Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Ю.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Ю-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108029710074 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, эмэгтэй, 51 настай, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Б аймгийн Ө сумын ... дүгээр баг, Б байр, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Ю-гийн А (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ю.А нь 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Б аймгийн Ө сум ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан Хадны суусар буюу Суусарын булгын 7 ширхэг арьсыг хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Ш-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч Б.У-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), гэрч Б.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-ын дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), шинжээч Г.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал), шүүгдэгч Ю.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), шүүгдэгч Ю.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 91-92 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ю.А нь 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Б аймгийн Ө сум ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Ховор амьтны жагсаалтад заасан Хадны суусар буюу Суусарын булгийн 7 ширхэг арьсыг хадгалсан үйл баримт нь:

Хохирогч Б.Ш-ий: “...Хадны суусар нь Монгол Улсын Засгийн газрын 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад ордог учир хууль бусаар агнах, эд эрхтнийг нь хадгалах, худалдаалах, боловсруулах нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог. ...2 эр бодгаль эм суусрын Экологи эдийн засгийн үнэлгээ болох 940,000 төгрөг, мөн 5 бодгаль эм суусрын Экологи эдийн засгийн үнэлгээ болох 2,650,000 төгрөг, нийт 3,590,000 төгрөгийн хохирол болох ба үүнийг Монгол Улсын байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны Экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахь нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг учраас дээрх мөнгөн дүнг 2 дахин нэмэгдүүлж нийт 7,180,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

Гэрч Б.У-ы: “...Би ... ХХК-д Б аймаг, У хотын чиглэлд орон нутгийн тээврийн автобусны жолоочоор ажилладаг. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сум дээрээс хүн болон дайвар ачаа аваад ... улсын дугаартай Киа Гранбирд маркийн автобусаар хөдөлсөн. Тэгээд 10-ны өдрийн 17 цагийн орчимд Эмээлтийн пост дээр ирээд шалгалт хийхэд цаасан хайрцаг дотроос суусар гэх амьтны арьс илрээд дайвар дээрх тэмдэглүүлсэн дугаар луу нь залгаж дуудаад цагдаа дээр ирсэн. Би их олон дайврын ачаа авдаг болохоор энэ ачааг ямар хүн авч ирснийг сайн санахгүй байна. Нэг үл таних эмэгтэй хүн энэ ачааг өгсөн санагдаж байна. Тэр хүнээс ямар ачааг асуухад “хүүхдэдээ боов, боорцог явуулж байгаа юм” гээд хайрцагтай дайвар өгөхөөр зөвшөөрөөд авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Гэрч Б.Э-ын: “...Би Драгон худалдааны төвийн 1 давхарт Залаа малгайны дэлгүүрийг ажиллуулдаг. Манайх өөрсдөө малгай болон дээл оёдог бөгөөд суусар амьтны арьсаар малгай болон дээлийн гоёлд ашигладаг. Би өөрөө хил нээлттэй үед БНХАУ-ын Бээжин хотоос авдаг байсан ба хил хааснаас хойш боломжгүй болсон. 2021 оны намар нэг үл таних эгч манай дэлгүүрээр орж малгай авахдаа “танайх суусрын арьсаар 2, 3 малгай хийгээд өгөөч, би арьсыг нь явуулъя” гэж ярихаар нь тохиролцоод А гэх эгчтэй танилцсан. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А эгчтэй ... дугаарын утсаар яриад 7 ширхэг суусрын арьс олсон, би автобусанд дайвраар өгөөд явуулъя гэсэн. Тэгээд автобус нь наашилж явж байгаад автобусны жолооч нь таны дайвраас хориотой зүйл гарч ирсэн, та ирж уулз гэхээр нь ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

ШУА-ийн Биологийн хүрээлэн, Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-ын: “...Шинжилгээнд ирүүлсэн элдэж боловсруулсан долоон бодгаль амьтны арьс нь Хадны суусар буюу Суусар булга (martes foina) зүйл амьтан болохыг тодорхойлов. Арьсны морфологи хэмжээнээс үзэхэд бүгд бие гүйцсэн бодгальд хамаарна. Долоон бодгаль амьтны арьснаас авсан дээжид хүйс тодорхойлох лабораторийн шинжилгээг хийхэд №2, №7 гэсэн арьснууд эр бодгаль амьтных, №1, №3, №4, №5, №6 гэсэн арьснууд нь эм бодгаль амьтных болохыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн арьснуудаас үзэхэд суусар булгануудыг хавхаар болон буудаж агнасан байж болзошгүй байна. Суусар булга буюу хадны суусар нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд зааснаар суусар булга буюу хадны суусрын эр бодгалийг 470,000 төгрөгөөр, эм бодгалийг 530,000 төгрөгөөр үнэлсэн байдаг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

Шинжээч Г.Г-ын: “...Суусар булга буюу хадны суусрын эр бодгалийн нэг бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 470,000 төгрөг, эм бодгалийн нэг бүрийн үнэлгээ нь 530,000 төгрөгөөр тогтоосон байдаг ба нөхөн төлбөрийг гэм буруутай нь тогтоогдсон иргэн аж ахуй, нэгж, байгууллагаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу “Амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлж тооцуулна” гэсний дагуу нөхөн төлбөрийг гаргуулдаг эрх зүйн зохицуулалттай. Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг бодгалийн хоёр нь эр бодгаль, тав нь эм бодгаль болох нь хүйс тодруулах шинжилгээгээр тогтоогдсон тул хоёр эр бодгаль нь 940,000 төгрөг, 5 ширхэг эм бодгаль нь 2,650,000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ нь 7,180,000 төгрөг гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал),

Шүүгдэгч Ю.А-ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сард Б аймгийн Ц суманд гэр бүлийн хамт хадам ээжийндээ очиж амарсан юм. Тэр үед миний хадам ээж болох А.Н надад нэг оёдлын машин бас нэг шуудайтай юм өгсөн “чи үүнийг хэрэгтэй зүйлээ аваад, хэрэггүй зүйлийг нь хаячхаарай” гэж өгсөн. Тухайн үед би шуудайтай юмыг нь үзэлгүй аваад явсан ба тухайн үед тэр зүйлийг нь гэртээ авч ирээд байлгаж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 04-05-ны орчимд орон нутгийн хүүхдүүдэд нэг өрөөгөө түрээслэх гээд доторх зүйлийг нь янзалж байгаад нөгөө шуудайтай зүйлийг задалж янзлахад дотор нь 7 ширхэг арьс байсныг гэртээ оруулаад байлгаж байсан. Хадам ээжийн өгсөн арьснуудаар малгай хийлгэе гэж бодоод өгч явуулахаар тохиролцоод Баян-Өлгий Улаанбаатар чиглэлийн орон нутгийн автобусанд 7 ширхэг суусар амьтны арьс, нөхрийн хуучин янзлуулах малгай, нэг ааруул, цай чихэр хийгээд тэр залуугийн утасны дугаарыг бичээд явуулсан. Тухайн 7 ширхэг суусар амьтны арьс хадам ээжид яаж ирсэн тухай би мэдэхгүй, миний хадам ээж 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. ...Үйлдэлдээ гэмшиж байна. Надад гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Ховор амьтны жагсаалт”-ын 4-т хөхтөн амьтны төрөл болох Суусар булга (Martes foina)-ыг оруулсан байна.

Иймээс шүүгдэгч Ю.А нь Ховор амьтны жагсаалтад багтсан Суусар булгийн 7 ширхэг түүхий эдийн зүйл болох арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр орон байрандаа хадгалж байсан болох нь тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирол болох 7,180,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ю.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь Ю.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ю.Ат танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгч Ю.А-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ю.А-ын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа  эрх бүхий байгууллагад  урьдчилан  мэдэгдэх” үүргийг 1 (нэг) жилийн хугацаагаар хүлээлгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ю.А нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг Суусрын арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Ю-гийн А-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А-т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг 1 (нэг) жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.    

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг Суусрын арьсыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ю.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ