Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50 

 


                                   2022/ШЦТ/50 


                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Бямбаахүү   
Шүүгдэгч: Н.Н 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн М овогт Нын Нт холбогдох эрүүгийн 2212000110035 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Нын Н/РД:АГ............./ 
          
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах журмын хашааны ойролцоо хамтран амьдрагч Б.Нийг цохиж, түүний биед зүүн доод 1 дүгээр шүд хөдөлсөн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2212000110035 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Б.Нийн өгсөн:
“...2022 оны 01 дүгээр сарын 06-ны хөдөөнөөс манай нэг найз ирээд орой Арвис нэртэй бааранд бүжиглэх гэж орсон, тэгсэн манай нөхөр Н.Н нь бас нэг найзтай тус бааранд сууж байсан. Тэгээд жаахан сууж байгаад манай найз хөдөө гэр рүүгээ явахаар болоод түрүүлээд гарсан. Би араас нь Н.Ныг аваад гэр рүүгээ харьсан чинь манай нөхөр өөрийнхөө ээжийндээ очно гэхээр нь би харанхуй шөнө архи үнэртүүлчхээд яах гээд байгаа гэж хэлээд гэрээсээ гаргаагүй. Тэгсэн ээж дээрээ очно гэж гэрээсээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар баг Тамир хорооллын 24-2410 тоот гэрээсээ явган гарсан. Тэгэхээр би араас нь гарч цагдаагийн журмын хашааны ойролцоо гүйцэт очоод харанхуй шөнө яах гээд байгаа юм бэ, гэртээ орж унт гэхэд миний үгэнд орохгүй миний баруун талын шанаа, нүд орчим руу гараа атгаад нэг удаа цохисон, мөн шүд хэсэг рүү нэг удаа цохисон. Шанаа нүд хэсэг рүү цохисны улмаас шанаа бага зэрэг хавдсан, үүдэн доод шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэлтэй байгаа. Н.Н нь миний үгэнд орохгүй болохоор нь журмын хашааны ойролцоо цагдаагийн машины маяак нь асчихсан журмын хашааны гадаа байхаар нь гүйж очоод манай нөхөр намайг зодчихлоо та туслаарай гээд тусламж гуйхад нэрийг нь мэдэхгүй цагдаа манай нөхөр Н.Ныг цагдаа руу аваад саатуулсан. Тэгээд би гэртээ харьсан. Ийм л асуудал болсон. Би Н.Нтай танилцаад, хамт амьдраад 1 жил болж байгаа бөгөөд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээгүй байгаа. Гэхдээ нэг гэрт хамт амьдарч байна. Одоо 3 сар гарантай жирэмсэн. Би Н.Нын хүүхдийг тээж байгаа. Анх аймгийн төвд танилцсан. Н.Н нь өмнө эхнэр авч байгаагүй бөгөөд би дагавар 3 хүүхэдтэй сууж байгаа юм. Надтай хамт амьдарч байгаа хамтран амьдрагч ч гэсэн би нөхрөө гэж бодож явж байгаа.  Намайг манай нөхөр ээжийнх рүү явуулсангүй гэж шалтгаалан намайг зодож, миний биед гар хүрсэн. Өмнө цохиж зодож байгаагүй. Намайг өмнө нь нөхөр маань зодож байгаагүй, анх удаагаа намайг зодож байгаа юм. Тухайн үед манай хүн байгаагүй нөхөр бид хоёр л байсан. Хүүхдүүд хөдөө явуулсан байсан. Би хүмүүсээс санаа зовоод хэлээгүй, Н.Н нь ойр дотнын хүнтэй хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Маргааш эрүүлжүүлэхээс гаргасан чинь Н.Н нь буруу юм хийчихсэн байна, гэдэс чинь зүгээр үү гэж асуугаад надаас уучлалт гуйсан. Амьдралдаа алдаж онож явж байгаа болохоор хүмүүс хэлээгүй,: мэдэгдэхийг хүсээгүй, мөн гэрээсээ гараагүй байж байгаад таныг дуудахаар ирж байна. Би тухайн үед 2 шил пиво уусан, Н.Н надаас илүү согтсон байсан, гэхдээ юм асуухаар хариулаад байхыг бодоход өөрийн хийж буй үйлдлээ ухамсарлах чадвартай байсан гэж бодож байна. Өөрөө болохоор сайн санахгүй байна гэж хэлээд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай нөхөр Н.Н нь надаас уучлалт гуйсан. Дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ надад амласан. Нүд жаахан хөхөрсөн байсан учир намдсан байгаа, шүдээ тэгж байгаад өөрөө янзлуулна гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-41 дүгээр тал/ 

*Гэрч С.Нийн өгсөн: 
“...Эмээ нь он сар өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна, хөгшрөөд ой тогтоолт муудаад байгаа, саяхан хэд хоногийн өмнө орой унтах гээд гэртээ байж байхад танихгүй дугаараас манай хүү Н.Н нь миний гар утас руу залгаад ээж хүү нь эхнэрээ зодоод цагдаа дээр ирчихсэн байна, доошоо орох гэж байна гэж утсаар ярьсан, тухайн үед архи уучихсан согтуу ярьж байсан, миний бие муу болохоор заримдаа над дээр ирж хонодог юм, тэгээд өнөөдөр очихгүй шүү ээжээ гэж хэлсэн, би тэгэхээр нь яав юу болов оо, яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ гэхэд харим тийм юм болчихлоо та тайван унтаж байгаараа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш орой нь цагдаагийн эрүүлжүүлэхээс гараад ирлээ гээд над дээр ирсэн. Тэгсэн эхнэр Б.Нийг 2 алгадчихсан чинь цагдаа аваад явчихсан гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Би тэгээд Н.Ныг нэлээн загнасан. Манай бэр Б.Н нь 3 сар гарантай жирэмсэн бөгөөд эхнэрээ зодож байгаад хүүхэд чинь дутуу гарчихвал яах байсан юм бэ гээд үглэсэн чинь доошоо харьж сууж байгаад эхнэр дээрээ очно гээд манайхаас гарсан. Эмээгийнх нь мэдэх зүйл энэ байна.  Н.Ныг эхнэрээ зодсоныг өөрөөс нь дуулаад бэртэйгээ уулзаагүй. Манайд бэр Б.Н ирээгүй байж байгаад нэлээн сүүлд уулзахад өрөөсөн талын нэг нүд бага зэрэг хөхөрчихсөн харагдаж байсан, би бэртэйгээ юм яриагүй, бэр дугарахгүй байсан.  Н.Н нь 1987 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд манай 8 хүүхдийн 7 дахь хүүхэд болж төрсөн, бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн, 1 дүгээр ангид суугаад сургуулиас гарчихсан. Цэргийн алба хаагаагүй, цэргийн комиссоор ороод гарчихдаг байсан. Эхнэр өмнө авч байгаагүй, хүүхэдгүй хүн байгаа юм. хааяа даа хүмүүстэй дарвиад архи уучихдаг, тамхи татдаг, даруухан, сургуульд суугаагүй болоод бүрэг ичимхий зантай дуу хүн байгаа. Эхнэр авахгүй нэлээн удсан. Одоогоор хийсэн ажилгүй байгаа. Миний хүү Н.Н нь одоо байгаа эхнэртэйгээ буюу Б.Нтай хэзээ танилцсаныг нь сайн хэлж мэдэхгүй байна, нэг гэрт хамт амьдарч эхлээд 1 жил болж байгаа бөгөөд манай бэр Б.Н нь одоо 3 сар гарантай жирэмсэн юм. Бэр Б.Н нь 3 дагавар хүүхэдтэй юм байна лээ, би хүүгээ сэтгэл санаа нийлж байгаа бол 3 хүүхдийг нь эцгийн хайраар дутаахгүй өсгөөрэй, одоо 4 дэх хүүхэд нь гарах гэж байна шүү дээ гэж сайн хэлж ойлгуулсан. Н.Н нь өмнө эхнэр авахгүй удаад байсан болохоор эхнэртэй болсонд нь дотроо баяртай байгаа. Би Б.Нийг бэрээ гэж хүлээн зөвшөөрч байгаа. Миний нас ахиад бие жаахан тааруу байгаа, сахрын өвчтэй, зүрх муу байгаа бөгөөд хүүгээ эхнэртэй болсонд дотроо баярлаад л байгаа. Миний хүү өмнө нь Б.Нийг цохиж, зодож байсан үйлдэл гаргаж байгаагүй, анх удаагаа ийм үйлдэл гаргаж байгаа. Би тэгээд хүүгээ нэлээн загнасан. Хүний 3 хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж өсгөөрэй гэж байнга үглэж захиж сууна. Одоогоор хүү Н.Н нь Б.Нийн гэрт амьдарч байгаа, аймгийн төвд 2-лаа ажилгүй байгаа. Хааяа даа хүү маань намайг сахиж хонодог. Н.Н өөрөө гэр оронгоо бэлдээгүй байгаа. Өмнө нь надтай хамт амьдардаг байсан юм. Гэрийн хаяг нь бол надтай хамт буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой 51-11 гэсэн тоот хаягтай байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/ 

*Гэрч М.Бийн өгсөн: 
“...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн үед Архангай аймаг дахь Цагдаагийн газарт замын цагдаагийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны ойролцоо явж байхад танихгүй эмэгтэй уйлсан, айж сандарсан байдалтай, манай нөхөр намайг зодоод байна, та туслаач гэсээр ирсэн. Тэгээд тухайн ул таних эмэгтэй даган явж нөхөр дээр нь очиход тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны доошоо чиглэлтэй алхаад явж байхаар нь очоод цагдаагийн газар авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Тусламж гуйсан эмэгтэйн баруун талын нүд хэсэг рүүгээ цохиулчихсан баруун талын нүд нь хавдчихсан байдалтай байсан, нөхөр гэх эрэгтэй хүн согтуу байсан, эхнэрээс ч гэсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байсан. Би өөрийгөө танилцуулаад нэр усыг нь асуухад тухайн хүмүүс хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/

*Яллагдагч Н.Нын өгсөн: 
“...2022 оны 01 дүгээр сарын 06-ны Архангай аймаг Арвис бааранд сууж байсан чинь эхнэр миний сууж байсан бааранд орж ирсэн, тухайн үед бааранд дотор пиво уугаад, 23 цагийн үед баарнаас гараад эхнэртэйгээ хамт харих гэж явж байгаад замдаа буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар баг журмын хашааны ойролцоо маргалдсан. Манай ээж бие муутай байсан учир ээжийндээ очих гэсэн чинь эхнэр явуулахгүй, зулгаагаад чангаагаад байхаар нь хацар руу нь 2 удаа алгадсан. Тухайн үед гудамжинд байсан бөгөөд эхнэр цагдаагийн машин ойрхон байхад нь очиж дуудаж хэлсэн. Эхнэрээ зодож гэмтэл учруулсан нь миний буруу, би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Эхнэр Б.Н бид 2 танилцаад, хамт амьдраад 1 жил гаран болж байгаа, Б.Н нь одоо 4 сартай жирэмсэн байгаа юм. Эхнэрээ анх удаагаа зодсон. Өмнө ийм асуудал гаргаж байгаагүй, надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 62  дугаартай“...Б.Нийн биед зүүн доод нэг дүгээр шүд 3 тийш хөдөлгөөнтэй, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь зүүн доод нэг дүгээр шүд 3 тийш хөдөлсөн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

      Гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Н нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Н.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч буй Б.Нийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Нийн”...Тэгсэн ээж дээрээ очно гэж гэрээсээ буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар баг Тамир хорооллын 24-2410 тоот гэрээсээ явган гарсан. Тэгэхээр би араас нь гарч цагдаагийн журмын хашааны ойролцоо гүйцэт очоод харанхуй шөнө яах гээд байгаа юм бэ, гэртээ орж унт гэхэд миний үгэнд орохгүй миний баруун талын шанаа, нүд орчим руу гараа атгаад нэг удаа цохисон, мөн шүд хэсэг рүү нэг удаа цохисон. Шанаа нүд хэсэг рүү цохисны улмаас шанаа бага зэрэг хавдсан, үүдэн доод шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэлтэй байгаа. Н.Н нь миний үгэнд орохгүй болохоор нь журмын хашааны ойролцоо цагдаагийн машины маяак нь асчихсан журмын хашааны гадаа байхаар нь гүйж очоод манай нөхөр намайг зодчихлоо та туслаарай гээд тусламж гуйхад нэрийг нь мэдэхгүй цагдаа манай нөхөр Н.Ныг цагдаа руу аваад саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Нийн”...орой унтах гээд гэртээ байж байхад танихгүй дугаараас манай хүү Н.Н нь миний гар утас руу залгаад ээж хүү нь эхнэрээ зодоод цагдаа дээр ирчихсэн байна, доошоо орох гэж байна гэж утсаар ярьсан, тухайн үед архи уучихсан согтуу ярьж байсан, миний бие муу болохоор заримдаа над дээр ирж хонодог юм, тэгээд өнөөдөр очихгүй шүү ээжээ гэж хэлсэн, би тэгэхээр нь яав юу болов оо, яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ гэхэд харим тийм юм болчихлоо та тайван унтаж байгаараа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд маргааш орой нь цагдаагийн эрүүлжүүлэхээс гараад ирлээ гээд над дээр ирсэн. Тэгсэн эхнэр Б.Нийг 2 алгадчихсан чинь цагдаа аваад явчихсан гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Би тэгээд Н.Ныг нэлээн загнасан. Манай бэр Б.Н нь 3 сар гарантай жирэмсэн бөгөөд эхнэрээ зодож байгаад хүүхэд чинь дутуу гарчихвал яах байсан юм бэ гээд үглэсэн чинь доошоо харьж сууж байгаад эхнэр дээрээ очно гээд манайхаас гарсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бийн”...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23 цагийн үед Архангай аймаг дахь Цагдаагийн газарт замын цагдаагийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны ойролцоо явж байхад танихгүй эмэгтэй уйлсан, айж сандарсан байдалтай, манай нөхөр намайг зодоод байна, та туслаач гэсээр ирсэн. Тэгээд тухайн ул таних эмэгтэй даган явж нөхөр дээр нь очиход тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны доошоо чиглэлтэй алхаад явж байхаар нь очоод цагдаагийн газар авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Тусламж гуйсан эмэгтэйн баруун талын нүд хэсэг рүүгээ цохиулчихсан баруун талын нүд нь хавдчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Нын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 62 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Н.Нын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нарантуяагийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн доод нэг дүгээр шүд 3 тийш хөдөлгөөнтэй, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна. 
 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Н.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Нийн биед зүүн доод нэг дүгээр шүд 3 тийш хөдөлгөөнтэй, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Б.Н нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Н.Ныг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
 Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Нын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.Нийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Н.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Н.Н нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж  прокурорын саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М овогт Нын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ сарын хугацаанд хориглосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

            5. Шүүгдэгч Н.Нт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР