| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2021/0806/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/50 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/50
2022 01 18 2022/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн
улсын яллагч П.Отгонбаатар
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Гантулга
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 06-нд Улаанбаатар төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, дүү нарын хамт ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХХ хотхоны 00 дүгээр байр 00 тоотод оршин суух,
ял шийтгэл: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
ХХ0000 регистрийн дугаартай, Б овогт Б-ын Э
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; ах, эгч, дүүгийн хамт ХХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХХ хотхоны 000 дүгээр байр 00 тоотод оршин суух,
ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 /хоёр зуун жаран дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 33 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцсон,
ХХ000000 регистрийн дугаартай, Б овогт Б-ын Б
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч Б.Э, Б.Б нар бүлэглэн, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ХХХ дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ХХХ” худалдааны төвийн ойролцоох модон гүүр доор насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн эзэмшлийн “Реалми ай 7” маркийн гар утсыг авахаар хүч хэрэглэж довтлон дээрэмдэн авч 629.100 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 8 дугаар сарын 01-ний үүрийн 04 цагийн үед ХХХ дүүргийн 00 дугаар хороо, ХХХ хотхоны зүүн талын дулааны шугамын ойролцоо насанд хүрээгүй хохирогч Б.А-ын эзэмшлийн “Самсунг А 51” гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авч 574.700 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 1.203.800 төгрөгийн хохирол учруулан “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Цагдаад баригдаад бүгдийг үнэн зөв ярьсан тул дахин ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би мөн адил бүгдийг өмнө ярьсан тул дахин ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
насанд хүрээгүй хохирогч Б-ийн А “... 2021 оны 7 дугаар сарын 31-нд Н-ий гэрт хонохоор явсан. Үүрээр буюу 8 дугаар сарын 01-ний үүрээр 04 цагийн орчимд ХХХ дүүргийн 00-р хороо, 00 тоотод гэртээ харихаар ХХХ захын модон гүүрээр явж байхад үл таних 2 эрэгтэй хүн араас гараад ирсэн. Нэг нь намайг хойноос боож унагаагаад, нөгөөх нь миний гарт байсан утсыг маань булааж авсан. Тэгээд гар утасны кодыг асуугаад байхаар нь би “үгүй ээ, чадахгүй” гэхэд намайг боож байсан эрэгтэй нь нөгөө залуудаа хандаж нөгөөдхөө гаргаад ир гэхээр нь би хутга юм байх гэж бодоод айсандаа утасныхаа кодыг хэлсэн. Тэгтэл намайг тавиад эргэж харалгүйгээр чигээрээ гүй гэхээр нь би чигээрээ яваад шууд гэртээ ирсэн. Тухайн гар утсыг 2020 оны 8 дугаар сард “Самсунг центрээс” 950.000 төгрөгөөр худалдаж авсан” /хх-н 14/ гэж,
насанд хүрээгүй хохирогч Д.М “... 2021 оны 7 дугаар сарын 31-нд “Вива сити” хороололд найзуудын хамт сагс тоглож байгаад орой 22 цаг өнгөрөөд такси бариад “ХХХ” хотхоны автобусны буудал дээр буусан. Тэндээсээ урагшаа ХХХ захаар товчлоод өөрийн гэр болох ХХ дүүргийн 0 дугаар хороо, 00 байр руу явсан. ХХХ захын гүүр давж байхад үл таних эрэгтэй хүн над дээр ирээд намайг нэг нь шууд цамцнаас зуураад цохих гэсэн. Тэгэхээр нь би толгойгоо доошлуулсан чинь шүргээд өнгөрсөн. Тэгсэн нөгөөхдөө хандаж “хутгаа гаргаад ир” гээд намайг “гар утсаа гаргаж өг” гэхээр нь би өөрөө гаргаад өгсөн. Тэгээд миний утасны кодыг надаар хэлүүлээд “намайг цаашаа чигээрээ яв” гэхээр нь би шууд гэрийн зүг явсан” /хх-н 60/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогч Б.А-ын эзэмшлийн “Самсунг А 51” загварын гар утсыг 574.700 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 26-27/,
хохирогч Д.М-ийн эзэмшлийн “Реалми ай 7” загварын гар утсыг 629.100 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 67-68/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 52/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Э өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад
“... би байрны ах Б-ийн хамт ХХХ захын гүүрний орчимд пиво хувааж ууж байгаад хажуугаар үл таних хүүхэд явахаар нь бид хоёр нэг нэг рүүгээ толгой дохиод тухайн хүүхдийг дээрэмдэх зорилгоор дагаж явсан. Гүүрнээс буугаад харанхуй газар очиход нь Баасанхүү ах тухайн хүүхдийг хойноос нь боогоод “нөгөөхөө гаргаад ир” гэж хутгатай юм шиг ярихаар нь би “за” гэж хэлэхэд тухайн хүүхэд айсан. Улмаар надад гар утсаа өгөхөөр нь аваад тухайн хүүхдийг явуулсан. Уг гар утас нь Самсунг А51 маркийн, цэнхэр, хар өнгийн гар утас байсан бөгөөд фейсбүүкээр зар тавиад үл таних эрэгтэй хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө Б ах бид хоёр хувааж аваад би мөнгөөрөө ойр зуур хэрэглээд дууссан. Б ахад мөнгөний хэрэгцээ байна гэхээр нь би Баасанхүү ахад тусалж дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр хамт явсан” /хх-н 31-32/ гэж,
шүүгдэгч Б.Б өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад
“... тухайн хүүхдийг дээрэмдэх зорилгоор дагаж явсан. Би тухайн хүүхдийг хойноос нь боогоод “нөгөөхөө гаргаад ир” гэж хутгатай юм шиг ярихад Э “за” гэж хэлэхэд тухайн хүүхэд айсан. Улмаар Э тухайн хүүхдийн утсыг аваад явуулсан. Гар утас нь Самсунг А51 маркийн, цэнхэр, хар өнгийн гар утас байсан. Э утсыг аваад цааш нь зарсан гэж хэлсэн” /хх-ийн 36-37/ гэж тус тус мэдүүлсэн байна.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн байхыг”, заналхийлж довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.
Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтаас үзвэл тэдгээрийн үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн аль аль шинжийг нь бүрэн хангаж байх тул
прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч Б овогт Б-ын Э, Б овогт Б-ын Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э-гийн хувийн байдалтай холбоотой;
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 101/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 103-109/,
шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой;
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 90/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 92-96/ гэсэн баримтууд авагдсан байна.
2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 33 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцсон байна. /хх-н 92-96/
2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна. /хх-н 103-109/
Ялтан Б.Э-д оногдуулсан дээрх ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 290 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлжээ.
Хохирол төлбөрийн хувьд;
Шүүгдэгч нарт холбогдох энэ хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд тэдгээрийг “дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд
хохирогч Д.М-д нэг шүүгдэгчээс 314.550 төгрөг гаргуулж нийт 629.100 төгрөг олгохоор, хохирогч Б.А-д нэг шүүгдэгчээс 287.350 төгрөг гаргуулж нийт 574.700 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргаснаар хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл завсарлуулсан хугацаанд нэр бүхий хохирогч нарт олгогдох хохирлын мөнгийг шүүгдэгч нарын ар гэрээс банкаар дамжуулан бүрэн төлж барагдуулжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э, Б.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ бүлэглэн гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ялын санкцыг “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоосон ба гэмт хэргийн ангилалаараа хүнд гэмт хэрэгт хамаарна.
Гэвч шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлав.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э-д холбогдох өмнөх эрүүгийн хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, шүүгдэгч Б.Б-гийн хувьд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас нэмж нэгтгэх, эсхүл ялыг тус тусад нь эдлүүлэх асуудал байхгүй болно.
Мөн хувийн байдлыг нь харгалзан нэр бүхий шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын тус бүрийн цагдан хоригдсон 3 хоногийг тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ын Б, Б овогт Б-ын Э нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, шүүгдэгч Б.Э-г 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б, Б.Э нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын тус бүрийн цагдан хоригдсон 3 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Б, Б.Э нар бусдад төлбөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,
шүүхэд хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б, Б.Э нарыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ