Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2022/0004/Э |
Дугаар | 2022/ШЦТ/37 |
Огноо | 2022-01-18 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/37
2022/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Хохирогч: Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: П.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пгийн Оөд холбогдох эрүүгийн 2112000000301 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Идэр-Живаа ХХК-нд барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, энхэр хүүхдийн хамт, Архангай аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааныг баримтлан дээрх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож байсан, Б овогт Пгийн О/РД:АА.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.О нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 54-40 АРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7.А-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Г.Аийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Бид хамт ажилдаг байсан. Тэгээд хамт архи уугаад П.Оийг миний дүү булаг руу яваад ирье гэж хэлээд хамт явж байгаад тэгээд ийм зүйл болсон. Би дунд чөмгийн хагалгаанд орсон. Миний эмчилгээний болон хагалгааны зардлыг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, бид 2 хоорондоо тохиролцсон...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2112000000301 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Аийн өгсөн:
“...Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10, 11 цагийн үед захаар хүнсний зүйл цуглуулж явж байхад П.О над руу залгахаар нь унаагүй явж байгаа учир хүнсээ дөхүүлүүлдэг юм бил үү гэж ярихад яваад очих уу гээд зах дээр ирсэн. Тэгээд бид хоёр манайд авсан юм аа үлдээчихээд өмнө нь хамт ажилладаг байсан болохоор хамт нэг газар суухаар болж Арвис орж 2 цаг караокед нь дуулж 0.75 литртэй Чингис нэртэй архи, пиво зэргийг авч уусан. Тэгээд П.О нь өөрийн найз Б.Пыг дуудаж бид 3 Тамир хорооллын зүг рүү явж Б.П нь хүнээс юм авна гээд очсон, буцаж манай гадаа ирэхэд Б.П нь 0.75 литртэй 1 шил архи, том пиво авчихсан байхаар нь бид 3 манай гадаа П.Оийн Приус-20 маркийн 54-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь сууж тухайн архиа уусан. Тэгээд сууж байтал нэлээн согтоод нэг мэдсэн П.О хөдлөөд хойш давхиж яваад гэнэт л асфальтан замын төгсгөл дээр тоормос гишгэх шиг болсон, тэгээд осол болсон. Нэг мэдсэн би ухаан алдсан, сэрэхэд цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн байсан. Тэгээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. П.О жолоодож явсан. Би хойд суудал дээр, Б.П урд суудал дээр, П.О жолоо бариад явж байсан. Миний дунд чөмөг хугарсан. Үүнээс болж гэмтлийн эмнэлэгт миний бие дунд чөмөгний хүзүү хэсэгт жижиг протези суулгах хагалгаа хийлгэж эмчлүүлсэн. Миний бие тухайн ослын улмаас биедээ хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан. Үүнээс болж ажил хийж чадахгүй, гэрээсээ ганцаараа ажил хийдэг байсан болохоор хүнд байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 87-90 дүгээр тал/
*Гэрч Б.Мгийн өгсөн:
“...Приүс-20 маркийн 54-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай нөхөр П.О бид хоёрын дундын буюу манай гэр бүлийн өмч юм. Бид хоёр дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа миний нэр дээр авч байсан юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дээрх тээврийн хэрэгсэл нь нөхөр П.О бид хоёрын өмч учир надад иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй. Бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа, удахгүй батлуулна, уг нь албан ёсны гэр бүл юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 135-136 дугаар тал/
*Гэрч Б.Пын өгсөн:
“...Намайг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагиин үед ажил дээрээ байж байхад манай найз П.О над руу залгаад “уулзаагүй удсан байна уулзах уу” гэж асуусан, тэгээд би түүнтэй уулзахаар болоход П.О нь Приус-20 маркийн цагаан өнгийн 54-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Г.А гэх үл таних хүнтэй явж байсан. Тухайн үед П.О, Б.А нар нь бага зэрэг уусан бололтой сууж байсан. Тэгээд бид 3 тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын гудамжинд Г.А гэх хүнийг хүргэж өгөх гэж байгаад түүний гудамжинд очоод П.Оийн унаж явсан машинд Экс нэртэй 0.5 литртэй архийг хувааж уусан. Тэгтэл гэнэт П.О машинаа асаагаад 2.5 литртэй пиво үлдсэн байсан болохоор Булган уулын зүүн суга орчим руу голын эрэг дээр очиж ууя гээд явж байтал засмал зам дуусаад шороон зам залгаад явж байтал гэнэт үерийн шуудууны ухмал нүх рүү тээврийн хэрэгсэлтэйгээ орж осолдсон. Манай найз П.О жолоодож явсан. Би согтсон, мөн ард сууж явсан Г.А гэх хүнтэй нь ойр зуурын юм яриад явж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай П.О тухайн үед Г.А гэх хүн бид хоёртой 1 шил архи хувааж уусан байсан. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19, 20 цагийн орчимд болсон байна. Би уг дүгнэлттэй танилцсан надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-140 дүгээр тал/
*Яллагдагч П.Оийн өгсөн:
“...Би өөрийн үйлдлээ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 99-100 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай:
“...Иргэн П.Оийн гэх цусанд 1.4 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээр тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаартай“...Г.Аийн биед зүүн дунд чөмөг ясны толгой, хүзүү хэсгийн үен доторх далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр тал/
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаартай:
“...54-40 АРХ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жич: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Б.Отгонжаргалын 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтэд Иргэн П.Оийн гэх цусад 1,4 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. Жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Фото зураг болон схем зурган дээр 54-40 АРХ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн дугуйн тоормосны гэх ямар нэгэн ул мөр байхгүй байгаа тул жолооч П.О нь зам тээврийн осол гаргахаасаа өмнө нь автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй байна. 54-40 АРХ улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Жолооч П.О /АА96010511/ нь А,В ангиллын 933668 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 90 дүгээр тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийн 2-7 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 54-40 АРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7.А-д заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Оийн согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч П.О 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 54-40 АРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт өдөр үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Аийн”...Тэгээд П.О нь өөрийн найз Б.Пыг дуудаж бид 3 Тамир хорооллын зүг рүү явж Б.П нь хүнээс юм авна гээд очсон, буцаж манай гадаа ирэхэд Б.П нь 0.75 литртэй 1 шил архи, том пиво авчихсан байхаар нь бид 3 манай гадаа П.Оийн Приус-20 маркийн 54-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь сууж тухайн архиа уусан. Тэгээд сууж байтал нэлээн согтоод нэг мэдсэн П.О хөдлөөд хойш давхиж яваад гэнэт л асфальтан замын төгсгөл дээр тоормос гишгэх шиг болсон, тэгээд осол болсон. Нэг мэдсэн би ухаан алдсан, сэрэхэд цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн байсан. Тэгээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. П.О жолоодож явсан. Би хойд суудал дээр, Б.П урд суудал дээр, П.О жолоо бариад явж байсан. Миний дунд чөмөг хугарсан. Үүнээс болж гэмтлийн эмнэлэгт миний бие дунд чөмөгний хүзүү хэсэгт жижиг протези суулгах хагалгаа хийлгэж эмчлүүлсэн. Миний бие тухайн ослын улмаас биедээ хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн”...Приүс-20 маркийн 54-40 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай нөхөр П.О бид хоёрын дундын буюу манай гэр бүлийн өмч юм. Бид хоёр дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа миний нэр дээр авч байсан юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пын”...Тэгээд бид 3 тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын гудамжинд Г.А гэх хүнийг хүргэж өгөх гэж байгаад түүний гудамжинд очоод П.Оийн унаж явсан машинд Экс нэртэй 0.5 литртэй архийг хувааж уусан. Тэгтэл гэнэт П.О машинаа асаагаад 2.5 литртэй пиво үлдсэн байсан болохоор Булган уулын зүүн суга орчим руу голын эрэг дээр очиж ууя гээд явж байтал засмал зам дуусаад шороон зам залгаад явж байтал гэнэт үерийн шуудууны ухмал нүх рүү тээврийн хэрэгсэлтэйгээ орж осолдсон. Манай найз П.О жолоодож явсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Аийн биед зүүн дунд чөмөг ясны толгой, хүзүү хэсгийн үен доторх далд хугарал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 395 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч П.О нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай“...Иргэн П.Оийн гэх цусанд 1.4 промиль спиртийн зүйл илрэв...” гэх дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.О нь согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч П.Оийг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ эмчилгээний зардалд шүүгдэгчээс 2.650.000 төгрөгийг авсан талаар мэдүүлсэн, цаашид шүүгдэгчид гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг авах талаар шүүгдэгчтэй тохиролцсон гэж мэдүүлсэн тул шүүгдэгч П.Оийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн харин хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд заах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.О нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлын хувьд бага насны хоёр хүүхэдтэй эхнэр, байнгын асаргаа шаардлагатай эхийн хамт амьдардаг, эхнэр нь 2 сартай хүүхдээ харан гэртээ байдаг, шүүгдэгч П.О нь эрхэлсэн тодорхой ажилтай, тухайн ам бүлээс ганцаараа ажил эрхэлдэг талаар холбогдох нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оөд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солохыг тайлбарлаж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 933688 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пгийн Оийг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч П.Оөд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан шүүгдэгчийн 933668 дугаар бүхий жолооны үнэмлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР