| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0019/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/24 |
| Огноо | 2022-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/24
2022/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: В.Га
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В овогт Вийн Гад холбогдох эрүүгийн 2212000000009 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай сумын ...........оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, В овогт Вийн Г/РД:АЙ................./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч В.Га нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Бийг хүүхдийг нь уйлуулсан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүд унасан гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000009 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Бийн өгсөн:
“...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хангай сумын Ноёнхангай багийн төвд Төрийн банкны хашааны урд талд В.Гын гэрт ортол Ж.Б, Ч.Г нар сууж байхаар нь би машины нум сураглаад та нар архи ууж байгаа юм уу гэтэл тийм байна гэсэн. Тэгэхээр нь би гараад мотоциклийн ганзаганд байсан 1 шил хараа нэртэй 0.5 граммын архийг оруулж өгөөд хамт ууж сууж байтал надад В.Га цай уудаг шаазан аяганд хийгээд өгөхөөр нь арай их байна би уухгүй орой ах нь гэртээ харих ёстой гэтэл В.Га чи яахаараа бид нараас илүү амьдраад байгаа юм гэхээр нь би та нараас илүү гэх юм бол байхгүй харин би дээд сургууль төгссөн гэж хэлээд, хэрүүл хийгээд яах юм гээд би нэг ая дуу бариад дуулж байтал хоорондоо хэрүүл хийгээд бие биеийгээ зодох гэхээр нь би салгах гэтэл намайг В.Га цохиод авсан. Тухайн үед би нэг хэсэг муужиртал ахиад гэрээс миний цамцны захаас чирч гаргаад гэрийн хажууд сууж байтал намайг дахин цохисон, тэгээд бид нар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад салсан өөр зүйл би мэдэхгүй байна. Тухайн үед би цохиулсандаа зарим юмыг нь сайн мэдэхгүй байна. Би Б.Гын гэрт орохдоо уугаагүй байсан орсон хойноо бага зэрэг уусан. Надад тухайн үед үзүүлсэн эмнэлгийн бичиг, гэрэл зураг байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг нэг нутаг гээд таныг хохиролгүй болгон гээд гуйгаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаагүй. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/
*Хохирогч Н.Бийн дахин өгсөн:
“...Би В.Гын гэрээс гарах гэж байгаад баруун талын орон дээр хөл халтирч унаад унтаж байсан хүүхдийн дээрээс нь дарсан нь үнэн гэхдээ тэр унтаж байсан хүүхдийн хамраас нь цус гарсан үгүйг би мэдэхгүй байна. Миний шүд болон нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Миний унасан хоёр шүд В.Гыг цохихоос өмнө ямар нэгэн хөдөлж суларсан асуудал байхгүй байсан. Миний үүдэн хоёр шүд унасан тэрийг В.Га өөрөө мэдэж байгаа. Би өөрийн шүдийг Улаанбаатар хотод байдаг Энх-Брот шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн, 2 удаа эмнэлэгт үзүүлсэн, баримтууд нь Энх-Брот эмнэлэгт байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 дүгээр тал/
*Гэрч Ч.Гын өгсөн:
“...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хангай сумын Ноёнхангай багийн төвд байрлах өөрийн монгол гэрийн үүдний амбаарыг хөрш айлын В.Га хажуу талд байдаг Ж.Б нарыг гуйж хамт үүдний амбаарыг барьж дуусаад байж байтал В.Га манайд орж хоол ид гэхээр нь хажуу хашаанд орж Ж.Б, В.Га нарын хамт гэрт нь ороод хоол идчихээд Ж.Б, В.Га нарын хамт сууж 1 шил 0.75 граммын шилтэй архи хувааж уугаад сууж байтал гаднаас Н.Б, н.Гийн хамт орж ирээд Н.Б нь мэнд мэндээд би бие хамгаалагчтайгаа явж байна гээд В.Гын монгол гэрийн баруун талд суухаар нь В.Га босож идээ авч өгөөд ууж байсан архинаасаа хундаганд хийж өгөөд юм яриад сууж байхад Н.Б гараад явсан удалгүй гаднаас 1 шил хараа нэртэй 0.5 граммын архийг оруулж ирээд В.Гад өгөөд хундагалуулж байсан. Тэгээд бид нар хувааж уугаад Н.Б дуу дуулж байтал Н.Бтэй хамт гэрт орж ирсэн н.Г нь Ж.Бг гараараа цохиод авахаар нь би н.Гийг гэрээс нь чирч гаргаад нэг удаа нүүр хэсэг рүү нь өөрийн гараараа цохиж автал В.Га нь надад Гийг битгий цохиорой гэхээр нь би яваад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Н.Бийн охин Б.М манай гэрт орж ирээд та манай аавыг зодсон байна очиж уулз гэхээр нь би Ж.Б, В.Га нарын хамт гэрт нь ортол Н.Бийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн урд хоёр шүд нь хөдөлсөн байсан. Тэгэхээр нь бид гурав сумын төв орж эмнэлэгт үзүүлье гэсэн чинь Хангай сумын хүн эмнэлэгт би үзүүлэхгүй гээд байсан. Урагш явж үзүүлнэ та нар намайг төв замаас машинд суулгаж өг гэхээр нь бид гурав тэгье хэзээ явах уу гэтэл 2 хоногийн дараа явна хүрээд ир гэсэн тэгээд би Ж.Б, В.Га нарын хамт буцаж өөрийн гэртээ ирсэн. Би уусан гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Би хараагүй намайг байхад В.Га нь цохиж аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч Ж.Бгийн өгсөн:
“...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хангай сумын Ноёнхангай багийн төвд байрлах өөрийн монгол гэртээ байж байхад манай хажуу айлын Ч.Г манай гэрт орж ирээд би өөрийн гэрийн үүдний амбаар янзлах гэсэн юм хамт янзлаад өгөөч гээд гуйхаар нь за тэгье гээд хамт үүдний амбаарыг янзалж байхад мөн хажуу айлын В.Гыг Ч.Г мөн адил гуйгаад тэгээд бид гурав хамт янзалж орой 21-22 цагийн үед дуусаад байж байхад В.Га манайх хоол хийчихлээ манайд орж хоол ид гэхээр нь хажуу хашаанд орж Ч.Г бид хоёр В.Гын гэрт нь ороод хоол идчихээд Ч.Г, В.Га бид гурав хамт сууж 1 шил 0.75 граммын шилтэй архи хувааж уугаад сууж байтал гаднаас Н.Б, н.Гийн хамт орж ирээд Н.Б нь мэнд мэдээд би бие хамгаалагчтайгаа явж байна гээд В.Гын монгол гэрийн баруун талд суухаар нь В.Га босож идээ авч өгөөд ууж байсан архинаасаа хундаганд хийж өгөөд юм яриад сууж байхад Г Н.Б нар гараад явсан удалгүй гаднаас 1 шил хараа нэртэй 0.5 граммын архийг оруулж ирээд В.Гат өгөөд хундагалуулж байсан. Тэгээд бид нар хувааж уугаад Н.Б дуу дуулж байтал Н.Бтэй хамт гэрт орж ирсэн Г нь намайг цохиж аваад миний хамраас цус гаргахад Ч.Г нь Гийг гэрээс нь чирээд аваад гарсан. Тэгсэн Н.Б араас нь гарах гэж байгаад В.Гын баруун талын модон орон дээр тээгээд өөрөө унаж байсан тэгснээ босож ирээд газар сууснаа босоод гарах гэтэл В.Га гаднаас орж ирээд Н.Бийн нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж авсан. Тэгээд Н.Бийг В.Га гэрээсээ гаргаад буцаж орж ирсэн тэгэхээр нь би В.Гын гэрээс нь гараад өөрийн гэртээ ортол Н.Б нь манай гэрт ороод ирсэн баруун талын орон дээр хэвтэж байхаар нь би ор засаад өгий наанаа унт гэсэн чинь зүгээр зүгээр гээд гараад явсан тухайн үед Н.Бийн баруун талын шанаа хэсэг нь хөхөрч улайсан байсан тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Ч.Г нь манай гэрт орж ирээд Н.Бийн охин Б.М манай гэрт орж ирээд та нар манай аавыг зодсон байна очиж уулз гээд байна гэхээр нь би Ч.Г, В.Га нарын хамт ярилцаж байгаад Н.Бийнд хамт очиж, гэрт нь ортол Н.Бийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн урд хоёр шүд нь хөдөлсөн байсан. Тэгэхээр нь бид гурав сумын төв орж эмнэлэгт үзүүлье гэсэн чинь Хангай сумын хүн эмнэлэгт би үзүүлэхгүй гээд байсан урагш явж үзүүлнэ та нар намайг төв замаас машинд суулгаж өг гэхээр нь бид гурав тэгье хэзээ явах уу гэтэл 2 хоногийн дараа явна утсаар ярихаар хүрээд ир гэсэн тэгээд би Ч.Г, В.Га нарын хамт буцаж өөрийн гэртээ ирсэн. В.Гын 9 настай охин баруун талын орон дээрээ унтаж байхад нь Н.Б нь дээрээс нь дарж унаад хамраас нь цус гаргаад уйлуулсан. Би бага зэрэг уусан. Намайг байхад В.Га нь нэг удаа Н.Бийн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Орон дээр унахдаа өөрийгөө гэмтээсэн байж магадгүй. Манай гэрт байхдаа шүд нь зүгээр байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/
*Гэрч Б.Мгийн өгсөн:
“...Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Хангай сумын Ноёнхангай багийн төвд өөрийн гэртэй байхад өглөө 10 цагийн үед манай төрсөн аав Н.Б нь над руу утсаар яриад би хүнд зодуулсан, зодсон хүнийг нь чи аваад ир гэхээр нь таныг хэн зодсон юм гэхэд В.Га, Ж.Б Ч.Г нар намайг зодсон гэхээр нь би тэр хүмүүстэй уулзаад манай аав Н.Бийнд очтол манай аавын нүүр хэсэг нь хөхөрч хавдсан урд хоёр шүд нь хугарч унасан байсан. Тэгэхээр нь би хэн зодсон юм гэхэд В.Га нь би хоёр удаа цохиж авсан гэж хэлсэн тэгээд бид нар сумын төв орж ирээд та нар манай аав Н.Бийг эмчилгээнд авч яваарай гэж хэлсэн тэгээд удалгүй 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай аав Н.Б нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/
*Гэрч Г.Оийн өгсөн:
“...Манай нөхөр Н.Бийн шүд нь бусдад зодуулахаасаа өмнө зүгээр байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/
*Яллагдагч В.Гын өгсөн:
“...Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 98-99 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаартай“...Н.Бийн биед дээд үүдэн 2 шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Дээрх 2 шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 55.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч В.Га үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Бийн”...дуулж байтал хоорондоо хэрүүл хийгээд бие биеийгээ зодох гэхээр нь би салгах гэтэл намайг В.Га цохиод авсан. Тухайн үед би нэг хэсэг муужиртал ахиад гэрээс миний цамцны захаас чирч гаргаад гэрийн хажууд сууж байтал намайг дахин цохисон, тэгээд бид нар хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад салсан өөр зүйл би мэдэхгүй байна. Тухайн үед би цохиулсандаа зарим юмыг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Гын”...Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Н.Бийн охин Б.М манай гэрт орж ирээд та манай аавыг зодсон байна очиж уулз гэхээр нь би Ж.Б, В.Га нарын хамт гэрт нь ортол Н.Бийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн урд хоёр шүд нь хөдөлсөн байсан. Тэгэхээр нь бид гурав сумын төв орж эмнэлэгт үзүүлье гэсэн чинь Хангай сумын хүн эмнэлэгт би үзүүлэхгүй гээд байсан. Урагш явж үзүүлнэ та нар намайг төв замаас машинд суулгаж өг гэхээр нь бид гурав тэгье хэзээ явах уу гэтэл 2 хоногийн дараа явна хүрээд ир гэсэн тэгээд би Ж.Б, В.Га нарын хамт буцаж өөрийн гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бгийн”...Тэгсэн Н.Б араас нь гарах гэж байгаад В.Гын баруун талын модон орон дээр тээгээд өөрөө унаж байсан тэгснээ босож ирээд газар сууснаа босоод гарах гэтэл В.Га гаднаас орж ирээд Н.Бийн нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж авсан. Тэгээд Н.Бийг В.Га гэрээсээ гаргаад буцаж орж ирсэн тэгэхээр нь би В.Гын гэрээс нь гараад өөрийн гэртээ ортол Н.Б нь манай гэрт ороод ирсэн баруун талын орон дээр хэвтэж байхаар нь би ор засаад өгий наанаа унт гэсэн чинь зүгээр зүгээр гээд гараад явсан тухайн үед Н.Бийн баруун талын шанаа хэсэг нь хөхөрч улайсан байсан тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Ч.Г нь манай гэрт орж ирээд Н.Бийн охин Б.М манай гэрт орж ирээд та нар манай аавыг зодсон байна очиж уулз гээд байна гэхээр нь би Ч.Г, В.Га нарын хамт ярилцаж байгаад Н.Бийнд хамт очиж, гэрт нь ортол Н.Бийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн урд хоёр шүд нь хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн”...Би 2021 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Хангай сумын Ноёнхангай багийн төвд өөрийн гэртэй байхад өглөө 10 цагийн үед манай төрсөн аав Н.Б нь над руу утсаар яриад би хүнд зодуулсан, зодсон хүнийг нь чи аваад ир гэхээр нь таныг хэн зодсон юм гэхэд В.Га, Ж.Б Ч.Г нар намайг зодсон гэхээр нь би тэр хүмүүстэй уулзаад манай аав Н.Бийнд очтол манай аавын нүүр хэсэг нь хөхөрч хавдсан урд хоёр шүд нь хугарч унасан байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч В.Гын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 14 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч В.Гын биед дээд үүдэн 2 шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч В.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч В.Гыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч В.Га нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Гад эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В овогт Вийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Га нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч В.Га нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР