Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0239

 

"Х-О" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "Х-О" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо сумдын нутаг дахь Тавт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, цахимаар дугаар аван бүртгэгдсэн. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай өргөдлийг хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шаардлагыг хангаагүй, талбайн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй, олон өнцөгт үүсгэсэн хэлбэртэй байна гэсэн хариу өгсөн. Иймд хууль зүйн үндэслэлгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаар шийдвэрийн "Х-О" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэмжээшгүй орд ХХК-ийн Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо сумдын нутаг дахь Тавт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шаардлагыг хангаагүй, Зураг зүйн шүүлт хийн үзэхэд талбайн хэмжээ хуулийн шаардлага хангаагүй, олон өнцөгт үүсгэсэн хэлбэртэй байсан. Иймд хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хэмжээшгүй орд ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаар шийдвэрийн Хэмжээшгүй орд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

1. ""Х-О"" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн" байх шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл "Х-О" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардлагыг хангаагүй байсныг тодорхойлсон мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас зэргээс дээрх хоёр үндэслэлийг хангахгүй байсан нь нотлогдож байна.

2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасны дагуу 19 дүгээр зүйлийн 19.2.1-т өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6/7073 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "Х-О" ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо сумдын нутагт орших Тавт нэртэй 22630 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан[1] байх ба хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тус өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар хянаад, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, чиглэлтэй давхцсан өргөргийн дагуух шулуун шугмаар хүрээлэгдсэн байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 723 дугаар шийдвэрийг гаргаж[2], энэ тухайгаа мөн өдрийн 6/7073 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна[3].

Хариуцагч нь өөрийн гаргасан захиргааны актыг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх хуулийн заалтыг үндэслэн маргаж байгаа бол нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэж заасантай нийцсэн гэж тайлбарлаж байна.

Анхан шатны шүүхээс дээрх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн зүйлийн 17.3-т Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй бусад аж ахуйн нэгжүүдийн талбайтай давхцуулахгүйн тулд дээрх байдлаар талбайн зургийг үйлдсэн байна[4]. Гэтэл хариуцагч тухайн нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Түүнчлэн талбайн хил хооронд хоосон зай үлдээсэн гэж хариуцагч талаас өөрийн татгалзлаа үндэслэн маргадаг. Гэвч бодит байдалд хэн нэгний /бусад аж ахуйн нэгжийн/ тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцан, бусдын эрхийг хөндөхгүй байхад зөвхөн зураг зүйн алдаа буюу хил хооронд хоосон зай үлдээж, олон өнцөгт болсон гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос шууд татгалзсанаар нэхэмжлэгч тус талбайд дахин өргөдөл гаргах боломжоо алдсан, хууль бус шийдвэр болжээ.

Хариуцагчаас хүсэлт гаргагчийн өргөдлийг шалгахдаа бусдын талбайтай давхацсан бол мэдэгдэж, давхцлыг засах боломж олгодог бөгөөд энэ маргааны тохиолдолд хэн нэгний талбайтай давхцаагүй байхад зөвхөн хил хооронд хоосон зай үлдээсэн гэсэн хуульд заагаагүй шалтгаан, олон өнцөг үүсгэсэн гэсэн үндэслэлээр хүсэлт гаргагчийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь захиргааны байгууллагаас хуулийг хэрэгжүүлэхдээ хуулийн уялдаа холбоог үл харгалзан, нэхэмжлэгч хуулийн этгээдэд хэрэгжүүлэх боломжгүй шаардлага тавьсан нь үндэслэлгүй, хууль бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР