Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

 

 

 

    2022         01           11                                    2022/ШЦТ/36

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ц.Оргил

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУБИС-д англи хэлний багш мэргэжлээр сурч байгаа 2 дугаар курсын оюутан гэх, ам бүл 4; хойт эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй,

ХХ00000 дугаарын регистртэй, Ц овогт Х-гийн А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Х.А 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ХХ дүүргийн 0 дугаар хороо, “ХХХ” зочид буудлын 00 тоот өрөөнд байсан хохирогч У.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 891.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Х.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдаад мэдүүлгээ өгсөн тул дахин ярихгүй. Би энэ үйлдэлдээ үнэхээр харамсаж, бас ичиж байна. Бусдын эд зүйлийг авч болохгүй гэдгийг ухаарсан. Гар утасны хохиролд 850.000 төгрөг төлөх ёстой гэж хэлэхээр нь энэ мөнгийг нь төлсөн. Харин одоо зөрүү 41.450 төгрөг төлөхөөр байгаа бол төлөх болно гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч У-ийн Б “... 2021 оны 3 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө найз А, А, С, Т, З нарын хамт ХХХ дүүргийн 0 дугаар хороо, “ХХХ” нэртэй буудлын 00 тоотод хоносон. Би гар утсаа цэнэглэгчид залгаад буудлын зурагтын доор байсан тавилга дээр үлдээсэн байсан. Бид нар унтлагын өрөөнд унтаж байсан ба Ө, А хоёр гар утас цэнэглэж байсан газар Ө-ын утсаар бичлэг үзээд сууж байсан. Тэгээд би хэсэг хугацаанд унтсан. Сэрээд С-ийг “гар утас аваад ир” гэхэд байхгүй байна гэж хэлсэн. А намайг унтаж байхад би явлаа шүү гэж, 2-3 удаа намайг сэрээх гэж үзээд би хальт сэрэхэд “би М-тэй уулзах ажилтай” гэж хэлээд байсан. З ажилтай гээд явсан ба З-ыг явсны дараа миний гар утас байсан. А-г явсны дараа гар утас алга болчихсон байсан.” /хх-н 15-16/ гэж,

гэрч Б-ийн А “... Тэргэл залгаад ХХХ дүүргийн 00 дугаар хороо, “ХХХ” зочид буудалд хүрээд ир гэхээр нь би очсон ба Т, Б, С, Б, А нар байсан. Бид нар пиво ууж байгаад 2021 оны 3 дугаар сарын 21-ний шөнө 01 цагт бүгд унтсан. Өглөө нь 10 цагийн үед байсан байх А яараад гараад явчихсан. Удалгүй Б миний гар утас алга байна гэж хэлээд өрөөг нэгжиж үзсэн боловч түүний гар утсыг олоогүй.

А 25 дугаар эмийн сангийн орчим надтай уулзаад “би Б-ийн гар утсыг нь авчихсан. Тэгээд М гэдэг найзынхаа нэрээр ломбардад 200.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан байгаа” гэж хэлсэн.” /хх-н 22-23/ гэж,

гэрч Б-ийн М “... гэртээ унтаж байхад А, А нар залгаад “гараад ир” гэхээр нь би гарч очсон. Тэр хоёр “ломбардад гар утас тавих гэсэн боловч бичиг баримт байхгүй байна, чиний бичиг баримтаар ломбардад тавиад эргүүлээд авчихъя” гэж хэлсэн. Тэгээд би буцаж гэртээ ороод иргэний үнэмлэхээ аваад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын хойд талд байдаг ломбардад гар утсыг нь тавьсан. Тухайн гар утас нь А-51 загварын гар утас байсан. Би бичиг баримтаа өгөөд л гарсан, хэдэн төгрөгт тавьсан талаар мэдэхгүй байна. Би тэр хоёроос ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй.” /хх-н 25-26/ гэж,

гэрч Г-гийн Т “... 2021 оны 3 дугаар сарын 21-ний өглөө З ажилдаа явсан байсан. Би босож бие засчхаад утсаа цэнэглэх үед Б-ийн Самсунг А-51 маркийн гар утас ширээн дээр байсан. Удалгүй А явлаа гээд өрөөнөөс гараад явсан ба Батдэлгэр миний гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд бид нар босоод өрөөг нэгжиж үзээд олоогүй” /хх-н 28/ гэж,

гэрч И-гийн Ө “... 2021 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 9 цаг өнгөрч байхад босоод С-ийн гар утсыг цэнэглэх үед З ажилдаа явсан байсан ба Б-ийн Самсунг А-51 маркийн гар утас ширээн дээр байсан. Удалгүй А явлаа гэж хэлээд гараад явсан бөгөөд А-г явсны дараа Б миний гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд бид нар өрөөг нэгжиж үзээд олоогүй.” /хх-н 30/ гэж,

гэрч М-ийн З “... 2021 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байх үед босоод ширээн дээр байсан уснаас уух үед Б-ийн гар утас ширээн дээр доошоо харсан байдалтай байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд ажилдаа явсан.” /хх-н 33/ гэж,

гэрч Э-ийн С “... 2021 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 9 цаг өнгөрөөгөөд сэрэх үед З ажилдаа явсан. Би босоод ширээн дээр цэнэглээтэй байсан гар утсаа авах үед Б-ийн гар утас байсан. Тэгээд би утсаа аваад буцаад орондоо орсон. Удалгүй А явлаа гээд гарсан. А-г явсны дараа Батдэлгэр миний гар утас байхгүй байна гэж хэлсэн. А-г явсны дааа буудалд Б, З, Т, Ө, А бид нар үлдсэн байсан.” /хх-н 35, 81/ гэж,

гэрч Г-ийн Н “... Б-ийн М гэх хүн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Самсунг А-51 маркийн гар утсыг 300.000 төгрөгөөр тавиад 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 471.400 төгрөг төлөөд авсан. М гэх залуу бичиг баримтаа өгөөд бүртгүүлсэн. Тэгснээ “А гэж хүн авч магадгүй шүү” гэж хэлээд А гэх хүний нэр, утсыг бүртгүүлсэн.” /хх-н 113-114/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Алдагдсан гар утасны үнэлгээг “Дамно” ХХК 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №БГ2-21-265 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Самсунг А-51 маркийн гар утас 891.450 төгрөг” гэсэн тайлан гаргасан байна. /хх-н 47-48/

“Их Чанга Ас” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б.М, А гэх нэртэй “Барьцаат зээлийн гэрээ” /хх-ийн 72/ хавтаст хэрэгт мөн авагдсан байх ба эдгээр бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч Х.А “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолно.

 

Шүүх шүүгдэгч Х.А-д холбогдох энэ хэргийг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарт шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Агийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, бусад баримтууд /хх-н 85-100/ хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-т 891.450 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Х.А 850.000 төгрөгийг нөхөн төлжээ.

Хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд “У овогтой Б миний бие Х овогтой А-аас хохирлын мөнгө болох 850.000 төгрөг бэлнээр авсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Холбогдогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэсэн баримт байх ба энэ баримтыг үндэслэн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор Б.С шүүгдэгч Х.А-г бусдад төлөх төлбөргүй гэсэн тайлбарыг хэлэв.

Иймд шүүх шүүгдэгч Х.Аг бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үе шатанд улсын яллагч Б.С “... шүүгдэгч Х.А-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх ... ” санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй, учир нь хэдийгээр гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай үйлдэл боловч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд уг гэмт хэрэг үйлдэгдсэн, түүнчлэн тухайн шүүгдэгчийн хувийн байдал /эмэгтэй, одоо 19 настай буюу өсвөр насных, МУБИС-д сурдаг оюутан гэх/ зэрэг байдал нь шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхэд зохимжгүй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ц.О “... шүүгдэгч Х.А-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү, эсхүл Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтад хамруулж өгнө үү ...” гэсэн хүсэлт гаргаснаас түүний “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн хүсэлтийг нь шүүх хүлээн авав.

 

Харин өмгөөлөгч Ц.О-ын гаргасан “Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх” гэсэн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд;

 

Шүүгдэгч Х.А-гийн үйлдсэн “хулгайлах” гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгджээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл: “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”.

Энэ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэ зүйл хэсгийн үзэл баримтлал нь хэрвээ “хулгайлах” гэмт хэрэг үйлдэж зөвхөн “хорих” ялаар шийтгүүлсэн тохиолдолд л “зорчих эрхийг хязгаарлах” ялаар дүйцүүлэн солих гэсэн ойлголт болохоос биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хорих” ялаас өөр төрлийн /нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах/ ялаар шийтгүүлсэн тохиолдолд тухайн ялтны ялыг Өршөөлийн хуульд хамааруулахгүй /үүнд: Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, Ялаас өршөөн хасах, Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих/ гэсэн ойлголт юм.

 

Иймд шүүгдэгч Х.А-д 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх шаардлагагүй, нөгөө талаас ашиггүй байдлаар өршөөлийн хууль хэрэглэх нь тухайн хүний /шүүгдэгчийн/ эрх зүйн байдалд цаашид сөргөөр нөлөөлнө.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчимд тусгасан бөгөөд нөгөөтээгүүр Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог тул шүүх шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч Х.А баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Х-ийн А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.А 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.А баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч У.Б хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрэх тухай хүсэлт гаргасныг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.А-д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ