Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 135/шш2017/00603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00331/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байранд байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 22 дугаар хороолол, 6 дугаар байрны 2-08 тоотод оршин суух ******* овогтой ******* /РД: ******/-т холбогдох,

 

Гэрээний үүрэг болох орон сууцны хөлс 2.317.319 төгрөг, алданги 493.468 төгрөг, цахилгааны төлбөр 301.751 төгрөг, нотариатын зардал 4,100 төгрөг, нийт 3.116.638 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч И.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд байрлах 6 дугаар байрыг 2006 оны 09 сарын 30-ны өдөр Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмчийн газар-ын үйлдвэртэй байгуулсан 524 дугаар түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшдэг болно. Уг байрны 2-08 тоот орон сууцыг хариуцагч болох И.******* сарын 160,000 төгрөгийн хөлстэй, нэг жилийн хугацаатайгаар хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож, 2015 оны 06 сарын 02-ны өдөр 48/16 дугаар орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Хариуцагч нь тус орон сууцыг талуудын байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа бөгөөд гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, байрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрээд байна.

Ийнхүү хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцны хөлс 2.317.319 төгрөг, алданги 493.468 төгрөг, цахилгааны төлбөр 301.751 төгрөг, нотариатын зардал 4,100 төгрөг, нийт 3.116.638 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч И.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Харин 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тог тасдаж, хүйтэн хаасан учраас түрээсийн төлбөр төлөхөө зогсоосон. Түүнээс би мкв мөнгө болон цэвэр ус, цахилгааны төлбөр оруулан сард 185,000 төгрөг төлдөг байсан. Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 1 жилээр бодож 301,751 төгрөг гарснаар бичсэн байсан. Хоёдугаарт, тухайн мкв эзэмшлээ ч гэсэн хүйтэн усны хэрэглээ байгаагүй. Урьд нь би 5 давхарын №1 орохдоо бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Дараа нь 2 давхарын №8 тоотод орохдоо бэлнээр 150,000 төгрөг өгч байсан. Тэгээд цахилгааны тоолуурыг бидэнд харах эрх байдаггүй. Зөвхөн ******* хардаг гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал И.*******ээс түрээсийн төлбөрт 2,317,319 төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн баримтаас харахад И.*******ийг төлбөрөө төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлд бичигдсэн байгаа байрны хөлсний эхний үлдэгдэл гэх 556,819 төгрөгийг И.******* төлсөн. Хоёрдугаарт, цахилгааны төлбөр 301,751 төгрөг нэхэмжилж байна. Үүнтэй холбоотой ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд дээр цахилгааны төлбөрийг очоод үзье гэхээр байхгүй. Орцны гэрэлд зарцуулсан мөнгө гэхээр тус байрны орц нь одоогоор нэг ч гэрэл байхгүй. Мөн манай талаас ус хэрэглэсний мөнгө болох 80,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Яагаад гэвэл ******* ХХК тус байрны хэрэглээний усыг хаасан учраас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Учир нь оршин суугчид өөрсдөө хэрэглээнийхээ усаа худалдаж авдаг. Хэрэглээний усанд тушаасан 80,000 төгрөгөө нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж тооцуулах саналтай байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч И.*******т холбогдуулан, орон сууцны хөлс 2.317.319 төгрөг, алданги 493.468 төгрөг, цахилгааны төлбөр 301.751 төгрөг, нотариатын зардал 4,100 төгрөг, нийт 3.116.638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч И.******* болон түүний өмгөөлөгч С.Чинбат нь ус, цахилгаан хязгарлаж, цахилгааны тоолуур харах боломжгүй байдаг тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч И.*******т Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хорооллын 6 дугаар байрны 2-08 тоот 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай, сарын 160.000 төгрөгөөр хөлслүүлэхээр тус тус тохирсон болох нь хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 48/16 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх орон сууцыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмчийн газар, Холбооны Засгийн газрын үйлдвэртэй 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ-ний үндсэн дээр эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 524 дугаартай Түрээсийн гэрээ, гэрээний хавсралт №1, хавсралт №2, 2010 оны 12 сарын 31-ний өдрийн хэлцэл №3, хэлцлийн хавсралт №1, №2 зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд ******* ХХК нь тус орон сууцыг Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-д зааснаар хариуцагч И.*******т дамжуулан хөлсөлж гэрээ байгуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь И.*******тэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хорооллын 6 дугаар байрны 2-08 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч И.*******т шилжүүлэн өгсөн, хариуцагч орон сууцны хөлсөнд нийт 1.735.000 төгрөгийг төлсөн, бусад төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан, талууд гэрээг сунгаагүй байх боловч хариуцагч М.******* нь тус орон сууцыг гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгөөгүй, үргэлжлүүлэн эзэмшиж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч И.*******ийн эзэмшиж байсан орон сууцны цахилгааныг 2016 оны 06 дугаар сараас, усыг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш хязгаарласан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбар, хэрэгт авагдсан 02 дугаартай ус хязгаарласан тухай актаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй боловч хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал гэрээний 2.5-д заасны дагуу цахилгааны хязгаарлалт хийсэн байгаа нь дээрх хуульд заасан хөлс төлөхөөс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно гэж заасан байх тул дээр дурдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

 

Ийнхүү гэрээ дуусгавар болоогүй байх тул гэрээний үүрэг болох орон сууцны хөлс, цахилгааны төлбөрийг нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл буюу 2017 оны 03 дугаар сар хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Талууд гэрээний 1.4-т дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үндсэн хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын байдлаар гүйцэтгээгүй үүрэг болох төлөгдөөгүй орон сууцны хөлс, цахилгааны төлбөр 986.936 төгрөгийн 50 хувиар тооцож, 493.468 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь нотариатын зардал 4,100 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал....-ыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0001317 дугаар мөнгөний тасалбарыг үндэслэн хариуцагч И.*******ээс энэхүү зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч И.*******ийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр хөлсөлж байгаа орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээ-ний 2.5-д нэхэмжлэгч тал хариуцагчийг төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд цахилгаан болон усны хязгаарлалт хийх, улмаар байрыг үл маргах журмаар чөлөөлүүлж авах эрхтэй байхаар заасан бөгөөд байр чөлөөлүүлэх тухай шаардлагын агуулга нь орон сууц хөлслөх гэрээг цааш үргэлжлүүлэхгүй, дуусгавар болгох агуулгатай гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул хөлслүүлэгч гэрээ дуусгавар болсноор орон сууцаа чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болохоор заасан бөгөөд энэ нь гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан болж байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д заасан заалт нь дээрх хуульд заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч И.*******ээс орон сууцны төлөөгүй хөлс 2.317.319 төгрөг, цахилгааны төлбөр 301.751 төгрөг, алданги 493.468 төгрөг, нотариатын зардал 4,100 төгрөг, нийт 3.116.638 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хорооллын 6 дугаар байрны 2.08 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч И.*******ийн эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч И.*******ээс 3.116.638 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хорооллын 6 дугаар байрны 2-08 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч И.*******ийн эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.016 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 135.016 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ