| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0279/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/08 |
| Огноо | 2021-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
2022/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Хохирогч: Д.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Даваахүү/онлайнаар/
Шүүгдэгч: О.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Ц овогт Оийн Пд холбогдох эрүүгийн 2012003720068 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот ................оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Оийн П/РД:ИГ............./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.П нь А аймгийн Т сумын Т багийн нутагт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 80-44 УНӨ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 13.1-д заасныг тус тус зөрчиж 87-55 АРА улсын дугаартай Хайес маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслийн жолооч Д.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч О.Пын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Энэ замын ослын гэмт хэрэгт би буруутай, мөн хохирогч Д.Ч ахын буруутай үйлдэл ч бас байгаа гэж бодож байна. Хохирлыг нь бага ч гэсэн буруулж өгөөч гэж хүсэж байна. Хэн хэнийх нь буруутай үйлдэл байгаа...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Д.Чийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Хэргийн материалд миний өгсөн бүх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Эдгээр дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг болсноос хойш 15 сар болж байна, хохирлоо барагдуулмаар байна. Би Архангай аймаг руу нааш цаашаа 12 удаа явсан байна. Миний нэхэмжилсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан, шинэ машины хохирол, нааш цаашаа явсан зардал, эмчилгээ хийлгэсэн зардал нийтдээ 20 гаруй сая төгрөг байгаа. О.Пын ээж нь над руу ярьсан, нэхэмжилж байгаа мөнгөнөөсөө багасгаж өгнө үү гэж хүссэн бөгөөд би түүнийг харгалзаж үзсэн. Би хүний мууг үзэх гээгүй. Би яг өөрөөс гарсан зардлаа л гаргуулахыг хүсэж байна. Бүх нотлох баримттайгаа байгаа. Улаанбаатар хот орж идэж уусан мөнгөө хассан, хамгийн гол нь эрүүл мэндээрээ хохирсон. Үүнд Улаанбаатар хотоос дүүгээ дуудсан, хот руу машинаа 600.000 төгрөгөөр ачуулсан, машин засварын 3.420.000 төгрөгийн зардал, 4 зорчигчид гарсан зардал, эмийн зардал 1.200.000 төгрөг, нийтдээ 12 сая төгрөг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан, бизнес зогссон зардлыг нэхэмжлээгүй, хүн хөлсөлж ажиллуулж байгаа...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2012003720068 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Чийн өгсөн:
“...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш 5 км орчим зайтай байх тус аймгийн Тариат сумын нутагт өөрийн тоёота хаяс маркийн 8755 АРА улсын дугаартай автомашинтай 5 хүнтэй Улаанбаатар хот орох зорилготой явж байсан. Намайг Цахираас гараад Цэрэг толгой гэх газар өнгөрөөд явж байтал замын хажууд Пажеро маркийн автомашин зогсчихсон хүмүүс нь буучихсан байсан. Би тэр машины хажуугаар гараад тэр Пажероны урд явсан цагаан өнгийн Ванет маркийн автомашиныг гүйцэж түрүүлээд урд нь гарсан. Намайг Ванет маркийн автомашины урд нь гараад явж байхад замын 2 талын урсгалд байдаг 2 хонхорхой /ховил/ таарсан. Би энэ замаар олон жил явж байгаа учраас тэнд хонхорхой /ховил/ байдгийг сайн мэднэ. Тэгээд хурдаа сааруулаад толиндоо хартал араас хар өнгийн автомашин маш хурдтай орж ирж байсан. Би замын хонхорхой /ховил/-г гараад дуусахад машинд явж байсан хүмүүс хүүш хүүш гээд байхаар нь хартал миний зүүн талаас хар өнгийн Пажеро маркийн автомашин орж ирээд намайг замын хажуу руу шахаад оруулсан. Осол гарсны дараа харахад миний хажуугаас орсон хар өнгийн пажеро маркийн автомашин миний машинаас 20 орчим метрийн цаана зогсчихсон байсан. Миний нуруу өвдөөд машинд байсан хүмүүс өргөж гаргаж ирээд газар хэвтүүлсэн. Би тухайн үедээ шоконд ороод хэсэг ухаан балартсан байсан. Намайг газар буулгаж хэвтүүлсэн байхад нэг эмэгтэй хүн толгой тэврээд суучихсан та зүгээр үү та зүгээр үү гээд байсан юм. Сүүлд нь мэдэхнээ тэр хар өнгийн пажеро маркийн автомашины жолооч О.П байсан юм билээ. Би сумын төвөөс хүүхдээ дуудуулж авчирсан. Надтай хамт явсан хүмүүс эмнэлэг болон манай хүүхдийг дуудсан байсан. Манай хүүхэд ирээд манай дүүг Улаанбаатар хотоос дуудуулсан байсан. Тэгээд би хэсэг байж байгаад жаахан тайвшраад та нар чинь яаж байгаан бэ? хүн алах дөхлөө ш дээ гэсэн чинь “Ёстой уучлаарай ахаа ховилыг гаргах гээд зүүн дараад буцаж дараад орохдоо таныг дайрчихлаа, буцаад дарах гэсэн рулл хүчрэгдэхгүй байсан” гэж хэлсэн. Мөн дараа нь тухайн үед таны ард явсан цагаан өнгийн ванет маркийн автомашин намайг шахсан гэж хэлсэн. Намайг маргааш нь Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явах гэж байхад О.П нь ирсэн. Тэр үед надад ярихдаа “Миний руллийн түнтгэр хагарчихсан байна, ослын үед хагарсан юм уу, өмнө хагарчихсан байсан уу мэдэхгүй” гэж байсан. Би замын хонхор дээр ирээд нэлээн хурдаа сааруулсан. Угаасаа тэр хонхор их хурдтай явбал аваад шидчихээр гүн хонхор байгаа юм. Тийм учраас би хурдаа сааруулсан юм. Надад пажеро маркийн автомашиныг шахах ямар ч үндэслэг байхгүй. Хэрвээ би шахсан бол замын эсрэг урсгалд байгаа хонхорхой дээр таарч харайлгах байсан. Уг 2 хонхорхой нь хоорондоо 3 метр зайтай байдаг. Би эсрэг урсгал руу ороогүй, миний хажуугаар гарах хангалттай зай байсан. Би тухайн үед цаашаа дараад гарчихгүй яасан юм бэ гэхэд яг урд шон байсан тэрийг мөргөчхөөд гээд байхаар нь баруун дараад руллээ дийлээгүй гэж хэлж байсан. Би гомдолтой байна. Би энэ машиныг 2019 оны 11 дүгээр сард 34.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машинаараа Улаанбаатар хот руу хүн авч яваад ирэхдээ дэлгүүртээ бараа татаж авчирдаг байсан юм. Энэ хэрэг гарснаас хойш бараг 4 сар болж байна. Би энэ хугацаанд машингүй болсноос болоод бараандаа явахаа больсон, мөн 2 нуруу хугаралтай биеийн эрүүл мэндийн байдлаас болоод бараг хөдөлмөрийн чадвараа алдаад байна, Би өөрөө олон ажил хөдөлмөр эрхэлдэг хүн, зээл аваад яг ажил эхлэх гэж байхад нуруу өвдөөд хөдөлж чадахгүй хөдөлмөрийн чадваргүй болсон, 4 сарын хугацаанд эрхэлж байсан бизнес зогссон. Энэ байдлаасаа болоод маш их бухимдаж байна. Би учирсан хохирлоо өөрийн санаж байгаа хэмжээгээр цаасан дээр баримттай бичиж гаргаж авч ирсэн Би уг ослын улмаас учирсан хохирлоо баримтын дагуу нэхэмжилнэ. Өнөөдөр гэхэд мэдүүлэг өгөхөөр Архангай аймагт ирэхдээ өөрийн дүүгийн хаяс маркийн машинд бензин хийгээд ирсэн. Миний хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү. Намайг Дагвагийн Ч гэдэг. Иргэний үнэмлэх дээр Д.Ч гэж бичигдсэн байгаа, хүмүүс Д.Ч гэж дуулаад тэгж бичээд байдаг юм..” гэх мэдүүлэг/хх-ийн 216-219 дүгээр тал/
*Гэрч Б.Гын өгсөн:
“...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Д.Ч ахын Хайс маркийн цагаан өнгийн машинтай Улаанбаатар хот орох зорилготой 4 том хүн нэг бага насны хүүхдийн хамт явсан. Бид Цахир сумаас хөдлөөд удаагүй явж байхад манай машины урд бас нэг микро шиг жижиг цагаан машин явж байсныг гүйцэж түрүүлсэн. Цагаан машиныг өмнө гүйцэж түрүүлэхээс өмнө хар машин гүйцэж түрүүлсэн. Тэгээд цагаан машинаа гүйцэж түрүүлчхээд эгнээндээ ороод явж байтал зүүн гар талаас хар машин чахарч тоормослоод хажуугаас ороод ирээд манай машины зүүн урд хаалга талаас мөргөсөн. Тэгээд тэр машин шахагдаад хамт замын хажуу руу үсэрсэн. Би машины урд жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан. Тэр үед бид нар жижиг цагаан машиныг гүйцэж түрүүлчихээд өөрийнхөө урсгалд орчихсон явсан. Тэр машиныг гүйцэж түрүүлэх үед замын ховилыг гарчихсан байсан. Тухайн осол болсны дараа хар машины жолооч эмэгтэй “Би таныг гүйцэхийн өмнө жижиг цагаан машиныг гүйцэж түрүүлж байсан чинь хажуу тийшээ дараад тэрэнд шахагдаад замын хажуу орчих гээд та хэдийн урдуур ороод ирлээ гэж ярьж байсан. Би яг хэдэн км/цаг хурдтай явсныг анзаарч хараагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 161-163 дугаар тал/
*Шинжээч У.Лийн өгсөн:
“...Миний бие мөрдөгчөөс ирүүлсэн тогтоол, хэргийн газрын үзлэг, ослын актыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг гэж гэсэн байгаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг. Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутагт 8044 УНӨ, 8755 АРА улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осол нь замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт чиглэсэн урсгалд буюу 8755 АРА улсын дугаартай тоёото хааяс маркийн автомашины явж байсан урсгалд 8044 УНӨ улсын дугаартай мицүбиши пажеро маркийн автомашин урсгал сөрөн орсноос тухайн урсгалд 2 автомашин мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь ослын акт дээрээс харагдаж байна. 8755 АРА улсын дугаартай автомашин эсрэг урсгалд орж 8044 УНӨ улсын дугаартай автомашиныг шахсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлд “Гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг тул замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлсэн бол зам тээврийн осол гарах нөхцөл байдал үүсэхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 220-222 дугаар тал/
*Гэрч Б.Оын өгсөн:
“...Тухайн зам тээврийн осол болсон гэх газарт очиход 8044 УНӨ улсын дугаартай мицүбиши пажеро, 8255 АРХ улсын дугаартай тоёота хаяс маркийн автомашинууд замын хажуу руу гарсан байдалтай байсан. Тухайн үед замын нөхцөл байдлыг өөрийн биеэр шалгаж үзэхэд тухайн зам нь хонхор гүдгэртэй зам байсан. Замын зорчих хэсгийн хажууд ховилтой зам гэсэн тэмдэг байсан. 8255 АРХ улсын дугаартай тоёото хаяс маркийн тээврийн хэрэгсэл Архангай аймгийн Цахир сумаас Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байсан. 8044 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын нөхцөл байдал, тэмдэг, тэмдэглэгээг харж хөдөлгөөнд оролцоогүйгээс замын ховилтой хэсэгт дайрч замын хажуугийн хөвөө хэсэг рүү орон, буцаан замын зорчих хэсэг рүү дарж улмаар чигээрээ явж байсан тоёото хаяс маркийн автомашины урдуур орж ирэн замын хажуу руу шахаж гаргасан байсан. 8044 УНӨ улсын дугаартай автомашины дугуйн мөр замын хөвөөн хэсэг рүү гарч эргэн засмал зам руу орж засмал замыг хөндлөн дайрч эсрэг талын хөвөө рүү орсон нь замын гадаргуу дээр тод гарсан байсан. Тухайн осол гарсан зам нь ховилтой гүдгэр хонхортой зам байсан. Замын хажууд ховилтой зам гэсэн тэмдэгтэй байсан. Тухайн зам нь ховилтой гүдгэр, хонхортой, замын хажууд ховилтой зам гэсэн тэмдэглэгээтэй байсан. Би уг замын тэмдэглэгээг ослын схем зурагт тэмдэглэх ёстой байсан байна. 8044 УНӨ улсын дугаартай мицүбиши пажеро маркийн тээврийн хэрэгслийн чиглэлийг тухайн үед гүйцэж түрүүлж байгаа гэж бодоод автомашины дугуйн мөр замын хөвөөнөөс гараад буцаж засмал зам руу ороод 8255 АРХ улсын дугаартай тоёото хаяс маркийн тээврийн хэрэгслийн урд руу дарж орон замаас хөндлөн гарсан гэж тэмдэглэсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 78-79 дүгээр тал/
*Иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн өгсөн:
“...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цахир сумаас Улаанбаатар хот орохоор нутгийн танил ах Д.Чийн хамт 13 цагийн үед хөдөлсөн. Би жолоочийн эсрэг хойд талын суудал дээр сууж явсан. Тэгсэн нэг хар машин гүйцэж түрүүлээд яг миний хажууд зэрэгцээд ирснээ даяганаад гуйвж явж байснаа замын хажуугийн шороон хэсэг рүү орсон. Тэгснээ буцаад зам дээр гарч ирснээ бид нарын явж байсан эгнээ рүү ороод ирсэн тэгээд манай машинтай хамт замын хажуу руу орчихсон. Ийм л асуудал болсон. Д.Ч ах нь эгнээндээ явж байсан. Тэр хар өнгийн машиныг гүйцэж түрүүлэх гээд манай машинтай зэрэгцээд ирсэн байх үед дарж шахсан асуудал байгаагүй. Би өөрөө уг машины цонхон талд сууж явсан учраас тэр хар өнгийн машин гүйцэж түрүүлэх үедээ яг миний хажууд зэрэгцэж ирээд гуйвж дайвж яваад замын хажуугийн шороон хэсэг рүү орчихсон. Тухайн үед миний хүзүү өвдөөд хөдөлгөж болохгүй, толгой эргээд байсан болохоор тэнд байсан хүмүүсийн яриаг сонсох чадваргүй байсан. Би томографт харуулсан чинь хугарсан гэмтсэн юм байхгүй гээд надад эм, тариа бичиж өгсөн. Би уг эм, тариаг авч хийлгэсэн. Тэгээд толгой хөдөлсөн байсан болохоор 4 удаа 160,000 төгрөгөөр бариа хийлгэсэн. Би тухайн үед Шарга морьт гэдэг газар тогоочоор ажиллаж байсан юм. Зам тээврийн ослоос болоод ажилдаа очиж чадаагүй, чөлөө өгөх боломжгүй гээд байсан учраас ажлаасаа гарсан. Мөн нааш цаашаа явсан унааны бензин шатахууны зардал хоол ундны зардал гээд нийт би 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 117-118 дугаар тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч У.Лийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн: “...Зам тээврийн ослын газрын фото зураг болон схем зургаас харахад Тоёота Хаяс маркийн 87-55 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Ч нь сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээтэй замаар замын өөрийн зөвшөөрөгдсөн эгнээгээр ертөнцийн зүгээр хойноос урд чиглэлд зорчиж явж байхад Мицүбиши Пажеро маркийн 80-44 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.П нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн байх үндэслэлтэй байна. 80-44 УНӨ улсын дугаартай Мицүбиши Пажеро маркийн автомашины жолооч О.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 13.1 -д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалт, мөн дүрмийн 13.2-д Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. 13.2.д-д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 87-55 АРА улсын дугаартай тоёота Хаяс маркийн автомашины жолооч Д.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 80-44 УНӨ улсын дугаартай Мицүбиши Пажеро маркийн автомашины жолооч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалт, мөн дүрмийн 13.2-д Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно 13.2-д-д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн замд 1.13 гэсэн тэмдэг нь тэгш биш зам гэсэн тэмдэг байна. 1.13 гэсэн тэмдэг нь «Тэгш биш зам» гэсэн тэмдэг /зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа, донсолгоотой хэсэгт ойртож байгааг анхааруулна/ байрлуулсан байгаа нь зам тээврийн осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн газрын анхны үзлэгийн 5,6 дугаарын фото зурагт хоёр тээврийн хэрэгслийн дугуйн мөрний огтлол ол хэсэгт “А” цэг байх үндэслэлтэй байна энэ нь хохирогчийн заасан “А” цэгтэй тохирч байна. Нөхөн үзлэгээр тогтоосон О.Пын заасан “А” цэгийг тогтоох боломжгүй байна. Учир нь тус заасан газарт “А” гэж үзэх ямар нэгэн ул мөр илрээгүй болно. О.Пын жолоодож явсан тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байхдаа шороон хөвөөн дээгүүр гарсан явж байсан үйлдэл нь хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэлд шахагдсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Схем зураг болон фото зурган дээр тоормосны гэх ямар нэгэн мөр илрээгүй байгаа нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэлгүй байна. Тухайн замд 1.13 буюу « Тэгш биш зам» гэсэн тэмдэг байна. 1.13 гэсэн тэмдэг нь «Тэгш биш зам» гэсэн тэмдэг-зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа, донсолгоотой хэсэгт ойртож байгааг анхааруулсан тэмдэг байрлуулсан байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 200-202 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай: “...Д.Чийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 38 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 540 дугаартай“...Д.Чийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зулайн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Зулайн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Д.Ч нь хоёр нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугарал, хамар ясны хуучин хугарал гэмтэлтэй байна...” дүгнэлт /хх-ийн 119 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 244 дугаартай:
“...2010 онд үйлдвэрлэгдэж, 2019 оны 06 сарын 16-ны өдөр МУ-д орж ирсэн 8755 АРА улсын дугаартай Тоёота раяс маркийн автомашины урд талын 2 хаалга цөмөрч, хунирсан, 2 их гэрэл, урд буфер, агаар шүүгч, радиотар хагарсан, моторын доод талын төмөр хаалт, мөн хуван хаалт хагарсан, кондейшны хөнгөн цагаан хоолой нугарч тасарсан, урд крылоны дээд сетка, гишгүүрийн дээд хуван гишгүүр хагарч, шал ханзарч, кабины моторын хэсгийн төмөр цөмөрч нугарсан зэрэг эвдрэл, хохирлын үнэлгээг 2020 оны 09 байдлаар 7,010,000/долоон сая арван мянган/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 154 дүгээр тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 2-5 дугаар тал/
*Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/2-р хх-ийн 141-145 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Т сумын Т багийн нутагт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр О.П нь өөрийн эзэмшлийн 80-44 УНӨ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 13.1-д заасныг тус тус зөрчиж 87-55 АРА улсын дугаартай Хайес маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслийн жолооч Д.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч О.П үйлдсэн гэм буруутай болох нь Д.Чийн”...Тэгээд хурдаа сааруулаад толиндоо хартал араас хар өнгийн автомашин маш хурдтай орж ирж байсан. Би замын хонхорхой /ховил/-г гараад дуусахад машинд явж байсан хүмүүс хүүш хүүш гээд байхаар нь хартал миний зүүн талаас хар өнгийн Пажеро маркийн автомашин орж ирээд намайг замын хажуу руу шахаад оруулсан. Осол гарсны дараа харахад миний хажуугаас орсон хар өнгийн пажеро маркийн автомашин миний машинаас 20 орчим метрийн цаана зогсчихсон байсан. Миний нуруу өвдөөд машинд байсан хүмүүс өргөж гаргаж ирээд газар хэвтүүлсэн. Би тухайн үедээ шоконд ороод хэсэг ухаан балартсан байсан. Намайг газар буулгаж хэвтүүлсэн байхад нэг эмэгтэй хүн толгой тэврээд суучихсан та зүгээр үү та зүгээр үү гээд байсан юм. Сүүлд нь мэдэхнээ тэр хар өнгийн пажеро маркийн автомашины жолооч О.П байсан юм билээ. Би сумын төвөөс хүүхдээ дуудуулж авчирсан. Надтай хамт явсан хүмүүс эмнэлэг болон манай хүүхдийг дуудсан байсан. Манай хүүхэд ирээд манай дүүг Улаанбаатар хотоос дуудуулсан байсан. Тэгээд би хэсэг байж байгаад жаахан тайвшраад та нар чинь яаж байгаан бэ? хүн алах дөхлөө ш дээ гэсэн чинь “Ёстой уучлаарай ахаа ховилыг гаргах гээд зүүн дараад буцаж дараад орохдоо таныг дайрчихлаа, буцаад дарах гэсэн рулл хүчрэгдэхгүй байсан” гэж хэлсэн. Мөн дараа нь тухайн үед таны ард явсан цагаан өнгийн ванет маркийн автомашин намайг шахсан гэж хэлсэн. Намайг маргааш нь Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явах гэж байхад О.П нь ирсэн. Тэр үед надад ярихдаа “Миний руллийн түнтгэр хагарчихсан байна, ослын үед хагарсан юм уу, өмнө хагарчихсан байсан уу мэдэхгүй” гэж байсан. Би замын хонхор дээр ирээд нэлээн хурдаа сааруулсан. Угаасаа тэр хонхор их хурдтай явбал аваад шидчихээр гүн хонхор байгаа юм. Тийм учраас би хурдаа сааруулсан юм. Надад пажеро маркийн автомашиныг шахах ямар ч үндэслэг байхгүй. Хэрвээ би шахсан бол замын эсрэг урсгалд байгаа хонхорхой дээр таарч харайлгах байсан. Уг 2 хонхорхой нь хоорондоо 3 метр зайтай байдаг. Би эсрэг урсгал руу ороогүй, миний хажуугаар гарах хангалттай зай байсан. Би тухайн үед цаашаа дараад гарчихгүй яасан юм бэ гэхэд яг урд шон байсан тэрийг мөргөчхөөд гээд байхаар нь баруун дараад руллээ дийлээгүй гэж хэлж байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гын”...Тэгээд цагаан машинаа гүйцэж түрүүлчхээд эгнээндээ ороод явж байтал зүүн гар талаас хар машин чахарч тоормослоод хажуугаас ороод ирээд манай машины зүүн урд хаалга талаас мөргөсөн. Тэгээд тэр машин шахагдаад хамт замын хажуу руу үсэрсэн...” гэх мэдүүлэг, Шинжээч У.Лийн”...Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутагт 8044 УНӨ, 8755 АРА улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осол нь замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт чиглэсэн урсгалд буюу 8755 АРА улсын дугаартай тоёото хааяс маркийн автомашины явж байсан урсгалд 8044 УНӨ улсын дугаартай мицүбиши пажеро маркийн автомашин урсгал сөрөн орсноос тухайн урсгалд 2 автомашин мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь ослын акт дээрээс харагдаж байна. 8755 АРА улсын дугаартай автомашин эсрэг урсгалд орж 8044 УНӨ улсын дугаартай автомашиныг шахсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлд “Гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг тул замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлсэн бол зам тээврийн осол гарах нөхцөл байдал үүсэхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”...Тухайн үед замын нөхцөл байдлыг өөрийн биеэр шалгаж үзэхэд тухайн зам нь хонхор гүдгэртэй зам байсан. Замын зорчих хэсгийн хажууд ховилтой зам гэсэн тэмдэг байсан. 8255 АРХ улсын дугаартай тоёото хаяс маркийн тээврийн хэрэгсэл Архангай аймгийн Цахир сумаас Улаанбаатар хотруу чиглэлтэй явж байсан. 8044 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тухайн автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын нөхцөл байдал, тэмдэг, тэмдэглэгээг харж хөдөлгөөнд оролцоогүйгээс замын ховилтой хэсэгт дайрч замын хажуугийн хөвөө хэсэг рүү орон, буцаан замын зорчих хэсэг рүү дарж улмаар чигээрээ явж байсан тоёото хаяс маркийн автомашины урдуур орж ирэн замын хажуу руу шахаж гаргасан байсан. 8044 УНӨ улсын дугаартай автомашины дугуйн мөр замын хөвөөн хэсэг рүү гарч эргэн засмал зам руу орж засмал замыг хөндлөн дайрч эсрэг талын хөвөө рүү орсон нь замын гадаргуу дээр тод гарсан байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн”...Тэгсэн нэг хар машин гүйцэж түрүүлээд яг миний хажууд зэрэгцээд ирснээ даяганаад гуйвж явж байснаа замын хажуугийн шороон хэсэг рүү орсон. Тэгснээ буцаад зам дээр гарч ирснээ бид нарын явж байсан эгнээ рүү ороод ирсэн тэгээд манай машинтай хамт замын хажуу руу орчихсон. Ийм л асуудал болсон. Д.Ч ах нь эгнээндээ явж байсан. Тэр хар өнгийн машиныг гүйцэж түрүүлэх гээд манай машинтай зэрэгцээд ирсэн байх үед дарж шахсан асуудал байгаагүй. Би өөрөө уг машины цонхон талд сууж явсан учраас тэр хар өнгийн машин гүйцэж түрүүлэх үедээ яг миний хажууд зэрэгцэж ирээд гуйвж дайвж яваад замын хажуугийн шороон хэсэг рүү орчихсон. Тухайн үед миний хүзүү өвдөөд хөдөлгөж болохгүй, толгой эргээд байсан болохоор тэнд байсан хүмүүсийн яриаг сонсох чадваргүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Чийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зулайн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 244 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.П тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь жолооны үнэмлэхтэй эсэх лавлагаагаар тогтоогдсон болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Пын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч О.П нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах болохыг дурдсан байна. хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.П нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж заажээ.
Шүүгдэгч О.П нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх бөгөөд шүүгдэгч О.Пын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөртэй холбогдуулан эмчилгээ хийлгэсэн гэх 8.275.788/найман сая хоёр зуун далан таван мянга долоон зуун наян найм/ төгрөгийн баримт ирүүлсэн тул уг хохирлыг шүүгдэгч О.Паас гаргуулан хохирогчид Д.Чт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан 1339825 дугаар бүхий жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.Пд буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Оийн Пыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Паас 8.275.788/найман сая хоёр зуун далан таван мянга долоон зуун наян найм/ төгрөгийг гаргуулан, хохирогч Архангай аймгийн ......... оршин суух хаягтай, Оцгор овогт Дагвагийн Ч/РД:АЙ.........../-т, 200.00/хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан Улаанбаатар хотын ............. тоотод оршин суух хаягтай, иргэний нэхэмжлэгч Сумчынхан овогт Цэгмидийн Э/РД:АЗ............../-д тус тус олгосугай.
4. Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 1339825 дугаар бүхий жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.Пд буцаан олгосугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР