| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00153/И/ |
| Дугаар | 0154 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 0154
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 7 тоотод оршин суух хаягтай иргэн Тайжууд овогт Сумъяагийн Өлзийбат РД:/ТГ64042013/ улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Өлзийбат, гэрч Л.Энхсаран, М.Ганпүрэв, хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Өлзийбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Хөтөлийн ЦШХК-ийн механик цехэд 1985 оны 08 дугаар сарын 05-нд токарьчноор ажилд орсон. Тус цехэд ажиллаж байгаад 1988 оны 12 дугаар сарын 16-наас 1989 оны 02 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлж Улаанбаатар хотын Урчуудын салбар, гар урлалын үйлдвэрт уран дарханы дадлага хийлгэхээр ЦШХК-ийн даргын тушаал гарч дадлага хийсэн. 1989 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн гар урлалын тасагт шилжүүлэн ажиллуулж, хийснээр цалин хөлс олгохоор болж тухайн үед хийсэн одон медаль, дурсгалын зүйлсээ няравт тушаан үнийн дүнгийн 20 хувиар цалин хөлс олгож кассаар авч байсан. Одоо кассын баримт устаж цалин хөлс авч байсан баримт олдохгүй байна. 1990 оны 03 дугаар сараас ажлаас гарсан. Ажлаас чөлөөлөгдөхдөө халагдах тушаалаа гаргуулаагүй.
Иймд тухайн үеийн ЦШХК-ийн даргын тушаалууд, цалингийн тодорхойлолт, хамт токарьчноор ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн иргэн М.Ганпүрэв РД:/ТГ63103133/, утас-99801040, тухайн үед ЦШХК-ийн Нийгмийн асуудал хариуцсан захирал байсан, одоо ЦШХК-ийн Төмөр замын цехийн дарга Сайхан сумын 2 дугаар багийн иргэн Л.Энхсаран РД/ТГ62040506, утас-99629255 нарыг гэрчээр асууж миний Хөтөлийн ЦШХК-ийн механик цех, гар урлалын тасагт ажиллаж байсан 05 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд С.Өлзийбатын шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Өлзийбатын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, С.Өлзийбатын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 394 дугаартай ажилд авч ажиллуулах тухай тушаал, Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 533 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай дадлага хийлгэх тухай тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл ЦШХК-ийн архивийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Иргэн С.Өлзийбат нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд хүсэлт гаргагчийн тайлбараас үзэхэд:
Иргэн С.Өлзийбат нь улсад 04 жил 06 сар 26 хоног ажилласан болох нь С.Өлзийбатын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1985 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 394 дугаартай ажилд авч ажиллуулах тухай тушаал, Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 533 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай дадлага хийлгэх тухай тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл ЦШХК-ийн архивийн лавлагаа, гэрч Л.Энхсарангийн “Би 1989-1992 он хүртэл нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар мөн хавсран цалин хөлсний эдийн засагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Өлзийбат гар урлалын чиглэлээр хотод үйлдвэрийн зардлаар курс төгсгөөд авчирч ажиллуулсан. Өмнө нь Өлзийбат механик цехэд ажиллаж байсан. Курст явж ирснээс нь хойш тусгай гар урлалын тасаг гэж байгуулагдаад наамал зэрэг бүх төрлийн зүйл хийж шагнал урамшуулалд хэрэглэдэг байсан. Тэр үед мөн гар урчуудын тэмцээн уралдаан болж C.Өлзийбат 2 дугаар байранд орж байсан. Хийсэн гар урлалуудыг нь бид үнэлж аваад 20 хувиар цалин бодож олгодог байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Ганпүрэвийн “C.Өлзийбат 1985 онд механик цехэд токарьчноор ажиллаж байгаад 1988 онд Сампилноров даргын тушаалаар гар урлалын тасагт ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэн С.Өлзийбатыг Хөтөлийн ЦШХК-ийн механик цехэд 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл токарьчноор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гар урлалын тасагт уран дарханаар улсад нийт 04 жил 06 сар 26 хоногийн хугацаанд ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэн С.Өлзийбатын нэхэмжлэлийн шаардлагаас улсад ажилласан 05 сар 05 хоног нь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоогдохгүй байгаа тул энэ хүсэлтэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.Өлзийбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д заасныг баримтлан С.Өлзийбатыг Хөтөлийн ЦШХК-ийн механик цехэд 1985 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 03 жил 05 сар 26 хоног токарьчноор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 01 жил 01 сар Хөтөл ЦШХК-ийн гар урлалын тасагт дарханаар улсад нийт 04 жил 06 сар 26 хоногийн хугацаагаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 05 сар 05 хоногийн хугацаагаар улсад ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.Өлзийбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 07 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах ба үүнээс хойш хүсэлт гаргагч өөрийн биеэр хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА