Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

                             

               2022/ШЦТ/44

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 
Шүүгдэгч: С.М 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Мад холбогдох эрүүгийн 2112000000337 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ............ газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэн харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Сын М/РД:АЖ............../ 

                           Холбогдсон хэргийн талаар:  

  Шүүгдэгч С.М нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг, Харанхуй жалга гэх газарт суух иргэн З.Гийн 3 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2112000000337 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            *Хохирогч З.Гийн өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багт оршин суудаг малчин айл юм. 2020 оны хавар манай хаваржаа тус багийн нутаг дэвсгэрт байрлах Харанхуй жалга гэх газарт байрладаг өөрийн өвөлжөөн дээрээ нутаглаж байсан.  2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн үхэр малаа хотондоо ойрхон хурааж, эмхлээд гэрийн ойролцоо хонуулсан. Манай үхэр мал бүрэн байсан маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би үхрээ бүртгээд үзэхэд манай үхэр дотроос “Улаан зүсмийн охин бяруу” алдагдсан байсан би бяруугаа гэрийн ойр хавьд эрж хайгаад олдоогүй юм. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн үхэр малаа хотондоо ойрхон хурааж, эмхлээд гэрийн ойролцоо хонуулсан. Манай үхэр мал бүрэн байсан маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би үхрээ бүртгээд үзэхэд манай дотроос нь “Сартай хар зүсмийн гунж үхэр” алдагдсан байсан. Би алга болсон цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээгээ гэрийн ойр хавьд эрж хайгаад олдоогүй юм. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн үхэр малаа хотондоо ойрхон хурааж, эмхлээд гэрийн ойролцоо хонуулсан тэгэхэд манай үхэр мал бүрэн байсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 07:05 цагийн үед би үхрээ бүртгээд үзэхэд манай үхэр гэрийн ойролцоо бэлчээрт байсан харин дотроос нь “Цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээ” алдагдсан байсан. Би алга болсон цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээгээ гэрийн ойр хавьд эрж хайгаад олдоогүй юм. Би алдагдсан 3 үхрээ эрж хайгаад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр өдөр Өгийнуур сумын Шорвог нуурын ойролцоо айлуудын үхэр сүрэг дотор шүүж үзэхэд манайхаас хулгайд алдагдсан цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээ, сартай хар зүсмийн гунж үхэр хоёр айлын үхэр дотор зүсээрээ байж байсан. Тухайн хоёр тооны үхрээ би хараад таньсан учраас хэн гэдэг айлын үхэр гэдгийг нь мэдэж авах гээд уулын нөмөрт дурандаад сууж байтал Ма гэх хүний эхнэр нь тэр үхрүүдийг туугаад гэртээ очсон. Би тэрний араас Ма гэх айлд очиж 2 тооны үхрээ аваад буцаад гэртээ авчирч үхэр сүрэгт нь нийлүүлж тавьсан. Эргэж ирээд Матай уулзаад чи яагаад манай үхрүүдийг хулгай хийсэн юм бэ ? гэж асуухад Ма надад “Би танай үхэрүүдийг ачаад аваад ирсэн авсан нь үнэн ямар нэгэн шалтгаан байхгүй” гэж хэлсэн. Мад би танайхаас 2 тооны үхрээ зүсээр нь авчихлаа өмнө нь алга болсон улаан охин бяруу хаана байна гэж асуухад тэр бяруу байхгүй гээд байсан.  Тэгэхээр нь би чамаас өөр хүн аваагүй ар араасаа алга болсон 2 үхэр нь танайд зүсээрээ байна гэж хэлтэл Ма надад миний улаан бярууны оронд хар зүсмийн охин бяруу өгсөн би тэр бярууг мөн адил авсан өөр нэг их зүйл яриагүй.  Бүтэн нэрийг нь би мэдэхгүй байна хүмүүс Ма гэж дууддаг. Би хурдан морь уядаг, моринд их сонирхолтой хүн байгаа юм Ма мөн адил моринд дуртай учраас хурдан морь уралдах болон хурдан морь бэлдэх ажлын үеэр уулздаг таардаг байсан болохоор таньдаг болсон хүн. Ямар нэгэн шалтгаан хэлээгүй, хулгайлсан нь үнэн л гэж хэлсэн. Би үхрээ хайж байгаад тэдний үхэр дотор шүүж үзээд мэдсэн. 50 орчим км зайтай байдаг. Магийн үхрээс шүүж үзээд 2020 оны 03 дугаар сарын 17, 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус алга болсон 2 тооны үхрээ олж авсан. Харин 03 дугаар сарын 02-ны өдөр алдсан улаан зүсмийн охин бяруугаа олоогүй. Би тухайн үед нааш цаашаа явсан бензин тосны зардалдаа Магаас 1 тооны хар халзан зүсмийн үнээ өөрийн үхрүүд дээрээ нэмж авсан одоо надад гомдол санал байхгүй.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.Цавь цагаан нас нийлсэн үнээгээ 1.000.000 төгрөгөөр, Сартай хар зүсмийн гунж үхрээ 800.000 төгрөгөөр, Улаан охин бяруугаа 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би үхрүүдээ олоод авчихсан цагдаа нарт хэлээгүй юм. Одоо тухайн үхрүүдээс хар зүсмийн гунж үхэр нь том үнээ болчихсон манайд байгаа бусад нь хэл ам дагуулсан үхрүүд гэж бодоод бүгдийг нь махлаад зарсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/

*Хохирогч З.Гийн дахин өгсөн:
“...Би өөрийнхөө алдсан 3 тооны үхрээс 2 тооны үхрийг нь Магийн үхэрт байхад нь олж аваад түүнтэй уулзаж ярилцаад алдсан 2 үхрээ зүсээр нь байхгүй байгаа нэг үхрийнхээ оронд хар зүсмийн охин бяруу, эрж хайсан зардалдаа 1 үхэр авахаар болж тохироод буцсан харин Ма миний араас хулгай хийсэн манай 2 үхэр, төлбөрийн 2 тооны үхрээ өөрөө машинтай ачиж манай гэрийн гадаа буулгаж өгөөд явсан. Тэгээд саяхан над уруу Ма утсаар яриад цагдаа нар нөгөө үхрүүдийн асуудлаар ирээд надтай уулзаад явлаа наагуур чинь юу болоод байгаа юм гэж надаас асуусан би тэгэхээр нь түүнд тэр талаар надад мэдэх юм алга гэж хэлсэн түүнээс өөр зүйл болоогүй. Одоогоос хэдэн жилийн өмнө манай хүүхдийн үсний найр болоод Ц.У ахынх манай хүүг охин бяруугаар мялаасан бөгөөд тухайн бяруу нь өнгөрсөн жил хулгайд алдсан цавь цагаан алаг зүсмийн гунж болсон байж байгаад хулгайд алдсан юм. Мөн намайг үхэр хайхад тусалсан манай эхнэрийн дүүгийн нөхөр болох Ч.Бийнд манайд Магийнхаас төлбөрт ирсэн 2 тооны үхрээс нь нэг бярууг нь өгсөн.  Манай үхэр энэ намар ганц сартай хар зүсмийн гунж л амьд байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн гунжаа идшинд идэхээр гаргаж янзалсан ба одоо толгой, арьс шир нь л байгаа түүнийгээ цагдаагийн байгууллагад үзүүлье. Тус бяруу нь 2018 оны хавар тугалсан тугал бөгөөд 2020 оны хавар ногоо идсэн бол шүдлэн гунж болох насны үхэр байсан харин 2020 онд ногооноос өмнө хулгайд алдсан тул бяруу гэж мэдүүлсэн. 2017 оны хавар тугалсан тугал бөгөөд 2020 онд ногоо идсэн бол хязаалан настай болох байсан харин хулгайд алдах үед бол шүдлэн настай гунж байсан. Нас нийлсэн монголын үнээ байсан. Би өөрийнхөө алдсан малын төлбөрийг бүрэн авсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй учир нь манай эхнэрийн бие тааруу Улаанбаатар хот уруу эмчилгээнд явсан манайх ганц гэрээрээ би гэртээ ганцаараа хэдэн малаа харж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

*Гэрч Б.Пгийн өгсөн:
“...Би эхнэртэйгээ гэр бүл болоод л Архангай аймгийн Өгийнуур суманд 10 гаруй жил амьдарч байна. Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Шорвог гэх газар орчимд нутагладаг С.М гэх залууг нутгийн хүмүүс Мөнгөн батаа гэх нэрээр дууддаг, түүнээс өөр тус суманд Мөнгөн батаа гэх хочтой хүн байхгүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

*Гэрч Ц.Уын өгсөн:
“...2020 оны хавар 04 дүгээр сарын эхээр З.Г 3 тооны үхэр дарааллаад ар араас нь алдсан, хайгаад явж байгаад Өгийнуур сумаас олж авсан гэсэн. З.Гийн 3 тооны үхэр нь нэг нэгээрээ ар араасаа ойрхон хулгайд алдагдсан байсан. Тэр хулгайд алдсан 3 үхэр дотор нь миний З.Гийн хүүхдийн үсний найранд бэлэглэсэн цавь цагаан алаг зүсмийн үнээ байсан гэсэн. Энэ талаар З.Гийн эхнэр надад уйлаад үхэр малаа алдчихлаа гэж хэлж байсан. Өгийнуур сумаас буцааж үхрүүдээ олж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар тал/

*Гэрч Ц.Нийн өгсөн:
“...2020 оны хавар З.Г Харанхуй жалга гэх газарт нутаглаж байхдаа 3 сар, 4 сарын үеэр 3 тооны үхэр дараалаад алдсан. Тухайн үед тэдний 3 үхэр ойр ойрхон нэг нэгээрээ алдагдаад болохоо байсан учраас араа нь үхрээ эрж явсан. Гэтэл тухайн үед 4 сарын дундуур З.Г үхрээ хайж явж байгаад 3 тооны үхрээс нь хоёр нь айлын үхэр дотор зүсээрээ байна тэр үхрүүдийг дагаад айлд нь очих гэж байна гэж надтай бүр яг тэр үедээ утсаар ярьж байсан. Дараа нь З.Г Өгийнхуур сумаас Ма гэж дууддаг С.Маас алдсан 3 үхрийнхээ 2 үхрийг нь зүсээр нь олж аваад авчирсан байсан. Тухайн 3 үхрүүд нь хар зүсмийн үхэр, улаан зүсмийн үхэр зэрэг үхрүүд байсан. С.Мын гэрээс авчирсан үеэс хойш тэр хар зүсмийн үхэр нь турж муудаад тэжээж онд оруулж байсан. Дараа нь учрыг нь сонсоход надад хуучилж ярихдаа Ма гэж айлаас очиж авсан хайж, хайж айлын үхэрт нь байхаар нь олж авлаа үхрүүдийг нь дагаад явахад Ма буюу С.М гэх айлаас олж авсан, орж уулзаад үхрээ аваад ирлээ гэж байсан. Өгийнуур сумын С.М гэх айлаас үхрээ авахад нь З.Г нь манай нутгийн Ч.Б гэх залуутай хамт явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 дугаар тал/,

* Гэрч А.Сын өгсөн:
“...2020 оны хавар 3-4 сарын орчимд манай хүргэн ах болох З.Гийнх удаа дараа үхрээ хулгайд алдсаар байгаад нийт 3 тооны үхэр алдсан гэж байсан. Би алдсан үхрийнх нь им, зүсийг нь мэдэхгүй. Гэхдээ үхэр алдсныхаа дараахан манай 1 бяруу хулгайд алдаад манай нөхөр болох Ч.Б нь З.Г ахын хамт алдсан малынхаа эрэлд явсан. Тэгсэн манай нөхөр эрэлд яваад буцаад ирэхдээ Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Шорвог гэх газар нутагладаг С.М буюу М гэх айлын үхрээс З.Г ах алдсан 3 үхрээсээ 2 үхрийг нь амьдаар нь оллоо манайх олдсонгүй гэж ирсэн. Түүний дараа З.Г ах үхэр хулгай хийсэн гэх С.Мынхаас төлбөрөө авсан гээд 3-4 хоногийн дараа манай нөхрийг эрэлд хамт явсан гээд хар зүсмийн, охин бяруу өгсөн. Тухайн хар зүсмийн бярууг нь саяхан махалж янзлаад зарж борлуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/ 

*Гэрч Ч.Бийн өгсөн: 
“...2020 оны 03, 04 сарын үед З.Г нэг нэгээр нь 3 үхэр дараалаад ар араас нь алдсан. З.Г бид хоёр хулгайд юм аа алдаад арай хэтэрлээ ойроос аваад байна гэж бодоод З.Гийн 3 тооны үхрийг нь хамт явж хайсан. Бид хоёр үхрээ хайгаад Өгийнуур сумын Ма гэх айлд очсон. Тэдний үхэрт З.Гийн алдсан 3 тооны үхрийн хоёр нь зүсээрээ байсан. З.Г өөрийн ах Дыг дуудаад З.Д эхнэр Ц.Нтэйгээ хамт ирсэн. Ма бид нарт энэ үхрүүдийг авчихсан юм гэж ярьсан. Бид хоёр нааш цаашаа явсан бензин тосны зардалдаа хар зүсмийн охин бяруу нэмж Ма гэх хүнээс аваад нийт 4 тооны үхэр аваад ирсэн. Тухайн 4 тооны үхрийн 2 тооны үхэр нь З.Гийн үхэр зүсээрээ байсан, харин З.Гийн нэг тооны үхрийн оронд нь 1 үхэр өгөөд бензин тосны мөнгөнд нь нэмээд 1 үхэр өгсөн. Бид нар үхрээ аваад эргээд ирсэн. Тэр үхрийг махлаад зарсан, 2021 оны намар зарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-50 дугаар тал/ 

* Гэрч Ц.Нн өгсөн:
“…З.Г 2020 оны 03, 04 сард нийт 3 үхэр ар араасаа алдсан. Цувуулж алдаад үхрээ хайгаад Өгийнуур сумын С.М гэдэг айлаас үхрүүдээ олсон. З.Г үхрүүдээ олоод бид нарыг утсаар дуудсан. Бид нар очоод уулзсан үхрүүдийг нь үзэхэд манай үхрүүд мөн байсан. Тухайн үхрүүд нь З.Гийн эзэмшлийн үхрүүд байсан. Бид нар очоод үхрүүдээ аваад Төвшрүүлэх суманд авчирсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/,

*Гэрч З.Дын өгсөн:
“...З.Г 2020 оны 03, 04 саруудад 3 тооны үхэр бэлчээрээсээ алдсан. Тухайн 3 үхэр нь нэг нэгээрээ, ар араасаа алдагдсан. Удалгүй Чөдөр үхрүүдээ хайж явж байгаад Өгийнуур сумаас оллоо гээд над руу утсаар ярьсан. Би яваад очиход Өгийнуур сумын Ма гэж дууддаг С.М гэх айлд З.Гийн алдсан 3 үхрийн хоёр нь зүсээрээ байсан. З.Г улаан зүсмийн охин бяруу, цавь цагаан алаг зүсмийн үнээ, хар зүсмийн гунжин үхэр алдсан. З.Гийн очсон айл нь Өгийнуур сумын Ма гэх нэртэй С.М гэх айл байсан. Тухайн үед 4 сарын дундуур байсан. Одоогоор дээрх үхрүүдээс үлдсэн үхэр байхгүй байна. Өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 17-ны өдөр З.Гийн хулгайд алдсан 4 үхрийн 1 үхрийг нь идшинд идсэн. Энэ нь Чөдөрийн хулгайд алдаад буцааж авчирсан сартай хар зүсмийн хязаалан насны гунж үхэр байсан. Одоо махлаад янзалсан байна толгой, арьс нь байгаа. Намайг очиход энэ үхрүүд манай үхэрт ирээд нийлсэн байсан  гэж тайлбарлаж байсан. З.Г бид хоёр морь малын захаас уяж хурдлуулдаг учраас С.Мтай уулзаж танилцаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 дугаар тал/,

* Гэрч С.Мын өгсөн: 
“...Нутгийн хүнээс дам яриа сонсоход З.Г 2020 оны хавар үхэр хулгайд алдаад тухайн үхрүүдийг нь Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн С.М буюу Мөнгөн батаа гэж дууддаг залуу авсан байсан ба буцаад үхэр мал, төлбөр мөнгийг нь өгсөн гэж сонссон. Түүнээс нарийн мэдэх зүйл байхгүй байна. Өнгөрсөн жил З.Гийг үхрээ алдаад буцаад олоод төлбөр мөнгөө авсан талаар нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

* Гэрч С.Отгонжаргалын өгсөн.
“...2020 оны хавар З.Гийн эхнэр болох А.Н нь нэг нэгээр нь 3 үхэр хулгайд алдчихлаа бүр тугалыг нь хүртэл үлдээгээд аваад явсан байна гээд хүмүүст яриад уйлаад байсан гэж сонссон. Түүний дараахан хулгайд алдсан 3 тооны үхрийнхээ 2 тооны үхрийг нь олсон, үлдсэн үхрийнхээ төлбөрийг авсан гэж сонсогдсон түүнээс биш яг ямар хүнээс төлбөр мөнгө авсан, ямар үхэр алдсан талаар нарийн зүйлийг мэдэхгүй байна. 3 үхэр алдаад олоод хохирол мөнгөө авсан гэж манай нөхөр болох Ц.Н ярьж байсан. З.Гийнх цөөнгүй жил мал маллаж байгаа бөгөөд мал идээ боломжийн айл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр/,

*Яллагдагч С.Мын өгсөн: 
“...Би 2020 оны 03 дугаар сарын дундуур хавьцаа байх өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг Шорвог гэх газар малаа маллаад явж байхдаа үхэр малынхаа араас буюу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт Иржингийн өвдөг гэх газар санагдаж байна тэр хавьцаа явж байтал манай үхэр мал бэлчиж байсан. Тухайн үед үхэр малаа хураах үед манай үхэрт хар зүсмийн бяруу, улаан халзан зүсмийн шүдлэн гунж зэрэг нь нийлсэн байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ туугаад аваад явсан. Тэгтэл 20 гараад хоногийн дараа Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн иргэн З.Г манайд, үл таних нэг залуугийн хамт хоёулаа ирээд манай алдагдсан үхэр, танай үхэрт байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үхрээ авна гэхээр нь би түүнд аваачиж өгч байсан. Мөн тухайн үедээ З.Г нь 3 үхэр алдсан гээд байсан учир би түүнд нэмж өөрийн өмчийн хар зүсмийн бяруу нэмж өгч байсан. Би тухайн хар зүсмийн бяруу, улаан халзан зүсмийн шүдлэн гунж зэргийн нас, зүсийг нь л санаж байна. Бусдыг нь мэдэхгүй байна. Тухайн үед З.Г болон түүний эхнэр нь 3 тооны үхрээ алдсан талаар хэлээд, нэхээд байхаар нь миний бие нэмж өөрийн бяруунаасаа өгсөн. Надад өөр нэмж өгсөн үхэр, мал байхгүй. Дээрх газрууд нь хоорондоо 16, 17 километр зайтай юм. Би өөрийн өмчлөл, эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклтой явж байсан. Миний улаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл нь одоо надад манай гэрийн гадаа байгаа. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би ял шийтгүүлж байгаагүй. Би З.Г гэх хүнийг танина, бид хоёр хоёулаа морь, мал уядаг учраас нэгнээ таньдаг, баяр наадмаар таардаг байсан. Садан төрлийн холбоо байхгүй. З.Гийнх тухайн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг, Харанхуй жалга гэх газар нутаглаж байсан. З.Г манай хоёрынх хоорондоо 17, 18 километр зайтай юм. Тухайн газруудад нь бараг ойролцоо шахуу газар юм 5, 6 орчим километр зайтай байж магадгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-88 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 143 дугаартай: “...Монголын нас нийлсэн үнээний зах зээлийн дундаж үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 1.000.000/нэг сая/ төрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 11 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 145 дугаартай: “...Монголын бярууны зах зээлийн дундаж үнэлгээг 2020 оны 03 дугаар сарын байдлаар 350.000/гурван зуун тавин мянга/  төрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 122 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 144 дугаартай: “...Монголын шүдлэн гунжны зах зээлийн дундаж үнэлгээг 2020 оны 03 дугаар сарын байдлаар 600.000/зургаан зуун мянга/ төрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 207 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 162 дугаартай: “...Мустанг-5 маркийн хуучин мотоциклийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 300.000/гурван зуун мянга/ төрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 52 дугаар тал/ 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
    Гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг, Харанхуй жалга гэх газраас иргэн З.Гийн 3 тооны үхрийг хулгайд алдагдаж, түүнд 1.950.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.М үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Гийн“...2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн үхэр малаа хотондоо ойрхон хурааж, эмхлээд гэрийн ойролцоо хонуулсан. Манай үхэр мал бүрэн байсан маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би үхрээ бүртгээд үзэхэд манай үхэр дотроос “Улаан зүсмийн охин бяруу” алдагдсан байсан би бяруугаа гэрийн ойр хавьд эрж хайгаад олдоогүй юм. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн үхэр малаа хотондоо ойрхон хурааж, эмхлээд гэрийн ойролцоо хонуулсан. Манай үхэр мал бүрэн байсан маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би үхрээ бүртгээд үзэхэд манай дотроос нь “Сартай хар зүсмийн гунж үхэр” алдагдсан байсан. Би алга болсон цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээгээ гэрийн ойр хавьд эрж хайгаад олдоогүй юм. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн үхэр малаа хотондоо ойрхон хурааж, эмхлээд гэрийн ойролцоо хонуулсан тэгэхэд манай үхэр мал бүрэн байсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 07:05 цагийн үед би үхрээ бүртгээд үзэхэд манай үхэр гэрийн ойролцоо бэлчээрт байсан харин дотроос нь “Цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээ” алдагдсан байсан. Би алга болсон цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээгээ гэрийн ойр хавьд эрж хайгаад олдоогүй юм. Би алдагдсан 3 үхрээ эрж хайгаад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр өдөр Өгийнуур сумын Шорвог нуурын ойролцоо айлуудын үхэр сүрэг дотор шүүж үзэхэд манайхаас хулгайд алдагдсан цавь цагаан зүсмийн хоёр чих нь ар талаасаа догол имтэй үнээ, сартай хар зүсмийн гунж үхэр хоёр айлын үхэр дотор зүсээрээ байж байсан. Тухайн хоёр тооны үхрээ би хараад таньсан учраас хэн гэдэг айлын үхэр гэдгийг нь мэдэж авах гээд уулын нөмөрт дурандаад сууж байтал Ма гэх хүний эхнэр нь тэр үхрүүдийг туугаад гэртээ очсон. Би тэрний араас Ма гэх айлд очиж 2 тооны үхрээ аваад буцаад гэртээ авчирч үхэр сүрэгт нь нийлүүлж тавьсан. Эргэж ирээд Матай уулзаад чи яагаад манай үхрүүдийг хулгай хийсэн юм бэ ? гэж асуухад Ма надад “Би танай үхэрүүдийг ачаад аваад ирсэн авсан нь үнэн ямар нэгэн шалтгаан байхгүй” гэж хэлсэн. Мад би танайхаас 2 тооны үхрээ зүсээр нь авчихлаа өмнө нь алга болсон улаан охин бяруу хаана байна гэж асуухад тэр бяруу байхгүй гээд байсан.  Тэгэхээр нь би чамаас өөр хүн аваагүй ар араасаа алга болсон 2 үхэр нь танайд зүсээрээ байна гэж хэлтэл Ма надад миний улаан бярууны оронд хар зүсмийн охин бяруу өгсөн би тэр бярууг мөн адил авсан өөр нэг их зүйл яриагүй.  Бүтэн нэрийг нь би мэдэхгүй байна хүмүүс Ма гэж дууддаг. Би хурдан морь уядаг, моринд их сонирхолтой хүн байгаа юм Ма мөн адил моринд дуртай учраас хурдан морь уралдах болон хурдан морь бэлдэх ажлын үеэр уулздаг таардаг байсан болохоор таньдаг болсон хүн. Ямар нэгэн шалтгаан хэлээгүй, хулгайлсан нь үнэн л гэж хэлсэн. Би үхрээ хайж байгаад тэдний үхэр дотор шүүж үзээд мэдсэн. 50 орчим км зайтай байдаг. Магийн үхрээс шүүж үзээд 2020 оны 03 дугаар сарын 17, 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус алга болсон 2 тооны үхрээ олж авсан. Харин 03 дугаар сарын 02-ны өдөр алдсан улаан зүсмийн охин бяруугаа олоогүй. Би тухайн үед нааш цаашаа явсан бензин тосны зардалдаа Магаас 1 тооны хар халзан зүсмийн үнээ өөрийн үхрүүд дээрээ нэмж авсан одоо надад гомдол санал байхгүй.  Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пгийн“...Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Шорвог гэх газар орчимд нутагладаг С.М гэх залууг нутгийн хүмүүс Мөнгөн батаа гэх нэрээр дууддаг, түүнээс өөр тус суманд Мөнгөн батаа гэх хочтой хүн байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Уын“...2020 оны хавар 04 дүгээр сарын эхээр З.Г 3 тооны үхэр дарааллаад ар араас нь алдсан, хайгаад явж байгаад Өгийнуур сумаас олж авсан гэсэн. З.Гийн 3 тооны үхэр нь нэг нэгээрээ ар араасаа ойрхон хулгайд алдагдсан байсан. Тэр хулгайд алдсан 3 үхэр дотор нь миний З.Гийн хүүхдийн үсний найранд бэлэглэсэн цавь цагаан алаг зүсмийн үнээ байсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нийн”...2020 оны хавар З.Г Харанхуй жалга гэх газарт нутаглаж байхдаа 3 сар, 4 сарын үеэр 3 тооны үхэр дараалаад алдсан. Гэтэл тухайн үед 4 сарын дундуур З.Г үхрээ хайж явж байгаад 3 тооны үхрээс нь хоёр нь айлын үхэр дотор зүсээрээ байна тэр үхрүүдийг дагаад айлд нь очих гэж байна гэж надтай бүр яг тэр үедээ утсаар ярьж байсан. Дараа нь З.Г Өгийнхуур сумаас Ма гэж дууддаг С.Маас алдсан 3 үхрийнхээ 2 үхрийг нь зүсээр нь олж аваад авчирсан байсан. Тухайн 3 үхрүүд нь хар зүсмийн үхэр, улаан зүсмийн үхэр зэрэг үхрүүд байсан. С.Мын гэрээс авчирсан үеэс хойш тэр хар зүсмийн үхэр нь турж муудаад тэжээж онд оруулж байсан. Дараа нь учрыг нь сонсоход надад хуучилж ярихдаа Ма гэж айлаас очиж авсан хайж, хайж айлын үхэрт нь байхаар нь олж авлаа үхрүүдийг нь дагаад явахад Ма буюу С.М гэх айлаас олж авсан, орж уулзаад үхрээ аваад ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бийн”...2020 оны 03, 04 сарын үед З.Г нэг нэгээр нь 3 үхэр дараалаад ар араас нь алдсан. З.Г бид хоёр хулгайд юм аа алдаад арай хэтэрлээ ойроос аваад байна гэж бодоод З.Гийн 3 тооны үхрийг нь хамт явж хайсан. Бид хоёр үхрээ хайгаад Өгийнуур сумын Ма гэх айлд очсон. Тэдний үхэрт З.Гийн алдсан 3 тооны үхрийн хоёр нь зүсээрээ байсан. З.Г өөрийн ах Дыг дуудаад З.Д эхнэр Ц.Нтэйгээ хамт ирсэн. Ма бид нарт энэ үхрүүдийг авчихсан юм гэж ярьсан. Бид хоёр нааш цаашаа явсан бензин тосны зардалдаа хар зүсмийн охин бяруу нэмж Ма гэх хүнээс аваад нийт 4 тооны үхэр аваад ирсэн...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан шинжээч А.Бямбажавын 143, 144, 145, дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Шүүгдэгч С.Мын өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг ашиглан хохирогч З.Гийн 3  тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь  бусдын олон тооны малыг машин механизм ашигласан хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 
           Иймд шүүхээс шүүгдэгч С.Мыг машин механизм ашиглан, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
   Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Г нь 3 тооны үхрээ алдаж түүнд 1.950.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч З.Г нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заасан байна. Шүүгдэгч С.М нь  2020 оны 03 дугаар сарын 02-ноос 04 дүгээр сарын 05-ны хооронд машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн  төлсөн болно. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Сын Мыг машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад оногдуулсан 2 /хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
     
             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн дүйцүүлэн сольсугай. 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс явахыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаанд хориглосугай.
     
             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             7. Шүүгдэгч С.Мад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 79 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч С.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300.000/гурван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хураан улсын орлого болгосугай. 

          9. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР