Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар  2022/ШЦТ/10

 

    Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ад холбогдох 2113000000185 дугаартай эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж ургийн овгийн Х-ийн А, /РД:БЭ73031718/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 13-38 БӨТ улсын дугаартай “Honda pit” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.3, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, эсрэг урсгалтай зам руу орон, урсгал сөрж, иргэн С.Бы жолоодож явсан 16-82 БӨҮ улсын дугаартай, “Toyota passo” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэв.

Хоёр:Эрүүгийн 2113000000185 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 04-10 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Хохирогч Т.Хгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 20-29 дэх тал/,

Хохирогч Т.Хгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим гэрээс нөхөр Б, хүүхэд Ажар бид гурав 16-82 БӨҮ улсын дугаартай Пассо нэртэй тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү явж байсан юм. Би машины зүүн талын урд суудал дээр хүүхдээ тэврээд сууж байсан. Харин нөхөр маань машинаа жолоодоод явж байсан. Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Назар” гэх нэртэй дэлгүүрийн урд засмал зам дээр явж байтал гэнэт эсрэг урсгалаас машин гарч ирээд машиныг маань мөргөсөн. Тэгээд би ухаан алдаад, тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ухаан орсон. ...Миний биеийн байдал хүнд байна, баруун гарын бугалга хэсэг, шуу хэсгээрээ хугарсан, толгой маш их өвдөж байна. Охин Ажарын биеийн байдал мөн адил хүнд байгаа, бөөлжөөд явж чадахгүй байна. ...Би энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохироод байна. ...Зам тээврийн осолд орсон өдөр охиныхоо хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж гарсан. Дараа нь Улаанбаатар хот руу явж бүх шинжилгээнүүдийг өгсөн. Энэ үед гарсан бүх зардлыг манай нөхөр гаргасан. ...Бид нар Улаанбаатараас ирэхдээ машинаар ирсэн. Тухайн машинд миний нөхөр бензин хийж ирсэн. ...Гар утас миний халаасанд байсан бөгөөд тээврийн хэрэгсэл миний зүүн талаас ирж мөргөхөд халаасанд байсан гар утас эвдэрсэн. ...Бүх зардлыг манай нөхөр гаргасан болохоор нэхэмжилсэн мөнгийг төлүүлж авахыг хүсэж байна. Одоо ч миний гар эдгэрч хэвийн байдалдаа ороогүй тул би хүүхдээ хүнд хөлс өгч харуулж байгаа, бас гэр орны ойр зуурын ажлуудыг ч хийж чадахгүй байна. Намайг осолд орсны улмаас хүүхэд маань хөхнөөс гарч байнга сүү худалдан авч хүүхдээ тэжээж байгаа. Энэ мэтээр нилээд зардал гарч байна, цаашдаа ч бас эмчилгээ хийлгэж байж гар маань хэвийн байдалд орно гэж хэлсэн. Иймд гарсан зардлаа бүгдийг нь төлүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59, 62, 65, 68 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Иргэний нэхэмжлэгч С.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зам тээврийн ослын улмаас миний өөрийн эзэмшлийн 16-82БӨҮ улсын дугаартай Тоёота Пассо загварын тээврийн хэрэгсэл эвдэрсэн. Миний тээврийн хэрэгслийн эд ангиуд нь эндээс олдохгүй, тийм учраас уг эвдэрсэн тээврийн хэрэгслийг А гэх хүнд өгч мөнгийг нь авмаар байна. Уг тээврийн хэрэгслийг 2019 онд 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тийм болохоор машинаа Ад өгч түүнээс 6.000.000 төгрөг авмаар байна. Мөн эхнэр хүүхдийн эмчилгээний бүх зардлыг би гаргасан бөгөөд Улаанбаатар хотод аваачиж үзүүлж ирсэн. Тэр үед нийт 2.400.000 төгрөг зарцуулсан. Эхнэрийн гар хугарснаас болж гэрт үйлчлэгч авч ажиллуулж байгаа бөгөөд түүнд 400.000 төгрөгийн хөлс өгсөн. Зам тээврийн ослын улмаас манай эхнэрийн гар утас нь эвдэрсэн ба уг гар утсыг 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Дээрх мөнгийг нэмж үзэхэд миний бие Х.Агаас 9.500.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг мөн төлүүлж өгнө үү. Эхнэр зам тээврийн осолд ороод ухаангүй байсан, мөн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсний улмаас 1 нас хүрээгүй хүүхэд маань хөхнөөс гарч, сүүгээр тэжээж байгаа. Энэ зардлыг мөн гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

 

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 58 минутанд Т.Х гэх зам тээврийн осолд орсон эмэгтэй ирсэн. Үзэхэд уг эмэгтэйн баруун гарын шууны яс бугуй хэсгээрээ хугарсан, ухаан санаа орон гаран, осолд орсон хүүхэд маань хаана байна гэж асуугаад байсан. ...Хүүхэд нь Б.Ажар бага зэргийн нойрмог байдалтай гэхдээ биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,

Гэрч А.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Надад 13-38 БӨТ улсын дугаартай “Honda pit” загварын тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд уг тээврийн хэрэгслийг анх 2019 онд аав А өөрийн нэр дээр худалдан авч байсан. Аав миний нэр дээр уг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгч байсан. ...Надад тус тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 124 дугаартай“...Иргэн Х.Агийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Х.Агийн биенээс авсан гэх цусанд 0.6% промилли этилийн спирт илрэв. Тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 345 дугаартай: ”Иргэн Т.Хгийн биед баруун талын гарын шууны ясны битүү хугаралттай, хамрын зүүн талд шалбарсан, уруулын баруун хэсэгт шалбарсан, баруун гуя, баруун өвдөгний дээд хэсэгт, зүүн шилбэний урд хэсэгт, баруун шилбэний урд хэсэгт тус тус хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Т.Хгийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Иргэн Т.Хгийн дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 131-133 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Бы эзэмшлийн 16-82 БӨТ улсын дугаартай, “Toyota passo” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Х.Агийн эзэмшийн13-38 БӨТ улсын дугаартай “Honda pit” маркийн тээврийн хэрэгсүүлдэд ослын улмаас учирсан гэмтлүүдийг тогтоосон техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрийн 47,48 дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 150-152, 160-162 дахь тал/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА-21-228 дугаартай “Тогтоолд дурдагдсан “Toyota Passo” маркийн 16-82 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас нийтдээ 2.423.000 (хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга) төгрөгийн хохирол учирсан байх боломжтойг тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 169-174 дэх тал/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-21-258 дугаартай “Тогтоолд дурдагдсан 2019 онд үйлдвэрлэгдсэн Samsung загварын А-6 маркийн гар утас 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн үнэтэй байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /194-197 дахь тал/,

Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “...13-38 БӨТ улсын дугаартай, “Honda pit” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж овгийн Х-гийн А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а хэсэгт заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 200 дахь тал/,

Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Тоёота Пассо загварын, 16-82 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан солих шаардлагатай болон засварлах боломжтой эд ангиудыг хүснэгтэд оруулан ажлын хөлсний хамт нийтдээ 2.423.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх БӨА-21-228 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 169-174 дэх тал/,

Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “2019 онд үйлдвэрлэгдсэн Самсунг А-6 загварын гар утас 150.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх БӨА 21-258 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 194-197 дахь тал/,

Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 204 дэх тал/,

Гэрч А.Тилеухабылын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би Х.Аг багийн засаг даргынх нь хувьд сайн танина. Бидний хооронд садан төрлийн холбоо болон элдэв таарамжгүй харьцаа байхгүй. Х.А нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, Х.А болон түүний эхнэр хоёулаа ажилгүй. Х.А нь өөрийн эзэмшлийн машинаар таксинд явж амьдардаг, Хүү нь хотод барилгын туслах ажил хийхээр явсан. Том охин нь Казакстан улсад оюутан. 2018 оны 7 дугаар сард орсон борооны улмаас хашаа байшин нь нурж амьдрах аргагүй болсон. Өөрийн гэсэн мал болон эд хөрөнгөгүй, одоо зуны амбаарт амьдарч байгаа. Таксинд явдаг машин нь хүүгийнх нь нэр дээр бүртгэлтэй, манай багийн нэн ядуу өрх байгаа юм. Х.А урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, хүнд тусархаг, ямар нэгэн муу зуршилгүй иргэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/,

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 224 дэх тал/,

Багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,газрын нэгж талбарын хувийн хэргийн хуулбар /хавтаст хэргийн 225-238 дахь тал/,

Шүүгдэгч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 217-218 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан байх ба шүүгдэгч Х.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:

Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч Х.А нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 13-38 БӨТ улсын дугаартай, “Toyota pit” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд),эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3”  Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин, эсрэг урсгалтай зам руу орж, иргэн С.Бы жолоодож явсан 16-82 БӨҮ улсын дугаартай, “Toyota passo” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.К-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 04-10 дахь тал/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дэх тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, хохирогч Т.Хгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59, 62, 65, 68 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний нэхэмжлэгч С.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,гэрч Б.Алибекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 345 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 131-133 дахь тал/,иргэний нэхэмжлэгч С.Бы эзэмшлийн 16-82 БӨТ улсын дугаартай, “Toyota passo” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Х.Агийн эзэмшлийн 13-38 БӨТ улсын дугаартай “Honda pit” маркийн тээврийн хэрэгслүүдэд ослын улмаас учирсан гэмтлүүдийг тогтоосон техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрийн 47,48 дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 150-152, 160-162 дахь тал/, мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 200 дахь тал/, шүүгдэгч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 217-218 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл /зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Х.А нь энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota pit” загварын 13-38 БӨТ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3,  12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан хор уршигт хүргэсэн байх бөгөөд зам тээврийн осол гаргах үедээ тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хавтаст хэргийн 105-106 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт, 204 дэх талд авагдсан жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн магадлагаагаар шүүгдэгч  Х.А нь  Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд),эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3”  Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсныг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцэж байх тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатайгаар зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах үр дагаварт болгоомжгүй хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Айг энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

 Иймд шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд Х.Агийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Х.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Хгийн эрүүл мэндэд баруун гарын шууны ясны битүү хугарал гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэх эрүүл мэндийг удаан сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь хавтаст хэргийн 131-133 дахь талд авагдсан шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 345 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Т.Х болон түүний нөхөр иргэний нэхэмжлэгч С.Б нар мөрдөн байцаалтын шатанд нийтдээ 9.550.000 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

Тодруулбал: Иргэний нэхэмжлэгч С.Б “Зам тээврийн ослын улмаас миний өөрийн эзэмшлийн 16-82 БӨҮ улсын дугаартай “Тоёота Пассо” загварын тээврийн хэрэгсэл эвдэрсэн. Миний тээврийн хэрэгслийн эд ангиуд нь эндээс олдохгүй, тийм учраас уг эвдэрсэн тээврийн хэрэгслийг А гэх хүнд өгч мөнгийг нь авмаар байна. Уг тээврийн хэрэгслийг 2019 онд 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тийм болохоор машинаа Ад өгч түүнээс 6.000.000 төгрөг авмаар байна. Мөн эхнэр хүүхдийн эмчилгээний бүх зардлыг би гаргасан бөгөөд Улаанбаатар хотод аваачиж үзүүлж ирсэн. Тэр үед нийт 2.400.000 төгрөг зарцуулсан. Эхнэрийн гар хугарснаас болж гэрт үйлчлэгч авч ажиллуулж байгаа бөгөөд түүнд 400.000 төгрөгийн хөлс өгсөн. Зам тээврийн ослын улмаас манай эхнэрийн гар утас нь эвдэрсэн ба уг гар утсыг 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Дээрх мөнгийг нэмж үзэхэд миний бие Х.Агаас 9.550.000 төгрөг нэхэмжилж байна” гэх нэхэмжлэлийг гаргаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 39-56 дахь талд авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг нотлох баримтад үндэслэн дараах байдлаар тооцож, тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Хавтаст хэргийн 39-40 дэх талд авагдсан эм эмчилгээний зардалтай холбоотой 114800, 4700, 64500, 5700, 3700,130.000, 120.000,  65450 төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 508.850 төгрөг,

49 дэх талд авагдсан шүүгдэгч Х.Агаас мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Хд авч өгсөн гэх эм тарианы үнэ 165.350 төгрөг,

40-42 дахь талд авагдсан 70000, 114000, 67000, 134100, 122000,132000  төгрөгийн үнийн дүн бүхий 6 ширхэг НӨАТ-ын баримтаар бензин шатахууны зардалд 639.100 төгрөг,

Онгоцны зардалд 775.000 төгрөг (хавтаст хэргийн 53 дахь тал),

Гэмт хэргийн улмаас эвдэрсэн гэх хохирогчийн гар утасны үнийг эрх бүхий этгээдээс гаргасан албан ёсны үнэлгээгээр тооцож, 150.000 төгрөг (хавтаст хэргийн 194-197 дахь тал),

Хохирогчийн гар хугарч гэмтсэний улмаас 1 нас, 7 сартай хүү Б.Ажарыг хүүхэд асрагч хөлсөлж асруулсны зардал 400.000 төгрөг зэргийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохиролд тооцож, Т.Хд учирсан бодит хохирлыг 2.638.300 төгрөгөөр тогтоох,

Иргэний нэхэмжлэгч С.Бы тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөн эрх бүхий этгээдээс гаргасан албан ёсны үнэлгээгээр тооцож, 2.423.000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч Т.Х, иргэний нэхэмжлэгч С.Б нарт гэмт хэргийн улмаас нийтдээ 5.061.300 төгрөгийн хор уршиг учирсан байна гэж шүүх үзлээ.

Харин хавтаст хэргийн 39 дэх талд авагдсан 25000 төгрөгийн эмэгтэй бараа,  40 дэх талд авагдсан 32.400 төгрөгийн 2 ширхэг цамц, 20.450 төгрөгийн tody baby хүүхдийн живх худалдан авсан НӨАТ-ын баримтууд нь хохирол, хор уршигтай холбоогүй, 41 дэх талд авагдсан 775.000 төгрөгийн посс машин уншуулсан баримт нь 53 дахь талд авагдсан онгоцны тийзний баримттай давхцаж байгаа, 400.000 төгрөгийн посс машин уншуулсан баримт нь 54 дэх талд авагдсан онгоцны тийзний баримттай давхцаж байгаагаас гадна хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед 400.000 төгрөгөөр 2021 оны 11 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий чиглэлд нисэх онгоцны билет бичүүлсэн байсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой нислэг цуцлагдсан тул Х.Төлеужан гэдэг хүний 33-53 БӨҮ улсын дугаартай, Ланд 200 маркийн машинд бензин хийж, хотоос Баян-Өлгий аймагт ирсэн, дараа нь онгоцны тийз бичүүлсэн 400.000 төгрөгөө МИАТ-аас буцааж авсан” гэж мэдүүлсэн тул дээр дурдсан баримтуудыг үнэлээгүй, бодит хохирлоос хасаж тооцсон болно.

Нотлох баримтаар тогтоогдсон нийт 5.061.300 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Х.А нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Хд 165.350 төгрөгийн эм тариа, шүүхийн шатанд бэлнээр 5.200.000 төгрөг, нийт 5.365.350 төгрөгийг бүрэн төлж, барагдуулсан нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд нийтдээ 9.550.000 төгрөгийн хохирол нэхэмжлэхдээ гэмт хэрэгт өртөж, эвдэрч гэмтсэн тээврийн хэрэгслийг 6.000.000 төгрөгөөр худалдан авсан тул уг машиныг Х.Ад өгч, үнэ 6.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр иргэний нэхэмжлэгч С.Бы тээврийн хэрэгсэлд нийт 2.423.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг эрх бүхий шинжээчээс тогтоосон албан ёсны үнэлгээгээр буюу 2.423.000 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй.

Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нийт нэхэмжилсэн 9.550.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Х.А нь 5.365.350  төгрөгийг төлснийг дурдаж, тээврийн хэрэгслийн хохиролд илүү нэхэмжилсэн 3.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 584.650 төгрөг болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримт, хүүхдийн сүү авсан, такси хөлсөлсөн зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч Х.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавьж, биелэлтийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлаар

Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 808.000 төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бусад баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

            1.Шүүгдэгч Ж овогтой Хийн Айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1(нэг) жил, 6 (зургаа)-н сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Х.Аг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 808.000 төгрөг байх төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Т.Х, иргэний нэхэмжлэгч С.Б нараас мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 9.550.000 (есөн сая таван зуун тавин мянга) төгрөгөөс шүүгдэгч Х.А нь гэмт хэргийн хор уршигт мөрдөн байцаалтын шатанд 165.350 төгрөг, шүүхийн шатанд 5.200.000 төгрөг, нийт 5.365.350 (таван сая гурван зуун жаран таван мянга гурван зуун тавь)-н төгрөг төлснийг дурдаж, хохирогчоос эвдэрсэн машины үнийн зөрүү болгож нэхэмжилсэн 3.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 584.650 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн хор уршигтай холбоотой бусад хохирлоо хохирогч Т.Х, иргэний нэхэмжлэгч С.Б нар нь  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.Б