг бүрэн дунд боловсролтой төгсөөд аймгийн МСҮТ-д тогоочоор тусгай боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш хувиараа тогооч хийж байгаад одоо хувиараа борлуулалт хийдэг. Манай эгч А ахтай хуримаа хийж 3 хүүхэдтэй болсон боловч 2016 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байгаа. Зан байдлын хувьд тайван, зөөлөн, овсгоотой, архи тамхи хэрэглэдэггүй. Одоо манай эгч өрх толгойлсон 3 хүүхдийн хамт амьдардаг”... гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 450 дугаартай:

1. Б.Н-гийн биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, бугуйн үений зулгаралт, баруун шуу, тохойн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн гэх дүгнэлт /хх-ийн 53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 451 дугаартай:

1. Ж.Б-ы биед баруун тахилзуур ясны дээд булууны далд хугарал, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн гэх дүгнэлт /хх-ийн 60-61/,

114 дугаартай мөрдөгчийн “Toyota Ist” маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн хуулийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн магадлагаа /хх85-86-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ц.А-гийн яллагдагчаар өгсөн: ...“Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр таньдаг айл болох Б-гийн хашааныхан гадаа өөрийн унаж хэрэглэдэг Тоёота Ист маркийн 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ жолоодож очоод Б бид 2 нэг шил хувааж уусан. Найз Э миний машиныг барьж байсан бөгөөд архи уугаагүй байж байгаад бид 3 караоке орохоор болоод Э машин бариад Орбит зах руу явсан. Ингээд Орбит захын караоке ороод тэнд бид 3 архи уухаар болоод би нэг шил пиво уугаад сууж байхад Э Б-тэй архи уухаар би “чи миний машиныг унаж явахаар юм байж архи уучлаа” гэж хэлээд машиныхаа түлхүүрийг аваад караокений гаднаас машинаа жолоодоод 123 дугаар сургууль орж 3 хүүхдээ аваад гэртээ харихаар машинаа жолоодоод Найрамдалын замаар явсан. Ингээд явж байтал Э миний утасруу залгаад байхаар нь би гар утасруугаа хараад буцаад урагшаагаа харахад урд хоёр хүн гараад ирсэн байсан тэгээд тэр хоёр хүнийг би машиныхаа урд талын хэсгээр мөргөөд зам дээр унагасан. Би машинаасаа бууж чадаагүй учир өөрийн дугаараасаа 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд цагдаа, эмнэлэг ирээд эмч тэр хоёр хүнийг аваад явсан. Цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийсэн....”гэж /хх-ийн 96/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 450 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Н-гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 451 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж.Б-ы эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол тус тус учирсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн үйлдлийн шинжтэй. Уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “согтуурсан үедээ” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн хуулийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг тус тус  заалтыг зөрчсөн нь 114 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх85-86-р хуудас/-аар тогтоогдсон, улмаар хохирогч Ж.Б-ы биед хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд согтуурсан байсан нь 1.65 тоон үзүүлэлттэй илэрсэн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11/-ээр тогтоогдсон.

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.А авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол,  

Хохирогч Ж.Б иргэний нэхэмжлэгч Б.Н нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.А-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрхийн хязгаарлалтыг тогтоолгох албадлагын арга хэмжээ авах саналтай. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн 993772 дугаартай жолооны үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Ц.А нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй буюу хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа хэрэгдэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж байна. 

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ц.А-гийн 000000 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б  овогт Ц-ийн А-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа хэрэгдэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоож, албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 00000 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.А-д сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                     Ц.УРАНГУА