Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 921

 

    Д.Э, Б.С нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч Д.Э, Б.С,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Э, Б.С нарт холбогдох эрүүгийн 1806037911245 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Х овгийн Д-н Э, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутал загвар зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .......... аймгийн ......... сумын 3 дугаар баг, ....дэнж 4 дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/,

          2. Ш овгийн Б-н С, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр ..... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ......... аймгийн ....... сумын 2 дугаар баг, ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......... дүүргийн 5 дугаар хороо, ... .... ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../,

Д.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан хотхоны 14-51 тоотод иргэн Н.М-ын гэрээс гарахдаа “Самсунг эс-5” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан авч, картнаас 5.505.500 төгрөг авч, нийт 5.654.300 төгрөгийн хохирол учруулсан,

Б.С  нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан хотхоны 14-51 тоотод иргэн Н.М-н гэрээс гарахдаа Д.Э  нь “Самсунг эс-5” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан авсан гэдгийг мэдсээр байж картнаас 5.505.500 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.С-г гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-г 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-г 7 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э-т оногдуулсан 7 сарын хорих ялыг, Б.С-д оногдуулсан 7 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 дахь заалтууд, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг, Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Д.Э, Б.С нарт хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт зааснаар Д.Э, Б.С нараас 750.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, хохирогч Н.М-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Б.С нарын хохирол төлөх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоож,  Д.Э, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ“... Шийтгэх тогтоолд хууль хэрэглээний алдаа байна гэж үзэж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэлийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг тус тус тусгайлан хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “Тэнсэх, албадлагын арга хэмжээ” хэрэглэх, тухай ойлголт гэж үзэж байгаа бөгөөд Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 7 сарын хугацаагаар ял оногдуулж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1102 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор ямар учраас эсэргүүцэл бичсэнийг ойлгохгүй байна. Хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа...” гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөр гэмт хэрэг үйлдээгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй. Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Д.Э, Б.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Амгалан хотхоны 14-51 тоотод иргэн Н.М-н гэрээс гарахдаа “Самсунг эс-5” загварын гар утас, “Нокиа” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан авч, картнаас 5.505.500 төгрөг авч, нийт 5.654.300 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.С нь Д.Э-н дээрх гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж картнаас 5.505.500 төгрөгийг авч ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогджээ.

Энэ талаар хохирогч Н.М нь эд зүйлээ алдсан цаг хугацаа, шинж байдал, үнэ өртөгийн талаар /хх 15-17/ мэдүүлсэн, мөн гэрч Б.Б-н мэдүүлэг /хх 40/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх 57-58/, Н.М-н Хаан банкин дахь ............ дугаартай данснаас 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5.505.500 төгрөгийн зарлага гарсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 8/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын дээрх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос зүйлчилсэн зүйл хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 дахь заалтуудыг тус тус буруу тайлбарлан, шүүгдэгч Д.Э, Б.С нарт тус бүр 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дараа нь уг хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ... хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

  Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид авах албадлагын арга хэмжээг хэт хавтгайруулан хэрэглэж, уг албадлагын арга хэмжээг хэрхэн, яаж биелүүлэх нь ойлгомжгүй байдлаар бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Иймд прокурор И.Ариунсанаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1102 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.