Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 660

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:135/2017/00067/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4/1 урд талд өөрийн байр Өсөх-Урам ХХК /утас: 95951392/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

1.473.844.565 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өсөх-Урам ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Хуучин-Шинэ Дарханыг холбосон 8 км авто замын барилга угсралтын ажлын эхний 2.4 км авто замын ажил гүйцэтгэсний ажлын хөлс 1.473.844.565 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ундармаа нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймгийн Хуучин-Шинэ Дарханыг холбосон 2.4 км авто замын ажил гүйцэтгэсний хөлсний зөрүү болох 1.473.844.565 төгрөгний үндсэн нэхэмжлэлийг шинжээч Я.Цэндсүрэнгийн гаргасан Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 562.193.178 төгрөгөөр багасгаж 911.651.387 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... нэхэмжлэгч тал нь шинжээч Я.Цэндсүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага 911.651.367 төгрөг /гэрлэн дохионы 350.000.000 төгрөг орсон болно/ болгон багасгасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өсөх-Урам ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасган 911.651.387 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор болж, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгаланд итгэмжлэл олгож, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн бүхий л эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлд тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох ба гагцхүү төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/1218 дугаар Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан нь итгэмжлэлд олгосон эрхийн дагуу 911.651.387 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нараас нэхэмжлэгч Өсөх-Урам ХХК-ийн гаргасан 911.651.387 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Өсөх-Урам ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Капитрон банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 4.716.206 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 4.716.206 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өсөх-Урам ХХК-д олгож, нэхэмжлэгч Өсөх-Урам ХХК-иас 2.810.966 төгрөг нөхөн гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ