Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06515 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эм Ди Ви” ХХК-д холбогдох

68 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнхийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Д.Нарантуяа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Туяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Идэрмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа, түүний өмгөөлөгч Ц.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч “Эм Ди Ви” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 47/2 дугаар байрны 2 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт 41 604 ам.доллар буюу 1 м,кв талбайг 630 ам.доллараар тооцож, авахаар тохирсон юм. Талуудыг гэрээ байгуулж байх үед барилгын гүйцэтгэл 80-90 хувьтай байсан ба гэрээнд хэдийгээр 21 тоот зогсоол гэж заасан ч бидний хооронд авто зогсоол авах талаар бодит тохиролцоо байгаагүй. Энэхүү гэрээний дагуу би 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 900 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус гүйцэтгэгч талд төлж, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банк ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, сарын 1.3 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай 30 000 000 төгрөгийн зээл авч, ам.долларт шилжүүлж /1173 төгрөг/, 25 132 ам.доллар буюу 29 700 000 төгрөгийг “Эм Ди Ви” ХХК-ийн санхүүд 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тушаасан. Мөн 2008 оны 09 др сарын 26-ны өдөр 1.2 тонн арматур төмрийн үнэ 1 500 000 төгрөгийг гүйцэтгэгч “Эм Ди Ви” ХХК-иас авах ёстой боловч үүнийг Орон сууцны төлбөрт шууд суутгаж төлснөөс гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж 4 500 000 төгрөг, гүйцэтгэх захирал А.Байгалмаад 1 000 000 төгрөг, нийт 42 600 000 төгрөг төлсөн юм. Ингээд манайх 2008 оны 01 дүгээр сараас эхэлж орон сууцандаа амьдарсан ба үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцны гэрчилгээг гаргуулах гэхэд А.Байгалмаа манай данс хаагдсан, чи хүлээж бай, байрны гэрчилгээг удахгүй гаргаж өгнө гэх зэргээр удаа дараа хойш тавьж байсан. Намайг хариуцагч “Эм Ди Ви” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулж байхад уг компанийг Анод банк ХХК-нд өртэй, барьсан байр зээлийн барьцаанд байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 990 тоот шийдвэрээр хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас 441 791 097 төгрөгийг гаргуулж, Анод банк ХХК-ийн эрх хүлээн авагчид өгөхөөр шийдвэрлэхэд энэ талаар олж мэдсэн. Гэхдээ тус шийдвэрт миний худалдаж авсан болон бусад захиалагч нарын орон сууцыг өр төлбөрт тооцох талаар дурьдаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцыг битүүмжлэх, оршин суугч нарт мэдэгдэл өгөх зэрэг ажиллагааг явуулж эхэлсэн. Би энэ талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Монгол банкинд удаа дараа гомдол гаргаж, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй хөрөнгөөр төлбөр барагдуулах ажиллагааг явуулж байгааг хууль бус гэж мэдүүлж байсан боловч гомдлыг минь хүлээж аваагүй. Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагын дагуу тус албаны дансанд “Эм Ди Ви” ХХК-ийн Анод банк ХХК-д төлөх өрийг төлж байсан удаатай. Ингээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хураан авч, гэр бүлийг минь орон сууцнаас хөөж гаргасан, бид өөрсдийн орон сууцыг барьцаанд байсан гэж мэдээгүй, ийнхүү мэдээгүйгээс болж хохирч байна. Одоо надад орон байр байхгүй, хураагдсан орон сууцыг авах зорилгоор цуглуулж, зээлсэн мөнгө үгүй болж, айлын гэр, хашаа байшин түрээслэж амьдарч байгаагаас гадна Голомт банк ХХК-иас авсан орон сууцны зээлийг төлсөн хэвээр байна. Иймд хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн 42 600 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Хариуцагч “Эм Ди Ви” ХХК-ийн Анод банк ХХК-д төлөх ёстой өрийг барагдуулахаар миний орон сууцыг хураасан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш бид бусдын өмчлөлийн орон сууцыг хөлсөлж, нийт 5 900 000 төгрөгийн төлбөр төлж хохирсон. Иймд хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас орон сууц хөлсөлсний төлбөрт 5 900 000 төгрөг, банкны зээлийн төлөлтийн зөрүүнд 19 500 000 төгрөг, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 42 600 000 төгрөг, нийт 68 000 000 гаргуулах хүсэлтэй байна” гэжээ. 

Хариуцагч төлөөлөгч А.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 47/2 дугаар байрыг барьж гүйцэтгэхдээ Анод банк ХХК-иас 320 000 000 төгрөг, ах, дүү, найз нөхдөөсөө 100 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, барьж гүйцэтгэсэн юм. Барилгын компаниуд захиалагч нарын төлбөрөөс гадна банк болон бусад этгээдийн зээл, санхүүжилтэд тулгуурлаж барилгыг барьж гүйцэтгэдэг ба маргааны зүйл болсон байрыг Анод банк ХХК-нд 320 000 000 төгрөгийн зээлд барьцаалуулсан юм. Гэвч нэхэмжлэгч Д.Нарантуяа болон бусад захиалагч нар хугацаандаа орон сууцны төлбөрийг төлөөгүй учраас манай компанийн зээл муудаж, Анод банк ХХК-нд төлөх санхүүгийн чадваргүй болж эхэлсэн. Хэрэв нэхэмжлэгч Д.Нарантуяа хугацаандаа орон сууцны төлбөрийг төлсөн бол түүний байр хураагдахгүй байх боломжтой байсан. Учир нь тэр үед тус байрны оршин суугчид харилцан ярилцаж, хугацаандаа төлөөгүй төлбөрт тооцогдсон алданги, хүү зэргийг манай компанид төлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан байдаг. Бидний зүгээс Д.Нарантуяагаас орон сууцны төлбөрт 42 600 000 төгрөг хүлээж авсан талаар маргахгүй, харин орон сууц хөлсөлсөн төлбөр, банкны зээлийн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч Д.Нарантуяа Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа ярьж байсан боловч хугацаандаа төлөөгүй учраас хүү, алданги зэргийг түүнээс шаардаж байсан, гэтэл тэрээр үүнийг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна, гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа учраас ийнхүү нэхэмжилж байсан нь үндэслэлтэй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 990 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгөөс төлбөрийг барагдуулахаар болсон ба тухайн үед Д.Нарантуяа орон сууцны төлбөрийг төлчихсөн бол ийм зүйл болохгүй байх байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Нарантуяагийн орон сууцыг хураан авсан, тус орон сууцны үнийг 117 378 000 төгрөгөөр тооцож, Анод банк ХХК-ийн өр төлбөрт тооцсон ба энэ үйл баримтын талаар маргаан байхгүй. Би ч гэсэн энэ асуудлаас улбаалан сэтгэл санаа, эд материалаар хохирсон, өөрийн гэсэн орон гэргүй, бусдын орон сууцыг хөлсөлж амьдарч байна, Анод банк ХХК-нд төлөх ёстой өрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 90 000 000 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 болон 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас 54 806 653 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 193 347 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 431 983 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх давж заалдах гомдолдоо: “...Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар "Нэхэмжлэлийн шаардлагыг хангах", 115.2.2-д "Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үйлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох", 115.2.3-д "Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй" болгож шийдвэрлэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Д.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г цуцлуулах талаар ямар ч шаардлага гаргаагүй, гэрээг цуцласнаас үүссэн хохирлыг мөн шаардаагүй, хариуцагч А.Байгалмаа нь гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх дур мэдэн нэхэмжлэгчийн шаардлагад тусгагдаагүй "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г цуцлахаар шийдвэрлэж, цуцласнаас үүссэн хохирлыг хариуцагч А.Байгалмаагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч А.Байгалмаа нь өмгөөлөгч авах хүсэлтээ шүүхэд гаргасан боловч шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг нь хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасныг зөрчсөнөөс гадна, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.3-д "Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ" гэж заасны дагуу шүүх мэтгэлцэх бололцоогоор бүрэн хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хариуцагч А.Байгалмаагийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Д.Нарантуяагийн амьдарч байсан Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47\2 байрны 21 тоот байрыг "Эм Ди Ви" ХХК-иас Анод банк ХХК-нд 320 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэх бичгийн нотлох баримт байхгүй гэж шүүх үзсэн атлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиодолд шүүх тогтоол захирамж гаргана" гэж заасны дагуу шинээр нотлох баримт гаргуулах захирамж гаргалгүйгээр, бичгийн нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгч Д.Нарантуяагийн захиалсан уг байрыг Анод банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасныг зөрчин, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь хариуцагч “Эм Ди Ви” ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрт төлсөн 42 600 000 төгрөг, гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохиролд 25 400 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хохирлыг төлөхгүй” гэж маргажээ.

 

            Зохигчид 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 007/22 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47/2 дугаар байрны 1-р орцны 6 давхрын 22 тоот,  65.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн, захиалагч нь нийт 42 600 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын болон зарлагын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 10-16, 18-27, 98-103/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гүйцэтгэгч “Эм Ди Ви” ХХК нь захиалагчид барьцааны эрхээр хязгаарлагдсан ажлын үр дүн /эрхийн доголдолтой орон сууц/-г хүлээлгэн өгснөөс уг орон сууцыг ирээдүйд эзэмшиж, ашиглах боломжгүй болж 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч компанийн “Анод банк” ХХК-д төлөх зээлийн өр төлбөрт хураалгасан үйл баримт болон гэрээ цуцлах болсон үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

            Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлыг шийдвэрлэсэн байдалд дараах өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Нарантуяа нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураалгаснаас хойш иргэн Я.Энхцэцэгийн 2 өрөө орон сууцыг хөлсөлсөн гэж 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”, хөлс төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /хх 4-7, 32-35/

 

            Дээрх баримтаар нэхэмжлэгч Д.Нарантуяа нь орон сууцны хөлсөнд түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг төлсөн болох нь нотлогдсон байх ба шүүх хариуцагчаас 2 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш эрхийн болон Иргэний хуулийн 6 дугаар зүйлээр тодорхойлсон мэтгэлцэх зарчимд үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

            Шүүх нэхэмжлэгчийн Голомт банкнаас зээл авч, орон сууц худалдан авсан үнэд 29 700 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулсан байх тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохиролд зээлийн гэрээний үндсэн зээлийг нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлбөрийг тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх зохицуулалтад нийцээгүй байна.

 

            Харин нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлсөн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчаас орон сууцныхаа үнийг авч чадаагүйн улмаас зээлийн хүү 2 334 814 төгрөг, амь нас, эд хөрөнгийн даатгалын хураамж 20 359 төгрөг, бүгд 2 356 992 төгрөгийг илүү төлж хохирсон гэж үзнэ. Орон сууцыг ашиглаагүй атлаа уг орон сууцтай холбоотой авсан зээлд хүү болон бусад зардал гаргасныг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохиролд тооцно. Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           

Шүүх нэхэмжлэгч Д.Нарантуяад нөлөөллийн мэдүүлэг, эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулаагүй нь буруу боловч энэ талаар нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06515 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...54 806 653...” гэснийг “...47 756 992...” гэж “...13 193 347...” гэснийг “...20 243 008...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...431 983...” гэснийг “...396 735...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч төлөөлөгч А.Байгалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН