Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Ж-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2108028160190 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Р сумын ... дугаар баг ... дугаар байр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Ж-ы Г (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ найз Я.М, Б.Б, Д.Д, М.Э нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар М.Э-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хагархай аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч М.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 39 дэх тал), гэрч Б.Б-н мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10899 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал), шүүгдэгч Ж.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 104 дэх тал), оршин суух хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 105 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 106 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 107 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 108 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 109 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 110 дахь тал), ... ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал), худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 112-126 дахь тал), шүүгдэгч Ж.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот Ж.Г-ын гэрт иргэн М.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж аяганы хагархай хэсгээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч М.Э-ийн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхдаа багийн найз Ж.Г, Я.М, Б.Б, Д.Д нарыг гэртээ дуудахад манай найзууд намайг ирж аваад Ж.Г-ын гэр буюу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод очиж архи ууж хоноод маргааш нь 25-ны өдөр үргэлжлүүлээд архи ууж байгаад нэг хэсэг согтоод тасарсан. Арай гайгүй болоод сэргэхэд Г бид нар архи уугаад сууж байсан. Я.М, Б.Б, Д.Д нар гэрт байхгүй байсан. Г бид хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдсан ба тухайн үед хэн хэн нь архи уучихсан, согтуу байсан болохоор яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Миний санаж байгаагаар би М-гийн Э байна гээд Г руу дайрахад миний өөдөөс Г би Ж-ы Г байна гээд муудалцаж байгаад би Г-ын шанаа руу нь гараараа цохиод. Г бид хоёр заамдалцаж барьцалдаж газар унасан. Энэ үед Б ирээд бид хоёрыг салгасан. Босоход миний шилэн хүзүүний араас цус гоожиж байсан. Г бид хоёрын ноцолдож байхад ширээн дээр байсан шилэн стакан аяга газар унаад хагарч байсан. Тэр аяганы хагархай хэсгийг Г аваад миний баруун талын хүзүүний ард зүссэн юм байна лээ. ...Би хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн ба одоо надад эмчилгээний баримт байхгүй. Би Г-аас эмчилгээний төлбөрт 2 сая төгрөгийг дансаар хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37, 39 дэх тал),

2.Гэрч Б.Б-н: “...2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ныг шилжих шөнө манай найз М.Э нь Д.Д, Я.М, Ж.Г бид дөрвийг шөнө дуудаад байхаар нь М.Э-ийн гадаа очоод уулзсан чинь М.Э ганц уулзсан юм чинь ганц нэг юм уучихмаар байна гэхэд Ж.Г тэгвэл бөөндөө манайд очиж тухтай сууя гээд Ж.Гынд очиж бид тав, 0,75 литртэй Хараа архийг 07-08 цаг хүртэл уугаад унтчихсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15-16 цагийн хооронд сэрээд нэг хоол идчихээд үргэлжлүүлээд архиа уугаад унтсан байсан. Тэгээд хүн маргалдаад байхаар нь сэрэхэд М.Э, Ж.Г 2 ноцолдож байхаар нь очоод салгатал М.Э-өөс цус гоожсон байдалтай шалаар цус болсон байсан. Би Ж.Г-ыг 103 дууд гэж хэлсэн. Удалгүй түргэний машин ирээд М.Э-ийг, Ж.Г аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10899 дугаартай: “...М.Э-н биед хүзүү, зүүн, баруун мөр бугалганы шарх, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

4.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал),

5.Шүүгдэгч Ж.Г-ын: “...Э бид хоёр архи уугаад сууж байхад Э өөрийгөө “Би М-гийн Э байна” гээд над руу дайраад байсан. Би бас тухайн үед согтуу байсан болохоор “тэгээд чи яах гэсэн юм бэ, би Ж-ы Г байна” гэсэн. Тэгээд бид хоёр заамдалцаж авахад миний шанаа руу Э гараараа хэд хэдэн удаа цохисон, би мөн зөрүүлж цохисон. Тэгээд заамдалцаж байгаад хоёулаа газар унасан ба миний гарт пиво ууж байсан ягаан өнгөтэй стакан аяга баригдахаар нь Э-ийн толгой шилэн хүзүү, мөр, зүүн гарын хэсэгт уг стаканаар цохисон чинь уг стакан хагарчихсан байсан. Хагархай хэсгээр Э-ийн шилэн хүзүү, зүүн бугалга, зүүн, баруун мөрөнд зүссэн байсан. Тэгтэл Б ирээд салгасан. Тэгээд бид хоёр салсны дараа Э-ийн толгой нуруунаас нь их цус гарахаар нь яаралтай түргэн тусламж дуудсан. Би М.Эд хохирлын 2,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.Г, хохирогч М.Э нар нь согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байх явцдаа маргалдаж улмаар шүүгдэгч Ж.Г нь хохирогч М.Э-ийн хүзүү, зүүн, баруун мөр, булгалга, хэсэгт стакан аяганы хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд халдсан үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ж.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Ж.Г нь хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах нь Ж.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ж.Г-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ж.Г-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хагархай стаканы хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Ж-ы Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хагархай стаканы хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ