Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2017/00480/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг Залуучуудын өргөн чөлөө Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, 2-р 30 айл гудамж 24 тоотод оршин суух Боржигин овгийн Равжихын Хандсүрэн /РД:ТЗ60081906/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 3 дугаар баг, Номгон төв хэсэг гудамж, 23 тоотод оршин суух Тайж овгийн Бат-Эрдэнийн Одончимэг /РД:МФ92122307/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10.635.361 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад орлого, хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек, Б.Жавхлан, хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нар нь 2015.11.26-ны өдөр Төрийн банкны Дархан салбараас 10 сая төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг авснаас хойш эхний 7 сарын хугацаанд хэвийн төлж байгаад 2016 оны 7 сараас хойш зээлийн төлөлт хийгдээгүй учир шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар үндсэн төлбөрөөс 2,200,000 төгрөгийг төлсөн учир анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2,200,000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 6,247,847 төгрөг, хүү 2,086,069.19 төгрөг, торгуулийн хүү 93,845 төгрөг, нотариатын зардал 7.600 төгрөг, нийт 8 435 361төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

FILENAME \p \* MERGEFORMAT I:\Batchimeg\Шийдвэр\Төгрөг гаргуулах тухай\Төрийн банк, Хандсүрэн нар.doc

Хариуцагч Р.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015.11.26-ны өдөр ОК нэртэй баарны захирал н.Сэржмядаг гэх хүн надтай уулзаад би бизнесийн зээлтэй, та зээлгүй бол надад зээл аваад өгөөч, би тухай бүрт нь төлж байна, та санаа зоволтгүй гэж хэлсэн. Сэржмядаг надтай уулзаж энэ тухай ярьж байхад бид 2-ын хажууд Төрийн банкны эдийн засагч Ш.Келербек хамт байсан учир би итгээд хүлээн зөвшөөрсөн. ОК баарны эд зүйлийг барьцаалаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд зээл тэр өдрөө бүтчихлээ гээд намайг дуудаад гэрээнд гарын үсэг зурчих гэсэн. Ш.Келербек хамтран зээлдэгч хэрэгтэй гэтэл ОК бааранд зөөгч хийж байсан Б.Одончимэгийг дуудаж гарын үсэг зуруулсан. Тэгээд удаагүй миний дансанд 10 сая төгрөг ороод буцаад гарсан. Тэр зээлийг авахад Б.Одончимэг бид хоёрт хэн ч юу ч тайлбарлаж өгөөгүй, теллертэй нь ч уулзуулаагүй, гэрээнд гарын үсэг зурчихаад л явсан. Тэр мөнгөнөөс Б.Одончимэг бид хоёр нэг төгрөг ч аваагүй. н.Сэржмядагийг зээлээ төлж байгаа байх гэж бодож байтал гэнэт шүүхээс дуудсан гайхаад н.Сэржмядаг руу залгаад учир байдлыг хэлж байж 2,200,000 төгрөгийг төлүүлсэн. Сая шүүх хурлын өмнө утсаар холбогдоход ямар ч гэсэн шүүх хуралдаанд ороод гараад ир гэж хэлсэн гэв.

Хариуцагч Б.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ОК бааранд зөөгч хийдэг байсан. Сэржмядаг эгч зээл авах гэж байгаа юм, батлан даагчаар гарын үсэг зураад өг гэхээр нь би маргааш нь очиж гарын үсэг зурсан. Яг юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, бэлдсэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Гарын үсэг зурчихаад буцаад явсан. Тэр мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.635.361 төгрөг гаргуулах, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр болон бусад орлого, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна

 

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ-105/2 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй олгож, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар мөн өдөр БГ-105/2 дугаартай барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 5-8 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан байх ба талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Дээрх 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-105/2 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ныөдөр дуусахаар байгаа боловч нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нарыг зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч нар 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 8.447.847 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2.086.069 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 93.845 төгрөг, нотариатын зардал 7600 төгрөг, нийт 10.635.361 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.200.000 төгрөг төлсөнөөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8.435.361 төгрөг нэхэмжилж байна.

 

Зохигчид дээрх үйл баримт болон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болно.

 

Харин хариуцагч нар ... Бид энэ зээлийг авч ашиглаагүй тул хариуцахгүй гэж маргаж байх байх боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар зээлийг зээлдэгчийн Төрийн банкин дахь 140800209214 тоот төгрөгийн дансандзээлийг бүхэлд нь бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заасан байх бөгөөд хэргийн 9 дүгээр талд авагдсан мемориалын баримтаас үзэхэд хариуцагч Р.Хандсүрэн гэрээний зүйл болох 10.000.000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т: Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан байх бөгөөд талууд гэрээгээр зээлийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх журмыг дээр дурдсанаар тохирсон байх тул хариуцагч нарын мөнгийг хүлээн аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэрээнд зааснаар зээлдэгч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нар нь 10.000.000 төгрөгийг 24 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хуваарь, эргэн төлөх дүнгийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээж, хэрэв үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч зээлдэгч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нар нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэд үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нар нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул тэднийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5д заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд хариуцагч зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй байх тул тэдгээр нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нарыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд 7.600 төгрөг төлсөн нь нотариатын үйлчилгээний мөнгөний тасалбар /хх 2/-аар тогтоогдож байх тул уг хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Төрийн банкны дархан салбараас хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нарт холбогдуулан бусад орлого, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Р.Хандсүрэн, Б.Одончимэг нарын бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нараас үндсэн зээлд 6.447.847 төгрөг, зээлийн хүү 2.086.069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.754 төгрөг, нотариатын зардал 7.600 төгрөг, нийт 8.435.361 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахааршийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185.115 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 149.915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нараас 8.435.361 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.200.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нар нь 8.435.361 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох 76 ширхэг ширээ сандал, 32 ширхэг буйдан, 4 ширхэг хөргөгч, 1 ширхэг шарах шүүгээ, 1 ширхэг хөгжим гэрэлтүүлэг, 4 ширхэг компьютер проектор, 1 ширхэг зурагт, 1.673.100 төгрөгийн бараа материал зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нарын бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийндугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185.115 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Хандсүрэн, Б.Одончимэг нараас 149.915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ