Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч б овогт А-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000043 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ... манаач ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо ... гудамж ...-р байр, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... хороолол ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч б овогт А-ийн Н (РД:....);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжинд иргэн А.Э-тэй “тамхи гуйлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, дух руу нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч Р.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал), гэрч Ч.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч Ч.Ж-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрч Ц.Д-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12007 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), шүүгдэгч А.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 40 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 48 дахь тал), шүүгдэгч А.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжинд иргэн А.Э-тэй “тамхи гуйлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, дух руу нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

Хохирогч Р.Э-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр найз Д-той түүний гэрт 05 граммын хараа архи нэг шилийг уугаад бид хоёр манай гэр лүү хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжинд явж байхад гурван залуу таарсан. Тэгээд Н гэдэг залуу  над руу “чи юу гээд байгаа юм бэ” гээд дайраад намайг заамдаад миний толгойг гараараа цохисон. Би газар унахад Н миний дух руу өшиглөөд цус гаргасан. Харин нөгөө хоёр найз нь болон манай найз Д бид хоёрыг салгасан. ...Надад гомдол санал нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

Гэрч Ч.М-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дүгээр гудамжинд найз Ж, Н нарын хамт явж байхад хоёр согтуу залуутай таарсан. Тэр хоёрын нэг нь Н-оос тамхи гуйхад Н “хүний татаж байгаа тамхи авах юм уу” гээд маргалдаад тэр хоёр ноцолдоод газар унасан. Харин Ж бид хоёр салгах гээд дундуур нь ороод салгаад Н-ийг босгоход Н тэр залуугийн дух руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь Эийн духнаас цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Гэрч Ч.Ж-ы: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дүгээр гудамжинд найз М, Н нарын хамт явж байхад хоёр согтуу залуутай таарсан. Тэгээд тэр хоёрын нэг нь Ноос тамхи гуйхад Н хүний татаж байгаа тамхи авах юм уу гээд Э гэдэг залуутай маргалдаад хоорондоо барьцалдаж авсан. Н нь Э-ийн нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиод газар унагасан, тэгээд Н Э-ийн дух руу нь хөлөөрөө өшиглөхөд духнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Гэрч Ц.Д-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр гудамжинд Э-ийн хамт явж байгаад Н, Ж, М гэдэг залуутай таараад тамхи асуухад Н “та нарт татаж байгаа тамхи өгөх үү” гээд Э-тэй маргалдаад нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод авахад Э газар унасан. Харин би болон Н-той хамт явж байсан Ж, М бид гурав больцгоо гээд салгасан. Э-ийг газар унасан байхад нь Н нүүр буюу дух руу нь өшиглөхөд цус гарсан. Тэгээд салгаж байхад цагдаа хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12007 дугаартай: “...Р.Э-н биед духанд шарх, баруун зовхинд цус хуралт, баруун зовхи, хамарт зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүгдэгч А.Нийн: “...найз Ж, М нарын хамт явж байхад гудамжинд Э, Н хоёртой таарсан. Тэгээд надаас тамхи асуухаар нь чамд татаж байгаа тамхи өгөх үү гэж хэлээд Э-тэй маргалдсан. Э-тэй заамдалцаж аваад нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиход газар унасан. Тэгээд босоод ирэхэд нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Дух руу нь хөлөөрөө өшиглөхөд духнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “тамхи асуулаа” гэх зүйлээр шалтаглан өө сэв хайн хохирогч Р.Этэй маргалдаж, гараараа нүүр хэсэг рүү нь цохиж, хөлөөрөө дух руу нь өшиглөж эрүүл мэндэд халдсан үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Н-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Р.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Р.Э нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх тохиолдолд баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Ноос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах нь А.Н-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) А.Н-ид танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч А.Н-ийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч А.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч б овогт А-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Р.Э нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Ноос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ