Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0228

 

"Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."Х" ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 7978А, 201А тоот лицензүүдийг эзэмшдэг ба 201А талбайнхаа шороон ордыг олборлож дуусган улмаар үндсэн ордын хайгуулын ажлыг 2006-2011 онуудад компанийн хөрөнгө, өөрийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн юм. Ингээд Монгол Улсын Эрдэс Баялагийн Сан-д бүртгүүлж улмаар Техник Эдийн Засгийн үнэлгээг нь хүлээлгэн өгсөн юм. Тус талбайн шороон ордыг ашиглах үедээ "Х" ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ерөнхий үнэлгээ зэргийг бүгдийг хууль тогтоомжийн дагуу хийлгэж байсан. Харин үндсэн ордоо ашиглаж эхлэхтэй холбогдуулан дээрх талбайд дахин шинээр байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг шинээр боловсруулан хийлгэх шаардлагатай болсон юм. Ийнхүү "Х" ХХК-ийн зүгээс БОНХАЖЯ-аар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахаар холбогдолтой бусад баримт бичгүүдийг бүрдүүлж байсан бөгөөд уг шаардлагатай баримт бичгийн жагсаалтын дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад хандан албан бичгээр тус тус хандаж тодорхойлолт хүссэн боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй бөгөөд түүнээс удаа дараа шаардсан боловч ямар нэгэн тодорхой үндэслэл заахгүйгээр, эс үйлдэхүй хийж, "Х" ХХК-ийн эрх ашгийг ноцтойгоор хохироосоор байна. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил , аялал жуулчлалын яам /цаашид БОНХАЖЯ гэх/-аар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолтыг Орхонтуул сумын засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тодорхойлолт гаргахыг даалгуулах. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Х" ХХК-аас Орхонтуул сумын Засаг даргын нэр дээр ирүүлсэн албан бичгүүдтэй танилцлаа. Бидний зүгээс "Х" ХХК-ийн тухайн 201А тусгай зөвшөөрөлтэй талбайд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт тавиагүй, харин тухайн тусгай зөвшөөрөл бүхий 201А талбайд байгаль, экологид учруулсан хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуул гэсэн чиглэл өгч байсан.

1.Уг албан бичиг нь утга авцалдаа ойлгомжгүй, мөн 201А тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хууль бусаар зохих зөвшөөрөлгүй ашиглалт явуулсан мөртлөө үүндээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргуулах гэж буй нь Монгол улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн.

2.Тухайн 201А тусгай зөвшөөрөлтэй талбайд БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дүгнэлтэд 201А тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулж байгаагүй, ашиглалт явуулж эвдрэл учруулсан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй буюу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тухай тодорхой дурдсан байх тул сумын Засаг даргаас ямар нэгэн санал, дүгнэлт өгөх шаардлагагүй.

3."Х" ХХК-ийн ирүүлсэн албан бичигт дурдсанаар Засаг даргын тодорхойлолт гэж хүсээд байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчиж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар засаг даргаас тодорхойлолт биш санал авах тухай заасан байна.

4."Х" ХХК нь хууль бусаар ашиглалт явуулж байгаль экологид хохирол учруулсан. Иймд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах биш харин байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах биш харин байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт заасныг тус тус баримталж Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамаар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолтыг Орхонтуул сумын Засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "Х" ХХК-д БОНХАЖЯ-аар ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолт гаргахыг хариуцагч Орхонтуул сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд хянаагүй, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийгээгүй,

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль /цаашид ӨГШтХ гэх/-ийг буруу тайлбарлан тус хуулиудын хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2, 7.3 дахь заалтыг зөрчиж шийдвэр гаргасан

Шүүх ""Х"" ХХК-ийн зүгээс хандаагүй асуудлаар шийдвэр гаргахыг Орхонтуул сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

""Х"" ХХК нь Засаг даргад хандаагүй асуудлаар нэхэмжлэл гаргачихаад байгааг хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан хэдий ч шүүх энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй байна. Өмгөөлөгч нь тайлбараа шүүхэд 2016 оны 02-р сарын 01 -ны бичгээр гаргасан бөгөөд шүүх хуралдаанд ч амаар тайлбар гаргасан. Тухайлбал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд бичигдсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараас үзвэл "'.."Х" ХХК-ийн 201А лицензтэй талбайд шинээр 2014 оноос үндсэн ордын олборлолт явуулах зөвшөөрөл авсан гэдгийг ойлголоо. Тэр асуудлаараа хуульд заасны дагуу хандах эрхтэй. Нэхэмжлэгч тал энэ хандах эрхээ хэрэгжүүлээгүй. ..."Х" ХХК-ийн 2015 оны 7-р сарын 01-ны өдрийн 15/041 албан бичгийн агуулгыг харахаар өнгөрсөн хугацаанд тус компанийн явуулсан үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт болон Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөө байдлын үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй гэсэн. Өөрөөр хэлбэл нэгэнт явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд ямар сөрөг нөлөөлөл үзүүлсэн болохыг тогтоолгохоор лиценз эзэмшигч болон сумын захиргаа аль аль нь яаманд хандах нь зүйтэй гэж санал тавьсан байна. ...Гэтэл "Х" ХХК энэ албан бичгээр төслийн асуудлаар хандсан гэж амаараа шүүх дээр тайлбарлаад нэхэмжлэл гаргаад байдаг. ..Хэрвээ энэ нь үнэн байсан бол бид шинээр 201А талбайд ийм төсөл хэрэгжүүлэх гэж байна энэ талаар тодорхойлолт гаргаж өгнө үү гэж хандах ёстой байсан. ...харин хандсан албан бичиг нь нэгэнт учирсан байгаль орчинд учруулсан хохирлыг хэрхэн үнэлэх талаар л байгаа ...Шинэ төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт огт тавигдаагүй..." гэсэн байгаа. Гэтэл энэ асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Ийнхүү тайлбарласанчлан нэхэмжлэгч ""Х"" ХХК Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргуулахад татгалзах зүйлгүй, талууд энэ талаар аль аль нь хандаж дүгнэлт гаргуулах саналтай байна гэж хэрэгжчихсэн төслийн асуудлаар 2015 оны 7-р сарын 01-ны өдөр 15/041 дугаартай Албан тоот хүсэх тухай, мөн 2015 оны 8-р сарын 11-ны 15/048 дугаартай Хариу хүсэх тухай гэсэн албан бичгээр тус тус хандсан байдаг. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа энэ албан бичгүүд шинээр төсөл хэрэгжүүлэхээр Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахын тулд Засаг даргаас тодорхойлолт гаргуулах тухай хүсэлт байсан гэж амаар тайлбарладаг. Аль ч албан бичгээс нь үндсэн ордоо ашиглах шинэ төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1.2-1 зааснаар шинэ төсөл хэрэгжүүлэхээр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр тодорхойлолт хүсч байна гэсэн агуулга харагдахгүй.

Гэтэл шүүхээс энэ тодорхойлолтыг гаргаж өгөхийг Засаг даргад даалгаж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч тал албан бичиг ирүүлэхдээ ямар хүсэл зоригтой байсан болохыг Засаг дарга таамаглан ойлгож, улмаар тодорхойлолтыг гарган өгөх ёстой байсан гэсэн агуулгыг илэрхийлж байна. Иргэн, хуулийн этгээд санаа зорилгоо тодорхой илэрхийлээгүй явдалд төрийн байгууллага, албан тушаалтныг буруутгах үндэслэлгүй.

Сумын Засаг дарга нь захиргааны албан тушаалтны хувьд хууль тогтоомжийг мөрдөн ажиллах үүрэгтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17.2.3-т зааснаар Сумын засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгалийн баялгийн ашиглалтад хяналт тавих үүрэгтэй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2-т зааснаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийх бөгөөд 7.3-т заасан бүрдүүлэх баримтад сумын Засаг даргын санал багтдаг.

""Х"" ХХК-ийн 2015 оны 7-р сарын 01-ны өдөр 15/041 дугаартай Албан тоот хүсэх тухай гэсэн албан бичигт "тус компанийн явуулсан үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар сөрөг нөлөөлөл үзүүлсэн болохыг тодорхойлох зорилгоор дүгнэлт гаргуулъя" гэж хандсан. Мөн 2015 оны 8-р сарын 11-ны 15/048 дугаартай Хариу хүсэх тухай гэсэн албан бичигтээ ""Х"" ХХК нь байгаль орчин, гол усны эх үүсвэрт сөрөг нөлоөлөл үзүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар 2015.07.01-ны 15/041 тоот албан бичгээр хандсан, хариу аваагүй тул энэ асуудлаар дахин хариу хүсч байна" гэсэн.

Ийнхүү шинэ төсөл хэрэгжүүлэх асуудлаар огт хандаагүй байтал Сумын Засаг дарга нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчиж тодорхойлолт гаргах өгөх боломжгүй юм.

Дээрх албан бичгүүдээр хандаад буй Байгаль орчинд учруулсан хохирлын талаар дүгнэлт гаргуулах бол БОАЖ-ын Сайдын 2010 оны 5-р сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ын дагуу Хохирлын үнэлгээ тооцно. Хохирлын үнэлгээ гаргуулахад Сумын Засаг даргаас аливаа тодорхойлолт гаргахгүй бөгөөд үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилсон мэргэжлийн баг болон "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

Харин энэхүү хохирлын үнэлгээ гаргуулах саналын шинжтэй өргөдөлд хариу өгөөгүй нь Сумын Засаг даргын ӨГШтХ-ийг зөрчсөн эс үйлдэхүй мөн боловч энэ асуудал нь тухайн захиргааны хэрэгтэй хамааралгүй юм. Сумын Засаг дарга хуульд зааснаар хохирлын үнэлгээ тооцуулах асуудлаар Тодорхойлолт олгох боломжгүй, Хохирлын үнэлгээ тооцох мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай гэсэн хариуг нэхэмжлэгчид өгөөгүй нь ӨГШтХ-ийн 7.1.4, 7.1.6-д заасан өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах; өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх гэсэн үүргээ зөрчсөн хэрэг мөн. Гэвч энэ зөрчил нь түүнд нэхэмжлэгчийн хандаагүй асуудлаар тодорхойлолт гарган өгөх үүргийг хүлээлгэх үндэслэл болохгүй буюу энэхүү захиргааны хэрэгт огт хамааралгүй асуудал юм.

Эндээс дүгнэвэл Шүүх гаргаагүй өргөдөл, гомдолд хариу өгөөгүй гэж сумын Засаг даргыг буруутган, улмаар эс үйлдэхүй гэж үзэн тодорхойлолт гаргахыг даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.6-д зааснаар "эс үйлдэхүй" гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэлнэ. Хэрэв тухайн тодорхой асуудлаар иргэн, хуулийн этгээдийн гомдол, хүсэлт гараагүй бол "эс үйлдэхүй" байх боломжгүй гэдэг нь ойлгомжтой юм. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.4-т заасан "Захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй" бодит байдал дээр байхгүй тул хууль бус эс үйлдэхүй гэж байхгүй юм.

Мөн ӨГШтХ-ийн 16.1 дэх заалтыг зөрчиж 30 хоногт багтаан шийдвэрлэж хариу өгөөгүй нь дээр тайлбарласанчлан энэ захиргааны хэрэгтэй хамааралгүй тусдаа зөрчлийн асуудал юм.

Мөн Шүүх нэхэмжлэгчийн хохирлын үнэлгээ тооцуулах тухай саналын шинжтэй хүсэлтийн дагуу Сумын засаг дарга тодорхойлолт гарган өгөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2, 7.3 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02-р сарын 01-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ :

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "Х" ХХК нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад шаардлагатай материалын жагсаалт дахь Засаг даргын тодорхойлолт-ыг Орхонтуул сумын Засаг дарга гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Тодорхойлолт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад "Х" ХХК-аас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15/041 дугаар Албан тоот хүсэх тухай албан бичиг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15/048 тоотоор Хариу хүсэх тухай албан бичгээр тус тус хандаж тодорхойлолт хүссэн боловч хариу өгөөгүй гэж, хариуцагч өөрийн татгалзлаа Бидний зүгээс "Х" ХХК-ийн тухайн 201А тусгай зөвшөөрөлтэй талбайд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахаар ямар нэгэн хүсэлт тавиагүй, ... уг албан бичиг утга авцалдаа муутай, ойлгомжгүй, ... сумын Засаг даргын зүгээс ямар нэгэн санал дүгнэлт өгөх шаардлагагүй, ... Засаг даргын тодорхойлолт хүсэж байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг зөрчиж байна гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд "Х" ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15/041 дугаар Албан тоот хүсэх тухай албан бичиг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15/048 тоотоор Хариу хүсэх тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Эхний хүргүүлсэн бичгийг утга агуулгаар нь задалж үзвэл Та бүхний гаргасан хүсэлтийн дагуу гэж эхэлсэн байна. Нэхэмжлэгч үүнийг тайлбарлахдаа сумын Засаг даргаас биш харин тухайн сумын иргэдийн байгуулсан төрийн бус байгууллагын гаргасан саналын тухай хэлсэн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр дээрх албан бичиг нь Сумын Засаг даргын гаргасан саналын хариу бичиг биш, сумын Засаг даргаас санал гаргаагүй байхад санал гаргасан мэтээр бичжээ.

Уг албан бичигт цааш нь ...байгаль орчин, гол усны эх үүсвэрт нөлөөлөл үзүүлсэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт болон Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ. Өөрөөр хэлбэл ашиглалт явуулаад дууссан талбайдаа дүгнэлт гаргуулахад татгалзахгүй гэсэн санааг илэрхийлж байна. Түүнчлэн энэ хэсэгт хуульд огт байхгүй Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ-ний талаар сумын Засаг даргад хандсан байна.

Албан бичгийн 2 дахь хэсэг нь өнгөрсөн цаг дээр илэрхийлэгдсэн байна. Тодруулбал, Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд ямар ямар сөрөг нөлөөллийг ямар хэмжээгээр үзүүлсэн болохыг тодорхойлж өгөх гэжээ. Үргэлжлээд Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад лиценз эзэмшигч байгууллага болон сумын Захиргааны байгууллага аль аль нь БОНХАЖЯ-нд албан бичгээр хандах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. Энэ хэсэг бүхэлдээ болж өнгөрсөн, ашиглалт явуулаад дууссан үйл ажиллагааны талаар илэрхийлсэн, түүндээ дүгнэлт гаргуулахын тулд талууд хэн аль нь БОНХАЖЯ-д хандах нь зүйтэй гэсэн санааг илэрхийлсэн байна.

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15/041 дугаар Албан тоот хүсэх тухай албан бичгийн 3 дахь хэсгийг тусдаа өөр утгат хэсэг, 3 дахь хэсгээрээ бид Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахад шаардлагатай тодорхойлолтыг хүссэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Гэвч дээрх хэсгийг өөр утгат хэсэг гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл албан бичгийн 3 дахь хэсэг нь эхний 2 хэсгийн шууд үргэлжлэл байх бөгөөд нэгтгэн дүгнэвэл өөрсдийн явуулаад дууссан үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргахад шаардлагатай албан бичиг мэтээр Засаг даргын тодорхойлолтыг тайлбарлаад манай компани БОНХАЖЯ-нд Засаг даргын саналаас бусдыг хүргүүлнэ, танайх албан тоотоо БОНХАЖЯ-нд хүргүүлнэ үү гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Нөгөө талаар уг албан бичигт Ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэж ашигт малтмалын ашиглалтын тусгай 201А тусгай зөвшөөрөлтэй талбайн үндсэн ордоо ашиглах талаар огт дурдаагүй байна. Иймд Орхонтуул сумын Засаг даргын иргэн, хуулийн этгээд санаа зорилгоо тодорхой илэрхийлээгүй явдалд төрийн байгууллага, албан тушаалтныг буруутгах үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлын 1 үндэслэл нь зөв байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна гэж үзэв.

Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу боломжтой баримт сэлтийг шаардан авах, хүсэлтийн агуулгыг тодруулах зэрэг ажиллагаа хийх боломж сумын Засаг даргад байсан. Нөгөө талаар "Х" ХХК-ийн гаргасан хүсэлт нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хянан үзэхгүй байх, буцаах өргөдөлд хамаарах үндэслэлгүй байжээ.

Хэдийгээр "Х" ХХК-аас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15/041 дугаар Албан тоот хүсэх тухай бичигт ...шаардлагатай албан тоотыг хийж БОНХАЖЯ-нд хүргүүлнэ үү /өөрөөр хэлбэл манай компанид хариу өгнө үү, тодорхойлолт хийж өгнө үү гэж дурдаагүй, хүсээгүй/ боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд Орхонтуул сумын Засаг даргаас БОНХАЖЯ-нд болон "Х" ХХК-д ямар нэгэн хариу хүргүүлээгүй байгааг хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдсон гэж үзлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-11 дүгээр тушаалаар Байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээ, түүнд тавигдах шаардлага, Ерөнхий үнэлгээ хийх аргачлалыг баталсан байх бөгөөд аргачлалд заагдсан Тухайн орон нутгийн Засаг даргын тодорхойлолт-ыг нэхэмжлэгч гаргуулахыг хариуцагчаас шаардаж байна.

Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т ...тухайн сум, дүүргийн Засаг даргын санал ... гэж заажээ.

Энэхүү хууль болон аргачлалд тодорхойлолт ба санал хэмээн зөрүүтэй тусгагдсан байгааг хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлдээ дурдаж 1 үндэслэлээ болгож байна.

Гэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.2.4-т захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах гэж заасан, шүүхээс Орхонтуул сумын Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдсон гэж үзсэн тул холбогдох захиргааны актыг гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ гэж дүгнэв.

Энэхүү шүүхийн шийдвэр, магадлал нь Орхонтуул сумын Засаг даргаас гаргах захиргааны акт /"Х" ХХК-д өгөх хариу/-ын дотоод агуулгыг зааж тогтоогоогүй бөгөөд дэмжсэн, эс дэмжих эрх нь хариуцагчид хадгалагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР