Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0267/З |
Дугаар | 755 |
Огноо | 2019-10-31 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 755
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батгуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан “Д Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС ад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д Э” ХХК,
Хариуцагч: БОАЖС .
Нэхэмжлэлийн шаардлага: “БОНХАЖС ын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/11 дүгээр тушаалын “Д Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...“Д Э” ХХК-аас 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын тусгай хамгаалалтай газар Түргэний аманд 15 га газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ авсан. Үүнтэй холбоотой ажил эхлэхээр 2015-2017 онуудад үүслийн судалгаа, аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар хамтран ажиллах аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч хайсаар 2018 онд зөвшилцөлд хүрч 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэвч манай газрыг хүчингүй болгосон байсан. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яаманд очиж уулзахад 2016 онд 15 аж ахуй нэгжийн газрыг хүчингүй болгосон байна гэсэн хариу өгсөн.
Маргаан бүхий 2018 оны А/11 тоот тушаалын үндэслэл “...Засгийн газартай байгуулсан санамж бичгийн дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад олгосон газрыг цуцална” гэсэн агуулга байдаг. 2017 оны 9 дүгээр сарын 01-нд хязгаарлалтын бүсийг хамгаалалтын бүс болгож тэлэх тушаал гаргасан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэлээр аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлаагүй мөн мэдэгдэх зарчмаа хууль ёсны дагуу хэрэгжүүлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
2019 оны 01 дүгээр сарын 16-нд БОАЖС Н.Ц*******ад гомдол гаргасан ч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан хугацаанд шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
БОАЖС ын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын талаар яамнаас хуульд заасан журмаар “*******” ХХК-д мэдэгдээгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ талаар тодруулахаар очиход тухайн үед нэг цэгийн үйлчилгээний газар ашиглалт, аялал жуулчлалын ахлах мэргэжилтэн Ч.Г нь Кувейтийн элчин сайдын яамнаас уг газар дээр маргаан үүсгэж нот бичиг ирүүлсэн учраас Сайдын тушаалаар 2016 онд Түргэний амны газрын эрхүүдийг цуцалсан тухайн үед мэдэгдсэн байх ёстой гэж амаар хэлсэн.
Кувейтийн элчин сайдын яамнаас манай газрын асуудлаар яаманд бичиг ирэх ямар ч үндэслэл байхгүй. Учир нь Кувейтийн судалгааны төвийн газар манай газар солбилцлын хувьд давхцалгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх” ажиллагаа огт хийгдээгүй. Учир нь хэрэв тухайн үед мэдэгдэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн бол баримтжуулалт нь хийгдэж хадгалагдсан байх ёстой.
БОАЖС ын 2016 оны А/11 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн” этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад хууль зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны А/11 дүгээр тушаал нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай хууль тогтоомжоор тогтоосон үндэслэлд нийцээгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.
Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болохоор тогтоожээ. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газар эзэмшигч аж ахуй нэгж татан буугдсан, эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөн олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдлуудад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор заасан байна. “*******” ХХК нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй болно.
Ийнхүү газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байхгүй байхад БОАЖС энэхүү тушаалыг хуулиас гадуур, өөрийн үзэмжээр гаргаснаараа Кувейтийн ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. БОАЖС ын А/11 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 тоот тогтоолыг дурьджээ. Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байх бөгөөд уг хөтөлбөрт аялал жуулчлалын бүсчлэл, дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг хөгжүүлэх зорилт тусгагдсанаас бус түүнд газар ашиглах эрхийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс ямар ч үндэслэлгүйгээр шууд дуусгавар болгох замаар булаан авах тухай огт тусгагдаагүй байна.
Тус тушаалын тогтоох хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээнд тус улсын хуулиудад зааснаас өөр зохицуулалт тусгагдсан бол олон улсын гэрээний заалтыг нь дагаж мөрддөг жишиг бий. Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын сайд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийг Монгол Улсын олон улсын гэрээ мэт ойлгож, Монгол Улсын хууль, тогтоомжоос дээгүүр тооцсон нь хууль бус үйлдэл мөн хэмээн үзэж байна. Санамж бичиг бол олон улсын гэрээ биш тул бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчих хууль зүйн үндэслэл болохгүй юм. Кувейтийн ХХК-ийн ашиглаж буй газрын ойролцоо Кувейт улсын судалгааны төв байрладаг бөгөөд БОАЖС ын 2008 оны 77 дугаар тушаалаар Кувейтын судалгааны төв ТББ-д 3,5 га газрыг, мөн 2015 оны А-277 тоот тушаалаар 10,1 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг ба Кувейтийн ХХК-д олгосон газар нь Кувейтын судалгааны төвд ашиглуулсан дээрх газруудтай солбицлын хувьд давхцалгүй.
БОАЖС ын 2016 оны А/11 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу хийгдвэл зохих ажиллагаанууд нь хийгдээгүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тухайлбал, уг тушаалын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар эрх нь хөндөгдөж буй хуулийн этгээдийг сонсох зэрэг дээрх хуулиар тогтоосон ажиллагаа хийгдээгүй нь уг тушаалыг илт хууль болохыг мөн харуулж байна.
Үүний дараа 2017 оны 9 дүгээр сарын 1-нд хязгаарлалтын бүсийг хамгаалалтын бүс болгож тэлсэн тушаал гарсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэлээр аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлаагүй байж, мэдэгдэх зарчмаа хууль ёсны дагуу хэрэгжүүлээгүй байж 2017 онд дахиад энэ газрыг хамгаалалтын бүс гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ тушаалын өөрт ноогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” БОНХАЖС ын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 тоот тушаалын “*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүс шинэчлэн тогтоох тухай” А/248 дугаар тушаалын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“ БОАЖС ын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/248 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсэд өөрчлөлт оруулан Түргэний амны хязгаарлалтын бүсийг багасгаж, хамгаалалтын бүсийг тэлсэн. Өөрөөр хэлбэл, ойн сан бүхий газар, усан сан бүхий газартай давхцалтай, дархан цаазат газрын горим дэглэм зөрчигдөж байх тул 15 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж тухайн газрыг хамгаалж хамгаалалтын бүс рүү шилжүүлсэн.
Нөгөө талаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр сайтад, цуцалсны дараа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/741 дүгээр бичгээр тус тус мэдэгдсэн. “Д Э” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хийгээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“ ... БОНХАЖС ын 2015.12.22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Д Э” ХХК-ний 15 га газар нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутаг болох Түргэний аманд байршилтайгаар аялал жуулчлалын зориулалтаар олгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын засгийн газар, Кувейт улсын засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах гол зорилгоор газар ашиглах эрх дуусгавар болгосон.
Мөн “Д Э” ХХК нь 15 га газартаа аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад гол дагуу байршилтай учраас усны нөөцийг бохирдуулах, хомсдох эрсдэлтэй, голын бургас модыг сүйтгэх, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчих нь тодорхой тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын холбогдох хориглох заалт тус тус зөрчигдөх үндэслэлтэйг шүүх анзаарч үзнэ үү.
Илт хууль бус болох шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус болох актын шинжийг агуулаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/741 дугаар албан бичгээр дээрх тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу баталгаат шуудангаар 2016 оны 11 дүгээр сарын 30-д хүргүүлснээр нотлогддог ба хаяг байршилдаа байхгүй гэсэн нь тухайн аж ахуйн нэгж нь өөрийн хуулийн этгээдийн аливаа өөрчлөлт, хөдөлгөөн, шилжилтийг хийлгээд холбогдох төрийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.
Газар нь хамгаалалтын бүсэд орсон. Сайдын эрх хэмжээний хүрээнд хамгаалалтын бүсийг нэмэгдүүлж шийдвэрлэсэн. Газар нь гол ус бургастай учир газар өгөх боломжгүй гэх үндэслэлээр цуцлагдсан. Тухайн газар дархан цаазат газрын хамгаалалтын газарт орсон хуулийн хориотой газар болсон. Газраа 2 жил дараалан ашиглаагүй, төлбөр төлөөгүй гэх асуудал байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Д Э” ХХК-ийн “БОАЖС ын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, ...” гэсэн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь БОАЖС ын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүсчлэл шинэчлэн тогтоох тухай” А/248 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн, нэмэгдүүлсэн[1] ба энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг харьцуулан үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. БОАЖС ын 2016 оны А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
БОАЖС ын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар[2] Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газарт 15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг нэхэмжлэгч компани олж авсан байна.
Нэхэмжлэгч нь БОАЖС ын 2016 оны А/11 дүгээр тушаалын[3] өөрт холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай тухай хуулийг зөрчөөгүй, бусдын газартай давхцалгүй байхад Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг журмын дагуу хийхгүйгээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, уг тушаал нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай хууль тогтоомжоор тогтоосон үндэслэлд нийцээгүй, тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан” гэж марган мэтгэлцсэн.
Илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй захиргааны акт болох БОАЖС ын 2016 оны А/11 дүгээр тушаалаар Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн ам болон Түргэний аманд байрлах хавсралтад дурдсан 15 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, ... газар ашиглах гэрээг цуцалж шийдвэрлэжээ.
Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 324[4] дүгээр тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БОНХАЖС ад үүрэг болгосон байдаг ба уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах үйл ажиллагааны зайлшгүй хэрэгцээт салбар болох аялал жуулчлалын салбарыг өргөжүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, зорилго, зорилт, арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, үр дүн гэх бүхий л үе шатанд хяналт хийж, тодорхой асуудлыг боловсруулсан, түүнчлэн хуульд нийцүүлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үр дүнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь энэхүү 2016 оны А/11 дүгээр тушаалыг харицагчаас гаргасан гэж үзэхээр байна.
Энэхүү А/11 дүгээр тушаалд дурдагдсан Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгээр[5] хүрээлэн буй орчныг сэргээн хамгаалах, байгалийн баялгийг хамгаалах салбарт талуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж, санамж бичгийн 2 дугаар зүйлд заасан 11 салбарын хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцжээ. Энэ тохиолдолд, тухайн аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хариуцагчийн бүрэн эрхийг дээрх Засгийн газрын 324 дүгээр тогтоолд тусгаж өгснөөр хуульд үндэслэх зарчмыг зөрчөөгүй байна.
Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч “Д Э” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2015/721 дугаартай гэрчилгээ авсан мөртлөө гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан талаар нотлогдохгүй, маргаан бүхий акт гарах хүртэл 2 жилийн хугацаанд гэрээ байгуулахыг холбогдох этгээдээс шаардаагүй, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, энэ талаарх хариуцагчийн “ ... байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан хийгээгүй, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбаруудыг үгүйсгэж маргадаггүй боловч энэ нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтооход хамааралгүй бөгөөд энэхүү үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дүгнэх шаардлагагүй байна.
Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан “захиргааны акт нь бусад хууль тогтоомж зөрчсөн, давхцалгүй байгаа, газрыг тусгай хэрэгцээнд аваагүй, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчөөгүй” гэх нөхцөл байдлууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлд хамаарахгүй болно. Тодруулбал, маргаж буй захиргааны актын алдаа нь ноцтой үр дагаврыг үүсгэж, нийтэд илэрхий мэдэгдэж байгаа тохиолдолд илт хууль бус болох бөгөөд захиргааны байгууллагын зүгээс бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа буюу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаа байхгүй байх тул илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж хуульд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан ба энэхүү зохицуулалтын дагуу газар ашиглах эрхийг цуцлаагүй, дуусгавар болгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2. БОАЖС ын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/248 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Сайдын 2017 оны А/248 дугаар тушаалаар[6] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 810 тоот саналыг баримтлан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийг шинэчлэн баталжээ.
Маргаан бүхий А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсийн солбицлыг тодорхой Богдхан уулын дотоод бүсэд маргаантай байгаа нэхэмжлэгч компанийн Түргэний аманд байрлах 15 га газар нь бүхэлдээ багтсан нь тогтоогдож байна.[7] Гэхдээ нэхэмжлэгч талаас уг А/248 дугаар тушаалын улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хөндөгдөж байгаа талаараа тодорхой тайлбарлан маргаагүй, уг тушаалын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн горимыг өөрчлүүлэх /хүчингүй болгуулах/ байдлаар газар ашиглах эрхээ сэргээлгэхээр маргах эрхгүй байна.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2015 оны А/433 дугаар тушаалаар газар ашиглах эрх олж авсан байсан газар нь бодит байдал дээр дархан цаазат газар болох Богдхан уулын дотоод бүс буюу хязгаарлалт, хамгаалалт, онгон бүсүүдийн солбицолд орсон байх бөгөөд уг газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй, нэхэмжлэгч талаас ч мөн уг газар дээрээ 2015 оноос хойш 2019 он хүртэл үйл ажиллагаа явуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй үйл баримтууд нь холбогдох байгууллагаас ирүүлсэн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар, газрын үзлэгийн тэмдэглэлээр[8] нотлогдож байх тул маргаан бүхий А/248 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн зүйлийн 9-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам ... тогтоох” гэхчлэн хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрх хуульчлагдсан ба эдгээр бүрэн эрхийг хэрэгжүүлж гаргасан хариуцагчийн шийдвэрүүд буюу захиргааны актуудыг илт хууль болохыг тогтоох, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж нэгтгэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Аливаа эрх зүйн маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилах, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6–д заасныг тус тус баримтлан “Д Э”” ХХК-иас БОАЖС ад холбогдуулан гаргасан “БОАЖС ын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, тус сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Дотоод бүсчлэл шинэчлэн тогтоох тухай” А/248 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] 2-р хавтас хэргийн 30-р хуудас
[2] 1-р хавтас хэргийн 94-95-р хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 48-50-р хуудас
[4] 1-р хавтас хэргийн 56-61-р хуудас
[5] 1-р хавтас хэргийн 205-207-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 137-168-р хуудас
[7] 1-р хавтас хэргийн 169-р хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 185-196-р хуудас