| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0107/э |
| Дугаар | 2021/ШЦТ/117 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч Э.*******,
түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тугчин овогт Энхтөрийн *******т холбогдох 203100272011 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, газар тариалангийн “Их Шинэстэй” ХХК-д ажилладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Буурагчин, Дарь эх гудамжны 1-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Энхтөрийн *******, РД:/МЕ91031518/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Мягмарын ах” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Мягмарын ах” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник нь Түвшинтөрийн эзэмшил юм...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч З.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийн талаар ойлгож мэдлээ. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ, өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Ч.*******ын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын сүүлээр “Мягмарын ам” гэх газарт ирж, найз *******ын “Shantui РS-210” маркийн экскаваторын сарын 2.500.000-3.000.000 төгрөгийн хооронд цалин авахаар тохиролцоод ирж ажилласан. Тэрийг нь хуулаад доод хөрсийг нь 60 см ухаад өргөн нь 8 метр урт нь 20 орчим метр хуулаад үзсэн чинь хөрс нь хөлдүү байхаар нь ухахаа больсон. Тэгээд тэрний өмнө нь яг хажуу талын талбайд нь газрын хөрсийг 2 метр 50 см гүн урт нь дараагийн ухсантайгаа адилхан 8 метрийн урттай 20 метрийн өргөнтэй ухаад би манай жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй Тодоо, Томоо гээд Ерөө сумын 2 залуутай хамт 1 гитар гэх угаагч, 2 жижиг усны мотортой ажилласан...” гэх мэдүүлэг[3],
4.“Сонгомол хүлэг” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Зах зээлийн бодит үнэлгээ хийлгэх “ЗНАМТШ 8Е210” маркийн экскаваторын зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдрийн байдлаар 13.000.000 /Арван гурван сая төгрөг/ төгрөг гэж тогтоолоо...” гэх үнэлгээний тайлан[4],
5.Дамно ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...гар аргаар хийсэн усан бууг 720,000 төгрөг, ус соруулах төхөөрөмжийг нэг бүрийг нь 150,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний тайлан[5],
6.“Говь-Эко” ХХК-ийн “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Мягмарын ам” гэх газарт Г-156 хэргийн эвдрэлд өртсөн талбайн байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын “...Г-156 хэргийн талбайд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд шинжээчийн тогтоолын солилцлын дагуу нийт 1555м2 буюу 0.155 га эвдэрсэн талбайд, 1995,ЗмЗ хоосон орон зайн эзлэхүүн бүхий 2 ширхэг ухаш нүх, 182,3 метр куб овоолго үүсэн байх бөгөөд угаасан шорооны хэмжээ нь 1813м3 бүхий техникийн нөлөөгөөр эвдэрсэн талбайд хохирол тооцож дүгнэлт гаргасан.
Уурхайлалтын үйл ажиллагааны улмаас голын гольдрол өөрчлөгдөөгүй, усан санд хохирол учруулсан бөгөөд хохирлын хэмжээг тайланд тооцож оруулсан болно. Тухайн үйл ажиллагаа явуулсан газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д , тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүтэн давхцалтай байна. /БОАЖЯ-ны лавлагааг хавсаргав./
Тухайн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн 1555м2 буюу 0.155 га талбайд 1813м3 шороо угааж, 1995,ЗмЗ эзлэхүүнтэй ухаш нүх буюу хоосон орон зай үүсгэж, техникийн нөлөөгөөр эвдрэлд өртсөн уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 5.646.770 /таван сая зургаан зуун дөчин зургаан мянга долоон зуун далан төгрөг/ төгрөг болж байна. /Тайлангийн 16-р хуудаст харуулав./ Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын хэмжээ нь 1.249.270 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга хоёр зуун далан/ төгрөг болж байна. /Тайлангийн 33-34-р хуудаст харуулав/..” гэсэн дүгнэлт[6],
7. “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ/518-094 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 06 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтов” гэх дүгнэлт[7],
8. Шүүгдэгч Э.*******ын 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын сүүлээр Ерөө суманд оршин суудаг ******* гэдэг дүүгээсээ “Шанту” гэх нэршилтэй экскаваторыг сарын 11,000,000 сая төгрөгөөр тохиролцон түрээсэлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн “Харгана” гэх газар очиж хууль бусаар алт олборлох гэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан...” гэх мэдүүлэг[8], 9. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Цахим үнэмлэхийн давлагаа[10], 11. Тээврийн хэрэгслийн лавлагаа[11], 12. Э.*******ын дансны хуулга[12], 13. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол[13] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон З.******* нь шүүгдэгчээс “Байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлэх саналтай” гэдгээ илэрхийлсэн ба Э.*******т нь байгаль орчинд учруулсан хохирол 5,646,770 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, нөхөн сэргээлтийн зардал 1,249,270 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.
| № | Байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг | Нийт үнэ, төг |
| 1 | Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ | 163,811 |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ | 455,330 |
| 3 | Газрын хөрсөнд учруулсан хохирлын хэмжээ | 1,228,984 |
| 4 | Ургамлын бүрхэвчинд учруулсан хохирлын хэмжээ | 106,797 |
| 5 | Усан орчинд үзүүлсэн хохирлын хэмжээ | 3,691,848 |
| 6 | Амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ | 0 |
| 7 | Агаар мандалд учруулсан хохирлын үнэлгээ | 0 |
| 8 | Нийт хохирлын хэмжээ | 5,646,770 |
Хүснэгт1. Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын дүн[14]
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийг оролцогч талуудын саналыг харгалзан, тусгайлсан саналгүй тул нэг завсарлагаантайгаар явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 5,636,770 төгрөгийн шууд хохирол учирсан. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал гэж 1,239,270 төгрөгийн хор уршиг учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт хохирол болох 5,636,770 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Нөхөн сэргээлтийн зардал болох 1,239,270 төгрөгийг байгаль орчин уур амьсгалын санд оруулах саналтай. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 төгрөгөөр торгох саналтай оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 720,000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж, 300,000 төгрөгийн үнэ бүхий ус соруулах төхөөрөмж нь шүүгдэгчийнх мөн болох нь тогтоогдож байх тул хурааж, битүүмжлэгдсэн Shantui SE210” маркийн экскаватор нь шүүгдэгч Э.*******ын өмчлөлийн эд хөрөнгө биш тул хууль ёсны өмчлөлд нь буцаан олгож түүний үнэ болох 13,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, тухайн гаргуулж байгаа 13,000,000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 5,636,770 төгрөгийг хасаж тооцоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар буюу хассан мөнгөн дүнг улсын орлого болгуулах саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ[15].
Шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: “...Э.******* анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт холбогдсон хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Мөн өөрийн санаачлагчаар хохирол төлбөрөө барагдуулсан. Мөн улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйлдсэн хэрэгтэй гэмшиж байгаа зэргийн харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ[16].
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан нийт хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 02 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т анхааруулсан болно.
Улсын яллагчийн яллах дүгнэлт болон түүний хавсралтын 5-рт: “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйл байхгүй” гэж бичиж албажуулсан.
Гэвч улсын яллагчийн зүгээс шүүхийн эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 720,000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж, 300,000 төгрөгийн үнэ бүхий ус соруулах төхөөрөмж нь шүүгдэгчийнх мөн болох нь тогтоогдож байх тул хурааж, битүүмжлэгдсэн Shantui SE210” маркийн экскаватор нь шүүгдэгч Э.*******ын өмчлөлийн эд хөрөнгө биш тул хууль ёсны өмчлөлд нь буцаан олгож түүний үнэ болох 13,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, тухайн гаргуулж байгаа 13,000,000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 5,636,770 төгрөгийг хасаж тооцоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар буюу хассан мөнгөн дүнг улсын орлого болгуулах саналтай байна...”[17] гэсэн нь яллах дүгнэлт, түүний хавсралтад тусгаагүй битүүмжилсэн эд хөрөнгө, хураасан тоног, төхөөрөмж гаргаж ирж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Яллах дүгнэлт”-ийн Тогтоох хэсэгт зайлшгүй тусгах хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан гэх алт угаах төхөөрөмж, ус соруулах төхөөрөмж нь хаана байгаа юм, битүүмжилсэн гээд байгаа экскаватор нь хаана байна, битүүмжилсэн тогтоол нь хавтаст хэргийн хаана байгаа нь тодорхойгүй, битүүмжилсэн тогтоол байхгүй байна.
Цаашид улсын яллагч “Яллах дүгнэлт” үйлдэхдээ хуулийн шаардлагад нийцүүлэн шүүхэд ирүүлэхэд анхаарвал зохино.
Иймд шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгт битүүмжилсэн гэх 720,000 төгрөгний үнэлгээ бүхий гар аргаар хийсэн усан буу, 150,000 төгрөгний үнэлгээ бүхий ус соруулах төхөөрөмжийг тус тус хураан авч, худалдан борлуулж, Улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн энэхүү хэрэгт хэргийн газрын үзлэгээр битүүмжилсэн гэх Баяраа овогтой *******ийн өмчлөлтэй, “Shantui SE210” маркийн 86-91 УБ улсын дугаартай экскаваторыг хууль ёсны өмчлөгч Баяраа овогтой *******өд буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Учир нь: Энэхүү хэрэгт хэргийн газрын үзлэгээр битүүмжилсэн гэх “Shantui SE210” маркийн 86-91 УБ улсын дугаартай экскаваторын хууль ёсны өмчлөгч Баяраа овогтой ******* болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгохоор тогтоосон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан. Шүүгдэгч Э.*******ын хувьд гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол 5,646,770 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тугчин овогт Энхтөрийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 02 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын 5,646,770 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, нөхөн сэргээлтийн зардалд 1,249,270 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн гэх 720,000 төгрөгний үнэлгээ бүхий гар аргаар хийсэн усан буу, 150,000 төгрөгний үнэлгээ бүхий ус соруулах төхөөрөмжийг тус тус хураан авч, худалдан борлуулж, Улсын орлогод оруулсугай.
7. Энэхүү хэрэгт хэргийн газрын үзлэгээр битүүмжилсэн гэх Баяраа овогтой *******ийн өмчлөлтэй, “Shantui SE210” маркийн 86-91 УБ улсын дугаартай экскаваторыг хууль ёсны өмчлөгч Баяраа овогтой *******өд буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ