Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00698

 

“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03440 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 96 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Э Э С К” ХХК-д холбогдох

Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Э С К” ХХК нь манай компанитай 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд тус бүр 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх GR-0318 тоот гэрээ байгуулан, дээрх 2 дүүрэгт Эрүүл мэндийн төвийн 2 давхар барилгын угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Э Э С К” ХХК-ийн инженер н.Баттулга хийлгэх ажлын талаар санал тавьж, барилгын зургийг манай и-мэйлээр явуулсан. 2 дүүрэгт баригдах барилга нь нэг зургаар яг адилхан хийгдэнэ гэсэн. Энэ зурагт гадна тохижилтын ажил байхгүй, зөвхөн барилга угсрахтай холбоотой ажлууд байсан. Бид энэ зургийн дагуу нэг барилга угсралтын ажлын тооцоог хийж, төсвийг гаргаж, үнийн саналаа 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18/24 тоот албан бичгийг үнийн задаргаа бүхий хавсралтын хамт хариуцагч руу явуулсан. Бид үнийн саналаа боломжит бага өртгөөр тооцсон ба нэг барилга дээр гарах зардлын тооцоо 472 272 958 төгрөг болсон. Ингээд үнийн саналаа явуулснаас хойш 10 хоногийн дараа хариуцагчийн ажлын байран дээр уулзалт болсон ба хариуцагч талаас үнийг буулгах санал тавьж, харилцан ярилцсаны үндсэн дээр нэг барилгын тооцоог 449 000 000 төгрөг болгон бууруулсан. Ингэж ярилцсан хэдий ч гэрээ байгуулж ажлаа эхлэхгүй явсаар 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин уулзалдаж, үнэ төлбөрийг дахин багасгах тухай ярилцаж, нэг барилгыг 420 000 000 төгрөг, нийлээд 840 000 000 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр болж, 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. “Э Э С К” ХХК нь барилгын ажил гүйцэтгэхэд бэлэн талбай хүлээлгэн өгөх, ажил хийх бололцоогоор хангаж, цахилгаанаар хангах ба бид уг талбай дээр хашаа барьж ажлаа эхлэхээр тохиролцсон. Гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж заасан ч барилга барих талбайг бидэнд хугацаандаа өгөөгүйгээс 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн, 5 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг тус тус эхлүүлсэн. Ажил гүйцэтгэлээ цаг тухай бүрд танилцуулж байх, мэдээ мэдээллээ солилцож байх үүднээс Beaver Chingeltei, Sukhbaatar Saglik Merkezi нэртэй фэйсбүүк групп нээн, ажлаа тухай бүр бичиж зургийг нь тавьдаг байсан. Сүхбаатар дүүргийн барилгын талбай ажил эхлэхэд бэлэн биш, газар шорооны ажил эхлэхэд 2 талбай дээр тог цахилгаан байхгүйгээс ажил хийх боломжгүй болсон ба 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн талбайд генератор тавьж, 6 дугаар сарын 11-ний өдөр тогтой болох хүртэл манай байгууллага генераторын түлшийг өөрөөсөө гаргаж ажиллуулж байсан. 2 барилгын талбай дээр цахилгаан татах, тогтой болох асуудлыг захиалагч талд удаа дараа ярьж хэлж байсан боловч шийдэж өгөөгүй тул гэрээний хугацаандаа амжиж ажлаа дуусгахын тулд бид өөрсдөө хөөцөлдөж зардал мөнгийг нь гаргаж цахилгаантай болсон. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр санхүүжилт хийгдэхгүй байснаас болж ажил зогссон. Энэ хүртэлх хугацаанд эхний урьдчилгаа 80 000 000 төгрөг, дараагийн санхүүжилт 100 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, нийт 230 000 000 төгрөгийн санхүүжилтийг захиалагч тал авсан. Захиалагч талаас өөрсдөө боломжоороо материалаа аваад ажлаа явуулж бай гэсэн болохоор цалин бараа материал, машин, механизм, шатахууны зардал гээд 130 000 000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн байдаг. Ажил зогсоход Чингэлтэй дүүргийн 2 давхар барилгын карказ бүтэн хийгдсэн, гаднах ханын өрлөг 24м3 өрөгдсөн, 1 дүгээр давхрын бохирын шугам сүлжээ хийгдсэн, түүний гаргалгаа, мөн цахилгааны ерөнхий самбар /ЕС/ хийгдсэн. Сүхбаатар дүүргийн барилгын карказ 1 дүгээр давхар бүрэн дуусаж, 2 дугаар давхрын баганын арматурчлал хийгдэж, 2 давхрын хучилтын хэв хашмал бүрэн хийгдсэн, мөн цахилгааны тэжээл татаж цахилгаанаар хангаж байна. 2 барилгын ажил нийтдээ 42,86 хувийн гүйцэтгэлтэй болсон байна. ...Манай компани гэрээнд заасан ажлыг үе шаттайгаар гүйцэтгэсээр байхад захиалагч талаас санхүүжилт хийхгүй, харин ч гэрээнд ороогүй, төсөвлөгдөөгүй ажлыг хийх талаар шаардлага тавьж эхэлсэн. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хуваарийн дагуу санхүүжилт хүссэн 18/30 тоот албан бичгийг захиалагч талд өгсөн. Энэ үед 2 барилгын гүйцэтгэл 22 хувьд хүрсэн байсан. Манайх нөхцөл байдлыг тайлбарлаж 170 000 000 төгрөгийн санхүүжилт хүссэн ч 100 000 000 төгрөг өгсөн. Дутуу санхүүжилттэй ч ажлаа гүйцэтгээд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 18/31 тоот бичгээр ажлын гүйцэтгэлээ дэлгэрэнгүй бичээд санхүүжилтээ хүссэн. Гэтэл захиалагч компанийн захирал О.Озтурк 2 барилгын гадна талын тохижилтын ажлыг хийх шаардлага сөргүүлж тавьсан. Гадна тохижилтын ажил бидний хооронд байгуулсан гэрээгээр гүйцэтгэх ажилд ороогүй талаарх тайлбарыг хийхэд тэгвэл гэрээгээ цуцална, та нар гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж хэлсэн. 2 барилгад гаргасан нийт зарцуулалтын байдал: Бараа материал 194 337 590 төгрөг, цалин механизм 19 880 000 төгрөг, түрээс 32 556 000 төгрөг, харуул хамгаалалт 2 550 000 төгрөг, нийт 359 718 590 төгрөг болсон байна. Үүнээс 230 000 000 төгрөгийг санхүүжилтээр авсан. Тухайн ажлыг 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцсэн. Маргаан үүсэх болсон шалтгаан нь ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгоно гэж заасан байдаг. Иймд “Э Э С К” ХХК-иар бараа материал, машин механизм, түлш шатахууны зардал болон ажилтнуудын цалин хөлс нийт 130 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Түлхүүр гардуулах нөхцөлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны тус тус 2 давхар эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх СЯ-03-18 дугаартай гэрээ байгуулан хамтран ажилласан. Уг гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тус тус 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохирч эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг, материалын хамтаар ажлын зураг төсөл, техникийн шаардлага, техникийн нэмэлт нөхцөлийн дагуу ашиглах боломжтой байдлаар хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд ийнхүү гүйцэтгэхдээ 1 барилгыг нь 420 000 000 төгрөг, 2 барилга нийлээд 840 000 000 төгрөг байхаар тохиролцсон. ...Гэрээнд гарын үсэг зурахаас өмнө нэхэмжлэгч “Б” ХХК нь хийгдэх ажлууд болон түүний дотор барилга угсралтын ажил, гадна тохижилтын ажил байгааг анхнаасаа сайтар мэдэж байсан ба бидний зүгээс өгсөн үнийн санал нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэж заасан ба үүнд гадна тохижилтын ажил орсон тул гэрээнд ороогүй ажил хийлгэхийг хүссэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй болжээ. ...Бидний хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт: ...Энэхүү гэрээний хүрээнд хийгдэх ажилд үнийн зөрүү эсвэл валютын ханшийн зөрүү бодож төлөхгүй болно. Гүйцэтгэгч энэхүү гэрээний хүрээнд хийгдэх бүх ажлыг болон хүлээлгэж өгөхийг болон энэ гэрээний 3.1-д зүйлд заасан үнийн дунгээс гадна ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүй... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн бараа материал, машин механизм, түлш шатахууны зардал болон ажилтнуудын цалин хөлс гэрээний үнийн дүнд багтаж байгаа тул шаардах эрхгүй гэж үзнэ. Нөгөө талаар “Б” ХХК нь ажлыг гэрээнд заасан хугацаа, зураг төсөл, техникийн шаардлага нөхцөлөөр, холбогдох стандартын дагуу, өөрийн хөрөнгө, багаж, техник хэрэгсэл, материал, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд, алдаа дутагдал, доголдолгүй хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ зохих ёсоор шударгаар, хугацаанд нь биелүүлээгүй. “Б” ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байсан тул 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дуусаагүй барилгын ажлыг хүлээлцсэн акт үйлдэж 2 дүүргийн эрүүл мэндийн төвийн барилгыг гүйцэтгэлээр хүлээн авсан ба хүлээн авах үед нэхэмжлэлд дурьдсан 42.86 хувьтай байгаагүй юм. Гүйцэтгэгч “Б” ХХК нь гэрээний 3.3 дахь хэсэгт заасны дагуу манайд гарган өгөх ёстой байсан Баталгааг манай компанид хүлээлгэн өгөөгүй ба бид нэхэмжлэгч “Б” ХХК-д ямар нэгэн урьдчилгаа төлбөр тооцоо хийх үүрэг, хариуцлага хүлээгээгүй боловч гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс амлалт өгч, авсан ажлаа хурдан гүйцэтгэж дуусгах зорилтоор нэхэмжлэгчид эхний байдлаар 80 000 000 төгрөг, ажил үргэлжлэх явцад нийтдээ 230 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн. Бидний өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд гарах шаардлагатай бүх зардал /тээвэр, байр, хоол хүнс, материал, холбоо, цахилгаан гэх мэт/-уудыг гүйцэтгэгч бие даан бүрэн хариуцана... гэж заасан байх тул өөрийн гаргасан зардлыг хохиролд тооцон нэхэмжлэх, цаашлаад шаардах эрхгүй. Нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ шударгаар биелүүлээгүй, гэрээг ноцтой зөрчсөн мөртлөө ажил хийж гүйцэтгэхтэй холбогдуулан гарсан зардлуудыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03440 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д заасныг баримтлан хариуцагч “Э Э С К” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 96 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03440 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Э С К”ХХК-иас 85 729 558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 270 442 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...808 000 төгрөгийг гэснийг 85 729 558 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн авч танилцаад шүүх хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтанд үндэслэл бүхий хийгээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, бусад баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ““Б”” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэсэн талаар маргаангүй болно. Энэ хүртэл ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 230 000 000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлсөн бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээгээр үзвэл 12 000 000 төгрөгийг илүү төлсөн байхад давж заалдах шатны шүүхээс илт үндэслэл муутай дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1 дэх хэсэгт: “...Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 17-р хороо мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тус тус 2 давхар Эрүүл мэндийн төвүүдийн барилга угсралтыг гүйцэтгэх ажил ба эдгээр ажлуудтай холбоотой бусад ажлуудыг материалын хамтаар ажлын зураг төсөл, техникийн шаардлага, техникийн нэмэлт шаардлага, нөхцөлүүд, хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан бусад нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд, зориулалтын дагуу ашиглах боломжтой байхаар хийж гүйцэтгэнэ...” гэж тохирсон уг гэрээний 3.2 дэх хэсэгт төлбөрийн нөхцөлийг тохиролцсон бөгөөд уг ажлыг 5 үе шаттай хийж гүйцэтгэхээр, хийж гүйцэтгэсэн ажлыг Туркын хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар /ТИКА/ хянаж баталсны дараа санхүүжилтийг олгохоор тохиролцсон байдаг. Гэрээний дагуу Туркын хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар /ТИКА/ ““Б”” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хянаж баталсан бөгөөд биелэлтийн хувьд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 0.28 хувьтай, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд 0.24 хувьтай байсан бөгөөд энэ талаар 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 73/18 дугаартай албан бичгээр мэдэгдэж байсан болно. Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэлийн нийлбэр дүн нь 0.26 хувьтай байсан болно. Энэ нь гэрээний 3.2.3 дэх хэсэгт заасан ажлын гүйцэтгэл 40 хувьдаа хүрээгүй байсан болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...2 барилга дээр хийсэн ажлын гүйцэтгэл нь нийтдээ 42.86 хувь буюу энэ хугацаа хүртэл нийтдээ 360 000 000 төгрөгийн зардлыг гаргасан тул үүний зөрүү болох гүйцэтгэсэн ажлын хөлс 130 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардсныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болж чадаагүй байна...” илт үндэслэлгүй дүгнэлтийг хийж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч ““Б”” ХХК нь 2 барилгын ажлын гүйцэтгэл 42.86 хувьтай гэдгийг баримтаар нотолж чадаагүй байхад нотолсон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс ““Б”” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох зорилгоор мэргэшсэн төсөвчнөөр барилга угсралтын ажлын төсвийг гаргасан байх бөгөөд энэхүү төсвийг үнэлэх боломжтой гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ. Учир нь ““Б”” ХХК нь анх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх талаар үнийн санал ирүүлэхдээ гаргасан төсвөөс илт зөруүтэй баримтыг үнэлж улмаар Иргэний хуулийн 355.2, 355.5 дэх хэсэгт заасны баримтлан гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж үзсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байгаа болно. Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд “Э Э С К”ХХК-иас бараа материал, машин механизм, түлш шатахууны зардал болон ажилтнуудын цалин хөлс нийт 130 000 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс гэж үзэх тохиолдолд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ажлын хөлсний зөрүү төлбөр байх ёстой гэж ойлгож байна. Талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар: “...Гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд гарах шаардлагатай бүх зардал /тээвэр, байр, хоол хүнс, материал холбоо, цахилгаан гэх мэт/-уудыг гүйцэтгэгч бие даан, бүрэн хариуцана...” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл эдгээр зардлуудыг нэхэмжилсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Тодруулбал, гэрээ цуцлагдсан эсхүл талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд эрсдэлээ өөрөө бүрэн хариуцахаар гэрээгээр хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцсон гэж үзэх боломжтой юм. Давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдал, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн харьцуулалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй, баримтанд тулгуурлаагүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Б” ХХК нь “Э Э С К” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 130 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагчаас 85 729 558 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжтой байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоогдсон гэж үзэхдээ хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж чадаагүйгээс гадна нэхэмжлэгчийн зүгээс гаргасан 2 барилгын төсөв, санхүүгийн баримтууд нэхэмжлэлийг нотлоогүй байхад хариуцагч үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1 дэх хэсгийг зөрчжээ.

Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг бий болгоход зайлшгүй шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд гэрээ цуцлагдах тохиолдолд ажлын үр дүн бэлэн болоогүй хэдий ч гүйцэтгэсэн ажлын хэмжээг нотлох үүрэгтэй юм. Магадлалд хариуцагчийн үүргийн эрх зүйн үндэслэл, нэхэмжлэлээс 85 729 558 төгрөгийг хэрхэн тооцоолж, ямар баримтад тулгуурлан хариуцагчаас гаргуулсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг  хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, “Б” ХХК нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, мөн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус 2 давхар Эрүүл мэндийн төвийн барилга барьж 2018 оны 07 сарын 10-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, “Э Э С К” ХХК ажлын хөлс нэг барилгад 420 000 000 төгрөг нийт 840 000 000 төгрөгийг төлөх, урьдчилгаанд 80 000 000 төгрөг шилжүүлэх, цаашид хийсэн ажлыг хянаж, баталсны дараа 3 өдрийн дотор санхүүжилт хийх үүргийг харилцан хүлээжээ.

Шүүх гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Зохигчид нь “Б” ХХК 2018 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэсэн, захиалагч  “Э Э С К” ХХК ажлын хөлсөд нийт 230 000 000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээ цуцлагдаж, гэрээ дуусгавар болсон үйл баримтыг маргаагүй, харин гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хэмжээ, уг ажилд тохирох хөлс төлөгдсөн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

“Б” ХХК 2 барилга дээр хийсэн ажлын гүйцэтгэл гэрээний нийт үнийн дүнгийн 42,86 хувьд хүрсэн, 360 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 230 000 000 төгрөгийг авсан тул үлдэх ажлын хөлс 130 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бол хариуцагч нь Чингэлтэй дүүргийн барилгын ажлын гүйцэтгэл 28 хувь, Сүхбаатар дүүрэгт 24 хувь хийгдсэн, нийт ажлын 26 хувийг хийсэн, тохирох хөлсийг төлсөн гэсэн үндэслэлээр маргажээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт “гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заажээ. Захиалагч “Э Э С К”констракшн ХХК нь “Б” ХХК-ийн дутуу хийсэн ажлыг хүлээн авч, бусдаар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон байна. Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр тул “Б” ХХК нь гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй бөгөөд ажлын хэмжээг нотлох үүрэгтэй байна.

Хэрэгт 2018 оны 5 сарын 08-ны өдрөөс 2018 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд 2 талын инженер, даамал, зохиогч хяналт гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий “Суурийн нүх ухсан акт”, “Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт”, “Суурь хийсэн акт”, “Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт”, “Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, “Шалны ажил гүйцэтгэсэн акт”, “Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт” авагдсан боловч эдгээр баримтаар ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын хэмжээ тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заажээ. Нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх журмаар баримт гаргаж, нэхэмжлэлээ нотолж чадаагүй тул ажлын хөлс шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний талуудын үүрэг, ажлын үр дүн, хөлс, гэрээг цуцалсны үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрийн 96 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА