Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

 

 

“Амт билдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01228 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Амт билдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Цолмонтуяа

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Зоригтбаатар, Г.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Амт билдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын банктай харилцан тохиролцож 1 650 000 ам.долларыг 30 сарын хугацаатайгаар зээлж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан “Барьцааны гэрээ” болон “Зээлийн гэрээ” байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байсан боловч санхүүгийн байдал дордсоны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь алдагдаж, хугацаа хожимдуулан төлөх болсон тул “Улаанбаатар хотын банк” шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Амтбилдинг’’ ХХК-аас 3 280 549 411 төгрөгийг гаргуулах тухай анхан, давах, хяналтын шатны шүүхүүдийн шийдвэр тус тус гарсан. Бидний зүгээс дээрх шийдвэрүүдийг зохих ёсоор гүйцэтгэж, төлбөрөө төлөх үүднээс өөрийн үүсгэн байгуулсан “Ихэр гурван цохио” ХХК-ийн эзэмшилд буй Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 100 га газар ашиглах эрх бүхий “Сайртын уулын чулууны ордыг БНХАУ-ын “Шин шин Хэн жиү юүэн” ХХК-тай хамтран ашиглахаар харилцан ойлголцолын санамж бичигт 2016 оны 05 сарын 30-ны өдөр гарын үсэг зурснаар цаашид хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд тухайн хайрга чулуулгыг “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт нийлүүлэхээр мөн 2016 оны 03 сарын 07-ны өдөр “хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулсан.

Уг төслийн ажил нь Улаанбаатар хотод тулгамдсан асуудал болох цэвэрлэх байгууламжийг барих шинэчлэх ажлын хүрээнд хийгдэх ажил юм. Гэтэл тухайн байгууллагын шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар удаа дараа манай эрхийг ноцтой зөрчин манай байгууллагын эд хөрөнгөнд хууль болон холбогдох журам зөрчин үзлэг нэгжлэг хийж бидний төсөл хөтөлбөр хийх ажлыг ойлгохоосоо илүүтэй барьцааны зүйлийг худалдан борлуулахын тулд битүүмжлэх, хураах ажиллагаагаа урьтал болгож байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйл ажиллагааг гаргаж байгаад ихэд гомдолтой байгаагаа илэрхийлэх байна. Шийдвэр гуйцэтгэлийн ажиллагаа ийхүү үргэлжилсээр албадан дуудлага худалдааг зарлах болсон тухай мэдэгдлээ 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүргүүлсэн ба барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ төлбөр төлөгчийн үнийн саналыг аваагүй ба зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур үнээр үнэлэн дуудлага худалдаанд оруулах болсон нь төлбөр төлөгч бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан дуудлага худалдааны үнийг тогтоохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнээр/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, /Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх зэрэг заалтуудыг зөрчсөн, хууль бус ажиллагаа болсон.

Иймд “Амт билдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот 1 690 мкв талбайтай конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 мкв талбайтай эзэмших эрхтэй газрыг      6 515 620 000 төгрөгөөр, “Ихэргурван цохио” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг, Сайрт нэртэй газар/-г 829 860 700 төгрөгөөр үнэлсэн хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7899 дүгээр шийдвэрээр “Амт Билдинг” ХХК-иас 3 280 549 411 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.4, 36.5-д заасны дагуу “Амт билдинг” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот 1690 мкв талбайтай конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 мкв талбайтай эзэмших эрхтэй газар, “Ихэргурван цохио” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг, Сайрт нэртэй газар/-г битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцааны эд хөрөнгүүдийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа өгөхийг 3/21343, 3/21344, 3/21345 дугаар албан бичгийг Т.Батжаргалд гардуулан өгч, П.Энхтуяа, Д.Баярсайхан нарт дамжуулан өгөхийг мэдэгдсэн боловч гарын үсэг зурахаас татгалзсан тул 1 хувийг дамжуулан өгүүлэхээр үлдээн, хуулбарыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/21831, 3/21832 дугаар албан бичгүүдийг ажлын газрын хаягаар хүргүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагч П.Энхтуяатай биечлэн уулзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар танилцуулж, Д.Баярсайхан нарыг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд үнийн саналаа өгөөгүй, баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдлүүдийг хүлээн авахаас татгалзан буцаах зэрэг үйлдүүдээрээ шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, төлбөр авагч банк нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3/3064 дугаар албан бичгээр шинжээч томилуулах тухай хүсэлтээ ирүүлсэн. Төлбөр төлөгч Амт билдинг ХХК-ний 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр Т.Дэлгэрбаярт олгосон итгэмжлэлийн дагуу түүнтэй 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уулзан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар танилцуулж, үнийн саналаа өгөхийг мэдэгдсэн боловч үнийн санал өгөхгүй, төлбөрөө төлж барагдуулах болохыг мэдэгдсэн. Тус алба нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний 117 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г хөндлөнгийн шинжээчээр томилсон. Энэ талаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Хөндлөнгийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээгээр: “Амт билдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот 1690 мкв талбайтай конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 мкв талбайтай эзэмших эрхтэй газрыг 6 515 620 000 төгрөгөөр, “Ихэргурван цохио” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг, Сайрт нэртэй газар/-г 829 860 700 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон, дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд болохыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3/27908, 3/27909 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дараах эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох “Амт билдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот 1690 мкв талбайтай конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 мкв талбайтай эзэмших эрхтэй газрыг 6 515 620 000 төгрөгийн 70 хувиар тооцон 4 560 934 000 төгрөгөөр, “Ихэргурван цохио” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг, Сайрт нэртэй газар/-г 829 860 700 төгрөгийн 70 хувиар тооцон 580 902 490 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагт оруулах тухай 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3/28631, 3/28632 дугаар мэдэгдлийг үүсгэн байгуулагч П.Энхтуяад гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Амт билдинг ХХК нь 2016 оны 07 дугаар сард төлбөрийн 30 хувийг, 09 дүгээр сард 35 хувийг тус тус төлж барагдуулах баталгаа гаргасан боловч төлөлт хийгээгүй, тогтоосон хугацаанд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өгөөгүй, баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдлүүдийг буцаах, үнийн санал өгөхөөс татгалзах зэрэг үйлдүүдээрээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсны улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр хөндлөнгийн шинжээч томилсон байгаа. Нэхэмжлэгч тал төлбөр төлөх талаар баталгаа гаргаж өгсөн боловч одоог хүртэл нэг ч төлбөр төлөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулан, төлбөрийг төлөхөөс зайлсхийж шүүхэд хандсан гэж үзэж байна. Зээлийн төлбөр төлөгдөхгүй байгаагаас манай банкны харилцагч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Амт билдинг” ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Амт билдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот        1 690 мкв талбайтай конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 мкв талбайтай эзэмших эрхтэй газрыг 6 515 620 000 төгрөгөөр, “Ихэргурван цохио” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг, Сайрт нэртэй газар/-г 829 860 700 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Амт билдинг” ХХК–ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх  хэсэгт ... Төлбөр төлөгч “Амт билдинг” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Баярсайхан, “Ар монгол трэвл” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Энхтуяа нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тайлбарлан өгч, үнийн санал гаргахыг мэдэгдэхэд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна...гэжээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар хэрэв талууд дуудлага худалдаанд оруулах үнэ тохиролцохгүй тохиолдолд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг харгалзан тогтоодог. Өмчлөгч үнийн санал өгөөгүй тохиолдолд хэрхэхийг заагаагүй. Өөрөөр хэлбэл хэн нэгэн нь үнийн санал гаргаад нөгөө тал нь түүнийг зөвшөөрөхгүй талаарх асуудлыг тохиролцоогүй гэж үзэхээс биш үнийн санал өгөөгүйг талууд тохиролцоогүй гэж боломжгүй юм. Ийнхүү ямар нэгэн хариу ирүүлээгүй үйлдлийг нь талууд тохиролцоогүй гэж үзэж үнэлгээний байгууллага томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөрчсөн байна. Гэтэл шүүхээс дээрх байдлыг хуульд нийсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн ...“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоосон үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байна... гэжээ.

Гэтэл “Амт билдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, жамьяан гүний гудамж, 5 тоот 1 690 мкв талбайтай конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, жамьяан гүний гудамж, 5 тоотод байрлалтай 616 мкв талбайтай эзэмших эрхтэй газрыг хамтад нь 6 515 620 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээний зүйл гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө  болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг ойлгож байна.

Газар, түүн дээр барьж байгуулсан барилга нь тус бүртээ өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл 616 м.кв газрыг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй байхад 70 хувиар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан нь хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхолыг зөрчиж байгаа юм. Газар, барилга тус бүрийг үнэлэн тус бүрийн 70 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулах нь хуульд нийцэх байсан. Ийнхүү Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчин обьектуудыг бүхэлд нь үнэлж тодорхой бус үнэ цэнэ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг баримтлан дараа дараагийн арга хэмжээ авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1228 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Амт билдинг” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот, Ү-2203012337 дугаарт бүртгэлтэй 1 690 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 6 515 620 000 төгрөгөөр, “Ихэргурван цохио” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /МV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг Сайрт нэртэй газар/-ийг 829 860 700 төгрөгөөр тус тус үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7899 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 220 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 361 дүгээр тогтоолоор “Амт билдинг” ХХК-иас 3 280 549 411 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэжээ. /хх 7-16/

 

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл  болох “Амт билдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот, Ү-2203012337 дугаарт бүртгэлтэй 1 690 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, “Ихэргурван цохио” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /МV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг Сайрт нэртэй газар/-ийг тус тус битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 45, 46, 49-51, 64/

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилоно” гэж заажээ.

 

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 74-84, 91-100/

 

            Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/21343, 3/21344, 3/21345 тоот албан бичгээр “Амт билдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Батжаргалд гардуулан өгч, мөн үүсгэн байгуулагч П.Энхтуяа, “Амт билдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нарт дамжуулан өгөхийг мэдэгдсэн боловч гарын үсэг зурахаас татгалзсан тул Т.Батжаргалд 1 хувийг дамжуулан өгүүлэхээр үлдээн, хуулбарыг баталгаат шуудангаар хүргүүлсэн ба 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/21831, 3/21832 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгджээ. /хх 53, 87-89/

 

            Шинжээчийн дүгнэлтээр “Амт билдинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоот, Ү-2203012337 дугаарт бүртгэлтэй 1 690 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилга болон “Ар монгол трэвл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 5 тоотод байрлалтай 616 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 6 515 620 000 төгрөгөөр, “Ихэргурван цохио” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл /МV-016775, 101.81 га, Хан-Уул дүүрэг Сайрт нэртэй газар/-ийг зах зээлийн үнэлгээг 829 860 700 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба нэхэмжлэгч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж гомдол гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гомдлын үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байна. 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН