Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүхийн Болормаа |
Хэргийн индекс | 161/2022/0010/Э |
Дугаар | 2022/ШЦТ/12 |
Огноо | 2022-01-17 |
Зүйл хэсэг | 23.1.1, |
Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/12
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Аад холбогдох эрүүгийн 2213000000005 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Нийгмийн халамж, хангамжийн мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тус аймгийн Сагсай сумын 5 дугаар баг, Уужимд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. У овгийн С-ийн А, регистрийн дугаар: БИ93113031,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Сагсай сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Кы хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ааас мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Миний буруу надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Х.Ө гаргасан дүгнэлтдээ:”... Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус аймгийн Сагсай сумын хэсгийн байцаагч, хууль сахиулагч С.Кыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурортой тохиролцсон хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Оногдуулах ялын хувьд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурорын ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2213000000005 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч С.К-ас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-11 дэх тал/,
Хохирогч С.К-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед тус аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Володягийн дэлгүүрт ороход тус дэлгүүр дотор С.А гэгч тамхи татаж зогсож байсан. Тэгээд би С.Аад хандаж дэлгүүр дотор тамхи татахгүй байх хууль ёсны шаардлага тавихад миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж “намайг чи мэдэх юм уу, би хаана тамхи татахаа өөрөө мэднэ” гэж хэлэхээр нь би түүнд “би тантай өнөөдөр юу ч ярихгүй, одоо явчих, би тантай маргааш уулзъя” гэж хэлэхэд С.А нь “чи зөвхөн намайг л хянадаг болсон уу, чи урьд нь намайг зөрчлөөр торгуулийн арга хэмжээ авхуулснаа мэдэж байгаа биз дээ, би чамайг ална” гэж заналхийлсэн. Тэр үед тус дэлгүүрийн эзэн Володягийн эхнэр нь дэлгүүрт орж ирсэн ба би түүнд хандаж “та болсон асуудлыг бүгдийг үзэж харсан байх, би энэ хүмүүсийг дэлгүүрээс авч гаръя” гэж хэлэхэд Володягийн эхнэр нь надад “за за би бүх зүйлийг харсан, маргааш ярьж өгөх болно” гэхээр нь тус дэлгүүр дотор байсан С.А, Ж.Гимранбек, С.Володя нарыг дэлгүүрээс гаргасан. Тэгээд С.Аад хандаж “одоо гэртээ харьж амар, би чамтай маргааш уулзах болно” гэж хэлэхэд тэр олон хүний өмнө над руу салаавч гаргаж “чи надаас олж идэхгүй шүү” гэхээр нь би түүний хажууд дөхөж очоод “хоёулаа Цагдаагийн кабонд очоод ярилцъя, надтай хамт яваарай” гэхэд миний шаардлагыг эсэргүүцэж баруун гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэр үед гудамжинд явж байсан олон хүмүүс бөөгнөрч цугларсан байсан ба тэдгээр хүмүүс С.Аыг салгаж барьж авч явсан. Түүнийг хүмүүс авч явж байх үед гудамж талбайд орилоод явахгүй байхаар нь би түүний хажууд дахин очиход С.А над руу дайрч гүйж ирсэн ба бид хоёр хоорондоо ноцолдож эхлэх үед С.А миний өмсөж явсан албанаас тавьж олгосон өвлийн хантаазыг урсан, мөн цагдаагийн ноосон цамцны зүүн талын мөрдсийг урсан болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-53 дахь тал/,
Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед ажил дээр сууж байтал манай сумын Засаг дарга надруу залгаж “та хаана байна, цагдаа нарт машин хэрэгтэй болсон байна” гэхээр нь би машинаа гаргах гэж сумын ЗДТГ-аас гарч ирж байхад сумын цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт хүмүүс хоорондоо зодолдож байсан. Тэр үед манай сумын хэсгийн цагдаа К явж байсан ба намайг дуудахаар нь тухайн газарт гүйж очиход манай сумын иргэн С.А нь сумын хэсгийн цагдаа К руу дайрч зодолдож байсан. Би тэр үед С.Аыг барьж авч К руу дайруулахгүй гэсэндээ хүчээр гэрт нь хүргэж өгсөн. Би С.Аыг хүчээр гэрт нь авч явж байхад К руу дайрч, чулуу шидэж байсан ба С.Аын шидсэн чулуу нь Кыг оноогүй. Тухайн үед А согтуу байсан ба хэний ч үгэнд орохгүй байсан. ...Би очоод Аыг цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд шахаж барьж авсан. Тухайн үед Аын биед ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Харин Кы аман тус газраас бага зэрэг цус гарч байсан. С.А нэлээд согтуу байсан. С.А Кд хандаж “чи намайг матаж торгуулсан, би чамтай заавал үзэх болно, чи надаас өөр хүнийг харахгүй байгаа юм уу, би хэзээ нэгэн цагт чамайг алах болно” гэж хэлж байсан. Миний ойлгосноор С.А хуримаа хийснийг К матаж, хүчээр торгуулсан гэж бодож явдаг юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Гэрч С.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед гэрээсээ гараад “Биллярд” руу ирсэн юм. Уг биллярднаас 5-10 минутын дараа гараад ирсэн чинь “Хаан банк”-ны урд хэсэгт манай сумын хэсгийн цагдаа С.К болон С.А, Ж.Г нар зодолдсон байдалтай байсан юм. Тэгээд би дөхөж очиход хэсгийн цагдаа С.К болон С.А нар нэг нэгнийгээ барьж авсан байсан ба хажууд нь Гимранбек гэдэг залуу салгаж байсан юм. Тухайн үед хэсгийн цагдаа С.К нь “бид нар өөрсдөө учир байдлаа олно” гэж цагдаагийн кабон чиглээд алхаж 50-60 метр явж байгаад дахин зогссон. Хэсгийн цагдаа С.К нь С.Аыг цагдаагийн хэсгийн кабон руу авч явах гэж байсан ба С.А нь эсэргүүцээд явахгүй байсан юм. Тэгээд билльярд тоглож байсан хэсэг бүлэг залуучууд болох БА, Н, Шо, Х бид нар К болон А нарын хажууд дөхөж очоод тэд нарыг салгаж аваад дагуулаад “Хаан банк”-ны урд ирээд үлдсэн. Хэсгийн цагдаа С.К болон С.А нар 50-60 метр яваад цэцэрлэгт хүрээлэнгийн гурван замын уулзварт очих үед хэсгийн цагдаа С.К нь С.Аыг хэсгийн цагдаагийн байр руу чиглүүлээд чирсэн ба С.А нь бас явахгүй эсэргүүцээд байсан юм. Тухайн газарт тэр хоёр нэг нэгнийгээ барьж аваад зууралдаж байхад хэсгийн цагдаа С.Кы халааснаас утас нь газар унасан ба С.А нь Кы гар утсыг хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэгж байхад манай сумын иргэн болох Н.Сабит ирж тэр хоёрыг салгаж аваад С.Аыг гэр лүү нь аваад явсан юм. Тэр үед Аын биед ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Харин Кы аман тус газар нь шалбарсан байдалтай байсан юм. С.А согтуу байсан ба С.Кд хандаж “чи урд нь намайг гэрлэх үед матаж торгуулсан, би чамайг заавал алах болно” гэж хэлж байсан. Миний ойлгосноор С.А хурим хийснийг К матаж, торгуулсан гэж бодож явдаг юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Гэрч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ажлаар аймгийн төвд ирсэн. Орой 17 цаг өнгөрч байхад хэсгийн цагдаа С.К над руу залгаж “Миний бие дэлгүүрүүдийн судалгааг гаргах зорилгоор сумын төвд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад С.А гэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, миний эрх чөлөөнд халдсан” гэж хэлэхээр нь миний бие энэ тухай цагдаагийн газрын удирдлагуудад танилцуулж, цагдаагийн газрын албаны тээврийн хэрэгслээр Сагсай суманд очсон. Бид нар Сагсай суманд очиход С.А гэгч гэртээ байсан тул би хажуудаа эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нл, дэд ахлагч Ө.Б нарын хамт С.Аын гэрт очсон. Тэр үед С.А гэртээ согтуу сууж байсан ба намайг хэл амаар доромжилж, хараалын үг хэлсэн. Мөн улмаар миний салтаа хэсгээс нэг удаа өшиглөсөн үед хамт явж байсан Н, Б нар түүнийг барьж авч, хоёр гарыг нь гавлаж, сумын цагдаагийн кабонд авч ирсэн. Тэгэхэд С.А надад хандаж “би чамайг ална, галдан шатаах болно, би чиний ар гэрийн хүмүүст ямар нэгэн гэм хор учруулах болно” гэж заналхийлсэн. ...2021 оны 10 дугаар сарын эхэнд С.К бид хоёр ажлын байранд байтал С.А эрүүл орж ирээд С.Кд хандаж “чи миний ээжийг 500,000 төгрөгөөр торгууллаа, би чамайг харах болно, чамд ямар нэгэн гэм хор учруулна” гэх хэлэхээр нь би С.Аад хандаж “С.К та хоёрын хооронд ямар нэгэн зүйл байгаа бол хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлээрэй, яагаад ийм юм ярьж байгаа юм вэ” гэж ойлгуулаад явуулсан. Өмнө нь би ээлжийн амралттай байсан тул юу болсон талаар сайн ойлгоогүй. Тэгээд С.А явсны дараа С.Каас юу болсон талаар асууж тодруулахад 2021 оны 09 дүгээр сард С.А хуримаа хийсэн тул хорио цээрийн дэглэмийн үед хурим найр зохион байгуулсан гэж зөрчлөөр бүртгэгдсэн. Тэр асуудлыг цагдаагийн хошууч А.Асылбек шалгасан ба шүүхээс 500,000 төгрөгөөр торгуулсан байна. Анх уг зөрчлийг К бүртгүүлснээс болж Кд өс санаж явдаг тухай хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал/,
Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хуантхан бид хоёр нэг шил архийг хувааж уугаад өдрийн 15 цагийн үед сумын төвд байдаг билльярд тоглоомын газарт очсон. Тэндээс С.Атай тааралдсан ба С.А, Х бид гурав 0,5 литрийн “Хараа” гэсэн нэртэй нэг шил архийг хувааж уусан. Тэр үед би нэлээд согтсон байна. Эхэндээ юу болсныг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход сумын цэцэрлэгт хүрээлэнгийн буланд миний найз А сумын хэсгийн цагдаа С.К руу “Намайг хуримаа хийхэд чи торгуулсан” гэж хэрүүл маргаан гаргаж байсан. Тэр үед би Аын хажууд очоод “чи боль ” гэж хэлээд авч явах гэсэн боловч А миний үгэнд орохгүй байхаар нь би гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд гэрт амарч байхад орой 19 цагийн үед Аын ээж нь над руу залгаж “А гэрт ирээд амрахгүй байна, чи хурдан хүрээд ирэх боломж байна уу” гэхээр нь би гэрээсээ гараад Аын гэрт очоод сууж байтал миний араас цагдаа нар орж ирсэн. Гаднаас орж ирсэн хэсгийн төлөөлөгч Х.Н Аад хандаж “Ааа юу болсон вэ” гэж асуухад А сууж байсан газраас босож ирээд цагдаа нар руу дайрсан... Гол асуудал нь Аыг хуримаа хийхэд торгуулсан гэж дайрч байсан. А К нарын хооронд өөр ямар асуудал байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
Гэрч С.Вйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагийн үед эхнэр ажил руу явсны дараа би гэрт байсан тал архийг ганцаараа уусан. Дараа нь өөрийн дэлгүүрээс дахин нэг архи авч ирээд гэрт ганцаараа уусан. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Хурдан согтсон байна. Нэг ухаан ороход би сумын цагдаагийн хэсэгт байсан. Дараа нь намайг аймгийн төвд авч ирж эрүүлжүүлсэн. Маргааш нь юу болсон талаар асуухад би дэлгүүрээс дахин нэг архи авах гэж дэлгүүрт орсон юм шиг байна. Тэр үед миний араас А, Гк нар манай дэлгүүрт ирээд тамхи татаж байхад гаднаас сумын хэсгийн цагаа К орж ирээд тамхи татаж байсан Аад хандаж “тамхиа гадаа гарч тат” гэж хэлэхэд А Кы шаардлагыг эсэргүүцсэнээс болж хоорондоо маргалдсан байна. Миний хувьд тухайн үед би тэд нарын хажууд явж байсан боловч юу ч санахгүй байна. ... Анх эрүүлжүүлэгт ирсэн өдөр би Ааас юу болсон талаар асуухад “би хуримаа хийхэд К намайг торгуулсан, би түүнд нь юм бодож явдаг байсан, тухайн үед согтуу явж байгаад тааралдаж тэрийгээ хэлж ийм асуудалд орсон байна, би өөрөө уучлалт гуйх болно” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хын 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №582 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
Тус шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.Р-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №22/01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 89-93 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №БӨА-21-242 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 99-104 дэх тал/,
Цагдаагийн хэсгийн байцаагчийн энгэрийн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
Шүүгдэгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Тухайн үед Володягийн дэлгүүр дотор хэсгийн цагдаатай маргалдаж байгаад гадаа гарахдаа салхинд цохиулаад хурдан согтсон юм шиг байна. Би яг үнэнээ хэлэхэд тухайн үед архи ууснаас болж хэсгийн цагдаатай маргалдан, хэрэлдэж, түүний шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө Ктай уулзаж уучлалт гуйх болно. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Нилээд согтуу байсан тул болсон явдлыг нарийн санахгүй байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 122-123 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Аын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Аад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-17.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн үед тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Сагсай сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Кы хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь С.Каас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, CD бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогджээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарласан ба хохирогч С.К нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Сагсай сумын хэсгийн цагдаагаар ажилладаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул хохирогч С.Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “хууль сахиулагч” гэж үзнэ.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч С.А нь нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлж байсан хууль сахиулагч С.Кы тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь халдаж, албаны дүрэмт хувцсыг нь урж гэмтээсэн нь тогтоогдож байна.
Иймд прокуророос С.Аын үйлдлийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч С.Аыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Аын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Кы албаны дүрэмт хувцас болох ноосон цамцны зүүн талын халаасны дээд хэсэгт 1.8 см хэмжээтэй, зүүн мөр хэсэгт 5 см хэмжээтэй, тэмээний ноосон хантаазны зүүн мөр хэсэгт 2.5 см хэмжээтэй урагдалт гэмтлүүд тус тус үүссэн байх ба уг гэмтлүүд нь татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл болохыг кримналистикийн шинжээч тогтоосон, мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч С.Кы эзэмшлийн Huawei i7 маркийн гар утас түүний халааснаас унаж эвдэрсэн зэрэг хохирлууд учирсан байна.
Хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан “Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээ” гэх баримтаас үзэхэд хохирогч С.Кунтуганы гэмт хэрэгт өртөх үедээ өмсөж явсан албаны дүрэмт хувцас болох ноосон цамцны нэг бүрийн үнэ 78.900 төгрөг, тэмээний ноосон хантаазны нэг бүрийн үнэ 106.843 төгрөгийн үнэтэй болох нь тус тус тогтоогджээ.
Түүнчлэн хохирогч С.Кы эзэмшлийн Huawei i7 маркийн гар утас нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр 250.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудад үндэслэн хохирогч С.Кд гэмт хэргийн улмаас 435.743 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А нь хохирогч С.Каас уучлалт гуйж, түүнд учирсан эдийн гэм хор болох 435.743 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 157 дахь талд авагдсан хохирогч С.Кунтуганы тодорхойлолт, шүүгдэгч С.Аын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Аын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршигт 435.743 төгрөгийг хохирогч С.Кд нөхөн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилж мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг гаргаж, шүүгдэгч С.Аад танилцуулсныг тэрээр өмгөөлөгчийн хамт хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилээр тэнсэж, С.Аад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, яллах дүгнэлтэд тусгаж ирүүлсэн СD хуурцаг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт С-ийн Аыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Аад 6 (зургаа) сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Аад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD хуурцаг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
5.Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б